| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0087/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 84
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Г.Ч , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д д холбогдох эрүүгийн 1915000040019 дугаартай, 163/2019/0087/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт П.Д .
Шүүгдэгч П.Д нь Булган аймгийн Рашаант сумын төвд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ч ыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой сумын Залуучуудын шинэ жил болсон. 2018 оны 12 дугаар сарын 14-нд Ж надруу залгаад “Залуучуудын шинэ жилийг хөтлөөд өгөөч” гэсэн. Тэр үед би Улаанбаатар хотод ажилтай байсан ч ажлаа зохицуулаад 2018 оны 12 дугаар сарын 19-нд хөтлөхөөр ирсэн. Шинэ жил болохоос өмнө Ч тай хамт шинэ жилийн бэлтгэл ажлыг зохион байгуулсан. Тухайн өдөр шинэ жилийн арга хэмжээ тараад намайг гадаа машин дотроо сууж байхад Ч ирээд машины хаалга онгойлгож, надаас хэрүүл өдөхөөр нь би урдаас нь цохисон. Тэр үед согтуу хүний урдаас тэвчээртэй зан гаргалгүй цохисон нь миний буруу. 2018 оны 12 дугаар сарын 20-нд буюу тухайн хэрэг болсны дараа Ч тай уулзсан, Улаанбаатар хотод ирэх үед эмнэлгээр хамт явж Ч ын биеийг үзүүлсэн. Тухайн үед би арга хэмжээ хөтөлж байсан учир согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Согтуу хүний арга эвийг ололгүй урдаас нь цохьсондоо гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч ын өгсөн: Тэр өдөр бид найз нартайгаа байсан. Шөнийн 3 цагийн үед баяр тараад хогоо хамаад машиныхаа тээшинд хийгээд хамт явах хүмүүсээ хүлээнгээ нутгийн хүмүүс дээр очоод зогсож байгаад ухаан алдсан. Татаж чангаасан зүйл болоогүй. Толгойгоо эмчлүүлэх хэрэгтэй болсон. Яллагдагч талаас гэмшиж байна гэсэн ч надад харагдаж байгаа зүйл байхгүй байна. 2018 оны 12 сарын 20-ны өдөр сумын эмнэлэгт үзүүлэхэд тархины гэмтэл байж магадгүй гээд 21-ны өдөр Улаанбаатар орж Даваанятай хамт зураг авхуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэр үед Д д “гарч байгаа зардал болон буцах зардлыг төлөөд, бичиж өгсөн эм тарианы мөнгийг өгчихвөл салъя гэсэн. Д гомдлоо гарга, хуулийн дагуу шийдүүлье” гэж манай эхнэрт хэлсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтсэн, давтан зураг нэг сарын зайтай 2 удаа хийлгэж эмчид үзүүлсэн. Энэ хооронд эм тариа байнга хэрэглэж байсан. Би Д д цохиулах юм хийгээгүй, намайг зүгээр байхад цохисон учир гомдолтой байна. Хөдөлмөрийн чадвар алдагдах эсэх нь эмчилгээнээс шалтгаална гэсэн ба ГССҮТ-өөс “3 сарын хугацаанд хөдөлмөр эрхэлж болохгүй” гэсэн зөвлөгөө өгсөн тул би урд хийж байсан Рашаант суман дах “Шунхлай” ШТС-ийн түгээгчийн ажлаа 3 сар хийгээгүй, цалингүй акттай байгаа тул 3 сарын ажлын хөлс болох 1048256 төгрөг, гадуур хийгдсэн эмчилгээний зардал 288832 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр Рашаант сумаас Улаанбаатар хот орсон, хотоос ирсэн мөн эмчилгээ хийлгэх үеийн унааны зардалд 349300 төгрөг, бичигдсэн боловч хийгдээгүй байгаа эмчилгээний зардал 444100 төгрөг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд ирсэн унааны зардал 493800 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500000 төгрөг, зочид буудлын төлбөр 90000 төгрөг, нийт 3214288 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлд 2018 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрийн эмчилгээний зардал 75200 төгрөг, КТГ-ийн зурагны үнэ 150000 төгрөгийг Д шууд төлсөн учир давхардуулан нэхэмжлээгүй. Эмчилгээний зардалд 500000 төгрөгийг авсан тул хасаж тооцно гэв.
1915000040019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрч Б.Х ы өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Булган аймгийн Рашаант сумын залуучуудын шинэ жилийн арга хэмжээ соёлын төвд зохион байгуулагдсан. ...Тэгээд арга хэмжээ дуусч би техник хэрэгсэл, гэрэл чийдэнгээ хураагаад гарсан чинь соёлын төвийн урд машины зогсоол дээр машины гэрэлд баахан хүмүүс байхаар нь очтол Г.Ч газар уначихсан, Б.Ж суганаас нь өргөж босгоод “дүү гайгүй юу” гэж асуухад “гайгүй” гэж байсан. Би түүнийг Б.Ж тай сугадаж өргөж босгоод найз Д.О ын машинд суулгаж өгөөд гэр лүүгээ явсан. Тухайн үед тэнд юу болсон талаар мэдээгүй, Г.Ч ыг машинд суулгаж өгчихөөд эргээд харахад тэнд байсан хүмүүс машиндаа суугаад хөдөлсөн байсан. ...Г.Ч ыг өргөж босгоход аль нүдийг нь санахгүй байна, нэг нүд нь хөхрөөд хавдсан байсан ба өөр ил харагдах шарх, сорви байгаагүй. Тухайн үед ямар нэгэн зовиур хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч Г.С ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жил Соёлын төвд зохион байгуулагдсан. Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад нөхөр Б ийн хамт шинэ жилийн арга хэмжээнд очиж оролцсон. Шинэ жилийн арга хэмжээ 02 цаг хүртэл болсон байх. Тэгээд нөхөр бид хоёр П.Д ын машинд суугаад хөдлөх гэтэл Ч гэх залуу ганцаараа ирээд жолоочийн хаалга онгойлгоод “буугаад ир” гээд байсан. Д буугаад машинаас цаашаа яваад өгсөн. Тэгээд бид 2 буугаад хартал Ч газар уначихсан байхаар нь очтол 2 залуу сугадаад босгосон. Тэгээд л бид хэд явсан. Тэгээд байж байтал Ж гэдэг залуу орж ирээд Д ыг “чи миний дүүг зоддог хэн бэ?” гээд цохиод авсан. Гэтэл Д ын хамарнаас цус гараад байсан учир Т машиныг нь унаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч Ө.Ж ы өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жил Соёлын төвд зохион байгуулагдсан. ...Тэгээд арга хэмжээ дуусаад би эхнэртэйгээ гадаа гарч ирэхэд соёлын төвийн урд хүмүүс маргалдаж байх шиг болохоор нь очиход Д танихгүй залуутай маргаад байж байсан. Би Д ыг машин руу нь дагуулаад явсан, тэгтэл Д машиндаа сууж хөдөлгөж зогсоод, машинаас бууж ирээд Ч ыг цохих шиг болсон Ч газар унасан. Би Д ыг барьж аваад “яаж байгаа юм” гээд нэг алгадахад тэр машиндаа сууж хөдлөхдөө толь хэсгээрээ миний бүсэлхий хавьд шүргэсэн. Тэгээд бид 2 маргалдсан, харин цохисон асуудал байхгүй. Тэгээд эхнэр намайг аваад Ч ыг гэрт нь хүргэж өгөөд харьсан. Ч надад хэлэхдээ “миний толгой маш их өвдөж байна” гээд байсан. ...Д Ч ыг цохиж унагаахад нь би зүүн шанаа хэсэгт нь баруун гараар нэг удаа цохисон. Харин Д машиндаа суучихаар нь би буулгах гэж жолоочийн эсрэг талын хаалгаар орж татсан, түүнийг цохиогүй. ...Д яг нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохисон, Ч толгойн ар хэсгээр /дагзаараа/ хойшоо саваад газарт унаад ухаангүй болоод хэсэг хугацааны дараа ухаан орсон. Өөр цохисон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Я.Д ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жил соёлын төвд зохион байгуулагдахад Ч , Э, Э , Б болон манай нөхөр болох А бид нар гэр бүлээрээ нэг ширээ болон суусан юм. ...02 цагийн үед тараад бид хэд цуг гарсан. Гараад ирсэн чинь Д манай хүргэн Б руу агсарчихсан байж байхаар нь би очиж салгасан. Манай дүү охин, манай нөхөр бид 4 хамт байсан. Тэндээс бид шууд манай гэр лүү явсан. Г.Ч , П.Д нарын зодооны талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Б.Ж гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жилийг Соёлын төвд зохион байгуулахаар болсон юм. ...Тэгээд арга хэмжээ дууссаны дараа би дотор байсан хүмүүсийг гаргаад хамгийн сүүлд нь ганцаараа соёлын төвөөс гарч ирсэн. Намайг гарч ирэхэд соёлын төвийн урд зогсоол дээр хэдэн машин гэрлээ асаагаад хөдөлж байсан. Би машинуудын дэргэд очоод тамхи асаагаад зогсож байтал П.Д миний хажуугаар гарч яваад Г.Ч дээр очоод, түүнийг цохиход Г.Ч хойшоо саваад унасан. Би Д дээр очоод “чи юу болж байна вэ?” гэсэн ямар ч үг хэлэлгүй машиндаа суусан. Би эргээд хартал Ч цохиулсан газраа хэвтэж байхаар нь би очоод “зүгээр үү?” гэсэн дуугарахгүй болохоор нь сэгсэрсэн, тэгтэл 1-2 минутын дараа ухаан ороод “зүгээрээ” гэсэн. Тэгэхээр нь би яг хэний машин гэдгийг нь санахгүй байна, нэг машины арын суудалд суулгаж өгсөн. Тэгээд би “гайгүй юу ингээд явчих юм уу?” гэсэн “зүгээр” гээд явсан. Тэгээд тэнд байсан бүх машинууд хөдлөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Гэрч Б.Б ийн өгсөн: “...Шинэ жилийн арга хэмжээ 02 цагийн орчимд тараад эхнэрийн хамт Д ын машин дээр ирэхэд Д машинаа асаагаад машиндаа сууж байсан. Би машинд суугаад, манай эхнэр “Д ын эхнэрийг очоод аваад ирье” гээд явсан. Манай эхнэр машинд орж ирэх үед жолооч талын хаалгаар Ч орж ирээд тэр 2 зууралдаад байсан ба удалгүй машины гадаа Д алгадах шиг болсон ба Ч газар унасан. Бид нар машинаас буусан чинь хүмүүс очоод сэргээх гээд байгаа бололтой байсан 5 минутын дараа Ч сэргээд бид нар явсан. ...Ч өөрөө машины хаалгаар “ална” гээд орж ирж байгаа харагдсан. Д буугаад нэг алгадах шиг болсон тэгтэл хойшоо савж унах шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч З.Ц ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жил Соёлын төвд зохион байгуулагдсан ба би тус арга хэмжээнд оролцсон юм. Арга хэмжээ нилээн орой 22 цагийн үед эхэлж, 03 цагийн үед тараад би цуг ажилладаг Х , О нартай хамт хамгийн сүүлд гарсан. Надад гадаа юу болсон талаарх мэдээлэл алга байна. Би гарч ирээд сумын захиргааны хажууд тавьсан машиндаа суугаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Д.О гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рашаант сумын залуучуудын шинэ жил Соёлын төвд зохион байгуулагдсан. ...Би арга хэмжээг тараачихаад өрөө рүүгээ орж гэрэл цахилгаанаа салгаад 10 орчим минут болж байтал жижүүр “гадаа хүмүүс бужигнаад байна” гэхээр нь гараад иртэл Ч газар уначихсан хүмүүс тойрсон байхаар очоод хартал ухаангүй байсан. Тэгээд дээш өргөтөл гулжигнаад байхаар нь би тасарчихсан юм байхдаа гэж бодоод дахиад татаад үзтэл сонин болоод байхаар нь би цээжин дээр нь нэг удаа хүчтэй дартал амьсгаа аваад сэргэхээр асуусан чинь хоорондоо маргасан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Д.О ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө соёлын төвөөс гарч ирэхэд соёлын төвийн урд нэг хүн хэвтчихсэн байсан. Тэгээд холоос хараад байж байтал 3-4 минутын дараа нэг хүн түшээд босгож ирэхээр нь би яваад очтол Ч байсан ба би Ж гийн хамт сугадаж өөрийн эзэмшлийн “Тоёота криста” маркийн 81-38 УНН улсын дугаартай машинд суулгаж Ж ы эхнэр Батсайхан, Ч нарыг Ж ы гэрт нь хүргэж өгөөд явсан. Ж ыхаас Х ыг дуудаж Ч ыг гэрт нь хүргэж өгсөн гэж сонссон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Э.Б ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Би соёлын төвөөс Х , О нарын хамт хамгийн сүүлд гарч явсан, харин манай нөхөр Ж түрүүлээд гараад явсан байсан. Гараад ирэхэд Ч газарт ухаан алдаад уначихсан Ж , О дарга нар Ч ыг сэгсэрчихсэн байж байсан. Тэгээд 4-5 минутын дараа ухаан ороод Ж , Х нар сугадаад О ын машин руу суулгасан. Манай нөхөр Д ыг “чи яаж байгаа юм” гээд маргаад байхаар нь би салгаад О ын машинд суулгаад манайх руу явсан. Намайг машинд суухад Ч ын аль нүдийг нь санахгүй байна, нэг нүд нь хавдаад таг болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэрч Б.Т гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шинэ жилийн арга хэмжээ орой 22 цагийн үед эхэлж, шөнийн 03 цагийн үед тарсан. Би арга хэмжээнд Д ын ширээнд суусан. Би ширээнийхээ юмнуудыг гаргаад ширээнд сууж байсан хүмүүсээс хамгийн сүүлд гарахад соёлын төвийн гадаа Д Гурванбулагийн залуутай маргаад байсан. Би салгаж Д ыг машинд нь суулгачихаад өөрийнхөө машинд сууж байтал хүмүүс бужигнаад байхаар нь очтол Ч газар уначихсан, О дарга, Ж нар өргөөд сэгсэрч байсан. 5 орчим минутын дараа сэрэхээр нь О дарга “чи гайгүй юу” гэсэн чинь толгойгоо дохиж байгаа харагдсан. Хөдлөх гэсэн чинь Д “миний хамарнаас цус гарсан байна, чи миний машиныг барьчих” гэхээр нь би машиныг нь бариад, манай эхнэр өөрийнхөө машиныг бариад манай гэрт очоод тэндээс Д ыг эхнэрийнх нь хамт гэрт нь буулгаж өгөөд харьсан. Надад юу болсон талаар мэдэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч С.М ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө намайг унтаж байхад хаалга нүдэхээр нь онгойлгоход манай нөхөр байсан ганцаараа орж ирсэн тэгээд гэрэл асаагаад хартал зүүн талын нүд нь хавдсан байхаар нь “яасан юм бэ?” гэж асуухад юм дугараагүй “унтая” гэсэн. Өглөө босоод нүдээ харчихаад “Д намайг цохисон өөр мэдэх зүйл алга, утас алга байна очиж учраа олъё” гээд гарсан. 30-40 минутын дараа ирээд “Д намайг цохисон гэнэ, надаас уучлалт гуйсан” гэж орж ирсэн. Тухайн үед “толгой өвдөөд хөдөлж чадахгүй байна цохиулснаас болсон байх” гэж байсан. Тэгээд хэвтээд үлдэхээр нь би гараад цуг ширээнд сууж байсан хүмүүстэйгээ уулзаж юу болсон талаар асуусан чинь “Д цохиод ухаан алдсан, Ч зүгээр үү?” гэхээр нь буцаж гэртээ ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь “шууд тархинд цус хуралттай, дагзны яс хугаралттай байна гэмтэлд хэвт” гэхээр нь гэмтэл дээр очтол шууд хэвтүүлсэн. Манай нөхөр гэмтлийн эмнэлэгт 8 хоноод гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 672 дугаартай:
1.Г.Ч ын биед дагзны ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 277 дугаартай:
1.Шинжээч эмч Б.Д гийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан №672 шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Г.Ч ын биед дагзны ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3.Дээрх гэмтлийг авсан хүн үйл хөдлөл хийх бүрэн боломжтой.
4.Дээрх гэмтэл нь хүн босоо байрлалаас нүүр лүүгээ цохиулж толгойн дагз хэсгээрээ юм мөргөж унасан үед үүсэх боломжтой.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6.Гавал тархины гэмтлийн үед ухаан алдах, хөдөлж чадахгүй болох, үнэрлэх, мэдэрхүй өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч болно.
7.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх 92-93 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-09/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 43-44, 94-95/, эмнэлгийн болон хохирлын талаарх баримт /хх 45-47, 58-59, 63-66,60-72, 77, 96-102/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53-54/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-56-57/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 107-108/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
2018 оны 12 дугаар сарын 19-ний орой Булган аймгийн Рашаант сумын төвд Залуучуудын шинэ жилийн арга хэмжээ болж П.Д хөтлөн явуулж, тус арга хэмжээнд Г.Ч оролцсон байх бөгөөд баярын арга хэмжээ 20-нд шилжих шөнийн 03 цагийн дууссаны дараа тэдний хооронд хувийн тааламжгүй харилцаа үүссэний улмаас П.Д нь Г.Ч ыг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Ч , гэрч Б.Х , Г.С а, Ө.Ж , Я.Д , Б.Ж , Б.Б , З.Ц , Д.О , Д.О , Э.Б , Б.Т , С.М , нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 672, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримтууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч П.Д ын хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч нь эмчилгээ, оношлогоо болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд нийт 3214288 төгрөг нэхэмжилж, үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Дээрхи нотлох баримтуудын агуулга болон хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж үзэхэд эм тарианы үнэ /75832₮, 188000₮, 25000₮/ 288832 төгрөг, дутуу авсан цалин, эмнэлгийн хуудасны зөрүү 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлын 8 хоног, 01 дүгээр сард ажлын 22 хоног, 02 дугаар сард ажлын 17 хоног, нийт 47 өдрийн дундаж цалин 22303 төгрөгөөр тооцсон эмнэлгийн хуудасны дагуу бодож, нийт 1048256 төгрөгийн цалин бодогдсоноос эмнэлгийн хуудсаар олгосон 75000 төгрөгийг хасаж 973256 төгрөгийг,
өвчтөнийг эмнэлэгт хүргэх, давтан үзлэг шинжилгээ, эмчилгээ хийлгэхтэй холбоотой 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи тээвэр шатахууны зардал / 30000₮, 30000₮, 30000₮, 24300₮, 40000₮, 30000₮, 20000₮, 30000₮, 30000₮, 140000₮/ 404300 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тээвэр шатахууны зардал /110004₮, 67830₮, 40000₮, 143000₮, 20000₮, 60000₮, 10000₮/ 450834 төгрөг, зочид буудлын төлбөр 90000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсаны төлбөр 8000 төгрөг, нийт 2215222 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч П.Д нь 225200 төгрөгийн эмчилгээний зардлыг шууд төлснийг давхардуулан нэхэмжлээгүй байх учир хохирогчийн харилцах дансанд шилжүүлсэн 500000 төгрөгийг хасаж, үлдэх 1715222 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн бичигдсэн боловч хийгдээгүй байгаа 444100 төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй, юунд хэрэглэсэн нь тодорхойгүй шатахууны үнэ /53000₮, 40000₮, 30000₮, 25000₮, 24000₮/ 172000 төгрөгийг, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заасан байх тул хохирогчийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн хэлцлийн төлбөр 500000 төгрөг, нийт 672000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар 1,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг эхний сард 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр, үлдэх 35 /гучин тав/ сард сар бүр 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Д д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 672000 /зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Д нь гэм хорын хохиролд 2440422 /хоёр сая дөрвөн зуун дөчин мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг төлсөн, хохирогч нь бичигдсэн боловч хийгдээгүй байгаа 444100 төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД