Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Хд холбогдох 1922000870047 тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ...........................  урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Х гэв.

 

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Нэгдсэн эмнэлгийн гал тогооны өрөөнөөс Ц.Ж-ын “ Samsung ji-3”  маркийн гар утсыг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ажил тарж байх үед гагнуур хийж байгаад нүд жаахан өвдөөд байхаар нь 200 грамм татчихсан юм. Тэрэндээ халуураад утсаар ярих хэрэгтэй болоод Жавзандулам гэдэг хүний утсыг  нь аваад ярьсан юм. Тэгээд ажлаас дуудлага ирэхээр нь ярьж байгаад тэр чигтээ дуудлагаа хүлээж авах гээд явсихсан. Тэгээд өгч чадахгүй байж байгаад 10 хоногийн дараа мөнгөний хэрэг  гараад утсыг нь ломбарданд 100.000 төгрөгөөр тавьчихсан.   Тэгээд 2018 оны 11 сарын  сүүлээр очиж авах гээд мөнгөн дүнг нь асуусан чинь байгаа мөнгөнд арай хүрэхгүй байсан, түүнээс хойш авч чадаагүй. Тэгээд л ийм байдалд хүрчихээд байна. Гэм буруугаа гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

2.Д.Хийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын  эхээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг  дээр гагнуур хийж байтал нүд өвдөөд байхаар нь 200 грамм архи уусан. Гэтэл гал тогоонд угаалтуур бөглөрсөн гэхээр нь орж бөглөөсийг гаргасан юм. Гал тогооноос гарах гэж байтал хүнрүү утсаар ярих хэрэг гарсан. Тухайн үед миний утасны гарах ярианы эрх хаагдсан байсан. Ярих утас хайгаад явж байтал гал тогооны залны голын цонхны тавцан дээр манай ажлын эгч Жавзандуламын “Самсунг жи-3” маркийн гар утас байсан. Тэр утсаар яриад гал тогооноос гарсан. Тэндээс гараад архивын материал зөөж байтал Жавзандулам эгч над дээр ирээд гар утсаа нэхэхээр нь би аваагүй гэж хэлсэн Түүнээс хойш санаа зовоод Жавзандулам эгчийн утсыг өгч чадахгүй байсан, тэгж байтал банкны мөнгө төлөх болоод гар утсыг 120,000 төгрөгөөр Мандал худалдааны төвийн нэг давхарт байх ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

3. Хохирогч Ц.Жын : “...Би 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажил тарах үеэр Samsung ji-3”  маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн  үед би Цагдаагийн  байгууллагад мэдэгдээгүй байсан.  Саяхан утасны IMEI кодоор олж болдог гэж сонсоод Цагдаагийн  байгууллагад хандсан.  Шаргал өнгөтэй 2 сим ордог,  сэв зураасгүй шинээрээ гар утас байсан. IMEI код нь 357768/08/840414/1*, 357769/08/840414/9* гэсэн  байсан.  Надад хайрцаг нь байна. Би мобикомын салбараас 470,000 төгрөгөөр авч байсан,  бариад удаагүй байж байгаад алдсан.  Би худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Гар утсаа олж авсан  ч гэсэн,  алдсанаасаа хойш  Мобикомын салбарт сар бүр 25900 төгрөг төлж байсан. Сая 2019 оны 3 дугаар сард төлбөрөө төлж дууссан. 6 сар төлсөн мөнгөө нөхөн төлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /хх-18-19/

- “...би гар утсаа хүлээж авсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй,  хэвийн ажиллагаатай байна.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өмнө өгсөн  мэдүүлэгтээ гар утас авсан лизенгийнхээ төлбөрийг  нэхэмжилсэн байсан, би гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авч ашиглаж байгаа тул энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

         4.Гэрч Б.Цогзолмаа “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би ажил дээрээ буюу нэгдсэн  эмнэлгийн  гал тогтоонд Оюундаваа, Жавзандулам нарын хамт байж байтал Жавзандулам эгч миний гар утас алга болчихлоо харсан уу гэж асуусан. Тэгэхэд нь би гурил бэлтгэлийн  өрөөний цонхон дээр түрүүхэн байсан,  Оюундаваа бид 2 эндээс гараагүй гэж хэлсэн.  Тэрнээс хойш хайгаад орж гарсан хүмүүсээс асуусан боловч олдохгүй байсан.  тэрнээс хойш олдохгүй  байна л гээд байдаг байсан.  Тэр өдөр манай гал тогоогоор хүмүүс орж,  гарч л байсан, би яг  тэр ороод гарсан гэж санахгүй байна...  ” гэх мэдүүлэг /хх-21/

          5.Гэрч Ж.Оюундаваагийн “...Би яг хэзээг нь санахгүй байна.  2018 оны 9 дүгээр сард Дундговь аймгийн  Нэгдсэн эмнэлгийн  гал тогоонд ажлаа хийгээд байж байтал хамт ажилладаг Жавзандулам эгч миний гар утас алга болчихлоо харсан  уу гэж асуухаар нь түрүү гурил бэлтгэлийн өрөөний цонхны тавцан дээр байсан гэж хэлсэн. Тэгтэл Жавзандулам эгч гар утсаа хайгаад гарсан. Тухайн үед эмнэлгийн гал тогоонд Цогзолмаа, Жавзандулам эгч бид 3 байсан, бас манай эмнэлгийн селесарь Хишигдэмбэрэл, мужаан Түвшинжаргал нар гал тогоонд орж ирээд гарсан, би тэр 2-ыг ямар ажилтай орж ирээд гарсныг  нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-22/

      6. Гэрч Ю.Сансармөнхийн “...Би Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Смарт” гар утасны ломбарданд ажилладаг  юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хишигдэмбэрэл гэх залуу “Samsung ji-3” буюу 330 маркийн утас барьж ирээд манай ломбарданд 120,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан юм. Барьцаанд тавьсан гар утсаа хугацаандаа ирж аваагүй. Манай байгууллагад уг гар утас нилээн хэдэн сар болсон, гэтэл нэг өдөр Цагдаагийн байгууллагын  ажилтан ирээд уг утсыг хулгайн  утас байна гэж хэлээд хурааж авсан. Хишигдэмбэрэл нь барьцаа болон хүүний мөнгө болох 230,000 төгрөгийг  манай байгууллагад өгсөн, одоо Хишигдэмбэрэлээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23/

7.Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн акт, хавсралт /29-30/

8. Эд зүйл хураан  авсан  тэмдэглэл /хх-ийн 5/

9.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/

 

10.Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Нэгдсэн эмнэлгийн гал тогооны өрөөнөөс Ц.Жын “ Samsung ji-3”  маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, ломбарданд тавьсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Хийн бусдын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.Иймд шүүгдэгч Д.Хийг бусдын эд хөрөнгийг нууцаар эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

             Шүүгдэгчийн  хулгайлсан эд зүйл буюу “Samsung ji-3” маркийн гар утсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад мөрдөгч хураан авч хохирогч Ц.Жд хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 6-рт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Ц.Хишигдэмбэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй ба прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Ж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Цэцэгбат овгийн Даваагийн Хишигдэмбэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Ерөнхиий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2,  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд Дундговь аймаг дахь Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч Ц.Ж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.МӨНХБАТ