Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01950

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

   2024   11  04  210/МА2024/01950

 

 

 

 

Т.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03443 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Ц ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О ид холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 14,053,324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Т.Ц нь Сүхбаатар дүүргийн *** хороонд байрлах объектоо бүхэлд нь түрээслэх зар тавьсны дагуу Б.О нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр холбогдож объектыг үзээд хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Манай талаас халаалтыг холбож өгөх боломжгүй байсан учир түрээслэгч хийхээр болж түрээсийн төлбөр 4,400,000 төгрөгийн тал болох 2,200,000 төгрөгийг манайд өгч, үлдсэн 2,200,000 төгрөгийг халаалтанд зарцуулах болсон. Б.О нь объектыг эхний 6 сард түрээсэлж байгаад худалдаж авна, хаус зарж байгаа учир боломжтой гэсэн учир түүнд итгэсэн. Талууд 2023 оны *** сарын 01-ний өдөр бичгээр гэрээ хийсэн ба Б.О нь халаалт хийхээр болж байгаа учир барьцаа мөнгө өгөхгүй, түрээсийн гэрээгээр төлөх мөнгөн дүн 4,400,000 төгрөгийг 2,200,000 төгрөгөөр бичээд, халаалтаа тусад нь оруулж өгье гээд гэрээнд халаалтын зардалд орох 2,200,000 төгрөгийг нийтэд нь базаад 20,000,000 төгрөгт багтаахаар ярилцаж тусгасан.

1.2.Нөхөр А.Н 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөөнөөс ирээд гэрээтэй танилцаад, үндсэн төлбөр 4,400,000 төгрөгөө оруулаад гэрээгээ дахиж хийх хэрэгтэй, халаалт ерөөсөө хийгдсэн юм алга гээд бид Б.О той объектод уулзахад Б.О гэрээ хийхийг зөвшөөрч өөрийн мессенжэрээр файлаар гэрээ явуулсан. Үүнийг хэвлээд гэрээнд гарын зуруулж авах гэсэн боловч утсаа авахгүй, уулзахгүй яваад байсан, түрээсийн төлбөрөө ч төлөхгүй байсан. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 5,600,000 төгрөгийг төлсөн өөр мөнгө төлөөгүй.

Иймээс түрээсийн байрыг суллаж өгсөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 14,053,324 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Б.О нь 2023 оны *** сарын 01-ний өдөр Т.Ц тай Сүхбаатар дүүрэг, *** хороо, Бэлхийн *** гудамж, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Сарын түрээсийг 2,200 000 төгрөгөөр тохиролцсон. Б.О нь өөрийн эцэг, эхийн хүнсний жижиг цехийн үйл ажиллагаанд зориулан түрээсэлсэн. Анх үзэхэд халуун, хүйтэн усгүй, төвийн дулаангүй байсан ба Т.Ц цахилгаан халаагуур хэрэглэж болно, эсхүл дулаан холбох ажлыг та нар хийчих, угаасаа чи боломжийн байвал худалдаж авах юм чинь чамд хэрэгтэй, худалдаж авахгүй болвол гэрээ цуцлагдах үед буцаагаад өгье гэж тохирч гэрээгээ байгуулсан.

2.2.Гэрээ хийгдээд удаагүй байхад Б.О нь осолд орж нуруундаа гэмтэл авсны улмаас санхүүгийн асуудалд орсон тул түрээслэгчид төлбөрийн асуудлыг түр харж байгаач гэсэн боловч өдөр шөнөгүй залгаж чат бичиж байсан учир хүнээс мөнгө зээлээд түрээсийн тооцоог хийж байсан. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр Т.Ц өөр хүмүүст түрээслэхээр болсон, юмнуудаа аваарай, дахиж түрээслэхгүй гэсэн, бид 6 сарын хугацаагаа ядаж дуусгаж болохгүй юмуу гэхэд боломжгүй гэсэн тул тухайн үедээ аваачиж тавьсан байсан хэдэн хайрцагтай зүйлээ аваад гарсан.

Ингээд шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар үндэслэл, шалтгаанаар нэг сарын түрээсийн төлбөр 4,400,000 төгрөг болгож нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О оос 6,720,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7,333,324 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О оос улсын тэмдэгтийн хураамжид 122,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц ад олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Талуудын хооронд байгуулсан гэрээгээр сарын төлбөрийг 4,400,000 төгрөг гэж тооцсон. Түрээсэлж буй объектын дулааны асуудлыг хариуцагч тал шийдэхээр болж, үндсэн сар бүр төлөх түрээсийн төлбөр 2,200,000 төгрөг, зөрүү 2,200,000 төгрөгөөр түрээсэлж байгаад худалдан авах учраас дулааныг бид өөрсдөө шийднэ гэснээр түрээсийн нийт дүнг 20,000,000 төгрөг гэж гэрээ хийсэн байснаа түрээсийн төлбөрийн сар тутам төлөх дүн, дулааны холболтыг түрээслэгч, цэвэр бохир ус холбуулахыг түрээслүүлэгч хариуцах үүргийг тодотгон дахин гэрээ хийхээр болсон боловч элдэв арга саам хийсээр байсан. Сар бүр төлөх төлбөр 2,200,000 төгрөгөө дутуу төлсөн, мөн зөрүү 2,200,000 төгрөгийн тухайд 6 сарын хугацаанд төлөгдсөн зохих дүнд дулааны асуудлыг шийдээгүй учир, түрээсийн төлбөр 4,400,000 төгрөгөөр тооцогдох ёстой байхад шүүх нотлох баримтаа гаргаагүй, нотлоогүй гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7,333,324 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.2.Шийдвэрийн 4.1-д шүүх гэрээгээр тохиролцсон агуулга буюу талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэж бичсэн хэсэгт ...түрээслэгч тал 2023 оны *** сарын 4, 12 дугаар сарын 22, 2024 оны 02 дугаар сарын 22-нд давтамжтайгаар 4,400,000 төгрөг төлсөн байгаа нь түрээсийн төлбөрийг 4,400,000 төгрөгөөр тохиролцсон болохыг нотолно. Нөгөө талаар 4.1 үндэслэх хэсэгт түрээслэгч тал халаалтын зардалд холболт, угсралтын ажилд 20,000,000 төгрөг хүртэлх зардлаа тооцно гэсэн нь 2,200,000 төгрөгийн бэлэн төлөлт, 2,200,000 төгрөгт халаалтын холболт, угсралтын ажил хийсэн бол тооцогдохоор байсан гэдэг нь тодорхой байгаа юм.

Иймд хариуцагчаас 7,333,324 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.2023 оны *** сарын 01-ний өдөр байгуулсан 23/19 тоот түрээсийн гэрээний нэг сарын түрээсийн төлбөрийг 2,200,000 төгрөгөөр тохиролцсон. Түрээсийн гэрээний 3.3-т 2023 оны *** сарын 04-ний өдөр 4,400,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4,400,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4,400,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Б.О ийн ээж, аав хоёр нь тухайн объектод хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан боловч тухайн үед хүнсний үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.

5.2.Т.Ц нь Сүхбаатар дүүрэг, *** хороо, Бэлхийн *** гудамж *** тоот хаягт байршилтай, 405.5 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд итгэмжлэл аваагүй, мөн хаягт байршилтай 474 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газарт итгэмжлэл авсны үндсэнд түрээсийн гэрээг байгуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч Б.О ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14,053,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Т.Ц , Б.О нарын хооронд 2023 оны *** сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Т.Ц нь Сүхбаатар дүүрэг, *** хороо, Бэлхийн *** гудамж *** тоот хаягт байрлах, 405.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 6 сарын хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч Б.О нь сард 2,200,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус үл хөдлөх эд хөрөнгө нь хувийн сууц, гараашийн зориулалттай байх тул дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.

3.2.Хариуцагч нь нэхэмжлэгчийг өмчлөгч А.Насанхишигээс газрын асуудлаар авсан итгэмжлэл хэрэгт авагдсан ч үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа итгэмжлэл аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл болох түрээсийн гэрээнд түрээслүүлэгч тал нь гэрээний зүйлийн өмчлөгч байх шаардлага хуулиар тавигдаагүй тул тус гэрээг байгуулахад өмчлөгчийн зөвшөөрөл шаардагдахгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь А.Насанхишигийг түүний нөхөр гэж тайлбарласан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаар А.Н маргасан баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан үндэслэлээр гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөөгүйг дээрх байдлаар залруулж дүгнэх нь зүйтэй.

4.Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 5,600,000 төгрөг төлсөн, мөн гэрээ 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр цуцлагдаж хариуцагч объектыг чөлөөлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон ба энэ талаар зохигч маргаагүй.

5.Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг сарын 4,400,000 төгрөгөөр тооцож үлдэгдэл төлбөр 14,053,324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ Б.О нь халаалт хийх болсон тул түрээсийн гэрээгээр төлөх мөнгөн дүн 4,400,000 төгрөгийг 2,200,000 төгрөгөөр гэрээнд бичээд, халаалтаа тусад нь оруулж өгье гээд гэрээнд халаалтын зардалд орох 2,200,000 төгрөгийг базаад 20,000,000 төгрөгт багтаахаар ярилцаж тусгасан гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь гэрээнд сарын төлбөрийг 2,200,000 төгрөгөөр тохирсон гэж маргажээ.

5.1.Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 3.1-д түрээсийн төлбөр нь сарын 2.200.000₮ байна. Түрээсийн төлбөрийг 2 сараар нь бодож авах ба Түрээслэгч нь нийт 13.200.000₮ төлнө, 3.3-т Түрээсийн төлбөрийг 2 сараар тооцож доорх хугацаанд төлнө: 1. 2023/11/04-нд /4.400.000₮/ 2. 2023/11/22-нд /4.400.000₮/ 3. 2024/02/22-нд /4.400.000₮/ тус тус төлнө, 3.4-т Түрээслэгч тал нь хөрөнгийн халаалт, цэвэр, бохирын холболт угсралтын ажлын 20.000.000₮ хүртэлх зардлыг дангаар бүрэн хариуцаж хийлгэх ба түрээсийн хугацаа дуусахад 2024/05/01-нд Түрээслүүлэгч тал нь Түрээслэгч талд 6.800.000₮-ийг буцаан олгоно гэж тус тус заажээ.

5.2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Үүний дагуу дээрх гэрээний заалтуудыг тайлбарлавал, түрээсийн төлбөрийг сарын 2,200,000 төгрөг, төлбөр төлөхдөө 2 сараар тооцож 4,400,000 төгрөг төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, харин түрээсийн зүйлийн халаалтын зардал нь түрээсийн төлбөрт хамаарах агуулга илэрхийлэгдээгүй байна.

5.3.Анхан шатны шүүх талуудыг түрээсийн төлбөрийг сарын 2,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, түүнчлэн гэрээг зөв тайлбарласан байна.

5.4.Харин шүүх түрээсийн гэрээ хэрэгжсэн 2023 оны *** сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлагдсан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 18 хоног байхад 5 сар 18 хоног гэж, түрээсийн төлбөр 10,120,000 төгрөг (2,200,000*4, 2,200,000/30*18)-ийг 12,320,000 төгрөг гэж тус тус алдаатай дүгнэсэн байгаа боловч шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу шийдлийг хэвээр үлдээнэ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцэхдээ түүний эрх ашгийг дордуулахгүй болно.

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/03443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 132,283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА