| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2024/03941/И |
| Дугаар | 210/МА2024/01975 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/01975
2024 11 08 210/МА2024/01975
Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/04868 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Э.Х ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 676,456,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор, Ц.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Т.Б ХК нь Э.Х ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1090/20/74 тоот зээлийн гэрээ байгуулж, 900,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлд 340,667,058 төгрөг, хүүнд 419,827,776 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,844,483 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон.
1.2.Мөн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090/20/74-01 тоот барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын зам гудамж, *** тоот хаягт байрлах, ***м.кв талбайтай, үйлдвэрлэл агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын зам гудамж, *** тоот хаягт байрлах, 2416 м.кв талбайтай, оффис үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороонд байрлах 45584 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон.
1.3.Зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийн хугацааг 531 хоног хэтрүүлсэн тул зээлийн үлдэгдэл 559,332,942 төгрөг, үндсэн хүү 109,398,847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,725,144 төгрөг, нийт 676,456,933 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Хариуцагч зээл авсан нь үнэн, зээл авсантай холбоотой маргаан байхгүй. Зээлийн шимтгэлийн асуудалд маргаж байна. Шимтгэлийг санхүүжилтийн зардал гэж тооцдог, шимтгэл авсантай холбоотой зардлыг нэхэмжлэгч нотлох ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт банкны шимтгэлийг үндэслэлтэй тогтооно гэж заасан. Баримтаар нотлогдохгүйгээр шууд 9,000,000 төгрөгийн шимтгэл авсан нь үндэслэлгүй байна. Зээл авахад төлсөн 9,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой. Шимтгэлтэй холбоотой 45 сарын хугацааны 15,480,000 төгрөгийн хүүг хасах үндэслэлтэй гэж үзэж байна.
2.2.Мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг 17,569,627 төгрөг гэж тооцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Талууд зээлийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгасан. Гэрээний хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сард гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 сар болсон тул энэ хугацааны 1,235,743 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. Нэхэмжлэгч байгууллага 16,336,884 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцсон байна. Гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцсон тул зөвшөөрөхгүй.
2.3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 41,658,367 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүйгээр тооцсон шимтгэл, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 45*** зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Х ХХК-аас 676,456,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороонд байрлах 45584 м.кв газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын гудамж, *** тоот хаягтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай, ***м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын гудамж, *** тоот хаягтай, 2,416 м.кв талбайтай, оффис, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Т.Б ХК болон Э.Х ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090/20/74 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно. Тус гэрээний 2.1.7-д Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна" гэж заасан. Зээлийн гэрээ байгуулахад авч буй шимтгэл нь зээлдэгчийн зүгээс банкинд гэрээ байгуулсны төлөө олгож буй шан харамж биш, харин гэрээнд заасны дагуу зээлийн судалгаа, шинжилгээ, хяналттай холбоотой зардал юм. Гэвч үүнтэй холбоотой зардлын баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, тус зардал нь үндэслэлтэй тогтоогдсон талаар нотолж чадаагүй байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн талууд гэрээнд шимтгэл авахаар заасан, талууд зөвшөөрсөн тул шимтгэл тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс авч болох хариу төлбөрийн талаар Иргэний хууль болон талуудын хооронд гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан зохицуулсан. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олголтын шимтгэл буюу зээлдүүлэгчийн өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Тиймээс шүүх Э.Х ХХК нь Т.Б ХК-д төлсөн 3,000,000 төгрөгийн шимтгэл, түүнд ногдох 45 сарын гэрээнд заасан хүү нийт 5,160,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй нь үндэслэлгүй болсон.
4.2.Нэмэгдүүлсэн хүү буруу тооцсон тухайд. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусах байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлд төлсөн 9,844,483 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутган нийт 17,569,627 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодсон нь үндэслэлгүй байна. "Т.Б ХК нь 2024 оны 04 дүгээр сард буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа нэхэмжлэл гаргасан тул 1 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүү болох 1,235,743 төгрөгийг шаардах үндэслэлтэй ба үлдэх 16,336,884 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 16,336,884 төгрөгийг хасаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 21,496,884 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу банк зээлийн судалгаа, шинжилгээний зардалд зориулан нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож, дээд тал нь 3,000,000 төгрөг хүртэл шимтгэлийг авдаг ба зээлдэгч нь уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Хариуцагч 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь зарлагын баримтаар тогтоогддог.
5.2.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүний нөхцөлийг зээлийн гэрээгээр зохицуулахаар хуульчилсан бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаандаа үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэнд тооцож нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Иймд банк нь гэрээнд заасны дагуу шимтгэл авч, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Т.Б ХК нь хариуцагч Э.Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 676,456,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх үнийн дүнгээс гадна нотариатын зардал 137,000 төгрөг тусгагдсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар энэ хэсэгт улсын тэмдэгтийн хураамж урьдчилж төлөөгүйн зэрэгцээ анхан шатны шүүх хуралдаанд уг зардалтай холбоотой тайлбар гаргаж дэмжээгүй тул нэхэмжлэгчийг хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхгүй. Иймээс мөнгө төлүүлэх шаардлагыг 676,456,933 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцнэ.
3.Т.Б ХК болон Э.Х ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1090/20/74 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.Б ХК нь 900,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгчид зээлдүүлэх, зээлдэгч Э.Х ХХК нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 45*** зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. (хх 11-15)
Түүнчлэн гэрээнд хүү төлөх талаар тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4.Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 900,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, мөн хариуцагчаас зээл 340,667,058 төгрөг, хүү 419,827,776 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,844,483 төгрөг тус тус төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан ба энэ талаар зохигчийн маргаангүй.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл 559,332,942 төгрөг, хуримтлагдсан хүү 109,398,847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,725,144 төгрөг, нийт 676,456,933 төгрөгийг гаргуулахаар шаардсан. (хх 53-54)
Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн шимтгэл төлөх үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэсэн агуулгатай тайлбар гарган, маргажээ.
5.1.Талууд зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцон шимтгэл авахаар тохиролцсон, мөн хариуцагч нь шимтгэлд 3,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Нэхэмжлэгч нь шимтгэлд 9,000,000 төгрөг тооцогдох ч шимтгэлийн дүн 3,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар банкны журамд заасны дагуу уг дүнгээр төлүүлсэн гэж тайлбарласан ба шимтгэлийн талаархи дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл талууд шимтгэл төлөх талаар тохиролцсон нь дээрх хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй байна.
5.2.Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан 2022 оны 09 дүгээр сарын 13, 2023 оны 09 дүгээр сарын 29, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл бүхий Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, 2022 оны 04 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 10, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн хяналтын тайлан, 2023 оны 1*** сарын 21-ний өдрийн, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд зэргээр зээлийн хяналт хэрэгжүүлсэн байдал тогтоогдож байна. (хх 55-97)
5.3.Зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно, 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Зээлийн гэрээний хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгчийн гаргасан Зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгт баримтад зээлдэгчийн төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүний дэлгэрэнгүй тооцооллыг тусгажээ.
Иймээс зээлийн шимтгэл төлөх үндэслэлгүй, гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Түүнчлэн гомдолд шимтгэлтэй холбоотой нөхцөлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дурдсан байх боловч хариуцагч уг асуудлаар анхан шатны шүүхэд маргаагүй тул холбогдох гомдол мөн үндэслэлгүй болно.
5.4.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Б ХК нь хариуцагч Эмсилог ХХК-аас зээлийн үлдэгдэл 559,332,942 төгрөг, хуримтлагдсан хүү 109,398,847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,725,144 төгрөг, нийт 676,456,933 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 45*** зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6.Талууд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1090/20/74-01 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын зам гудамж, *** тоот хаягт байрлах, ***м.кв талбайтай, үйлдвэрлэл агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баянголын ам /18181/, Найрамдлын зам гудамж, *** тоот хаягт байрлах, 2416 м.кв талбайтай, оффис үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороонд байрлах 45584 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба тус барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр. (хх 16-17, 22-29)
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч гомдол гаргаагүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг бичээгүй, нэмэгдүүлсэн хүүний шаардлагад хамаарах зохицуулалт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг тусгаагүй, мөн нэхэмжлэлийн үнийн дүнг үсгээр задлаж бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Түүнчлэн барьцааны гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг газар гэж томъёолсон нь оновчгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/04868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...45*** зүйлийн 451.1... гэсний өмнө Иргэний хуулийн гэж, ...45*** зүйлийн 451.1... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж тус тус нэмж, ...зургаан зуун гучин гурав... гэснийг есөн зуун гучин гурав гэж өөрчилж,
2 дахь заалтын ...газар... гэснийг газар эзэмших эрх гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА