Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0039

 

Л.М-гийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, “Хот тохижилтын

газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч: Г.Банзрагч

      Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                            П.Соёл-Эрдэнэ

                                            Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:      Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0847 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2024/0044 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2024/0082 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Д.М, хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нарыг оролцуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамжийн 1 дэх заалтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б с зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын төслийг гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, 2 дахь заалтаар төслийг санхүүжүүлэх эрх нээхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, 3 дахь заалтаар төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан.

3.Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрх болоод газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх аль аль нь эрхийн зөрчилгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байхад газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг надад мэдэгдэлгүй буулгаж, буцаан ашиглах боломжгүйгээр нурааж хохирол учруулсан” гэж, хариуцагч нараас “ ... маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, эд хөрөнгийг нураах агуулгаар гараагүй, зөвхөн эрх шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл баримтыг бий болгоогүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “акт гаргахдаа өмчлөгчид урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах үүргээ биелүүлээгүй, баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, тодорхой үр дагавар үүсгэсэн, илт хууль бус актын шинжийг агуулсан, өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаруулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “хохирол гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзах байтал хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэх үндэслэлээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-гаас нийслэлийн Засаг дарга, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлага “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У гомдолдоо:

6.1.Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 251 дүгээр магадлалаар “Шинэцентр” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр болсон.

6.2.Гэтэл анхан шатны шүүх “ ... тухайн маргааны хувьд хамааралгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг зөрчсөн.

6.3.Маргаан бүхий захирамжийг шүүх 2 янзаар шийдвэрлэсэн нь хуулийг нэг мөр зөв хэрэглэхэд эргэлзээ үүсгэж байна.

6.4.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З гомдолдоо:

7.1.Маргаан бүхий захиргааны акт Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолоор тайлбарласан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарахгүй.

7.2.Гэвч давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

7.3.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамж нь дотогш чиглэсэн, захиргааны актад хамаарахгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй.

7.4.Захиргааны байгууллагын эрх шилжүүлсэн үйл ажиллагаатай нэхэмжлэгч маргаагүй байтал захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

7.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 251 дүгээр магадлалаар нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

7.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

7.7.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад хамааруулсан нь нэг актыг шүүх хоёр өөрөөр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргаад байна.

7.8.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2024/0082 дугаар тогтоолоор хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгчээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

10.Шүүх иргэн Л.М-гаас нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, уг захирамжийг биелүүлсэн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хүлээн авч нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б с” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэсэн ажлын хүрээнд маргаан бүхий үйл баримт үүссэн байгаатай холбогдуулан Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар татсан байна.

12.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “газар эзэмших эрх болоод газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх аль аль нь эрхийн зөрчилгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байхад үл хөдлөх хөрөнгийг мэдэгдэлгүй буулгаж, буцаан ашиглах боломжгүйгээр нураасан нь эрхийг минь ноцтой зөрчсөн, эд хөрөнгөд халдсан үйлдэл болсон, өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын захирамжийн 1 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус” гэж тодорхойлжээ.

13.Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хамтран хариуцагчийг татсантай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан асуудлыг бүрэн тодруулж, дүгнэлт өгөөгүй байна.

14.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/822 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх тохижилтын ажил гүйцэтгэж ажиллахыг үүрэг болгосон”-ы дагуу “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Б с” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ “тус хороонд байршил бүхий нэхэмжлэгч Л.М-гийн өмчлөлийн О гудамж, 3/1 тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ү-2023004970 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө”-ийг буулгасны зэрэгцээ түүнд нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг тохижилтын ажилд хамруулжээ.

15.Маргааны үйл баримттай холбогдуулж шүүх юуны түрүүнд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, эзэмшил газрыг нь тохижуулахыг хариуцагч нийслэлийн Засаг дарга эрх шилжүүлсэн захирамжаараа олгосон, эсхүл захирамжийн дагуу “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулахдаа захирамжийн үйлчлэлд хамаарахгүй бусдын эзэмшил газар, үл хөдлөх эд хөрөнгийг хамруулсан эсэхийг тодруулах нь нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг илт хууль бус эсэх, мөн нэхэмжлэгчийн хохирол гаргуулах шаардлагын хариуцагчийг тодорхойлох буюу хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээд байгаа эсэхийг тогтооход ач холбогдолтой.

16.Хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тухайн асуудалд бүрэн дүгнэлт өгөх боломжгүй. Тухайлбал, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б с” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлын гүйцэтгэлийн тайланд тусгагдсан “ажлын талбай 5*8 харьцаатай байшинг буулгасан, талбайг тохижуулсан” ажил нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар” Дугаар ГБМЗХ2020/07-041, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-тай байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлэх “Б с” зочид буудлын зүүн талын гадна талын тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд, эсхүл “Талбайн тохижилтын ажлын зураг төсөл, схем зураг” зэрэгт тусгагдсан эсэхийг зайлшгүй тодруулахаар байна. Шаардлагатай гэж үзвэл шүүх нотолгооны бусад хэрэгслийг ашиглан нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны эцэст тодорхой дүгнэлт өгөх нь зүйтэй.

17.Үүнээс гадна шүүхүүд нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн 1 дэх заалттай холбогдуулж нэхэмжлэл гаргасан байхад тухайн захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заалтад нийцэхгүй.

18.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.”, 102.2-д “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний шүүхээр хянан шийдвэрлэнэ.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.6-д захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж болохоор заасан тул нэхэмжлэгч Л.М-гаас “захиргааны хууль бус үйл ажиллагаа газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан” гэж үзэн хохиролд 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг нэхэмжилснийг энэхүү хэрэгт хамтатган шийдвэрлэхээр байна.

19.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэгч захиргааны актаас гадна захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шаардах боломжтой бөгөөд энэ тохиолдолд шүүх захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг дүгнэх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг зөвхөн захиргааны акттай холбогдуулан гаргасан гэж ойлгохооргүй байна.

20.Хөрөнгийн үнэлгээний “З” төв нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, С а х, О гудамж, 3/1 тоот хаягт байрших үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн мэдээлэл, фото зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудад үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан 152 м.кв талбайгаар, 1,363,400,000 /нэг тэрбум гурван зуун жаран гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр, хоёр дахь үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зоорийн давхрын талбайг оролцуулан 304 м.кв талбайгаар, “ижил төстэй хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн” гэх үндэслэлээр 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгөөр тус тус үнэлжээ.

21.Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “үнэлгээ хэт зөрүүтэй учраас шинжээч томилж дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх “хөрөнгийн үнэлгээг хийсэн байгууллагаас тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан, мөн хөрөнгийн үнэлгээ болон бусад зүйлтэй маргах эрх нь нээлттэй” гэх агуулгаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

22.Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд захиргааны акт, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас Л.М-д хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээг тогтоохтой холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулах, түүнчлэн газар эзэмших эрх болоод үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бодит байдлаар хэрэгжүүлж, тэдгээрийг зориулалтын дагуу ашиглах боломжоо алдсан эсэхэд дүгнэлт өгч, маргааныг хянан шийдвэрлэх нь шүүх нотлох зарчимд нийцнэ.

23.Үүнээс гадна нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “...хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч... ажиллахыг нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгасан” нь биелэгдэж, нийслэлийн өмчлөлд бүртгэгдсэн эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай байж болохыг анхаарах нь зүйтэй.

24.Дээрх нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0847 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2024/0044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар хариуцагч нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАНЗРАГЧ

                         ШҮҮГЧИД                                                       Х.БАТСҮРЭН

                                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                      Ц.ЦОГТ

                                                                                                      Д.БАТБААТАР