| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00039/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн ..................тоот хэргийг 2019 оны .... дугаар сарын .....-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ......................., урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Д.О гэв.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-21 тоотод байх насанд хүрээгүй М.Б-ийг хуурч акумляторын цэнэглэгчийг авч хохирогч Д.Мт 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Гэм буруугаа олйгож байна. Прокурорын саналын дагуу 450,000 төгрөгийг төлнө гэв.
2.Яллагдагч Д.Оын: “...Би 2019 оны 2 дугаар сарын 23-24-ний үед шиг санаж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-21 тоотод байх танил Мягмарын гэрт очсон юм. Тэднийд юм ярьж сууж байгаад гэрлүүгээ явсан. Мягмарын гэрийн баруун урд хэсэгт аккумлятор цэнэглэгч төхөөрөмж байхыг харсан. Маргааш нь Мягмар руу утасдаж юу байна, хаана байна гэж асуухад ажилтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд хэн байгаа юм бэ? эхнэр чинь ажилтай байгаа юмуу? гэж асуухад эхнэр ажилтай байгаа, 2 хүүхэд гарт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мягмарын гэрт очиход охин нь байсан.Тэгэхээр нь би охинд нь аав чинь аккумлятор цэнэглэгч ав гэж байна гэж худлаа хэлээд охиныг нь хуурч аккумлятор цэнэглэгчийг нь аваад аймгийн зах дээр зогсдог портертой ахад 20,000 төгрөгөөр зарсан, мөнгөөр нь архи аваад уучихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
3.Хохирогч Д.Мын: “...өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийг мэдүүлсэн, өөр ярих зүйлгүй. Эд зүйлээ буцааж авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
4. Д.Мын гэрчээр өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед би ажил дээрээ байж байхад надруу Оогий гэж залуу утсаар залгаад “юу хийж байна, хаана байгаа юм бэ?, эхнэр чинь ажилтай байгаа юу гэж асуусан” тэгэхээр нь би ажилтай, ажил дээрээ байна, манай эхнэр ажил дээрээ байгаа гэж хэлсэн. Тэгэхэд аан тиймүү гээд салгасан. Тэгээд байж байтал манай хүүхэд Баярчимэг надруу залгаад өчигдөр манай гэрт орж ирсэн ах аав чинь ав гэсэн, аавруу чинь ярьсан байгаа гэж хэлээд акумляторын цэнэглэг ч аваад явлаа гэж надад хэлсэн. ...би зөвшөөрөл өгөөгүй, авах талаар ярьж байгаагүй, акумляторын цэнэглэгчийн талаар юу ч яриагүй. Авч явснаасаа хойш 4 хоногийн дараа надруу хүний утаснаас “юу хийж байна гэж залгасан, тэгэхээр нь чи яагаад цэнэглэгч аваад явчихаваа гэхэд, надад байгаа, маргааш аваачаад өгнө” гэж хэлээд тасалсан. Тэгээд дахиж яриагүй, авч ирж өгөөгүй. Хүүхдэд худлаа хэлж залилсан байна гэж үзэж байна. Одоо 75,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
5.Насанд хүрээгүй гэрч М.Баярчимэгийн: “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Нэрийг нь мэдэхгүй эрэгтэй манайд ирээд “аавтай чинь ярьчихсан байгаа акумляторын цэнэглэгчийг ав гэсэн” гэж хэлээд надаас аваад явсан. Тэр хүн акумляторын цэнэглэгч авч явдаг өдрийн өмнөх орой манай гэрээр орж ирж байсан хүн байсан. Тэгээд өгч явуулсныхаа дараа утсаар яриад ааваасаа асуусан чинь “би тэгж хэлээгүй ш дээ гэсэн” Саарал өнгөтэй утас нь хар өнгөтэй байсан. Акумляторт залгадаг хоёр залгууртай, бас тогонд залгадаг залгууртай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
6. Гэрч Б.Баярхүүгийн: “...өдрийг нь сайн санахгүй байна. Отгонбаатар миний дүүгийн акумляторийн цэнэглэгч байгаа юм зараад өг гэсэн. Тэгээд би Памбий гэх зах дээр зогсдог портертой ахад 20,000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
7. Гэрч Б.Баянжаргалын “...2019 онд өдрийг нь сайн санахгүй байна гэртээ байж байтал зах дээр грушиг хийдэг залуу утсаар яриад акумляторын цэнэглэгч байна зарна гэсэн, тэгээд би тэгье гэсэн ачигч залуу ирээд гэрт акумляторын цэнэглэгч орхиод надаас 20,000 төгрөг аваад явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 18 /
8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн эд зүйл үнэлгээ хийсэн акт, хавсралт /хх-ийн 21-22/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-21 тоотод байх насанд хүрээгүй М.Баярчимэгийг “аавтай чинь ярьчихсан байгаа акумляторын цэнэглэгчийг ав гэсэн” гэж хуурч улмаар хохирогч Д.Мын акумляторын цэнэглэгчийг авч, бусдад зарж борлуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Оын бусдыг залилсан үйлдлийн улмаас хохирогч Д.Мт 75000 төгрөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4-ийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээний хохирол учирчээ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлын хэмжээг заагаагүй байх тул залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжид хамаарахгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Оын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Оыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Д.О нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013.09.06-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан болох нь шийтгэх тогтоолын /хх-41-43/ хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид залилан авсан эд хөрөнгийг биетээр нь хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.О-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид
залилсан эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн, хохирогч Д.М гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ