Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 415

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Э

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгжэмжлэгдсэн төлөөлөгчЛ.О, Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, И.Б хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЛ.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч А.Э нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 дугаар тойрогт нэр дэвшин хамгийн олон саналыг авч төлөөлөгчөөр сонгогдсон. Ийнхүү сонгогдох явцад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 59 дүгээр тогтоолоор А.Эыг нэрсийн жагсаалтаас хассаныг Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 10 өдөр дахин Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 20 дугаар, дахин сонгууль явуулах тухай 21 дүгээр тогтоолуудыг гаргаж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон А.Эы нэрсийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тогтоол гаргасан хууль бус гэж үзэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

 Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр зөрчлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн магадлалыг үндэслэн маргаан бүхий 20, 21 дүгээр тогтоолуудыг гаргасан байдаг. Зөрчлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн магадлалыг үндэслэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх заалтыг ноцтойгоор зөрчсөн шийдвэрийг гаргасан. Уг хууль бус захиргааны актын улмаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдсон А.Эд ард түмний өгсөн саналыг үгүйсгэсэн, олон мянган татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргасан тул гомдолтой байна. 

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20, 21 дүгээр тогтоолууд нь: 

1. Хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. 

2. Урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах, сонсох ажиллагааг хийгээгүй. 

3. Эрүүгийн хэргийн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо шийдвэр гаргах үйл ажиллагаандаа А.Эыг оролцуулаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй, түүнд ийм үйл ажиллагаа явагдах гэж байгааг мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд заавал сонсох ажиллагааг хийх ёстой. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж заасан. Өнөөдөр хариуцагчийн зүгээс тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т зааснаар сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй гэж заасан. Тус хуулийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байх зохицуулалттай. Гэтэл гарцаагүй байдал үүссэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн сонсох ажиллагаанд оролцох эрхийг нь олгоогүй гэж үзэж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны байгууллагын бичгээр гаргах актад тавигдах шаардлагыг зааж өгсөн. Тус хуулийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн байдаг. Гэтэл Сонгуулийн хорооны 20 дугаар тогтоолд нэр дэвшигчийг хасах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалт нь хамааралгүй бөгөөд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах зохицуулалт юм. А.Э нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин тус хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-д нэр дэвшигчийг хасах үндэслэл заагдаагүй. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос төлөөлөгч А.Эыг хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг баримталсан гэж байна. Гэтэл маргаан бүхий актад дээрх хуулийн заалтууд байхгүй байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн шийдвэрээ гаргасан гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Гэтэл тухай магадлалаар тухайн зөрчлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас зөрчлөөс үүсэх ямар нэгэн үр дагаврыг хэлэлцэхгүй гэж үзэн зөрчлөөс чөлөөлж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг магадлалыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Хөөн хэлэлцэх хугацаа эрүү, иргэн, захиргааны бүх хэрэгт хамаарах ёстой. Шүүхээс захиргааны зөрчлийг хянан үзээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шийтгэл оногдуулахаас чөлөөлсөн. Сонгуулийн хороо нь захиргааны байгууллага юм. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална гэж заасан. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан. Гэтэл дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын сарын 24-ний өдөр гаргасан зөрчилд 6 сарын дараа буюу 2017 оны 04 дүгээр сард хариуцлага тооцож байна. Энэ нь хууль бус гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дээрх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж ангилсан байдаг. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь тухай захиргааны акт чиглэсэн этгээдээ ач холбогдолтой шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гэж үзнэ. Сөрөг нөлөөлөлтэй захиргааны акт нь чиглэж буй субъектын ашиг сонирхлыг хөндөж, тухай этгээдийн эрхийг хязгаарласан болон хориглосон, хариуцлага ногдуулсан актыг хэлнэ. 

Өмнө нь захиргааны байгууллага захиргааны актын нөлөөлөл чиглэж буй этгээдэд мэдэгдэхгүйгээр актыг маш ихээр гаргадаг байсан. Үүнтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хойноос нь хөөж шийдвэрлэдэг байсан. Үүнийг үгүйсгэхээр захиргааны байгууллагын акт гаргах үйл явц ил тод биш байна гэж үзээд ямар үндэслэлээр захиргааны акт гарсныг ил тод байлгахаар сонсох ажиллагааг хийх хуулийн заалтыг оруулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зааж өгсөн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргах тохиолдолд тухайн актын үйлчлэл чиглэж байгаа этгээдийн тайлбарыг сонсч, ажиллагаандаа оролцуулна гэсэн заалтыг оруулж ирсэн. Энэ хуулийн өөрчлөлтийг хуульчид хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Энэ захиргааны байгууллагын сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэдгийг хөхүүлэн дэмжих юм бол Захиргааны ерөнхий хуульд орсон зарчмын том өөрчлөлт үгүйсгэгдэх болоод байна. Энэ заалтыг үгүйсгэхгүйн тулд сонсох ажиллагаа хийгдэх ёстой гэж тайлбарлаж байгаа. 

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлуудыг зааж өгсөн. Нийтийн эрх ашгийн үүднээс эрүүгийн хэргийн шүүх А.Эыг нэрсийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж байна. Гэтэл эрүүгийн хэргийн шүүхээс захиргааны зөрчилтэй холбоотой асуудлыг шалгаж, зөрчлийн асуудлыг л шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл биш юм. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэн гарсан Сонгуулийн хорооны тогтоолуудыг хүчингүй болгосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд олон гарсан. Дахин сонгуулийг 2017 оны 10 дугаар сард зарласан байгаа. Одоо сонгогчдын төлөөлөл байхгүй  болж байна. 2017оны 10 дугаар сард дахин сонгуулийг зарлаж байгаа бол энэ асуудлыг нарийн шалгаж байж шийдвэрлэх байсан. Мөн хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг гарцаагүй байдлын улмаас хийгээгүй гэж үзэж байна. Гэтэл Сонгуулийн хороо гарцаагүй байдалд орсон зүйл байхгүй. Тэгэхээр сонсох ажиллагааг хийхгүй байх Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй байхад сонсох ажиллагааг хийхгүйгээр захиргааны акт гаргаж байгаа нь процессын хувьд алдаа гаргасан байна. 

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад А.Эд ногдох хариуцлагаас чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах нь хариуцлага юм уу, ямар агуулгатай ойлголт вэ гэдгийг шүүх ялгах шаардлагатай. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч байгаа шийдвэр нь хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр юм. Гэтэл А.Эд ногдох хариуцлагаас шүүхийн шийдвэрээр чөлөөлсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзэл баримтлалаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан байгаа. Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн боловч нөгөө талаар хариуцлага хүлээлгэхгүй гэж шүүхээс тогтоосон гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр И.Б гэх хүн шүүх хуралдаанд оролцож байна. Гэтэл Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг 2016 оны 08 дугаар сард Нийслэлийн сонгуулийн хорооноос томилсон. Энэ сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд И.Б нь ороогүй. Нийслэлийн сонгуулийн хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор н.Наранчимэгийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, И.Бийг томилсон гэж тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хорооны гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, өөр хүнийг томилдог зохицуулалт байхгүй. Нийслэлийн Сонгуулийн хорооны 01 дүгээр тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.4-д Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэсэн заалтыг үндэслэсэн байдаг. Энэ сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилсны дараа дунд нь өөрчлөлт оруулж явах зохицуулалт байхгүй. Нэг гишүүний орон тоо гарахад бүрэлдэхүүнээс хасаад явна. Нэг хүн гарахад хуульд заасан бүрэлдэхүүний шаардлагыг хангаж байгаа. Сонгуулийн хороо нь өмнө томилогдсон 6 гишүүн дээр шинээр И.Бийг нэмж, 7 гишүүний ирцийг бүрдүүлэн хуралдааныг явуулж, тогтоолоо баталсан тэгэхээр хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан. Иймд Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн захиргааны актыг гаргах эрхгүй этгээд захиргааны акт гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Захиргааны байгууллага хуульд захирагдах ёстой. Төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг хязгаарлах гол хуулийг шүүх хэрэгжүүлж, Сонгуулийн хорооны хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэр дэвшигч А.Э түүний штабын ажилтан н.Т нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10 дахь заалтуудыг зөрчсөн болохыг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалаар тогтоосон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо уг асуудлыг 2017 оны 04 дүгээр сарын 10 өдөр хэлэлцээд 20 ,21 дүгээр тогтоолыг гаргасан болно. А.Э, н.Т нар Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнийг шүүхээс тогтоосон тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан тогтоолууд юм.

Сонгуулийн хорооны гишүүн н.Н нь ажлаас чөлөөлөгдсөн. Намайг төрийн албан хаагч гэдэг утгаар нь Сонгуулийн хорооны гишүүнээр оруулсан. Миний бие үүнийг төрийн албан хаагчийн үүрэг гэж ойлгосон. Захиргааны шийтгэл ногдуулсан гэдэгт маргаагүй. Шүүх шийтгэл ногдуулахаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Шийтгэл нь 1.192.000 төгрөгөөр торгосон. Энэ торгуулиас чөлөөлсөн болохоос биш Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтуудыг хэрэглэхтэй холбоотой хязгаарлалтыг хийгээгүй. 

Хуулийг дээдлэх зарчмын хувьд зөвхөн төрийн байгууллага төдийгүй иргэн, хуулийн этгээд бүгд хуулийг дээдлэх зарчимтай. Гэтэл нэр дэвшигч маань өөрөө Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг дээдэлдэггүй гэдэг нь холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Шударга сонгуулийг явуулах гэж байгаа бол мөнгө, төгрөг тараадаг, амлалт өгдөг асуудлыг хязгаарлах нь зүйтэй. Энэ асуудлыг хязгаарлах үүднээс Сонгуулийн тухай хуулиар дээрх зохицуулалтыг оруулж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 59 дүгээр тогтоолыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээс хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Уг Сонгуулийн хорооны 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд зөрчил гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоож, хүчин төгөлдөр болоогүй байхад А.Эыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан байна. Үүнийг эрх бүхий байгууллагаас тогтоосны дараа нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах эсэх нь сонгуулийн байгууллагын эрх хэмжээний асуудал байна гэж үзсэн байдаг. Сонгуулийн хорооны 59 дүгээр тогтоол, өмнө гаргасан шийдвэртэй холбоотой асуудал өнөөдрийн шүүх хуралдаанд яригдахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Сонгуулийн хорооны 20, 21 дүгээр тогтоолтой холбоотой асуудал яригдах ёстой. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн харилцаанд оролцож буй нэр дэвшигч, ухуулагч, нэр дэвшигчтэй хамааралтай аливаа этгээд зөрчил гаргавал зөрчил гаргагч болон нэр дэвшигчид хуулийн хариуцлага хүлээнэ. Нэр дэвшигч А.Э нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэрийг Сонгуулийн хороо үндэслэн маргаан бүхий актуудыг гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж заасан байдаг. Үүний дагуу нэр дэвшигч А.Э нь Сонгуулийн хууль, тогтоомжийг зөрчсөн болохыг эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх зарчимтай. Иймд Сонгуулийн байгууллага эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, хуулийг дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хуульд зааснаар хязгаарладаг. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргавал нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасна гэдгийг зааж өгсөн. Нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдвол Үндсэн хуульд заасан эрхийн асуудал яригдахгүй юм. Дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. 

Сонгууль гэдэг нь үнэн зөв, хуулийн дагуу явагдах ёстой нийтийн эрх ашгийг хамарсан асуудал юм. Нэхэмжлэгч нь өөрөө сонгуулийн тухай хууль тогтоомжоо дээдлэх ёстой. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг нэхэмжлэгч маань өөрөө зөрчсөн. Сонгуулийн тухай хуульд заасан энэ зарчмыг баримтлаагүй, зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан үндэслэл тогтоогдож, тус хуулийн 59 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсан. Энэ хүрээнд нэр дэвшигч А.Эыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн гэдгийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар тогтоогдож, эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Сонгуулийн хороо хуульд заасан арга хэмжээг авсан. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20 дугаар тогтоол1-оор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн № 49 дүгээр магадлал зэргийг үндэслэн нэхэмжлэгч А.Эыг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагааг” хийгээгүй, эрүүгийн хэргийн шүүхээс зөрчлийг хэрэгсэхгүй болгосон, зөрчлөөс чөлллөөлсөн байхад уг шийдвэрийг үндэслэж захиргааны акт гаргасан” гэж тодорхойлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 12 дугаар захирамж2-аар нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10-д заасныг зөрчсөн гэм буруутайд тооцож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн № 49 дүгээр магадлал3-аар тус захирамжийн захирамжлах хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул тус шүүхээс нэхэмжлэгч А.Эыг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийг 2016 онд явагдсан орон нутгийн сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, зөрчилд холбогдсон А.Эыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр захиргааны шийтгэл ногдуулахаас чөлөөлж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр торгуулийн шийтгэл ногдуулах хариуцлагаас чөлөөснөөс бус нэр дэвшигчийг нэрийн жагсаалаас хасах шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохооргүй байна. 

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч А.Э нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “....... сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх” зарчимд нийцжээ.

  Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл ээлжит сонгуулийг товлон зарлахаас эхлээд маргааныг хянан шийдвэрлэх хүртэлх бүхий л хариулцааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Сонгууль нь өөрөө тодорхой хугацааны дотор явагддаг, тухайлсан нэг төрлийн харилцааг зохицуулдгаараа бусад эрх зүйн хариулцаанаас ялгаатай бөгөөд уг харилцааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байх тул Сонгуулийн хороо нь альваа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагааг” хийх шаардлагагүй байна. 

2. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 21 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.4-д “төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана”, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-д “Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон, уг зөрчлийг гаргасантай нь холбогдуулж нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 21 дүгээр тогтоол нь мөн үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий А.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ