| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00033/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч О.Н, Г.Ж нарын өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Хохирогч Б.У
Шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О.Н, Г.Ж Н.Б нарт холбогдох 1822004080005 тоот хэргийг 2019 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч О.Н: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6-р баг Зоосын 1-17 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, О.Н гэв.
2.Шүүгдэгч Г.Ж: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 12-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г.Ж
3.Шүүгдэгч Н.Б: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг Манханы 5-6 тоотод оршин суух /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг Баянбулагын 7-11 тоотод түр оршин суух/ урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Н.Б гэв.
Шүүгдэгч О.Н, Н.Б, Г.Ж нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Цагаан хошуу” гэх газарт байх гүний худгаас тээврийн хэрэгсэл ашиглан 2 ширхэг худгийн мотор хулгайлж хохирогч Д.Нт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Голын шинэ ус” гэх газраас хохирогч Б.Уын 11 тооны ямааг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Н, Г.Ж нар нь бүлэглэн 2017 оны 08 сарын 06-наас 2017 оны 08 сарын 07-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Хэрсэнэ хонд” гэх газарт байх хохирогч О.Оын байшингаас Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн “Тоз-8” маркийн буу хулгайлж 150,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Баруун сүүж” гэх газарт байх гүний худгийн гадна талд байсан 1 ширхэг моторыг хулгайлж хохирогч Д.С 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
2.Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Буруу хэрэг хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
3.Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Унаж татдаг өвчтэй. Нойр хоол муутай байхаараа бас ухаан алдаж унадаг. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
А.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
1.Хохирогч Д.Сийн: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө малаа услахаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Баруун сүүж гэх газарт байрлах худаг дээрээ очтол худгийн байшингийн гадна талд байсан 220 вольт гаргах хүчин чадалтай Бүргэд нэртэй мотор хулгайд алдагдсан байсан. 2018 оны 11 сарын 25-ны орой нар шингэх үед малаа услахад худгийн мотор байсан. Тухайн моторыг 2015 онд 1000,000 төгрөгөөр худалдан авсан ба хулгайд алдагдах үед хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/
2. Яллагдагч О.Нийн “ ...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгаас гараад Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт байх Мөнх-Эрдэнэ гэх айлаас идэшний үхэр аваад тэгээд буцах замдаа шөнө ганцаараа явж байхдаа замд таарсан худаг дээр байсан моторыг хулгайлсан. Тэгээд шууд Говь-сүмбэр аймаг руу явж байтал машин эвдрээд алхаад нэг айлд очсон юм. Тэр айлын хүнийг гуйж сумын төв рүү машинаа чирүүлж суман дээр явж байтал хэсгийн мөрдөгч Жаргал зогсоож шалгасан юм. Тэгээд би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж баригдсан. Би тэр моторыг Жаргалд хүлээлгэж өгсөн, зарж борлуулж чадаагүй юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-156/
3. 2018 оны 12 сарын 06-ны өдрийн “...О.Нээс хулгайд алдагдсан гэх “KENBO-БҮРГЭД” гэсэн бичигтэй улаан өнгийн моторыг хураан авсан...” тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 29, 31/
4. 2018 оны 12 сарын 06-ны өдрийн “ О.Нээс хураан авсан моторыг хохирогч Д.С хүлээлгэн өгсөн ” тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 30, 31-рт/
5. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 647 дугаартай тогтоол /1-р хх-ийн 28/
6. Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 79-80-рт/
7. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Б. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч Д.Нийн худгийн байшингаас 2 ширхэг мотор алдагдсан гэх хэргийн талаар:
1.Хохирогч Д.Нийн: “...2018 оны 12 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг “Цагаан хошуу” гэх газарт нутаглах өөрийн гэрээсээ гараад Улаанбаатар хот явсан ба 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Ирэхэд манай гэрээс зүүн зүгт байрлах ногоон өнгийн төмөр байшинтай гүний худаг дотор байсан 220 вольт гаргах хүчин чадалтай улаан өнгийн мотор 1 ширхэг, цэнхэр өнгийн мотор 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан. Намайг Улаанбаатар хот явахад тухайн хулгайд алдсан 2 ширхэг мотор худгийн байшинд байсан. Худгийн байшин цоожгүй байсан ба хаалгыг төмөр лоомоор дарчихсан байсан. Улаан өнгийн моторыг 800,000 төгрөгөөр, цэнхэр өнгийн моторыг 1.000.000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Хоёр мотороо нийтэд нь 1.800.000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/
2. Шүүгдэгч О.Нийн яллагдагчаар өгсөн: 2018 оны 12 сарын 09-ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Цагаандэлгэр сум руу өөрийн 87-24 УНЧ улсын дугаартай тоёота криста маркийн машиныг жолоодоод Бүүвэйбаатарын хамт гарсан. Тухайн өдөр Жамсрандорж Говь-Угтаал сумаас утсаар мөнгө төгрөггүй болчихлоо, хэдэн мал хийгээд аймаг явж зарах гэсэн юм гэж дуудсан юм. ...Зам дээрээс Жамсрандоржийг аваад тэгээд шууд хөдлөөд нэг айлын худаг дээр очоод худгийн байшин дотор байсан моторыг Жамсрандорж, Бүүвэйбаатар хоёр ороод авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103/
3. Шүүгдэгч Г.Жийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 сарын 9-ний өдөр 11 цагийн үед Нарангэрэл рүү ярьсан. Нарангэрэлийг машинтайгаа хүрээд ир, эндээс мал хийгээд Дундговь аймаг орж зарах хэрэг байна гэж дуудсан....Нарангэрэл оройхон манай хөдөө гэрт ирэхээр нь машинд нь суутал Бүүвэйбаатар хамт явж байсан. Тэгээд бид нар Говь-Угтаал сумын Цагаан хошуу гэх газарт байх нэг худаг дээр очсон. Эхлээд би машинаасаа буугаад худгын хаалгаар орсон чинь араас Бүүвэйбаатар орж ирсэн. Бид нар худаг дотор байсан 2 моторыг машинд ачаад цаашаа явсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-рт/
4. Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “... 2018 оны 12 сарын 9-ний өдөр би найз Нарангэрэлийн хамт Говьсүмбэр аймгаас Говь-Угтаал сум руу явсан. Тэгээд Говь-Угтаал сумын хөдөө хээр замаас Жамсрандоржийг аваад бид нар машинтай яваад Цагаан хошуу гэх газарт байх гүний худгийн байшинд Жамсрандорж, бид хоёр орж дотор нь байсан усны 2 ширхэг моторыг хулгайлсан юм. Нарангэрэл машиндаа байж байсан. Худгийн хаалга онгорхой байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-124-рт/
5. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 24-26/
6. 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Г.Жоос “KEMAGE” гэсэн бичигтэй улаан өнгийн мотор хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 34-35/
7. 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Г.Ж, О.Н нараас цэнхэр өнгийн “KEMAGE” гэсэн бичигтэй мотор 1 ширхэг, улаан өнгийн мотор 1 ширхэгийг тус тус хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 34-35
8. 2018 оны 12 сарын 13-ны өдрийн “О.Н, Г.Ж нараас хураан авсан 2 ширхэг моторыг хохирогч Д.Нт хүлээлгэн өгсөн” тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 36/
9. Эд зүйлийн үнэлгээ / 1-р хх-ийн 73-74-рт/
10. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
В.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч О.Оын байшингаас ТОЗ-8 маркийн буу алдагдсан гэх хэргийн талаар:
1. Хохирогч О.Оын: “...2017.08.06-нд 11 цагийн үед өөрийн өвөлжөө болох “Хэрсэнэ хонд”-д очиж байшиндаа гурил тавьчихаад түлээний мод авч ирсэн юм.Тэгээд өчигдөр 12 цагийн үед ганцаараа очсон чинь хорооны баруун талд байх модон байшингийн зүүн талын нугас нь хугарсан, хаалга нь цаашаа цөмөрсөн, ерөнхий байдлыг ажиглатал авдарны урд, орны хойно хана түшүүлсэн Тоз-8 буу алга байсан. Тэгээд авдар сав нээгээгүй юм шиг байхаар нь буцаж ирээд төрсөн ах О.Ганбаатарт болсон хэргийн талаар утсаар мэдэгдсэн. Говь-Угтаал суманд оршин суудаг Буянжаргал гэдэг хүнээс өнгөрдөг хавар авсан юм. Гэрчилгээ нь сумын татварын байцаагч Алтансаргайд байгаа гэсэн. Алдагдсан галт зэвсгээ 150,000 төгрөгөөр үнэлж байна, олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-30, 33-34/
2.Гэрч О.Ганбаатарын: “...2017 оны 08 сарын 07-нд 12 цаг өнгөрч байхад манай дүү Оюунбаатар өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэж буу алдагдсан байна. Та цагдаад мэдэгд гэхээр нь би өөрийн биеэр очиж сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43/
3. Шүүгдэгч О.Нийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 8 сарын 6-ны өдөр би 10 цагийн үед Г.Жтой хамт Говь-Угтаал сумаас Говьсүмбэр аймаг руу мотоцикльтой яваад Говьсүмбэр аймаг орчихоод эргээд явах замд мотоциклийн гинж тасраад хөдөө хээр нэг айлын хороон дээр гинжний тасархай хайж очтол тэр айлын хороон дээр хүн байхгүй байсан. Бид 2 тэр хороон дээр байсан нэг модон амбаар дээр очтол хаалга нь цоожгүй, хаалганы нугас хэсгээр нь салчихсан байхаар нь дотор нь ороод үзтэл амбаарын зүүн хойд буланд нь түшүүлээд тавьчихсан ТОЗ-8 маркийн галт зэвсэг байхаар нь авсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-58/
4. Шүүгдэгч Г.Намсрандоржийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 8 сарын 6-ны өдөр би 10 цагийн үед О.Нтэй хамт Говь-Угтаал сумаас Говьсүмбэр аймаг руу мотоцикльтой яваад Говьсүмбэр аймаг очиж бичиг баримт хөөцөлдөөд эргээд Говь-Угтаал сум руу явах замд бид хоёрын мотоциклийн гинж тасраад хөдөө хээр газар зогссон. Тэгээд бид 2 ойр айл байна уу гэж эрж яваад нэг айлын хороон дээр очиж гинжний тасархай хайж очтол тэр айлын хороон дээр хүн байхгүй байсан. Бид 2 тэр хороон дээр байсан нэг модон амбаар дээр очтол хаалга нь цоожгүй, хаалганы нугас хэсгээр нь салчихсан байхаар нь дотор нь ороод үзтэл амбаарын зүүн хойд буланд нь түшүүлээд тавьчихсан ТОЗ-8 маркийн галт зэвсэг байхаар нь Нарангэрэл авсан. Би тухайн үед амбаар дотроос ямар нэгэн зүйл аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-67/
5. 2019 оны 01 сарын 8-ны өдрийн “О.Нээс ТОЗ-8 маркийн буу хураан авсан” тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 24-25/
6. 2019 оны 01 сарын 9-ний өдрийн “О.Нээс хураан авсан ТОЗ-8 маркийн бууг хохирогч О.От хүлээлгэн өгсөн ” тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 26/
7. Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 47-48 /
8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг судлав.
Г.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
1.Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх сумаас зүүн хойш 4-5 километрт намаржиж байсан. Малаа хотлуулаад сумын төв ороод эргээд ирсэн чинь малын хотонд машины мөр гарсан байсан. Өглөө сумын төв ороод цагдаад мэдэгдэхэд Жаргал төлөөлөгч газар дээр нь очоод танилцсан. Хонио эргүүлээд тоолсон чинь 11 ямаа дутаад Жаргал дээр очиж байцаалт өгсөн. Үлдсэн мөнгөө авчихвал гомдолгүй. 1’080’000 төгрөг нэхэмжилсэн гэв.
2.Гэрч С.Отгонцэцэгийн: “... 2018 оны 12 дугаар сард надруу утсаар яриад ямааны мах хэдээр авах вэ гэхээр нь би 4200 төгрөгөөр авна гэж хэлтэл 11 тооны ямааны мах зарна гэхээр нь би Цолмон гэх хүний бойны газарт очиж 11 тооны ямааны махыг худалдаж авсан. Дэвтэрт 2018.12.10-ны өдөр 11 тооны ямаа, 1 кг-ыг нь 4200 төгрөгөөр бодож 167 кг мах 701.400 төгрөгөөр худалдаж авсан. Ямааны арсийг нь 37.000 төгрөгөөр бодож 407.000 төгрөгөөр худалдаж авсан...“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/
3. Шүүгдэгч О.Нийн яллагдагчаар өгсөн “...тэгээд бид нар цаашаа замд таарсан айлын малнаас хулгайлах гэж яваад хотонд нь мал байхгүй болохоор нь сумын наана явж байтал нэг айлын мал хотондоо байхаар нь тэр хотноос нь 11 тооны ямааг хулгайлсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103/
4. Шүүгдэгч Г.Жийн яллагдагчаар өгсөн: “...бид нар замаараа нэг айлын хотонд иртэл тэр айлын мал байгаагүй. Тэгэхээр нь цааш явж байтал Говь-Угтаал сумаас наана ойролцоогоор 4 километрт замын хажууд нэг айл байхаар нь очтол хотонд нь бага мал байхаар нь бид нар бүгдээрээ 11 тооны ямааг барьж машины ард талын багаж хэсэгт 6 ямаа хийгээд, үлдсэн 5 ямааг нь дотор талд нь ачаад шууд хөдлөөд Дундговь аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-112/
5. Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид нар цаашаа яваад замаараа таарсан эзэнгүй айлын бага малнаас нь хулгайлах гэтэл хороон дотор нь мал байгаагүй. Тэгэхээр нь дахиад цаашаа явж байтал Говь-Угтаал сумаас зүүн талд нэг айлын хороонд мал хашчихсан байхаар нь тэр бага малнаас нь 11 тооны ямааг бид гурав зөөж хулгайлсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-125/
6.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-19/
7.Говь-Угтаал сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт, хавсралт /1-р хх-ийн 84-85/
8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 40-43/
9.Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Д. Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.Н, Н.Б, Г.Ж нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Цагаан хошуу” гэх газарт байх гүний худгын байшингаас тээврийн хэрэгсэл ашиглан 2 ширхэг худгийн мотор хулгайлсан, 2018 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Голын шинэ ус” гэх газраас хохирогч Б.Уын 11 тооны ямааг хулгайлсан, Шүүгдэгч О.Н, Г.Ж нар нь бүлэглэн 2017 оны 08 сарын 06-наас 2017 оны 08 сарын 07-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Хэрсэнэ хонд” гэх газарт байх хохирогч О.Оын байшингаас Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн “Тоз-8” маркийн буу хулгайлсан, шүүгдэгч О.Н нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Баруун сүүж” гэх газарт байх гүний худгийн байшингийн гадна талд байсан 1 ширхэг моторыг хулгайлсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2-н 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Баруун сүүж” гэх газарт байх гүний худгийн байшингийн гадна талд байсан 1 ширхэг моторыг хулгайлахдаа тээврийн хэрэгсэлтэй явж байсан болох нь тогтоогдож байгаа боловч хулгайн гэмт хэргийг үйлдэхийн тулд тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Н.Быг 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын мал /11 тооны ямаа/-г хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч О.Нийг 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын 11 мал /11 тооны ямаа/-г хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч Г.Жийг 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын мал /11тооны ямаа/-г хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Н нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын –Үүд суман дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 сарын 3-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Шүүгдэгч Н.Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 8 сарын 2-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 6 сарын 12-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолыг хуулбарууд /1-р хх-ийн 171-196/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 60-61/, зэргээр тогтоогдож байна .
Шүүгдэгч О.Н, Н.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-н 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Г.Ж нарт тус бүрт нь 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарт тус бүрт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Нийн бичелэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Жийн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Бын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Г.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч О.Н нь 2019 оны 4 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Д.С, Д.Н, О.О нарт хулгайлсан эд зүйлээ биетээр хүлээлгэн өгсөн, шүүгдэгч О.Н, Н.Б нар нь хохирогч Б.Ут тус бүр 360.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Ут 1.080.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч О.Н, Н.Б нар нь 720.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч Г.Жоос 360.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ут олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ “Тоёото криста” маркийн 87-27 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд уг тээврийн хэрэгслийг С.Пүрэвжав нь шүүгдэгч О.Нд худалдсан боловч үнийг нь аваагүй байгаа болох нь С.Пүрэвжавын мэдүүлгээр /2-р хх-ийн 86-87/ тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслийг мөрдөгч 2019 оны 1 сарын 15-ны өдөр хураан авсан / 1-р хх-ийн 38-39/ байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу С.Пүрэвжав- /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10-р хороо 8-273 тоотод оршин суух РД:НН88071416/-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Н-ийг бусдын эд хөрөнгийг 1 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/ гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч Г.Ж-ийг 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Б нь 1 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Жид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарт тус бүрт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Нийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ж-ийн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б-ын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Шүүгдэгч Н.Б, Г.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.Н, Н.Б нар нь хохирогч Б.Ут тус бүр 360,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хохирогч Д.Н, Д.С, О.О нарт хулгайлсан эд зүйлээ биетээр нь хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жоос 360.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ут олгосугай.
8.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт мөрдөгчийн 2019 оны 1 сарын 15-ны өдрийн тэмдэглэл, прокурорын 2019 оны 1 сарын 15-ны өдрийн 16-р тогтоолоор хураагдсан цагаан өнгийн “Тоёото криста” маркийн 87-27 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч С.П-т нь буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч О.Н, Г.Ж, Н.Б нарт цагдан хорих тасан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ