| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/03501/И |
| Дугаар | 210/МА2024/02020 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02020
2024 11 22 210/МА2024/02020
Х.И.С ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02590 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х.И.С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б СӨХ, Э.Т.Э ХХК, Д.О нарт холбогдох
Харуул хамгаалалтын гэрээний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүслэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Лхагвабаяр, хариуцагч Э.Т.Э ХХК-ийн өмгөөлөгч М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Х.И.С ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б СӨХ-ны хүсэлтээр Б хотхоны нийтийн эзэмшлийн болон СӨХ-ны хариуцдаг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хулгай, танхайрал, гэмт хэргийн халдлага, бусад учирч болох гамшиг, аюулаас хамгаалахаар тохирч, гэрээт харуул хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр Б , Б-2 постонд тус бүр 3 хамгаалагч ажиллуулах, 1 хамгаалагчийн сарын хөлс 1,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг байхаар тохирсон. Компани гэрээний үүргээ гүйцэтгэсэн ба Б СӨХ нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, шаардсан боловч хугацаа товлож хойшлуулсаар сүүлдээ мөнгө байхгүй гэх болсон.
Иймээс манай компани Б постын хамгаалалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр, Б-2 постын хамгаалалтыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, гэрээг цуцалж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Объект 1-ын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөгөөс 7,480,000 төгрөг төлсөн, 6,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй, объект 2-ын 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 17,080,000 төгрөгөөс 1,800,000 төгрөг төлж, 15,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б СӨХ нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүх өр төлбөрийг Э.Т.Э ХХК хариуцна гэсэн тайлбар гаргасан тул уг компанийг хариуцагчаар татсан.
Иймд ажлын үлдэгдэл хөлс 6,940,000 төгрөг, түүний алданги 3,470,000 төгрөгийг хариуцагч Б СӨХ, Д.О нараас, ажлын үлдэгдэл хөлс 15,280,000 төгрөг, түүний алданги 7,640,000 төгрөгийг хариуцагч Э.Т.Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б СӨХ-ны татгалзал, тайлбарын агуулга:
Харуул хамгаалалтын төлбөрийн асуудлыг хариуцахгүй. С.М нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил хүлээн авсан. 1226-1229 болон 1219, 1221 дүгээр байрууд нэгдэж нэг СӨХ болон 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20/36 тоот гэрчилгээг хүлээн авсан. Б хотхоны 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн харуулын өр төлбөр гэх акт хүлээн аваагүй бөгөөд Удирдах зөвлөл, барилгын компаниуд 2 талаасаа зөвшилцөж 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүх өр төлбөрийг Э.Т.Э барилгын компани хариуцна гэсэн тамга, тэмдэг бүхий бичгийг хүлээж авсан. Х.И.С ХХК-ийг ажиллаж байх явцад Д.О гэгч СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан гэжээ.
3.Хариуцагч Э.Т.Э ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Э.Т.Э ХХК нь Х.И.С ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн СӨХ нь гэрээний дагуу үүргээ хүлээх ёстой гэж үзэж байгаа. Гэрээт харуул хамгаалалтын гэрээг нэг талаас Б СӨХ, нөгөө талаас Х.И.С ХХК 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байна.
2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан уулзалтаар зөвхөн Б төслийн 2 дугаар ээлж буюу 1221, 1219 дүгээр байруудын ашиглалт, СӨХ-той холбоотой холбогдон гарах нийт зардлыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Э.Т.Э ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б хотхоны 2 дугаар ээлжийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан уулзалтын шийдвэр гэх баримт хэрэгт авагдсан. Тус баримтад Э.Т.Э ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус ээлжийн 1221, 1219 дүгээр байруудын ашиглалттай холбоотой гарах зардлыг хариуцна гэсэн, СӨХ-тэй холбоотой өр төлбөр хамаарахгүй. Энэ баримтыг гаргах болсон гол үндэслэл бол Барилгын тухай хуулиараа барилгыг ашиглалтад оруулснаас хойш зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгч компани тухайн барилгын засвар үйлчилгээг хариуцаж байдаг учир 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх ашиглалттай холбоотой харилцагч нарын өр төлбөрийг хариуцна гэсэн. Хэргийн 50 дахь талд тохиролцсон нийт зардлыг бүрэн төлж барагдуулсан баримт байгаа, тухайлбал лифт засвар, харуул хамгаалалтын хөлс бүгдийг нь Б СӨХ-оос өгсөн өглөгийн мэдээллийн дагуу барагдуулсан. Хуульд сууц өмчлөгчдийн эрх, үүргийг тодорхой заасан байгаа. Б СӨХ нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээг хүлээн авахаас өмнө оршин суугчдын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан баримтаар тодорхой харагдана.
Э.Т.Э ХХК нь Б хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах талаар Х.И.С ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний болон гэрээний бус үүрэг түүний өмнө хүлээгээгүй учраас нэхэмжлэгчид харуул хамгаалалтын ажлын хөлсийг шаардах эрх, хууль зүйн үндэслэл байхгүй, шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Э.Т.Э ХХК-аас харуул хамгаалалтын ажлын хөлсний яг ямар хэсгийг шаардаад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа гэжээ.
4.Хариуцагч Д.О ын татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Б СӨХ нь Х.И.С ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын гэрээ хийж, үйл ажиллагаа явуулсан, төлбөрөө төлж барагдуулаагүй гээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үйл ажиллагааг зогсоосон.
4.2.Б хотхоны хувьд 14 сая орчим төгрөгөөс 7 сая орчмыг төлөөд 6,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй, Х.И.С ХХК-д төлөх нь үнэн. Х.И.С ХХК болон хэд хэдэн байгууллагад өгөх өглөгтэй талаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Энх-Амарт ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ өглөгийг айлуудаас СӨХ-ны төлбөрөө аваад төлж барагдуулах санхүүгийн тооцоололтой Б.Энх-Амарт хүлээлгэж өгсөн. Иргэн Д.О барагдуулахгүй, СӨХ барагдуулна.
4.3.Б-2 хотхоны хувьд харуул хамгаалалт ажиллуулсан, Р.О нягтлан 15 сая орчим төгрөгийн өглөгтэй гэсэн тооцоолол гаргаад тухайн үед надаас ажил авч байсан оршин суугч нарт би тооцооллыг өгсөн, оршин суугч нар өөрсдөө тооцооллоо аваад цааш нь төлж барагдуулъя гэдэг. Б хотхоны хувьд өглөг авлагаа хоорондоо хүлээлцчихсэн, Б-2 хотхоны хувьд Р.О нягтлан тооцооллыг нь хийгээд хэнд яаж хүлээлгэж өгснийг нь би мэдэхгүй байна, 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгснөөс хойшоо үйл ажиллагаанд оролцоогүй болохоор ямар оршин суугч нарт яаж хүлээлгэж өгч, санхүүгийн тооцоо цаашаа яасныг сайн мэдэхгүй байна гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б СӨХ-өөс 10,410,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.И.С ХХК-д олгож, хариуцагч Д.О т холбогдох хэсэг болон хариуцагч Э.Т.Э ХХК-д холбогдох 22,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.И.С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ-өөс 181,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.И.С ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1-д 33,330,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 1.1-д ... Иймд ажлын үлдэгдэл хөлс 6,940,000 төгрөг, түүний алданги 3,470,000 төгрөгийг Б СӨХ, Д.О нараас, ажлын үлдэгдэл хөлс 15,280,000 төгрөг, түүний алданги 7,640,000 төгрөгийг хариуцагч Э.Т.Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ хэмээн нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл, түүний шаардлага, үндэслэлийг зөрүүтэй тодорхойлсон ба хурлын үед тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б СӨХ-оос гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн нийт шаардлагаа тодорхойлсон. Уг Б СӨХ-ны зүгээс нэхэмжлэлийн хариуд Б СӨХ нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх бүх өр төлбөрийг Э.Т.Э ХХК хариуцна гэх тайлбарыг гаргасан. Мөн хэргийн материалд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1221, 1219 дүгээр байруудын ашиглалт, СӨХ-тэй холбоотой гарах нийт зардлыг Э.Т.Э ХХК хариуцан төлнө гэх гар бичвэрийн эх хувийг нотлох баримтаар хавсаргасан. Уг баримтаас харахад Э.Т.Э ХХК нь өөрийн барьж байгуулсан Б ресиденс төслийн 2 дугаар ээлж болох 1221, 1219 дүгээр байруудын ашиглалт, эзэмшлийг СӨХ-д шилжүүлэх хүртэлх хугацаанд үүссэн бүх өр төлбөр, мөн нэхэмжлэгчийн Б СӨХ-оос нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсэг буюу объект 2 постын харуул хамгаалалтын үлдэгдэл төлбөр 15,280,000 төгрөг, алданги 7,640,000 төгрөг, нийт 22,920,000 төгрөгийг нэмж тооцоод Э.Т.Э ХХК-аас Б СӨХ-д төлж барагдуулах эсхүл нэхэмжлэгчийн өмнө тус өр төлбөрийг хамтран хариуцаж төлөхөөр тохиролцсон гэж үзсэн учраас Э.Т.Э ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Гэвч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй тохиолдолд ямар үндэслэлээр Э.Т.Э ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан, мөн тухайн компанийг ямар шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 22,920,000 төгрөгийн өр төлбөрийг Б СӨХ-тэй хамтран нэхэмжлэгчид төлөх болсныг тодруулаагүй. Мөн гэрээт харуул хамгаалалтын ажлын хөлс 6,940,000 төгрөг, алданги 3,470,000 төгрөгийг Б СӨХ, Б.О нараас ажлын үлдэгдэл хөлс 15,280,000 төгрөг, алданги 7,640,000 төгрөгийг хариуцагч Э.Т.Э ХХК-аас гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэгчийн нийт шаардлагыг 2 хэсэгт хувааж, хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчид илт хохиролтой буюу бодитоор хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 22,920,000 төгрөгийг хэн нэгэн этгээдээс нэхэмжлэх боломжгүй шийдвэр гаргасан.
6.2.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б СӨХ-өөс ажлын хөлс 6,940,000 төгрөг, алданги 3,470,000 төгрөг нийт 10,410,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж, үлдэх 22,920,000 төгрөгийг хэлэлцээгүй. Мөн Б СӨХ-ны нягтлан Р.О ын гарын үсэг бүхий харуул хамгаалалтын дэлгэрэнгүй тооцоо, Б 2 СӨХ-ны нягтлангийн гарын үсэг бүхий өглөгийн дэлгэрэнгүй харилцагчийн санхүүгийн баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Тухайн Б СӨХ-ны 2 санхүүгийн баримтаас харахад хэдэн төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсныг тодорхой харах боломжтой байсан. Анхан шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлээгүй учраас маргааны бодит үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн Б СӨХ-ны хүлээсэн ажлын хөлс төлөх үүргийн зарим хэсгийг Э.Т.Э ХХК хариуцах талаар хэргийн 33 дахь талд авагдсан. Э.Т.Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М гийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б ресиденс төслийг хэрэгжүүлэгч Э.Т.Э ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, Б.Р 2 дугаар ээлжийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан уулзалтын шийдвэр, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх тус ээлжийн 1221, 1219 дүгээр орон сууцуудын ашиглалт, СӨХ-той холбогдон гарах нийт зардлыг Э.Т.Э ХХК хариуцан төлнө гэх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Тухайн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шүүхийн шийдвэрт дурдаагүй. Мөн тухайн нөхцөл байдлыг зөвхөн хариуцагчийн тайлбар гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагч Э.Т.Э ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, 22,220,000 төгрөгийн хэдийг нь Э.Т.Э ХХК-аас шаардаж байгааг асуухад 15,280,000 төгрөг, хариуцагч Д.О аас хэдэн төгрөг шаардсаныг тодруулахад 6,940,000 төгрөг, Б СӨХ-оос хэдэн төгрөг шаардсаныг асуухад 6,940,000 төгрөгийг шаардсан гэж тайлбарладаг. Шүүгч Д.О , Б СӨХ нараас хамтад нь 6,940,000 төгрөгийг шаардаж, Э.Т.Э ХХК-аас 15,280,000 төгрөгийг шаардсан гэж үзэж байна уу гэж тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тийм гэж хариулсан. Уг нөхцөл байдлаас харахад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Э.Т.Э ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулах болсон үндэслэлийг тодруулаагүй гэж нэхэмжлэгч гомдолд дурдагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй учраас шүүхийг буруутгах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Э.Т.Э ХХК-аас нэхэмжилж буй 15,280,000 төгрөг, түүнд ногдох алдангийн төлбөрийн хэмжээнд маргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг Б СӨХ-той байгуулсан гэрээний дагуу нэхэмжилж байна. Гэвч Э.Т.Э ХХК нь Б СӨХ болон Х.И.С ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.
7.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шуудангаар хүлээн авч, хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргасан гэж тайлбарладаг. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт уг хуулийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хүргүүлснийг гардан авсанд тооцно гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 09 дүгээр сарын 24-ний анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах гомдол гаргах хугацааг тооцоход 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Х.И.С ХХК нь хариуцагч Б СӨХ, Э.Т.Э ХХК, Д.О нарт холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б СӨХ-ны хүсэлтээр Б хотхоны эд хөрөнгийг учирч болох гамшиг, аюулаас хамгаалахаар тохирч, гэрээт харуул хамгаалалтын гэрээг байгуулсан ... Б СӨХ нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүх өр төлбөрийг барилгын гүйцэтгэгч Э.Т.Э ХХК хариуцна гэсэн тайлбар гаргасан тул уг компанийг хариуцагчаар татсан гэж,
хариуцагч Б СӨХ татгалзлын үндэслэлээ ... 1226-1229 болон 1219, 1221 дүгээр байрууд нэгдэж нэг СӨХ болон 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20/36 тоот гэрчилгээг хүлээн авсан. Б хотхоны 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн харуулын өр төлбөр гэх акт хүлээн аваагүй бөгөөд Удирдах зөвлөл, барилгын компаниуд 2 талаасаа зөвшилцөж 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх бүх өр төлбөрийг Э.Т.Э барилгын компани хариуцна гэсэн тамга, тэмдэг бүхий бичгийг хүлээж авсан. Х.И.С ХХК-ийг ажиллаж байх явцад Д.О гэгч СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан гэж,
хариуцагч Э.Т.Э ХХК татгалзлын үндэслэлээ ...Х.И.С ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн СӨХ нь гэрээний дагуу үүргээ хүлээх ёстой. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан уулзалтаар зөвхөн Б төслийн 2 дугаар ээлж буюу 1221, 1219 дүгээр байруудын ашиглалт, СӨХ-той холбоотой холбогдон гарах 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зардлыг хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж,
хариуцагч Д.О татгалзлын үндэслэлээ ...төлбөрийг иргэн Д.О барагдуулахгүй, СӨХ барагдуулна гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.
3.1.Х.И.С ХХК болон Б СӨХ-ны хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээнд Х.И.С ХХК нь 2 постод харуул хамгаалалт хэрэгжүүлэх, Б СӨХ нь сард 8,400,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлийг тохиролцжээ.
Дээрх гэрээнд тусгагдсан 2 пост буюу 1226-1229 дүгээр байр болон 1219, 1221 дүгээр байрууд гэрээ байгуулах үед Б СӨХ-д хэрхэн харьяалагдаж байсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боловч хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээгээр энэ байдлыг тодорхойлох боломжгүй байна.
3.2.Түүнчлэн хариуцагч Б СӨХ нь хариу тайлбартаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б резиденс төслийг хэрэгжүүлэгч Э.Т.Э ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, Б резиденс 2-р ээлжийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан уулзалтын шийдвэр баримтыг хавсарган ирүүлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар гаргах шаардлагыг хангаагүйгээс үнэлэх боломжгүй, өөрөөр хэлбэл 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх өр төлбөрийг барилгын гүйцэтгэгч Э.Т.Э ХХК хариуцахаар тохиролцсон эсэх талаар маргасан талуудын тайлбарт дүгнэлт өгөх боломжгүй байна.
4.Дээр дурдсанаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02590 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА