| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02308/И |
| Дугаар | 210/МА2024/01941 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01941
2024 11 04 210/МА2024/01941
Д.Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03602 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч А.С ХХК, И.Ц нарт холбогдох
2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Db 9/2 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүрэг, *** хороо, Шүрт хотхон *** байр ***тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч И.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч И.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч И.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д.Б нь Б нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 04 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллахдаа зээл авсан хүмүүсийн нэр дээр өөрөө зээл авч байсан ба үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байхад И.Ц нь хохирлоо төл, Ш.Б ХХК-тай хийсэн гэрээндээ миний нэрийг нэмж оруул, тэгэхгүй бол би чамайг өндөр ял шийтгэлээр явуулна гэж айлган сүрдүүлж дарамталсан учир шоронд олон жил явахаас айгаад зөвшөөрсөн. И.Ц нь Д.Б г Ш.Б ХХК дээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дагуулан очиж, өргөдөл бичүүлэн авч, урьд байсан гэрээгээ шинээр өөрчлөн хамтран захиалагчаар И.Ц оруулан захиалгын гэрээ хийсэн. Түүнээс хойш И.Ц мөн л дарамтлаад байхаар нь байраа суллаж өгсөн.
Орон сууц захиалгын гэрээнд нэмэлт оруулахдаа А.С гэсэн нэртэй компаниар 2020-07-15 гэсэн огноогоор гэрээ хийсэн нь хууль бус байна.
1.2. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан. 2024 оны 08 дугаар сард бид очиход И.Ц өөрөө амьдраагүй, өөр хүнд түрээслүүлээд, ашгийг нь авч байсан. Түрээслэгчийг нь гаргаад Д.Б орон сууцандаа орсон учир энэ шаардлага биелэгдсэн гэж үзэж байна.
Тийм учраас А.С ХХК, И.Ц , Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.С ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай компани 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиалагч Д.Б гийн хүсэлтээр Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан. Захиалагчаас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн захиалгын гэрээнд хамтран эзэмшигчээр И.Ц нэмж шинээр гэрээ байгуулах хүсэлт гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс захиалагчтай холбоотой мэдээлэл хүссэн бичиг ирж байсан тул гэрээг шинэчлэх хүсэлт гаргах үед нь лавлан асууж, өөрийнх нь шийдвэр гэдэгт итгэн гэрээ байгуулж өгсөн.
2.2. Захиалагч Д.Б гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг хүлээн авсан бөгөөд төлбөр хэвийн төлөгдөж байгаа.
2.3. Төсөл хэрэгжиж байгаа газрын эзэмшигч, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ А.С ХХК-ийн бичгийн дагуу гарах тул гэрээг А.С ХХК-аар гэрээ байгуулсан бөгөөд гэрээний огноог засаагүй алдаа гарсан гэжээ.
3. Хариуцагч И.Ц нь хариу тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б , хариуцагч А.С ХХК, И.Ц нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн огноотой, Db 9/2 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, *** хороо, Шүрт хотхон *** байр ***тоот орон сууцыг хариуцагч И.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч И.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр А.С ХХК-тай хийсэн Db 9/2 тоот Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн миний эзэмшлийн байрыг И.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, И.Ц , А.С ХХК-ийг тус тус хариуцагчаар тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэлд дээрх шаардлагуудыг хэн хэнд хэрхэн холбогдуулан гаргаж байгаа, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар эрх нь сэргээгдэх, уг хэлцлийг Иргэний хуулийн ямар зүйл, заалтаар хүчин төгөлдөр бусд тооцуулах зэрэг нь тодорхойгүй, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноос үүсэх үр дагавар, түүнийг хэрхэн арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байгаа нөхцөлд хариуцагчийн хувьд өөрийн татгалзал, түүнд хамаарах баримтыг тодорхой бүрэн дүүрэн гаргаж өгөх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа болно. Хариуцагч И.Ц зүгээс нэхэмжлэлд үндэслэл бүхий хариу тайлбар гаргах, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй болно. Мөн шүүх хуралдаанд хариуцагч И.Ц оролцоогүй, түүнд болон өмгөөлөгчид уг нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг танилцуулж тайлбар, нотлох баримтыг авсан зүйл огт байдаггүй.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлсны үндсэн дээр хариуцагчид ч мөн нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлд бус, зөвхөн маргаж буй үйл баримтын хүрээнд тодорхой байр сууриа илэрхийлж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болно.
Гэвч шүүхээс талуудын хооронд хэлцлээр харилцан буцаах зүйлгүй байна гэж огт үр дагаваргүй шаардлагыг шийдвэрлэсэн байх ба талуудын хооронд хийгдсэн бодит нөхцөлд огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
5.2. Хэрэгт цугларсан нотлох баримтад бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч И.Ц эзэмшлийн Т ХХК-ийн Б барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа тус компанид 120,137,230 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдож, прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь учруулсан өөрийн хохиролдоо тооцуулан маргаан бүхий Орон сууцны захилгын гэрээг шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийг төлөх байдлаар хохирлыг барагдуулах болохоо бичгээр илэрхийлж улмаар энэ үйлдлээ бодит нөхцөлөөр хэрэгжүүлсэн болно.
Харин уг тохиролцсон нөхцөлийг талууд хэрэгжүүлэх үед гэрээний талуудыг өөрчлөн байгуулсан болно. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд хүсэлт гаргахдаа энэ талаар тодорхой тайлбарлан, эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн боловч нэхэмжлэл тодорхойгүй байсны улмаас бусад нотлох баримт хэрэгт өгөгдөөгүй, эрүүгийн хэргийн баримтаас бүрэн татагдаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар үнэн бодитойгоор мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хохиролд тооцон авахдаа хариуцагчийг хүч хэрэглэсэн гэж тайлбарлаж, энэ байдлаа нэхэмжлэлийн үндэслэл болгосон. Гэтэл шүүхээс уг гэрээг байгуулах болсон үндэслэл, шалтгаанд огтхон ч дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаарх талуудын мэтгэлцээнийг огт өрнүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс огт хэрэгт байхгүй үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгч Д.Б нь Ш.Б ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Db 9/2 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр, хэвийн хэрэгжиж байхад гэрээний оролцогч бус А.С ХХК-тай уг захиалгын гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн ямарваа нэг ур дагавар гаргахыг хүсээгүй. Энэ үйлдлээрээ нэхэмжлэгч нь гадна талдаа хэлцлийн дүр дүр үзүүлэхийг урьдал болгосон гэж үзэх үндэслэлтэй байна... гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Хэрэгт авагдсанаар Ш.Б ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан Db 9/2 тоот 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний захиалагчийн хэсэгт хариуцагчийг оруулах хүсэлтийг шийдвэрлэхдээ тодорхой шалтгааны улмаас А.С ХХК болон захиалагч Д.Б , И.Ц нарын хооронд болгож өөрчилсөн ба гэрээгээр өмнөх гэрээний харилцааг үргэлжлүүлэн гэрээний 11.3-т Ж.Дэмбэрэлсайханы дансанд төлсөн төлбөрийг А.С ХХК хүлээн авсанд тооцно гэж тодорхой байдлаар дүгнэсэн.
Мөн хэргийн 32 дахь талд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ш.Б ХХК-д хандан бичгээр "...гэрээн дээр И.Ц (***)-ийн нэрийг нэмэлтээр оруулах хүсэлтэй байгаа тул энэ хүсэлтийг минь хүлээн авна уу. Жич: Өөрт байгаа гэрээний нэг хувийг алга болгосон тул хүчингүйд тооцож өгнө үү гэсэн нотлох баримтаа өөрөө гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч аль аль нь маргаан бүхий гэрээ байгуулагдаад үр дагавар үүсээд яваад байгаа талаар шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрдөг.
Ийнхүү Д.Б , А.С ХХК, И.Ц нарын хооронд байгуулсан гэрээний талууд тухайн гэрээг байгуулах хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл байгуулагдаад, гэрээ хэрэгжээд үр дагавар үүсээд явж байгаа дээр санал нийлж байхад шүүхээс тухайн гэрээг хууль зүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй гэсэн огтхон ч үндэслэлгүй бөгөөд талуудын маргаагүй үндэслэлийг иш болгож гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүйгээр зогсохгүй хэт нэг талыг барьж гаргасан шийдвэр болсон юм.
5.3. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.9-д Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б нь И.Ц айлган сүрдүүлж хүч хэрэглэсний улмаас байгуулсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг гэжээ.
Иргэний хуулийн 6 дугаар бүлэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл (ИХ 56.1) болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцлүүд (ИХ 58, 59, 60) гэж ангилагддаг. Тухайлбал, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гээд, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг шууд хуульчилж өгсөн ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд адил эрх олгосон зохицуулалт байхгүй болно.
Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж болох хэлцлүүд нь хувь этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцэл бие даан, чөлөөтэй байгуулах зэрэг эрхийг хамгаалдаг тул ийнхүү тус үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилжээ. Харин үүний эсрэгээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хувьд шүүхэд хандан бие даасан шаардах эрх бус, шаардах бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, урьдчилсан нөхцөл юм.
Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн нэгэн адилаар бие даасан шаардлага гаргаж болох мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг. Хариуцагчийн хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, хурлын ирц дээр дурдаагүй байгаа болно. Хариуцагч И.Ц хувьд тухайн өдөр өвчний учир яаралтай эмнэлэгт хэвтсэн бөгөөд холбогдох баримтыг хүргүүлсэн боловч цаг хугацааны хувьд шүүх хуралдаан болох цагаас хоцорч хүргэгдсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч И.Ц нь өндөр настай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яаралтай эмнэлгийн тусламж авч байх хугацаанд шүүх хуралдааны оролцогчийн ирцийг тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч И.Ц давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.С ХХК, И.Ц нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг хариуцагч И.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.С ХХК эс зөвшөөрч маргасан, хариуцагч И.Ц шүүхэд тайлбар ирүүлээгүй.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
3. Д.Б болон А.С ХХК, И.Ц нар 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн огноотой Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч А.С ХХК нь Хан-Уул дүүрэг, *** хороо, *** хотхон Д блок *** дугаар орц *** дүгээр давхар, *** загварын, *** м.кв талбайтай, *** өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б , И.Ц нар нь гэрээний төлбөрт 90,720,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. (хх 46-48)
Тус гэрээг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон боловч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийгдсэн гэж талууд тайлбарласан, маргаангүй байна.
3.1. Нэхэмжлэгч Д.Б нь анх Ш.Б ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан байх ба тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уг гэрээнд И.Ц нэмэх тухай хүсэлтийг бичгээр гаргаснаар дээрх 3 талт гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна. (хх 12-14, 53)
3.2. Хариуцагч А.С ХХК нь гэрээ байгуулах болсон үндэслэлээ Шүрт хотхоныг Ш.Б ХХК барьсан боловч барилгын газар нь А.С ХХК-ийн нэр дээр учир улсын бүртгэлийн байгууллагын шаардлагын дагуу гэрээг А.С ХХК-аар шинэчилж хийсэн, эдгээр 2 гэрээнд Ш.Б ХХК, А.С ХХК-иудыг төлөөлсөн Ж.Дэмбэрэлсайхан нь компаниудын хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал гэж тайлбарласан байх ба энэ асуудлаар Ш.Б ХХК-ийн зүгээс маргасан баримт хэрэгт авагдаагүй.
Иймээс хэргийн баримтаар А.С ХХК нь Ш.Б ХХК-аас дээрх гэрээний шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэслэлтэй.
3.3. Анхан шатны шүүх ... Ш.Б ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Db 9/2 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр, хэвийн хэрэгжиж байхад гэрээний оролцогч бус А.С ХХК-тай захиалгын гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.
Түүнчлэн дүр үзүүлсэн эсэх үндэслэлээр зохигч маргаагүй байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
4. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч И.Ц дарамт шахалтад орсон, түүнийг гэрээнд хамтран захиалагчаар оруулахгүй бол олон жилээр шоронд явуулна гэж айлган сүрдүүлсний улмаас уг гэрээг байгуулсан гэх үндэслэл заасан.
4.1. Д.Б нь Т ХХК-ийн Б барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 104,710,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, И.Ц нь эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа үйл баримтыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тогтоолд үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. (хх 93-96)
4.2. Маргаан бүхий Орон сууц захиалагчтай байгуулах гэрээнд хариуцагч И.Ц захиалагчаар нэмж оруулах болсон үндэслэл нь дээр дурдагдсан өр төлбөртэй холбоотой байх хэдий ч нэхэмжлэгч нь И.Ц дарамт шахалтад орсон, түүнийг гэрээнд хамтран захиалагчаар оруулахгүй бол олон жилээр шоронд явуулна гэж айлган сүрдүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй, уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж шалгуулсан байдал тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.3. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60.2 дахь хэсэгт Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба маргаан бүхий 3 талт гэрээг хариуцагч И.Ц зүй бус нөлөөний улмаас байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь тус хуулийн зохицуулалтад нийцжээ.
5. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.С ХХК, И.Ц нарт холбогдуулан гаргасан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
6.1. Нэхэмжлэгч Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ И.Ц Ш.Б ХХК-тай хийсэн гэрээндээ хамтран захиалагчаар оруул, тэгэхгүй бол чи шоронд олон жил явна гэж айлган сүрдүүлж дарамталсан, тэгэхээр нь би шоронд олон жил явахаас айгаад зөвшөөрсөн ... 2023-01-31-нд И.Ц нь намайг Ш.Б ХХК дээр дагуулж очоод, ... өргөдөл бичүүлэн авсан, ... Ш.Б ХХК-ийн захирал Д цагдаагаас бичиг ирсэн байна гээд нэг цаас харуулсан, тэр бичгийг уншиж үзээгүй ... захирал нь орон сууц захиалгын гэрээнд И.Ц нэмж оруулахдаа А.С гэсэн компаниар 2020-07-15 гэсэн огноогоор гэрээ хийсэн нь хууль бус ... миний захиалгын орон сууцыг айлган сүрдүүлж захиалгын гэрээнд өөрчлөлт оруулж, хууль бус гэрээ хийлгэж, орон сууцыг минь өөрийн эзэмшилдээ оруулж авч... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг нэхэмжлэлд тусгахаар заасан. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал, харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Иймээс нэхэмжлэлд хуулийн зүйл, заалт тусгаагүй нь дээрх хуулийг зөрчөөгүй.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг нэхэмжлэлд холбогдуулан тайлбарласныг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхгүй, учир нь нэхэмжлэгч нь ямар нөхцөл байдлыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаагаа нэхэмжлэлд дээр дурдсанаар тодорхой тусгасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний талуудыг хариуцагчаар тодорхойлон гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, үүний улмаас хариуцагч үндэслэл бүхий тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч И.Ц д гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан, мөн хэргийн материалтай танилцуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч И.Ц уг үүргээ биелүүлээгүй.
6.3. Анхан шатны шүүх хариуцагч И.Ц гаргасан нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай 2 удаагийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэсэн, үүний дагуу хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тогтоол авагдсан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтох 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авсан байх тул өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, ирцэд дурдаагүй гэх гомдлыг хангахгүй.
Үүнээс гадна хариуцагч И.Ц хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй учир шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймээс хариуцагчийн гаргасан шүүх хуралдаанд оролцуулах эрхийг зөрчсөн, ирцийг тодруулах ажиллагааг хийлгээгүй гэх гомдол мөн үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагч И.Ц гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.С ХХК, И.Ц нарт холбогдуулан гаргасан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Db 9/2 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Ц гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 613,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА