Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд:   

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Л-д холбогдох эрүүгийн 1922000500039 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  Монгол Улсын  иргэн, 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл-4, эх, эцэг, эгчийн хамт Дундговь аймгийн  Адаацаг сумын ............................. оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Л

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Дундговь аймгийн  Адаацаг сумын 1-р багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аазуу” ХХК-ний 8 нэрийн  барааны дэлгүүрт бусадтай бүлэглэн хууль бусаар нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн бараа зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч У.Зд 458.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

2. Яллагдагч Б.Лгийн: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Адаацаг суман дээр өвөөгийндөө хэвтэж байсан юм.Тэгээд би 18 цагийн орчимд дүү болох Б.Цэдэвдоржтой хамт мотоцикльтой хөдөө яваад орой 21 цагийн орчимд Адаацаг сумын төв дээр эргээд Б.Цэдэвдоржтой хамт ирсэн.Тэгээд бид хоёр ААЗУУ ХХК-ний хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байгаад мотоциклоо дэлгүүрийн баруун талд байх хашааны гадаа тавиад бид хоёр дэлгүүрийн баруун талд байх галлагааны өрөө рүү очтол тэр хаалга нь цоожгүй нээлттэй байхаар нь бид хоёр дотор нь орсон. Би галлагааны өрөөний хаалганы хажууд зогсож байтал манай дүү Б.Цэдэвдорж зүүн талд байх ханыг нь хөлөөрөө өшиглөөд тэгээд том нүх гаргаад тэр нүхээр нь бид хоёр ар араасаа цувраад орсон юм. Манай дүү Б.Цэдэвдорж лангуунаас эд зүйл хулгайлаад тэгээд миний өвөрт хийсэн би болохоор хөлдөөгчнөөс нь 4 ширхэг зайрмаг авсан мөн батерей цэнэглэгч, утасны чихэвч 3 ширхэг, мөн 2 боодол бохь, хараа нэртэй 0.5 л архи 1 ширхэг, альфин гольд шоколад 2 ширхэг, алимны фанта ундаа 1.5л 1 ширхэг, 2.5л сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, мөн шилтэй компод 2 ширхэг зэргийг хулгайлсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гарах гэтэл гэнэт өөдөөс гар чийдэнгийн гэрэл гараад ирэхээр нь би зуухны ар талд нуугдсанаа би өөрөө гараад цагдаа дээр очсон юм. Тэгээд тэр цагдаа намайг барьсан юм. Би мөн хамт явсан Б.Цэдэвдоржийг 2 давхарт байгаа гэж цагдаад хэлсэн. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруутай үйлдэл байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 52-55 /

3.Хохирогч У.Зын: “...манай дэлгүүрээс хөх өнгийн шилтэй QUALV архи 0,75 л 1ш, хараа архи 0,5 л 1ш, нийслэл пиво 2,5 л 1ш, Fanta ундаа 1.25 л 1ш, сэнгүр 0.5 л 2ш, Bacshus вакус 250 мл 2 ш, Lets be mild хүйтэн кофе 240 мл 1ш, газар шим компот 1ш, Cherry compote 1ш, Сайра загас 1ш, салями хиам 1ш, Schoko үрлэн  чихэр 1ш, Max fun шоколад 2ш, Alpen gold шоколад, Sandisk М/card 3ш, Super буу тоглоомон 1ш, Бохь 15ш, чихэвч 5ш, цэнэглэгч 3ш, цэнэглэгч карт 2500 төгрөг 9ш, 1000 төгрөг 9ш, гутлын тос 1ш, Flash, Гар чийдэн 1ш, хуруу зай 4ш, цэнэглэгч 2ш, машины  цэнэглэгч 1ш, утас цэнэглэгч 2ш, утасны зай батерей 4ш, наалдан  пад 3ш, Nokia утас 2ш, сироп 5ш, кофе 3ш, асаагуур 4ш, 100 төгрөгийн дэвсгэрт 15ш, 50 төгрөгийн дэвсгэрт 19ш, улаан бал 1ш, хурууны лент 3ш, бугуйн цаг 1ш, Iuice blecberry 2ш, бамбар маруужин 6ш, Wenus маруужин 3ш, айсланд 1ш, тeso 1ш, марко 2ш, өсгөгч холбогч 1ш зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан.  Алдагдсан  бараанууд  464200 төгрөгийн эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

            4.Гэрч Ж.Мягмарын: “...Би “ААЗУУ” ХХК-ний дэлгүүрт хувиараа галч хийдэг ажилтай, өчигдөр шөнө 23 цагийн орчимд дэлгүүртээ гал түлэх гээд эргээд очсон чинь хаалга онгорхой байгаа юм шиг байсан тэгээд дотогш орох гэтэл нүдний үзүүрт гэрэл тусах шиг болохоор нь толгойдоо зүүсэн гэрэл юм байх гэж бодоод тоолгүй дотогшоо орсон чинь галлагааны өрөөний хана цөмөрсөн байсан. Тэгэхээр нь сандраад буцаж гараад ойр хавиар нь хүн байна уу гээд хараад байсан чинь Сэрж гэх хүн гэрээсээ гараад ирсэн.  Тэгээд би Сэржийг утсаа өгч байгаач би дэлгүүрийн  эзэн Уугантай ярих гэсэн юм гээд утсаар нь ярьсан.Тэгээд дэлгүүр дотор хулгайч орсон юм шиг байна хана цөмөрсөн байдалтай байна гэхэд Ууган намайг цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд удаагүй байсан чинь сумын хэсгийн цагдаа ахлагч М.Бат-Эрдэнэ ирсэн. Тэгээд цагдаа дотогшоо орж шалгахад улаан дээлтэй залуу зуухны ард байсан. Тэр залууг дуудаж гаргаж ирээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26/

5. Насанд хүрээгүй гэрч Б.Цэдэвдоржийн: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Адаадаг сумын 3-р багийн нутаг “Хадат” гэх газарт хөдөө гэртээ байж байгаад сумын төв дээр 21 цагийн үед мотоцикльтой Лхагвасүрэнтэй хамт ирсэн.Тэгээд бид хоёр Ууганбаатар гэх хүний дэлгүүрийн цаагуур яваад гал галладаг өрөөний гадна талын хаалга нь онгорхой байхаар нь тэрийг нь хаачихаад, тамхины дэлгүүр ортол хаачихсан байсан. Эргээд Ууганбаатар гэх хүний хүнсний дэлгүүрийн баруун талд байх галладаг өрөөнд орж тэндээ дулаацаад сууж байхад зүүн талын хананд жижиг  нүх гарчихсан байхаар  нь тэр нүхээр нь шагайж үзтэл дотор нь хайрцагтай хүнсний бараа бүтээгдэхүүн харагдсан. Жижиг нүхийг бид хөлөөрөө өшиглөөд том болгоод тэр нүхээр дэлгүүр рүү орсон юм. Тэгээд лангуун дээр байсан ундаа, хиам, архи, пиво, 2 ширхэг утас, компот мөн задгай зарж байсан утасны нэгжүүд, сироп, кофенууд, залгуурууд, плаш, тоглоомон гар буу, бохь, хурууны лент, чихэр зайрмаг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж аваад байж байтал дэлгүүрийн камер нь бичиж байхаар нь бид 2 дөрвөн буланд байрлуулсан камерыг эргүүлсэн. Тэгээд бид хоёр юмнуудаа аваад тэр дэлгүүрт орсон жижиг нүхээрээ гарах гэтэл гэнэт өөдөөс гар чийдэнгийн гэрэл гараад цагдаа орж ирээд бид хоёрыг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

 

            6. Адаацаг  сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн  акт /хх-ийн 43-44/

 

Хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Л нь 14 насанд хүрээгүй Цэдэвдоржтой хамт 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Дундговь аймгийн  Адаацаг сумын 1-р багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аазуу” ХХК-ний 8 нэрийн  барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн бараа зэрэг нийт 458.750 төгрөгийн эд зүйлийг хулгайлж байх явцдаа баригдсан болох нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Цэдэвдоржийг 14 насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Лг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн  зүйлчлэл тохироогүй байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Л нь үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд  буюу  “Аазуу” ХХК-ний 8 нэрийн  барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн бараа зэрэг эд зүйлийг хулгайлсан үйлдэл хийсэн  боловч уг дэлгүүрээс гарч  чадалгүй цагдаад баригдсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйл хулгайлах үйлдлийг хийсэн боловч түүний  өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас буюу гэрч  Ж.Мягмар “Аазуу” ХХК-ний 8 нэрийн дэлгүүрт хулгай орсон байж болзошгүй нөхцөл байдлыг мэдэж цагдаагийн  байгууллагад мэдээлсэний улмаас шүүгдэгч Б.Л нь үйлдэл дээрээ баригдсан, уг үйлдэл төгсөөгүй  байхад  гэмт хэрэг төгссөн гэж  үзэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байна.

Мөн шүүгдэгч Б.Л нь 14 насанд хүрээгүй Б.Цэдэвдоржтой хамтран дээрхи хэргийг үйлдсэн бөгөөд Б.Цэдэвдоржийг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч Б.Лг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй юм. Иймд прокуророос шүүгдэгч Б.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 болгон  өөрчилөхөөр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Лг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан  гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ биетээр хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч У.З нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Л нь дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ 19 настай байсан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  хойшлуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лд холбогдуулан  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн  1-т заасныг  журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон  өөрчилсүгэй.

  2.Шүүгдэгч Б.Л нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Лд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

          5.  Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай. 

          6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн  5-т заасныг журамлан мөн  хуулийн 8.6, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан  энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг  6 сарын  хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7.Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг биечлэн эдлүүлдэг журамтайг шүүгдэгч Б.Лд анхааруулсугай.  

           8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

           9.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.МӨНХБАТ