Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1922000590040 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч : Монгол Улсын иргэн , 1990 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй,  28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ..................................... оршин  суух, урьд 2 удаагийн  ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Адаацаг  сумын 3-р багийн  нутаг дэвсгэрээс тус сумын иргэн Н.Уын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Энэ хэргийг хийсэндээ харамсаж байна. Тэнсэж өгнө үү гэв.

 

2.  Яллагдагч Б.Бгийн: “...Би хулгайн  хэрэг үйлдсэн өдрөө тодорхой санахгүй байна. 2018 оны 12 дугаар сард хонио хариулж байгаад дурандахад Дундговь аймгийн  Адаацаг  сумын  3-р баг “Улаан чих” гэх газар манай нутгийн  ах Ууганбаатарын цагаан  бор зүсмийн  азаргатай адуу бэлчиж байгаа харагдсан. Тэгээд гэртээ хариад байж байгаад орой 18 цагийн үед өөрийнхөө адууг дурандах гэж морьтой мордсон. Би өөрийнхөө адууг харахад манай адуу “Улаан чих” гэх газраас урагш байсан. Би адуун дээрээ очиж морио юүлчихээд Ууганбаатар ахын адуунаас хулгай хийхээр хөдөлж адуун дээр нь очиход хүрэн зээрд зүсмийн саран дэвсгэртэй ходоодон жа тамгатай хязаалан насны гүүг уургалж барьж аваад хөтөлж гэрлүүгээ аваачиж хийгээд /нядлаад/ эхнэрээ дуудаж гэдсийг нь арилгуулсан. Бас хажуу айлын хүмүүс болох Пүрэвсүрэн, Адъяа, Хишигт нарыг дуудаж хамт эвдээд махыг нь цааш  нь хийгээд идэж хэрэглэсэн. Ширийг нь сумруу явах замдаа хаясан. Тухайн үед адуу хийлцсэн хүмүүс намайг адуу хулгайлсныг  мэдээгүй, би идшээ хийж байна гэж тэр хүмүүст хэлсэн. Намайг адуу хулгайлснаас хойш 10 гаран хоногийн дараа Ууганбаатар ах манайд ирээд чи манайхаас нэг адуу идчихсэн байна гэхээр нь би юм хэлээгүй. Тэгэхэд Ууганбаатар ах араас очиж уулзаарай гэж хэлчихээд яваад өгөхөөр нь би араас нь очиж уулзаад хэргээ хүлээж танай адуунаас би идсэн юм, төлж өгнө  цагдаад битгий хэлээч гэж хэлсэн. Тэр хээлтэй гүү байсан. Би Ууганбаатар ахад бор зүсмийн бүдүүн гүү өгсөн....”  гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

 

3.Хохирогч Н.Уын: “...Би манай сумаас баруун зүгт байдаг Борхүүгийнд очиж уулзаад манай зээрд гүүг чи авсан  уу гэсэн  чинь Борхүү би таны адууг  аваагүй. Манай гэрийн гадаа зээрд адууны арьс байгаа би өөрийнхөө адуунаас идэш хийсэн.  Тэр арсийг нь харахгүй юу гэж байсан.  Тэгээд би тухайн үед чиний арьсийг чинь үзээд яадаг юм. Чамайг авсан гэдгийг чинь мэдэж байна, үнэнээ хэлэхгүй бол хэлдэг газар нь хэллээ гэсэн чинь Борхүү би таны адууг авчихсан юм. Миний буруу, битгий цагдаад хэлээч, би танд төлөөд өгье гэсэн...Борхүү нь хулгайлсан адууныхаа оронд бор зүсмийн гүү өгсөн,  одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/

 

4.Гэрч Ж.Хишигтийн: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байхаа өдрийг  нь сайн санахгүй байна. Манай саахалт айл Борхүүгийнх шөнийн цагаар идшээ хийнэ гээд л нэг адуу авч ирсэн байсан. Тэгээд манайхан ч гэсэн саахалт айл идшээ хийж байгаа болохоор тус болцгоосон. Би Борхүүгийн эхнэр Уранчимэгтэй хамтдаа гэдэс арилгалцаж өгсөн,  өөр зүйл сайн мэдэхгүй. Өөр мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/

 

5.Гэрч А.Адъяагийн:  “...2018 оны 12 дугаар сарын 20 болсон  байсан уу, өнгөрсөн байсан уу би одоогоор сайн санахгүй байна.  Шинэ он  гарах дөхсөн байсан, тэр өдөр би Пүрэвсүрэн гэх ахындаа байсан. Тэгсэн  Б.Б өдөр явахдаа би идэшнийхээ адуунд явлаа гээд явсан. Тэгсэн  шөнөөр ирэхдээ нэг адуу авч ирсэн байсан, тэр адуугаа тэр шөнөдөө гаргасан. Би яагаад шөнийн  цагаар идшээ хийдэг хүмүүс вэ гээд дэм тус болох санаатай очсон.  Тэгээд харахад урт дэлтэй зээрд зүсмийн адуу байсан, махнаас нь зөөлцөж өгөөд гэртээ орж амарсан.  Өглөө нь Борхүү арьс ширээ аваад сумын төв рүү явсан, мах нь үлдсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

 6. Гэрч А.Пүрэвсүрэнгийн: “...Адуу хийснээс хэд хоногийн дараа манай нутгийн Ууганбаатар гэх залуу манайд ирээд Борхүүг сурсан. Тухайн үед Борхүү малдаа явчихсан байсан юм.  Ууганбаатарыг манайд байхад нь Борхүү гаднаас ороод ирсэн.  Тэгэхэд Ууганбаатар Борхүүд хандаж чи манай адууг идсэн байна гэхэд Борхүү уучлаарай би төлье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

7. Гэрч М.Бямбасүрэнгийн: “...тэр явдлаас хойш хэд хоногийн  дараа Ууганбаатар манайд ирээд Борхүү та хоёр яагаад манай зээрд гүүг идчихэв гэхээр нь би мэдэхгүй намайг орой үхэр тууж яваад Борхүүгийнхээр очиход зээрд адуу унагаачихсан байсан. Би махыг нь зөөлцөж өгчихөөд явсан. Надад хамаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

  8. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Адаацаг  сумын 3-р багийн  нутаг дэвсгэрээс тус сумын иргэн Н.Уын 1 тооны адууг хулгайлсан, уг үйлдлийн улмаас хохирогч Н.У  1 сая төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдын 1 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь Сум дундын 11 дүгээр шүхийн 2014 оны  07 сарын 21-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалаар уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан,

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Дээрхи үйлдлийн улмаас хохирогч Н.Ут 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид 1 адуу, 1.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг,  мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тавин овгийн Батбаярын Борхүүг бусдын 1 /нэг/ тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн  2-ын  2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оршин  суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1 адуу 1000000 төгрөг  төлсөн болохыг тус тус дурдсугай.  

 5. Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.  

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ