Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01943

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024   11  04  210/МА2024/01943

 

 

 

 

А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0*** сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/04267 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б од холбогдох

41,620,870.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч Б.Б , Б.Б нар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Б ХХК-аас 70,000,000 төгрөгийн зээл авч, барьцаанд Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр *** тоот хаягт байрлах орон сууц, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** барилгын *** тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул шүүхийн шийдвэрээр тэднээс 41,402,592.30 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Б , Б.Б нар орон сууцыг 41,402,592.30 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагч А.Б ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/1346 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг А.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, А.Б ХХК нь банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж төлбөр төлөгч нарын зээлийг хааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

1.3. А.Б ХХК зээлийн төлбөрт шилжүүлэн авсан орон сууцыг худалдахаар шийдвэрлэхэд Б.Б 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцаа буцаан худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөрт 16,779,129.40 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Банк нь гэрээ байгуулах эсэх талаараа 2020 оны 07 дугаар сарын 10-ны дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө ч энэ хугацаанд төлөөгүй. Ингээд банк иргэн Б.Х тэй 2020 оны 0*** сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг 84,500,000 төгрөгөөр худалдсан. Б.Х урьдчилгаа 26,200,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөр 58,300,000 төгрөгийг банкны зээлийн хороогоор шийдвэрлүүлж зээл авч төлсөн.

А.Б ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийн хүрээнд орон сууцыг Б.Х д худалдсан бөгөөд уг гэрээг байгуулахад А.Б ХХК-ийн зүгээс Б.Б оор зуучлуулсан, түүнчлэн зуучлалын төлбөр төлөхөөр тохиролцож байгаагүй.

1.4. Хариуцагч Б.Б дээрх орон сууцыг буцаан худалдан авна гэж 16,779,129.40 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээ байгуулагдаагүй, орон сууцыг өөр хүн худалдан авсан тул банк уг мөнгийг 2020 оны 0*** сарын 08-ны өдөр буцаан шилжүүлсэн. Ингэхдээ нэмж 41,620,870.60 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул дээрх мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй, хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Б оос үндэслэлгүй шилжүүлсэн 41,620,870.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны, бодит байдалд нийцсэн эргэлзээгүй, тодорхой биелэгдэх боломжтой байх ёстой. А.Б ХХК-тай холбоотой зээлийн маргааныг шүүгчийн 2018 оны 0*** сарын 14-ний өдрийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, захирамжид гомдол гаргах эрхгүй, дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж захирамжилсан. Иймээс энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзана гэж заасан.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд орон сууцыг банкны өмчлөлд түр шилжүүлж буцаан авахаар харилцан тохиролцсоны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өмчлөл шилжүүлэх хүсэлт гаргаж банкны нэр дээр шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талуудын тохиролцооны дагуу орон сууцны урьдчилгаанд 16,779,129.40 төгрөгийг А.Б ХХК-д шилжүүлсэн. Үүний дараа А.Б ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч, орлогч зөвлөлийн гишүүн, зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал, тусгай активын албаны зээлийн мэргэжилтэн, зээлдэгч талаас бид байлцаж харилцан тохиролцсоны дагуу иргэн Б.Х д орон сууцыг худалдсан. А.Б ХХК, Б.Х нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, миний бие Б.Батцогтыг төлөөлж орон сууцыг борлуулж зээлийн төлбөрийн үлдэгдэл 24,900,000 төгрөгийг төлсөн. Би үеэл дүүдээ орон сууцыг 83,300,000 төгрөгөөр зарсан.

2.3. А.Б ХХК миний дансанд 41,620,870.60 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгийг орон сууцны өмчлөгч Б.Б авсан. А.Б ХХК-аас авсан 70,000,000 төгрөгийн асуудал шийдэгдэж шийдвэр хүчинтэй болсон. Энэ мөнгөнд 41,620,870 төгрөг багтаж бодогдсон төлбөр. А.Б ХХК төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд талууд харилцан тохиролцож А.Б ХХК-д орон сууцны өмчлөлийг шилжүүлснээр хаагдсан. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 4 жил болж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б оос 41,620,870.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 366,055 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэн Б.Б ын эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн, хуулийн тов тодорхой заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. А.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон хангалттай баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь болсон бодит үйл явдлыг задалж тайлбарлахдаа илтэд хүнийг гүжирдсэн шинжтэй хуурмаг тайлбар хийж, яагаад Б.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгааг тайлбарлаж чадаагүй, ийнхүү мөнгө шилжүүлэхдээ яагаад андуураад байгаа талаараа нэг ч үг хэлээгүй. Б.Б ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар банкны эрх бүхий этгээдээс тогтоосон нэг ч баримтыг гаргаж өгөөгүй юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн аль зүйл, заалтад хамаарахыг тодорхой тайлбарлах үүрэгтэй боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй.

4.3. Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А.Б ХХК-д хандаж, 2020 оны 06 дугаар сард 16,750,173 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг 2020 ондоо багтааж төлнө гэсэн утгатай өргөдлийг гаргаж байсныг нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж, мөн уг баримтуудад маргаагүй. Үүнийг үндэслэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргаж, бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Б ХХК-ийн өмчлөлд орон сууц шилжиж гэрчилгээ гарсан. Үүнээс үзэхэд Б.Б , Б.Б нар нь анхнаасаа А.Б ХХК-тай тохиролцож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний буюу фидуцийн шинжтэй хэлцлийг хийж, зээлийн барьцаа орон сууцыг А.Б ны өмчлөлд түр шилжүүлсэн гэдгийг зориуд хэлэх байна. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх эрх банкинд байдаг бөгөөд энэ зарчмаар орон сууцыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэсэн бүртгэлд түр бүртгэдэг хуультай.

4.4. А.Б ХХК, Б.Б нарын хооронд зээлийн үүрэг бүхий харилцаа байсан ба банк нь үүргээ шударгаар биелүүлж, орон сууц худалдсаны зөрүү мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа андуураад шилжүүлсэн гэх 41,620,870.60 төгрөгийг А.Б ХХК нь огт танихгүй Б.Б од яагаад шилжүүлэх болов, мөн А.Б ХХК-ийн зээлийн дэд хорооны шийдвэрээр иргэн Б.Х д ямар учиртай зээл олгох шийдвэр гараад байгаа, үүнтэй хамт яагаад Б.Б од банкны зүгээс 58,400,000 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа талаар нэхэмжлэгч тал огт тайлбарлаж чадаагүй байхад анхан шатны шүүх энэ бүх баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж, дүгнэж чадаагүйгээс гадна тайлбар хийгээгүй, ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрт энэ талаарх хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй, тайлбарлаагүй.

4.5. Үүнээс гадна анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүйн нэг илрэл нь А.Б ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн дансны хуулгууд, Б.Б ын дансны хуулга зэргийг цаг хугацааны дарааллаар нягтлаагүй, огноо зэргийг нь харахад Б.Б ын авсан зээлийн харилцаа нь 2020 оны 0*** сарын 08-ны өдөрт бүр мөсөн дуусгавар болж, А.Б ХХК нь Б.Б , Б.Б нарт үүссэн зээлийн өрийг бүрэн хаасан нь тодорхой харагдаж байна.

4.6. Мөн А.Б ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч Д.Г ын зүгээс Б.Б , Б.Б нарт хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б-467 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг огт дүгнэсэнгүй. Уг бичигт зээлдэгч нарыг банктай худалдах худалдан авах гэрээ байгуулах эсэх талаараа тохиролцох шаардлагатай болохыг тайлбарласнаас гадна зээлдэгчдийн зүгээс банкинд төлөх нийт төлбөрийн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Тухайлбал нийт үлдэгдэл 41,679,129.40 төгрөг, төлсөн дүн 16,779,129.40, үлдэгдэл дүн 24,900,000 төгрөг. Б.Б ын зүгээс А.Б инд хандаж 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Б.Х д худалдан борлуулах болсноо илэрхийлээд, Б.Х г орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлт, мөн өдрөө дахин гаргасан хүсэлтдээ Б.Х д худалдсан орон сууцны дүнгээс зээлийн үлдэгдлийг хааж, зөрүү төлбөрийг ***тоот дансанд олгож өгөхийг хүссэн байна. Чухам эдгээр хүсэлтийг үндэслэж, А.Б ны зээлийн дэд хорооны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Б.Б од орон сууц худалдсаны зөрүү төлбөр болох 41,620,870.60 төгрөг орсон хэрэг билээ. Эдгээр нотлох баримтуудад анхан шатны шүүх бодит дүгнэлт хийх ёстой байсан.

4.7. Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс өгсөн зарим баримт тайлбарыг огт үнэлээгүй, нэг мөр ойлголт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Монголбанкнаас хийсэн шалгалтаар Б.Б од 41,620,870.60 төгрөгийг илүү шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдсан. Б.Б , Б.Б нараас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарснаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Б ХХК-ийн өмчлөлд тухайн орон сууц шилжсэн. Харин банкны түр өмчлөлд шилжсэн гэх баримт байхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ын өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу манай банкны өмчлөлд бүртгүүлсний дараа банкны зээл цэгнэх хурлын шийдвэрээр өмчлөх бусад хөрөнгөд бүртгэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт А.Б ХХК нь бусдын хөрөнгийг худалдаж, ашиг олох зорилготой гэх талаар дурдаагүй.

5.2. Банкнаас хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах эсэх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээдэд борлуулах талаар мэдэгдлийг өгсөн бөгөөд уг хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй учир Б.Х д худалдан борлуулсан.

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч Б.Б од холбогдуулан андуурч шилжүүлсэн үндэслэлээр 41,620,870.60 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 0*** сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02787 дугаар захирамжаар Б.Б , Б.Б нар 41,402,592.30 төгрөгийг хуваарийн дагуу А.Б ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. (хх 21-22)

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б , Б.Б нар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001751 дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр ***  тоот хаягт байрлах орон сууцыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон төлбөр авагч А.Б ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар тус орон сууц 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Б ХХК-ийн өмчлөлд шилжсэн байна. Энэ талаар зохигч маргаагүй. (хх 23, 26, 27, 28)

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч 41,620,870.60 төгрөгийг хариуцагчид үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байх тул залруулах нь зүйтэй гэж үзэв.

4.1. Б.Б , Б.Б нар нь орон сууцыг А.Б ХХК-д шилжүүлэхдээ 2020 оны 06 дугаар сард багтаан 16,750,0173 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2020 онд багтаан төлөх, төлсөн даруйд банкны өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авах агуулга бүхий хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16,779,129.40 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. (хх 18, 70)

Мөн А.Б ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б-467 тоот мэдэгдлээр Б.Б , Б.Б нарыг орон сууц худалдан авах эсэх талаарх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх, нийт үнийн дүн 41,679,129.40 төгрөгөөс 16,779,129.40 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 24,900,000 төгрөг болохыг мэдэгджээ. (хх 66)

Эдгээрээс үзэхэд, хариуцагч нь зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцаа буцаан худалдан авах хүсэл зориг илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.

4.2. Улмаар А.Б ХХК нь 2020 оны 0*** сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг 83,300,000 төгрөгөөр Б.Х д худалдаж, урьдчилгаа 30 хувь байршсан, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх нөхцөлийг гэрээнд тусгажээ. (хх 88)

а. Шүүхийн журмаар нэхэмжлэгч талаас гаргуулсан хариуцагч Б.Б ын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтүүдэд Б.Б нь орон сууцыг Б.Х д худалдахаар тохиролцсон тул ипотекийн зээлд хамруулах, худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн үлдэгдлийг хааж зөрүү төлбөрийг А.Б ХХК дахь Б.Б ын эзэмшлийн ***тоот дансанд олгох-ыг хүсчээ. (хх 67, 68)

б. А.Б ХХК-ийн Зээлийн дэд хорооны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗДХ 2065 тоот шийдвэрээр Б.Х д 58,300,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн. (хх 69)

4.3. Нэхэмжлэгч А.Б ХХК нь 2020 оны 0*** сарын 08-ны өдөр уг зээлийг олгож, орон сууцны урьчилгаа болон зээлийн дүн 83,300,000 төгрөгөөс 41,679,129.40 төгрөгөөр Б.Б , Б.Б нарын худалдан борлуулах хөрөнгийн авлагыг хааж, 41,620,870.60 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн ***тоот дансанд Б.Б од зөрүү төлбөрт гэсэн утгаар шилжүүлжээ. Үүний зэрэгцээ 16,779,129.40 төгрөгийг Б.Батцогт, Б.Б өглөг ш-в гэсэн утгаар буцаан шилжүүлсэн байна. (хх 15, 16, 18)

Тодруулбал А.Б ХХК нь депозит данс буюу зээлийн харилцах данс, дотоод төлбөр тооцоо дамжуулалтын түр данс, мөн дотоодын дансууд буюу өглөг ӨБҮХХ, xудалдан борлуулах хөрөнгө, aвлага зэрэг 5 төрлийн дансны холбогдох хуулгыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шилжүүлгүүдийн цаг хугацаа, үнийн дүн, зориулалт, хүлээн авсан этгээд зэргийг тодорхой тусгасныг хооронд нь харьцуулбал дээрх үйл баримт тогтоогдож байна.

4.4. Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч Б.Б ын санал болгосон этгээд болох Б.Х д орон сууцыг худалдаж, улмаар орон сууц худалдан борлуулсан үнийн дүнгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 0*** сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/02787 дугаар захирамжийн дагуу үүссэн 41,679,129.40 төгрөгийн авлагыг барагдуулж, зөрүү төлбөр 41,620,870.60 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ.

Барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах бөгөөд барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, холбогдох зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасан бөгөөд уг зохицуулалтын хүрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 41,620,870.60 төгрөгийг андуурч шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б од холбогдуулан гаргасан 41,620,870.60 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0*** сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/04267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б од холбогдуулан гаргасан 41,620,870.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5*** зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Д.ЗОЛЗАЯА