| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2024/05722/И |
| Дугаар | 210/МА2024/02019 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02019
2024 11 22 210/МА2024/02019
Б.Н , М.Ц нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04807 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Н , М.Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч НШШГГт холбогдох
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адилбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01155 дугаар захирамжаар Б.Н , М.Ц нараас 44,212,509 төгрөг гаргуулж Н.К ББСБ ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Ц ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 43.17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч М.Ц ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч, үнэлгээ хийлгэж, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж зарсан байна.
1.2.Нэхэмжлэгч Б.Н , М.Ц нар нь тухайн хөрөнгө зарагдсаныг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.П аас мэдсэн ба ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Б.Б т шилжүүлэхээр болоод байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдэж төлбөр төлөгч нарыг орон сууцнаас албадан гаргах нөхцөл бий болсон.
1.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Ц т үнэлгээний тайлантай танилцах, мөн анхны дуудлага худалдааг явуулах болсон тухай мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан, 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Иймд анхны дуудлага худалдаа явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Шүүхийн шийдвэрээр Б.Н , Б.Ц нараас 44,437,115 төгрөг гаргуулан Н.К ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг М.Ц ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *** байр, *** тоот хаягтай, 43.17 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2.Гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч нарыг биечлэн байлцуулан битүүмжлэн, хурааж, үнийн саналыг төлбөр төлөгч нараас бичгээр хүлээн авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход төлбөр төлөгч нараас сайн дураар худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 1 сарын хугацаа өгсөн.
2.3.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад дуудлага худалдааны оролцогч Б.Б 79,644,060 төгрөгийн үнийн санал гарган ялагчаар тодорсон. Албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-219/7717 дугаар мэдэгдлийг дуудлага худалдааны тогтоолын хамт төлбөр төлөгч Б.Н , М.Ц нарт утсаар уншиж танилцуулан, хүсэлтийн дагуу баталгаат шуудангаар илгээн мэдэгдсэн. Ялагчийн мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн тушааснаар хөрөнгийг Б.Б өмчлөх эрхтэй болсон тул өмчлөх эрхийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлж, уг тогтоолтой төлбөр төлөгч Б.Н танилцан гарын үсгээр баталгаажуулсан.
Иймд албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан тул Б.Н , М.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Н , М.Ц нарын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5*** зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Н , М.Ц нарын хаягаар дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүргүүлж, утсаар мэдэгдсэн учраас төлбөр төлөгч М.Ц т мэдэгдээгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Төлбөр төлөгч М.Ц т үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл үйлдэхгүйгээр дуудлага худалдаанд оролцуулсан. Мөн дуудлага худалдаа болох гэж байгааг төлбөр төлөгч М.Ц т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж, гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэх ёстой байсан. Гэвч уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй учраас дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан гэж үзэж байна. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн. М.Ц , Б.Н нарт шүүхийн гүйцэтгэх хуудаст заасан Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, *** байр, ***тоот хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн Б.Н , М.Ц нар гэр бүлийн хамааралтай хүмүүс байдаг учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Н , М.Ц нар бие даан худалдах 1 сарын хугацаа олгох тухай хүсэлтийг өөрсдийн цахим хаягаар гаргасныг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Мөн нэхэмжлэгч М.Ц т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Н , М.Ц нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/31 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.
3.Нэхэмжлэгч нар нь ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан байх ба гомдол үндэслэлгүй талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/219/11984 дугаар хариу мэдэгдэх хуудас, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 0*** сарын 14-ний өдрийн 9-1/1828 дугаар мэдэгдлийг үндэслэн шүүхэд 2024 оны 0*** сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.
4.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01155 дугаар захирамжаар Б.Н , М.Ц нар хуваарийн дагуу 44,212,509 төгрөгийг Н.К ББСБ ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.НШШГГ нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 0*** сарын 15-ны өдрийн 184/ШЗ2023/10918 дугаар захирамж, 184/ГХ2023/01299 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн явуулжээ.
5.1.Шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох М.Ц ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 43.17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хураасан.
5.2.Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч нар тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүйгээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шинжээч томилогдсон ба шинжээч Сүлд үнэлгээ ХХК-аас орон сууцыг 110,920,086 төгрөгөөр үнэлжээ.
Дээрх үнэлгээний талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4-219/3618 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч нарт Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Содон хороолол *** байр *** тоот хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн, мөн өдөр төлбөр төлөгч М.Ц тай утсаар холбогдож мэдэгдсэн, мэдэгдэлтэй төлбөр төлөгч Б.Н 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр биечлэн танилцсан байх ба эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасан мэдэгдэх хуудас хүргүүлэх журмыг зөрчөөгүй байна. Иймээс үнэлгээний тайлантай танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.3.Төлбөр төлөгч Б.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг 110,920,086 төгрөгөөр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гаргасныг хариуцагч хүлээн авч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 4-219/2019 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаа олгосныг мэдэгджээ.
Тус мэдэгдлийг төлбөр төлөгч М.Ц хүлээн авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл үйлдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь бие даан худалдан борлуулах мэдэгдлийн хугацаа дуусмагц албадан дуудлага худалдаанд орж хөрөнгө борлуулах ажиллагаа хийгдэх үр дагавартай болохыг М.Ц т тайлбарласан байна.
6.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/31 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 110,920,086 төгрөгийн 70 хувь 77,644,060 төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоож, дуудлага худалдааг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, тогтоолын талаар төлбөр төлөгч нарт 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-219/7717 дугаар мэдэгдлээр баталгаат шуудангаар мэдэгджээ. Монгол шуудан ТӨХК-ийн дардас бүхий уг мэдэгдлийг төлбөр төлөгч нар хүлээн аваагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй тул дуудлага худалдааны талаар төлбөр төлөгч М.Ц т мэдэгдээгүй гэх гомдол мөн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тус ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6*** зүйлийн 66.3 дахь хэсэгт дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэхээр заасанд нийцсэн байна.
7.Анхан шатны шүүх талуудын нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/31 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Н , М.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
8.Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тодорхойлсон иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөл бөгөөд талууд уг ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд тус тус гомдол гаргах журмыг мөн хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон дээрх зохицуулалтыг тусгах нь оновчтой тул мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгийг баримталсан алдааг залруулж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/04807 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.4... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА