Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга И.Замэндий

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аод холбогдох 1822000250111 тоот хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, .........................................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.А гэв.

 

   Шүүгдэгч Н.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Буяннэмэхийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монгол гутал, түрийтэй хээтэй арьсан гутал зэргийг хулгайлж, 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр үр хүүхдээ хүн болгож, банкнаас авсан зээлээ өөрийн хөдөлмөрөөрөө төлж, ажил хөдөлмөртөө илүү шамдаж ажиллах хүсэлтэй байна. Намайг явчихвал тэр  бүгд  маань үгүй болох гээд байна. Өөрөө л зүтгэнэ. Өөр хэлэх зүйлүй гэв.

 

2.Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 1 дүгээр сард хэдний өдрийг нь санахгүй байна, Ус сувгийн зааланд бүжгэнд ороод 23 цагийн үед тарсан. Тэгээд  “Үлэмж” караокед орж 4 шил пиво ганцаараа уучихаад тэнд байсан хөдөөний 2 залуутай танилцаад  бид гурав 0.75 литрийн “Хар чингис” нэртэй архи хувааж уугаад шөнийн 12 цаг өнгөрч байхад караокенаас гараад бид 3 салцгаасан. Би ганцаараа цэргийн ангийн 2 дугаар гудамжны 1 тоотод байх гэрлүүгээ харих гээд явж байтал “МТ” шатахуун түгээх газрын баруун талд байх 2 давхар тоосгон байшингийн 1 давхрын вакум цонх онгорхой байсан. Би уг цонхоор ортол гэр дотор орны хажуу талд хүрэн өнгийн монгол гутал байхаар нь уг гутлыг аваад буцаад цонхоор гарсан. Тэгээд шууд цэргийн ангийн 2 дугаар гудамжны 1 тоотод байх дүү Цолмонбаярын гэрт очоод унтсан. Маргааш өглөө нь Улаанбаатар хотруу явсан. Явахдаа уг монгол гутлыг дүүгийндээ үлдээгээд, дүүдээ ямар нэгэн зүйл хэлээгүй, “өмсөж байхгүй юу” гэж хэлээд явсан... Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 39-41/

 

3.Хохирогч Д.Сгийн: “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн үед боссон, тэгээд манай нөхөр гэрээс гарч агаар амьсгалчихаад буцаж орж ирэхдээ манай байшингийн баруун урд талын өрөөний цонхны поорчиг нь онгорхой байна гэж орж ирсэн. Тэгээд бид хоёр жижиг өрөөнд орж үзэхэд эд зүйлсийг гаргаж тавьсан, хувцасны шкапны хаалга онгойлгосон дотроос нь угалзтай түрүүтэй, хүрэн өнгөтэй, шинэ цагийн хийцтэй монгол гутал, урт түрийтэй, хүрэн  ягаан  өнгийн  эрэгтэй 40-41размерын гутлууд алга болсон байсан. Мөн цонхны дотор талын тавцан нь бага зэрэг цоорсон байсан ...гэх мэдүүлэг  /хх-ийн 21/

 

4.Гэрч Х.Буянгийн: “...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 7 цагийн үед босоод, би гэрээс гараад агаар амьсгалж байтал манай байшингийн баруун урд талын цонхны салхивч онгорхой байсан. Гэртээ орж ирээд эхнэртээ хэлж бид  хоёр жижиг өрөөнд орж үзэхэд эд зүйлсийг гаргаж тавьсан хувцасны шкабны хаалга онгойлгосон дотроос угалзтай түрийтэй, хүрэн өнгөтэй шинэ цагийн монгол гутал, хээтэй арьсан орчин цагийн хийцтэй, урт түрийтэй, хүрэн ягаан өнгөтэй эрэгтэй 40-41 размерын гутал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

5.Гэрч Т.Цолмонбаярын: “...Би 2018 оны 1 сард өдрийг нь сайн санахгүй байна, гэртээ эхнэр П.Энх-Отгоны хамт унтаж байтал шөнө 1, 2 цагийн үед манай гэрийн хаалгыг хэн нэгэн тогшсон. Би хаалга онгойлгоход миний төрсөн ах Н.А ганцаараа нэг тортой зүйл барьчихсан ирсэн... Тэр торонд нэг хос хүрэн өнгийн монгол гутал байсан. Тэр шөнө Н.А ах хоноод өглөө нь нөгөө монгол гутлаа манайд үлдээгээд Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

6.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

7.Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

8.Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/

9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/

10. Дундговь аймаг дахь Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.А 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Буяннэмэхийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Буянгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монгол гутал болон түрийтэй хээтэй арьсан гутлыг хулгайлж, 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Н.Аын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1 –д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул  мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүгдэгч Н.А-ын үйлдлийн улмаас хохирогч Д.С-д 180.000 төгрөг буюу Эрүүгийн  хуулийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол учирсан байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчлэгдэнэ .  

           Иймд шүүгдэгч Н.А-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

         Дээрхи нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1-т заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих  ялаас доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байх тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас “шүүгдэгч нь 5 настай хүүгийн хамт амьдардаг тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү ” гэсэн хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн....гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан  боловч шүүгдэгч Н.А-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

 

          Мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч нь  6 настай хүүгийн хамт  амьдардаг болох нь тогтоогдож байна. Гэвч Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг” гэж заасан  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас гаргасан  шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

         Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.С нь хохиролд 200.000 төгрөг хүлээж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.  

             

          Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын “Өгөөмөр” багийн засаг даргын 2019 оны 05  сарын 03-ны өдрийн  334 дугаартай тодорхойлолтоор шүүгдэгч нь  хүүгийн хамт  ам үл хоёул амьдардаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч хорих ял эдлэх хугацаанд түүний асрамжинд  байгаа  бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Н.А хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

         4.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь 200.000 төгрөг хүлээн  авсан  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          6.Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 01 сарын 02-нд төрсөн хүү А.Б-д асран хамгаалалт тогтоохыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргад даалгасугай.

          7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Г.МӨНХБАТ