Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01942

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024   11  04  210/МА2024/01942

 

 

 

 

С.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/04326 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Н гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ж д холбогдох

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр, хохирол 65,473,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч Б.Ж , түүний өмгөөлөгч Р.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.С.Н нь 2016 онд хүү Г.С г гэр бүлийн хамт Австрали Улс руу сурч амьдрахаар явахад дүүгийндээ амьдрах болж, өмнө хүүгийн хамт амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, ***хороо, 1 дүгээр хороолол *** тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууц эзэнгүй болж, ипотекийн зээлийн гэрээгээр cap бүр 583,927 төгрөг төлөх боломжгүй байсан тул Б.Ж ыг cap бүр зээл төлөөд амьдруулахаар болсон. Б.Ж нь хүү Г.С д зардал гэж 3,000,000 төгрөгийг өгч хүү зөвшөөрсөн.

1.2.С.Н нь Монгол Улсад ирж очин байсан бөгөөд ипотекийн зээлийг Б.Ж төлсөн гэж итгэж байсан боловч 2022 онд шүүхээс зарлан дуудах хуудас ирснээр мөнгө төлөөгүй гэдгийг мэдсэн. Орон сууцаа алдахгүйн тулд С.Н нь 32,915,046 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн.

Иймд Б.Ж ы хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, мөн 2016 оны ***дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны орон сууцанд амьдарсан төлбөр 55,473,065 төгрөг, 8 жил орон сууцыг ашиглаж муутгасан тул засвар хийх зардал 10,000,000 төгрөг, нийт 65,473,065 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Миний ээж С.Н болон Г.С нар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийсэн. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, ***хороо, 1 дүгээр хороолол *** тоот хаягт байрлах орон сууцыг урьдчилгаа болох хорин сая төгрөгийг бэлнээр зээлийн гэрээ хийн авсан ба үлдэгдэл хорин сая төгрөгийг уг орон сууцны зээлийн үлдэгдэл болох хорин сая төгрөгийг төлж дууссаны дараа уг байрыг С.Н нэр дээр шилжүүлж өгнө гэх үндэслэлээр хэлцлийг хийсэн.

2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчтай түрээсийн гэрээ хийсэн мэтээр орон сууцанд амьдарсан төлбөр гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон С.Н нар түрээсийн гэрээ хийж байгаагүй, харин маргаан бүхий орон сууцыг авах тухай амаар болон бичгээр хэлцэл хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Н , Г.С нарын хийсэн хэлцэлд түрээслэхтэй холбоотой эрх зүйн харилцаа огт дурдаагүй. Мөн нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн баримтад ч түрээсийн гэрээтэй холбоотой баримт байхгүй учраас нотлогдох ч боломжгүй зүйл юм.

2.3.С.Н нь аман хэлцэлд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлээд явж байтал нэхэмжлэгч гэнэт орон сууцаа авмаар байна гэсэн. Ипотекийн зээлийн зээлдэгчээр нэхэмжлэгч байсан тул бид мөнгийг нь төлж явсаар байтал нэхэмжлэгч орон сууцаа өөрийн нэр дээрээ шилжүүлэхээс болгоомжилсон. Бид 2017 оноос хойш удаа дараа хэлцэлд заасан үүргээ биелүүлэхийг хэлсээр байтал биелүүлээгүй. Биднээс хүүгүй 20,000,000 төгрөг авч, дээрээс нь ипотекийн зээлийг төлүүлчихээд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэх нь эрх зүйн ямар ч үндэслэлгүй, дур зоргоороо аашилсан үйлдэл юм.

2.4.Нэхэмжлэлд дурдсан Г.Б ХК-д нэхэмжлэгч 32 сая төгрөг төлсөн гэх шаардлагын тухайд. Бид анхнаасаа тухайн үнийн дүнг төлөхөд асуудалгүйгээ илэрхийлж байсан. Харин нэхэмжлэгч тухайн үнийн дүнг төлсөн юм чинь 2016 онд худалдсан орон сууцаа эргүүлэн авна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд өдий болтол орон сууцны бүх зардлыг төлж байсан бид уг мөнгөн дүнг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлэх нь Иргэний хуулийн ***зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчимтай нийцэх юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ***хороо, 1 дүгээр хороолол *** байрны ***тоот, *** улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ж ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэлээс орон сууц ашигласны төлбөр, хохиролд нийт 65,473,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Маргаан бүхий орон сууцны өмчлөгч С.Н , түүний хүү Г.С нартай Б.Ж нь харилцан тохиролцон 40 сая төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа 20 сая төгрөгийг тухайн үедээ бэлнээр өгч, үлдэх 20 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан тохиролцсон тодорхойлолт баримт үйлдсэн. Уг орон сууцыг С.Н ипотекийн зээлээр авсан, сар бүр 583,927 төгрөг төлдөг байсан. Энэ төлбөрийг Б.Ж хойшид төлөхөөр болж 2016-2018 оны хооронд 7 сая гаран төгрөг төлсөн. Энэ хугацаанд Б.Ж нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлтийг С.Н нарт тавьж байсан боловч шилжүүлж өгөөгүй, сүүлийн жилүүдэд холбоо барьж чадаагүй, хаяг нь олдохгүй болсон. Б.Ж ы хувьд одоо ч төлбөрөө бүрэн төлж орон сууцыг нэр дээрээ шилжүүлэх хүсэлтэй байгаа. Гэтэл С.Н нь нэхэмжлэлдээ 2016-2017 оны хооронд зээл төлж байснаа төлөөгүйн улмаас 2022 онд шүүхэд дуудагдан байраа алдахгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу 32,915,046 төгрөг төлсөн. Бид байраа зараагүй, дээрх орон сууцыг Б.Ж ы эзэмшлээс чөлөөлүүлэх... гэжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцыг хариуцагч Б.Ж ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2.Нэхэмжлэгч С.Н гийн хүү Г.С нь өөрийн ээж С.Н гийн нэр дээр байдаг орон сууцыг С.Н д 40 сая төгрөгөөр зарж урьдчилгаанд нь 20 сая төгрөг бэлнээр авсан, үлдэх 20 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон болох нь тэдний хооронд хийгдсэн тодорхойлолт баримт, зээлийн гэрээ зэргээр нотлогдсон байхад С.Н нь байрыг зараагүй, урьдчилгаанд 20 сая төгрөг аваагүй гэж байгаа нь гүтгэж, ёс зүйгүй, хариуцлагагүй хандаж, хохироож байна гэж үзэж байна. Мөн орон сууцыг худалдаж авсан бол худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой гэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг орон сууцыг ипотекийн гэрээгээр зээлээр авч гэрчилгээг банкинд өгсөн тохиолдолд бусадтай дахин худалдан авах гэрээ хийж болохгүйг хүн бүхэн мэднэ. Тэр тусмаа төлбөрийг цувуулж өгч байгаа тохиолдолд зээлийн гэрээгээр зохицуулдаг, энэ журмын дагуу л гэрээ хийгдсэн. Б.Ж нь төлбөрийг төлж байх хугацаандаа С.Н гээс орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаад өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хүсэлт тавихад тэрээр байраа зарахгүй гэж хэлж байсан нь түүнийг орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй болоход хүргэж, төлбөр төлөөгүй шалтгаан болсон байна. С.Н бүхнийг үгүйсгэж байгаа боловч шүүх шийдвэртээ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, урьдчилгаанд 20 сая төгрөг авсан, орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. С.Н нь одоо орон сууцаа зарахгүй гээд байгаа нь орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотой өөрийн эрх ашгийг бодож бусдыг хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хариуцагчийг 26 сая төгрөг төлснөөс нэхэмжлэгчийг 11,5 сая төгрөгөөр хохироосон гэж дүгнэж зөрүүг хариуцагчид олгох хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл хугацаанд С.Н гийн нэр дээр байгаа бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Б.Ж д холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр, хохирол 65,473,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...зээлийн гэрээгээр cap бүр 583,927 төгрөг төлөх боломжгүй байсан тул 2016 онд Б.Ж ыг cap бүр зээл төлөөд орон сууцанд амьдруулахаар болсон, гэвч хариуцагч мөнгө төлөөгүйгээс нэхэмжлэгч нь 32,915,046 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн гэж тайлбарласныг хариуцагч миний ээж С.Н болон Г.С нар гэрээ хийж, маргаан бүхий орон сууцын урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлнээр төлж, орон сууцны зээлийн үлдэгдэл болох 20,000,000 төгрөгийг төлж дууссаны дараа уг орон сууцыг С.Н нэр дээр шилжүүлж өгөхөөр хэлцэл хийсэн гэсэн үндэслэл заан татгалзжээ.

3.1.Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ***хороо, 1 дүгээр хороолол, *** байр, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. (хх-12)

3.2.Мөн хариуцагч нь 2016 оны ***дүгээр сараас эхлэн дээрх орон сууцыг эзэмшиж байгаа ба энэ талаар зохигч маргаагүй.

3.3.Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч С.Н 20,000,000 төгрөгийг зээлдэгч С.Н д 3 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон, уг гэрээнд С.Н , С.Н нараас гадна зээлдүүлэгч талд Б.Ж , зээлдэгч талд Г.С нар гарын үсэг зурсан, мөн гэрээг нотариатчаар гэрчлүүлжээ. Гэрээний 2.5-д зээлийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр авсан гэж тусгаж, бэлэн мөнгө хүлээн авсан Г.С , хорьтын дэвсгэрт нийт 200ш, аравтын дэвсгэрт нийт 1100ш хүлээн авсан, үлдэгдэл таван саяыг дансаар авав гэсэн тэмдэглэл үйлдэж Г.С гарын үсэг зурсан байна. (хх-27)

Мөн өдрийн Тодорхойлолт гаргах нь баримтад Г.С би С.Н гаас өөрийн байр буюу төрсөн эх С.Н гийн нэр дээр байдаг СХД-ийн *** хороо 11-***тоот байрлах 1 өрөө байрыг нийт дөчин сая /40,000,000₮/ төгрөгөөр зарж байна. Уг байрны урьдчилгаа болох хорин сая төгрөгийг бэлнээр /20,000,000₮/ зээлийн гэрээ хийж авсан ба үлдэгдэл хорин сая төгрөгийг /20,000,000₮/ уг байрны зээлийн үлдэгдэл болох хорин сая төгрөгийг төлж дууссаны дараа уг байрыг С.Н нэр дээр шилжүүлэн өгнө. Байрыг зээлийн үлдэгдэл /20,000,000₮/ болох хорин сая төгрөгийг С.Н нь гурван жилийн дотор төлж дуусгана гэж амаар гэрээ хийсэн. Уг хугацаа нь 2019 оны 03-р сарын 20-ны өдөр болно гэж тусгагдсан ба баримтад Г.С , С.Н нар гарын үсэг зуржээ. (хх-28)

3.4.Нэхэмжлэгч болон Г.С нар тус орон сууцыг худалдан авах зорилгоор 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г.Б ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40,700,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээний үндсэн дээр орон сууцыг барьцаалуулжээ. (хх-195-201) Хариуцагч нь 2016-2018 онд зээлийн гэрээний үүрэгт 7 сая гаруй төгрөг төлсөн гэж тайлбарлаж, хэрэгт Г.Б ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 2205025866 тоот харилцах дансны хуулга авагджээ.

3.5.Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулж дүгнэхэд, нэхэмжлэгчийн тайлбарласан орон сууцны зээлийг төлөөд амьдрах нөхцөлөөр хариуцагчид орон сууцыг шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй, харин уг харилцаа нь нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлөх буюу худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх ба энэ талаарх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

а.Тодорхойлолт гаргах нь баримтын тохиролцооноос үзвэл, орон сууцны үнэ 40,000,000 төгрөг, үүнээс урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг орон сууцны зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 3 жилийн дотор 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохирчээ.

б.Гэвч Г.Б ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр нийт төлбөр 70,071,211 төгрөг ба үүнээс тухайн цаг хугацаанд зээлийн үлдэгдэл 26,883,779 төгрөг, гэрээний үлдэх хугацаа болох 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 63 удаагийн төлөлтөөр сар бүр 583,927 төгрөг нийт 36,787,401 төгрөг төлөх хуваарь тогтоосон буюу дээрх талуудын нөхцөлөөс өөр байна.

в.Нэхэмжлэлд хавсаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00907 дугаар шийдвэрээр С.Н гээс орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 32,285,468.57 төгрөгийг гаргуулан Г.Б ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох С.Н гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ***хороо, 1 дүгээр хороолол, *** байр, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигджээ. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд нийт 33,215,046.55 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн. (хх-4-12)

г.Дээрх үйл баримтуудаас үзвэл, хариуцагч нь орон сууцны үнийг 40,000,000 төгрөгөөр тохирсон, үүнд зээл 20,000,000 төгрөг төлөх үүрэг багтсан гэж тайлбарлах боловч зээлийн үлдэгдэл төлбөр нь 20,000,000 төгрөг бус 36,787,401 төгрөг бөгөөд үүнийг гэрээний үнэд хэрхэн тооцохоор талууд тохирсон нь тодорхой бус байна. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмын дагуу Г.Б ХК-аас шилжүүлэн авсан талаар хэрэгт баримт авагдаагүй.

Иймээс талуудыг худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож чадаагүйг дээрх байдлаар дүгнэлт өгөх замаар залруулан дүгнэнэ. Мөн нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх хариуцагчийг гэрээний үүрэгт 6,197,275 төгрөг төлж, 13,802,725 төгрөг төлөөгүй, гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгчид зээлийн хүү 10,693,623 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,341 төгрөг, нийт 11,598,964 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, талуудын мэтгэлцээний зүйлд нийцээгүй тул уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

4.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй нөхцөлд хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй тул хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

4.2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууц ашигласны төлбөр, хохирол 65,473,065 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

5.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталсныг хассан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/04326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА