| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Прокурор Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1922000000023 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .........................тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Э.Б
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ‘’Алтанговь’’ буудлын 410 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Б.Бгийн 150000 төгрөг, ‘’Самсунг’’ маркийн гар утсыг хулгайлж 350000 төгрөгийн хохирол,
2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөсвгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт орших Баяр наадмын талбайн засварын ажилчдын байрлаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Д.Бийн 1 хос хромон гутал, 1 ширхэг цахилгаан дрилль зэрэг эд зүйл хулгайлж 450000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ‘’Алтанговь’’ буудлын 410 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:
1.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2.Яллагдагч Э.Бын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн
найзууд болох Бямбадорж, Гантөмөр, Балжинням нарын хамт хивс угаахаар Дундговь аймагт 17 цагийн үед ирсэн. Хивс угаана гэсэн зарын дагуу сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дугаарлуу залгахад нэг хүн хивсээ угаалгая гэж хэлсэн, бусад нь маргааш болъё гэж хэлсэн. Тэгээд бид хэд нэг айлын хивс угаачихаад хоноглох буудал хайж байгаад Алтанговь гэх буудалд буухаар болж 4 давхарт 2 ортой нэг өрөөнд орцгоосон. Балжинням, Гантөмөр бид 3 Дундговь аймгийн брэнд архи болох Онги нэртэй архинаас 2 шилийг авч хувааж уусан, Бямбадорж архинаас уугаагүй. Би архинаас хэд уучихаад нойр хүрээд байхаар нь унтсан. Балжинням, Гантөмөр 2 тэр архийг хувааж уусан. Унтаж байтал миний ам цангаад байхаар нь сэрж 00-ын өрөө орсон юм. 00-ын өрөө орчихоод өрөөрүүгээ орох гэтэл манай хажуу талын өрөөний хаалга онгорхой байсан тэгэхээр нь би шагайж хартал дотор нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн унтаж байсан. Би тэднийг харчихаад өрөөрүүгээ буцаж орчихоод дахиж гарч, хажуу өрөөрүү орсон. Тэгэхэд эмэгтэйгийнх нь толгой дээр жижиг шар цүнх байсан, цүнхийг нь хартал цахилгаан нь нээлттэй байсан, дотор нь гар утас, мөнгө ил харагдаж байсан. Би цүнхнээс Самсунг Жи-2 маркийн гар утас, 150.000 төгрөг аваад өрөөрүүгээ орж найзуудыгаа сэрээж хотод хүний бие муудлаа яаралтай буцъя гэж хэлээд Улаанбаатар хотруу буцсан юм. Хот ороход Балжинням гэртээ бууж үлдсэн Гантөмөр, Бямбадорж бид 3 Хөвсгөл аймагруу явсан. Би авсан мөнгөөрөө замдаа машинд бензин хийж, хоол унд идэж явсаар мөнгө дууссан, Гар утсыг нь өөрөө барьж байгаад хаячихсан одоо надад байхгүй. Би ганцаараа энэ хэргийг үйлдсэн. Тухайн үед манай найзууд унтацгааж байсан. Тэр өрөөний хаалга нь онгорхой байсан, намайг өрөөнд нь ороход өрөөнд байсан хүмүүс унтаж байсан, намайг орсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
3.Хохирогч Б.Бгийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумаас ирж өөрийн найз Ганхөлөгтэй уулзаж Алтанговь буудалд хамт орсон, бид 16 цагийн үед буудлын 410 тоот өрөөнд орсон. ...Ганхөлөг бид хоёр хөзөр тоглож байгаад 22 цагийн үед унтацгаасан. Шөнийн 02 цагийн үед сэрээд цаг харахаар гар утсаа хайж үзтэл миний гар утас олдохгүй байсан. Тэгэхээр нь өглөө олъё гэж бодоод буцаад хэвтэх гэж байтал манай өрөөний хаалга онгорхой байхаар нь цүнхтэй мөнгөө үзэхэд дотор нь байсан 150000 төгрөг алга болсон байсан. ...Цагдаа дуудаж камер шүүлгэсэн чинь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад манай хажуу талын 409 тоот өрөөнөөс нэг дотуур хувцастай залуу ганцаараа гарч ирээд нойлын өрөө орчихоод буцахдаа манай өрөө рүү орж 1 минут орчим болж байгаад гарч ирсэн. Ирэхдээ ямар нэгэн юм аваагүй байсан. Тэр хүн өрөө рүүгээ орж 4-5 минут болж байснаа буцаж хувцастайгаа ганцаараа гарч ирээд манай өрөөрүү орж 4-5 минут болоод гарч ирэхдээ миний гар утас, мөнгийг энгэртээ барьчихсан гарч ирсэн бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
4.Гэрч Б.Бямбадоржийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Улаанбаатараас Дундговь аймагт хивс цэвэрлэхээр найз Э.Б, Балжинням, Э.Гантөмөр нарын хамт ирсэн. Бид Дундговь аймгийн төвд байрлах ‘’Алтанговь’’ буудлын 4 давхарт нэг өрөөнд орсон. ...Унтаж байтал шөнө 02 цагийн үед Э.Б дуудахаар нь сэртэл хотод хүний бие муудлаа хурдан явъя гэж хэлэхээр нь нөгөө хоёрыгоо сэрээж Улаанбаатар хот руу гарцгаасан. ...Биднийг Улаанбаатар хот руу орсны дараа Э.Б бензин хий гэж надад мөнгө өгсөн. Тэгэхээр нь би юун мөнгө болох талаар асуухад буудлын хажуу өрөөнөөс авчихсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/
5.Гэрч Э.Гантөмөрийн: “...Хөвсгөл аймгийн төв орж Э.Б, Б.Бямбадорж нартай уулзахад Э.Б Дундговь аймагт буусан буудлынхаа хажуу өрөөнөөс гар утас 150000 төгрөг авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
6.Гэрч Д.Балжиннямын “....Дундговь аймагт ирээд буудал хайж байгаад ‘’Алтанговь’’ зочид буудалд байрласан. Бид нар буудлын өрөөндөө орсон. ....Гэнэт Э.Б намайг алгадахаар нь сэртэл хурдан явъя гэсэн. ...Бид машинд суугаад Улаанбаатар хот руу буцсан. ....Би Э.Бтой уулзаад ‘’юун хулгай яриад байгаа юм бэ’’ гэж асуухад Э.Б ‘’би Дундговь аймагт буусан буудлынхаа хажуу өрөөнөөс гар утас, 150000 төгрөг хулгайлчихсан юм’’ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20/
7.Гэрч Д.Отгонцэцэгийн: “...Би ‘’Алтанговь’’ зочид буудалд ресепшингээр ажилладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжтэй байсан. Уг өдөр 21 цагийн орчимд 4 үл таних залуу орж ирсэн. ...409 тоот өрөөнд оруулсан. Түүнээс өмнө хөдөөнөөс ирсэн гээд 1 охин 410 тоот өрөөнд байрласан байсан. Тэгээд гэнэт 01 цагийн үед 409 тоот өрөөнд байрлаж байсан 4 залуу буудлаас гараад явсан. Араас нь 2 цаг өнгөрч байхад 410 тоот өрөөнд байрлаж байсан охин бууж ирээд миний мөнгө, утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь буудлын камер шүүхэд 409 тоот өрөөнд байрласан залуу 00 цаг өнгөрч байхад 410 тоот өрөөрүү 2 удаа орсон байсан. Өөр хүн уг өрөөнд ороогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
8.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, буудлын үйлчлүүлэгчдийн дэвтрийн хуулбар /хх-ийн 2-4/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/
10.Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн дүгнэлт /хх-ийн 26/
11.Хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
2.2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөсвгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт орших Баяр наадмын талбайн засварын ажилчдын байрлаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:
1.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2.Яллагдагч Э.Бын: “...Би 2018 оны 05 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь одоо сайн санахгүй байна, ганцаараа явж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баяр наадмын талбай дотор барьсан байсан монгол гэрийн зүүлттэй байсан цоожийг онгойлгож ороод дотроос нь хар өнгийн хромон гутал, улаан өнгийн цахилгаан дрилл хоёрыг авсан. Намайг ороход гэрт болон ойр тойронд хүмүүс харагдаагүй. Тэгээд тэр цохилттой цахилгаан дриллээ 20.000 төгрөгөөр Мөрөн сумын 6-р хороонд гудманд явж байсан танихгүй хүнд зараад Сэнгүр нэртэй хоёр пиво авч уусан. Хромон гутлаа Жаргалант суманд өмсөж яваад алдчихсан. Би ажил хийж мөнгө олоод хохирогчид ээжээрээ дамжуулж мөнгө өгсөн. Манай ээж хохирогчтой уулзаад уучлалт гуйж 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/
3.Хохирогч Д.Бийн ....2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр би ажил дээр байж байгаад 15 цагт хоолонд ороод ажлынхаа гэрийг гаднаас нь цоожилчихоод баяр наадмын талбайн гадаа барилгын ажил хийж байгаад 17 цаг өнгөрч байхад ажлынхаа гэрт орох гэтэл хаалга онгорхой цоожийг нь эвдээд хаясан байсан. ...Би алдсан хромон гутлыг 210000 төгрөгөөр худалдаж аваад 3 сар болж байсан. ...Мөн дриллийг 2 жилийн өмнө 280000 төгрөгөөр худалдан авч байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/
4.Гэрч Б.Баасанрагчаагийн ....Манай гэрээс алдагдсан эд зүйлийн хохирлын мөнгө гэж нийт 400000 төгрөгийг манайхаас хулгай хийсэн хүний ээж гэх эмэгтэй өгсөн. ...Бид нарын зүгээс одоо, гомдол , нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/
5.Гэрч Ч.Хаш-Эрдэнийн ....2018 оны 5 дугаар сарын сүүлээр орой 20 цагийн үед манай хороонд байдаг Баагий /шар/ дэлгүүрт орж ирээд цахилгаан дрилль хямдхан худалдаад аваач гэж хэлэхээр нь манай ахад байгаа гэж хэлээд гаргасан... гэх мэдүүлэг /88-90/
6.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 69/
7.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 70-73/
8.Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 96/
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ‘’Алтанговь’’ буудлын 410 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Бгийн 150000 төгрөг, ‘’Самсунг’’ маркийн гар утсыг хулгайлсан,
2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт орших Баяр наадмын талбайн засварын ажилчдын байрлах монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч хохирогч Д.Бийн 1 хос хромон гутал, 1 ширхэг цахилгаан дрилль зэрэг эд зүйл хулгайлсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бын дээрхи үйлдлүүд нь хүн амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Быг 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шитйгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар /хх-ийн 110-112/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бусдад нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Бд 300.000 төгрөг, хохирогч Д.Бид 400.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Б-г 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Бд 300.000 төгрөг, хохирогч Бямбадоржид 400.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ