Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 162

 

Х.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 26 дугаар тогтоолтой Х.ж-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1948 оны байдлаар: Овог Х, нэр Ж, энэ жил 60 настай, эрэгтэй, ард, ам бүл 4, урьд гавж мяндагтай лам явсан, гишүүн бус, урьд ямар нэгэн албан ажил хийж яваагүй, ял шийтгүүлээгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 3 дугаар багийн харьяат, Ханын араар нутагладаг.

Х.Ж- нь шашин төрийг тусгаарлах хууль зөрчиж, 1945 оноос 1947 оныг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Сосор, Жигмэддорж, Сумъяа, Дорж нарыг нас барахад тэдний ар гэрт очиж үхэгсдийн хойтыг хийх нэрээр ерөөл, маань гэх түвд ном уншиж, шашны суртлыг нэвтрүүлэн, Удвал, Удмаа, Намжил нараас өргөл барьцанд нь торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ыг хувьдаа авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Х.Ж-ын үйлдсэн хэрэгт 1948 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар ялын төлөвлөгөө үйлдэн Нэгдүгээр ангийн шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 26 дугаар тогтоолоор Х.Ж-ыг 1945 оноос 1947 оныг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Сосор, Жигмэддорж, Сумъяа, Дорж нарыг нас барсны далимдуулан ар гэрт очиж үхэгсдийн хойтыг хийх нэрээр ерөөл, маань гэх түвд ном уншиж, шашны суртлыг нэвтрүүлэн, Удвал, Удмаа, Намжил нараас өргөл барьцанд нь торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ыг хувьдаа авч ашигласан хортой хэрэг мөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хөдөлмөрийн лагерт хорих ялаар шийтгэж, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн Өршөөлийн тогтоолын 5 дахь ангийг баримтлан 1 жилийн ялыг бүрмөсөн хэлтрүүлж, үлдэх 2 жилийн ялыг биечлэн эдлүүлбэл зохих авч Ж-ын хөдөлмөрийн чадваргүй байдлыг харгалзан, мөн хуулийн ерөнхий ангийн 50-ыг журамлан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, бусдад ном уншиж авсан торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ын үнийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “ ... Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 26 дугаар тогтоолоор Х.ж-д тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр 3 жил хорьд хувьд ноогдох хөрөнгөнөөс торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ын үнийг хурааж, улсын орлого болгох ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт байгаа Ж-ын мэдүүлэгт: “миний бие 1945 онд Равдангийн Сосор Өвөрхангайн Ховд сумын нутагт нас барахад Сосорын дүү хүүхэнтэй ханилсан тойн Доржийн заллагаар Өлзийн хамт очиж, Сосорын хойдохыг хийж, Санжид молом, ерөөл уншиж өгсөн, түүний барьцанд хургатай хонь өгсөн, Өлзий 1947 онд нас барсан. Мөн 1947 онд Дашбалын Жигмэддоржийг нас үхэхэд Санжид молом, ерөөл уншиж, хөдөө хаясан зүйл буй. Түүний барьцанд ширээ бор ингэ өгсөн. Дорж тойны эх Сумьяа чавганц 1945 онд нас барахад түүний хойдохыг хийгээд Удвал, Дорж нар надад хөгшин насны зээрд гүү өгсөн нь Удвалын адуунд буй. 1947 онд Аюурзанын Доржийг нас барахад түүний хойдохыг хийж, Санжид молом, ерөөл уншиж хөдөө хаясан зүйл буй. Түүний барьцанд эхнэр Удвал нь хөгшин насны хээр гүү аваарай гэсэн боловч одоо болтол аваагүй. Миний эхийн эгч болох Балжид чавганц 1948 оны 5 сард нас барахад тэднийд очиж, ерөөл маань уншиж хөдөө хаясан тэднээс юу ч аваагүй ... ” гэжээ.

Гэрч Р.Удвал мэдүүлэгтээ: “Миний хань Дорж гэнэт нас барсанд Мандал-Овоо сумын Ж-ыг авчирч, нас барсан хүнийг хөдөөлүүлж өгсөн тул Ж-д хижээл насны зээрд гүү нэгийг өгсөн, тэр гүү одоо хүртэл ижилдээ явж байгаа болно. Харин Ж-ыг “гүү ав гэхэд та нараас заавал юм авна гэхгүй” гэж байсан тэгэхэд нь “заавал өгье” гэхэд Ж- зөвшөөрч авахаар болсон боловч одоо болтол авч чадаагүй байгаа болно” гэжээ. Гэрч П.Удмаа мэдүүлэгтээ: “ ...1946 оны өвөл миний нөхөр Жигмэддорж нас барсан, түүний биеийг холдуулж, үхсэн амьд хоёрыг салгах аргагүй болсон тул гавж явсан Ж-ыг авчирч түүний хойдохыг хийлгэж, бага зэрэг ном уншуулж, гэр, барааг нь ариулж байсан ба манай хүнийг Ж- хөдөөлүүлж өгсөн, түүний хамтаар 2 дугаар багийн Лувсанцэвэг хаялцсан. Энэ хоёр хүнд урамшлын төдий бага зүйлийг өгсөн нь бий” гэж мэдүүлснээс үзэхэд Х.Ж- нь бусдыг шашны суртлаар төөрөгдүүлэн залилж өргөл барьц аваагүй, бусдын гуйлтаар өвчтэй байхад болон нас барсан хүнийг хөдөөлүүлэхдээ ном, гүрэм унших, сан тавих зэрэгт нас барагсдын ар гэрийнхнээс сайн дураараа өгсөн зүйлийг нь авсан ба өргөл барьц болгож эд хөрөнгө өгөх гэхэд авахгүй цааргалж байсан болох нь тогтоогдож байна. 1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд ”Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.

Х.Ж-ын үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээсэн эсэх, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шашнаар мунхруулан нөлөөлж зальт арга хэрэглэж, шунахайн сэдлээр өргөл барьц авсан эсэхийг шалгаад тогтоосон атлаа нам, засгаас тухайн үед шашны талаар явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт  заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Х.Ж-д ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах/-д заасан үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Х.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр 3 жил хорьж хувьд ноогдох хөрөнгөнөөс нь торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ын үнийг хурааж, улсын орлого болгох ялаар хилсээр шийтгэсэн Өмнөговь аймгийн Шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, Х- овогтой Ж-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

2. Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 26 дугаар тогтоолоор Х.Ж-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, Өршөөлийн тогтоолын 5 дахь ангийг баримтлан 1 жилийн ялыг бүрмөсөн хэлтрүүлж, үлдэх 2 жилийн ялыг биечлэн эдлүүлбэл зохих авч Ж-ын хөдөлмөрийн чадваргүй байдлыг харгалзан, мөн хуулийн ерөнхий ангийн 50-ыг журамлан 2 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, бусдад ном уншиж авсан торомтой ингэ 1, гүү 2, эм хонь 2-ын үнийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Х.Ж- нь ойр дотны хүн нь нас барсан хүмүүсийн хүсэлтээр тэдэнд ном унших, хөдөөлүүлэх зэргээр шашны зан үйлийг хийж, хариуд нь иргэдийн сайн дураар өргөл болгон барьсан малыг авч байсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч түүнийг шунахай сэдэлтээр, ард олны сүсэг бишрэлийг далимдуулан, хуурч мэхлэх аргаар иргэдийг аргагүй байдалд оруулж эд зүйлийг нь завшсан буюу тухайн үеийн хууль тогтоомжоор хориглосон нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

4. Түүнчлэн Х.Ж-ыг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

5. Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Х.Ж-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн шүүхийн 1948 оны 12 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Х.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Х.Ж-д холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

              ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН