Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  11  22  210/МА2024/02018

 

 

Р.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03304 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Т ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.У.Х.Б ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч Р.Т нь М.У.Х.Б ХХК-д ахлах хуульч Ц.Б ийг урт хугацааны чөлөөтэй байх хугацаанд түр томилогдсон. Банкны зүгээс Ц.Б чөлөөний хугацаа дуусаад шууд тэтгэвэртээ сууна гэж хүсэлтээ өгсөн байгаа, тэр үед таныг жинхэлж ахлах хуульчаар гэрээ байгуулан ажиллуулна гэсэн тул гэрээ байгуулж ахлах хуульчийн албан тушаалд түр томилогдсон.

1.2.Хүний нөөцийн албанаас дуудаж Ц.Б ажилдаа эргэж орно гээд байна, тиймээс үргэлжлүүлж ажиллуулах боломжгүй боллоо гэж мэдэгдээд намайг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулсан. Гэтэл Ц.Б нь намайг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түр гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулах ёстой гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Р.Т ыг М.У.Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-08 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.4-т заасныг үндэслэн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэст ахлах хуульчийн ажлын байранд Ц.Б ийн хувийн чөлөөтэй хугацаанд түр томилсон. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан ахлах хуульч Ц.Б т гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаар тушаалаар хүсэлтийг нь үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалинтай, хувийн чөлөө олгосон тул ажил олгогчийн зүгээс Р.Т тай тохиролцож хуульд заасан үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусаж байсан учраас М.У.Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3, 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарч байх тул Р.Т тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч нь заавал тухайн ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээгээгүй.

2.2.Р.Т ын гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаар тэмдэглэлд дурдсанаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн маргааныг шийдвэрлэж чадаагүй учир ажиллагаа дуусгавар болсон. Р.Т нь шийдвэрийг хүлээн авсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан боловч энэ хугацааг хэтрүүлж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Мөн уг хэргийн шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон боловч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэлээ дэмжээгүй тул шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч дахин нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд тогтоосон журмаар гаргаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Р.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Ахлах хуульч Ц.Б нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар чөлөө авсан, тухайн чөлөөг авахдаа чөлөөний хугацааг дуусгаад тэтгэвэртээ гарах зорилготой байсан. Ц.Б нь чөлөөний хугацааг дуусгахгүйгээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тэтгэврээ тогтоолгож, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэртээ гарсан. Тухайн үеэс хойш намайг ахлах хуульчийн албан тушаалд ажиллаж байхад ажил олгогчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлнө гэж мэдэгдээгүй. Хүний нөөцийн ажилтан ахлах хуульчаар ажиллаж байсан Ц.Б ажилдаа орох гэж байгаа учраас таны ажлаас чөлөөлөх саналтай байгаа гэж амаар мэдэгдсэн. Гэвч ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэж, сануулсан зүйл байхгүй.

4.2.Ц.Б чөлөөний хугацаагаа дуусахаас өмнө тэтгэвэртээ гарсан учраас миний бие 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно. Тухайн үед миний хөдөлмөрийн гэрээний хугацааг Ц.Б ийн чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа орох хүртэлх хугацаагаар тохиролцсон ч Ц.Б ажилдаа томилогдоогүй бөгөөд чөлөөний хугацааг дуусахаас өмнө тэтгэвэртээ гарсан нөхцөл байдал үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй гэж үзэж байна. Мөн тухайн ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцох зохицуулалттай. Уг зохицуулалтын дагуу миний хөдөлмөрийн гэрээг дараагийн ахлах мэргэжилтэн сонгогдох хүртэл үргэлжлүүлэн сунгах ёстой гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Р.Т ыг ахлах хуульч Ц.Б ийг чөлөөтэй байх хугацаанд тухайн албан тушаалд түр хугацаагаар томилсон. Уг нөхцөл байдал нь Ц.Б т хувийн чөлөө олгосон гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдож байна. Тухайн тушаалд чөлөө олгосон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг тодорхой заасан тул Р.Т тай байгуулсан гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхийн асуудал байна. Нэхэмжлэгчтэй хугацаатай гэрээ байгуулсан ба цаашид байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах эсэх нь талуудын харилцан тохиролцох асуудал байдаг. Ц.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос үл хамааран ахлах хуульчийн албан тушаалд хэнийг ажиллуулах, гэрээг үргэлжлүүлэн сунгах эсэх асуудал нь ажил олгогчийн эрхийн асуудал байдаг.

Хариуцагчийн зүгээс хуульд нийцүүлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн хэрэгт цугларсан баримтуудаас харахад хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхой байсан бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил олгогчийн зүгээс сунгахаас татгалзсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч М.У.Х.Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.М.У.Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч Ц.Б т 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хувийн чөлөө олгожээ.

3.2.Улмаар Ц.Б ийн хувийн чөлөөтэй байх хугацаанд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-08 дугаар тушаалаар Р.Т ыг Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэст ахлах хуульчийн албан тушаалд томилж, түүнтэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулжээ. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

3.3.Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б-30 дугаар тушаал гарч, Р.Т ыг Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн ажлаас чөлөөлжээ. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл заажээ.

 

4.Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Дээрх Б-08 дугаар тушаалд Ц.Б ийн хувийн чөлөөтэй хугацаанд гэж тодорхой үйл явдал заасан нь мөн хуулийн 50.5 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.4-т заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлохоор заасантай нийцжээ.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг тодорхойлсон ба хуулийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэжээ.

Ц.Б т олгосон хувийн чөлөө 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацааг мөн хугацаанд дуусгавар болсон гэж үзэх бөгөөд ажил олгогч нь Р.Т ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо дээрх үндэслэлийг баримталсан нь хуульд нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

6.Нэхэмжлэгч нь Ц.Б чөлөөний хугацаанаас өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарласан нь түүний хөдөлмөрлөх эрхийн маргаанд хамааралгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан ажил олгогчийн Б-27 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дугаар тушаалаар үгүйсгэгджээ. Тодруулбал гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаар тушаалаар Ц.Б ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн боловч түүнийг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

7.Дээрх үндэслэлээр М.У.Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б-30 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

8.Харин нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримталсан нь алдаатай болсон тул тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчлөх, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагчийн нэрийг тусгаагүй, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаар тусгахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...154 дүгээр зүйлийн 154.2.1... гэснийг хасаж, ...158.2.2... гэснийг 158.1.1 гэж өөрчилж, ...баримтлан... гэсний дараа М.У.Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан гэж нэмж,

2 дахь заалтын ...хууль... гэснийг хуулийн гэж өөрчилж, ..41.1.5... гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЗОЛЗАЯА