Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01466

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01297 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1721 дүгээр магадлалтай,

           “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “Н” ХХК-д холбогдох    

           Нэхэмжлэлийн шаардлага:  38.317.157 төгрөг гаргуулах 

           Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 9.000.000 төгрөг гаргуулах

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “С” ХХК нь “Н” ХХК-тай 2015-04-28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.4-т тохирсноор Багахангай дүүргийн нутагт баригдах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, зам талбайн газар шорооны ажилд 22.000 м.куб ухмал, 6.000 м.куб далангийн нийт 28.000 м.кв ухмалын ажлыг 35 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Нэг м.кв-ийн үнэ 1250 төгрөг гэж тооцсон. Энэ гэрээг байгуулсан үндэслэл нь “Мөнхжилчин” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2015-04-23-ны өдрийн гэрээтэй холбоотой. “Мөнхжилчин” ХХК-ийн захиалгаар “Н” ХХК дээрх ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд “Н” ХХК-ийг төлөөлж захирал Ш.Э, “М” ХХК-ийг төлөөлж Д.Г нар гарын үсэг зурсан. Харин “Н” ХХК нь “С” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохирсон тул ерөнхий гүйцэтгэгч нь “Н” ХХК болсон. Ажлынхаа шатанд нэхэмжлэгч нь “Н” ХХК-иас 30сая төгрөг авч, 5сая төгрөгийг аваагүй. Талууд гэрээгээр ажлын тоо хэмжээ, үнийг тохирсон боловч гэрээний 4.2-т ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, санхүүжилтийг “Н” ХХК хариуцахаар тохирсон. “Н” ХХК болон “Мөнхжилчин” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 4.2.11-т зааснаар “Н” ХХК нь ИТА-нийг томилж ажиллуулна гэсэн. Д.Ганбаатар ажиллаж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд ажлын хэмжээг тодорхой тусгаагүй, зөвхөн 320 сая төгрөгийн ажил хийхээр заасан боловч үндсэн зурагт гүйцэтгэх ажил тусгагдсан байдаг. “С” ХХК ажлаа дуусгаад талууд гэрээгээ дүгнэсэн протокол үйлдсэн. Газар шорооныхоо ажлыг м.куб-аар тооцоход гүйцэтгэсэн ажил нь 14.774.26 м.куб ажлыг илүү гүйцэтгэсэн гэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, 320 сая төгрөгийн төлбөр дээр нэмж 168.415.584,84 төгрөгийн ажил гүйцэтгэснийг баталгаажуулсан. “С” ХХК-ийн төсөвт тусгаагүй гүйцэтгэсэн ажил нь 17.030.86 м.куб болсон бөгөөд 1250 төгрөгөөр тооцож ажлын хөлс 21.288.575 төгрөг, мөн дутуу төлсөн 5сая төгрөгийн хамт нийт 26.888.575 төгрөгийг төлөөгүй тул 2015-10-15-с нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг гэрээний 2.3-т зааснаар 11.514.582 төгрөг нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37.803.157 төгрөг нэхэмжилнэ. Мөн ажил гүйцэтгэх явцад “Н” ХХК “түлшний мөнгө шилжүүлэх гэтэл мөнгө байхгүй байна, манай өмнөөс мөнгө шилжүүлээд өгөөч” гэсний дагуу “С” ХХК 340.000 төгрөг, 374.000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Үүнээс 200.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 514.000 төгрөгийг нэмж нийт 38.317.157 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Н” ХХК нь “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр “С” ХХК нь 22.000 м.куб ухмал, 6000 м.куб далангийн ажлыг 35сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байдаг. 30сая  төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 5сая төгрөгийг төлнө, энэ талаар маргахгүй. Харин илүү 14.774.28 м.куб ажил хийсэн гэснийг зөвшөөрөхгүй. Ийм хэмжээний ажил хийсэн талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч нь “Мөнхжилчин” ХХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, гэрээг дүгнэсэн актыг үндэслэл болгосон байна. Харин “С” ХХК болон “Н” ХХК-ийн ажил дүгнэсэн акт байхгүй. Ийм хэмжээний ажил хийгээгүй, гэрээ дүгнэсэн акт байх ёстой. Мөн түлшний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2015-07-03-ны өдөр н.Эрдэнэсайханы данс руу н.Ганбаатар мөнгө шилжүүлсэн байдаг. Түүнийгээ нэхээд байгаа. Энэ мөнгө нь манай байгууллагын дансанд ороогүй. “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан нотлох баримт байхгүй. Мөн 2015-07-04-ний өдөр 174.000 төгрөгийг “Н” ХХК-д шилжүүлээгүй. Д.Ганбаатар нь “Н” ХХК-д инженерээр ажиллахдаа 28.000 м.куб газар шорооны ажил хийсэн, илүү ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлээс 5 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс 9 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01297 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-иас 32.448.048 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.869.109 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-иас 9 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491.160 төгрөг, хариуцагчаас төлсөн 158.950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, “Н” ХХК-иас 320.190 төгрөг гаргуулж  “Сайн инженеринг” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1721 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын гомдолдоо:  Магадлал үндэслэлгүй байна.  Хэргийн 92-186, 199, 200, 201, 202, 203 дахь талд авагдсан баримтууд нь  нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байхад  шүүх үнэлсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2016-09-28-ны өдрийн 102/Ш32016/24346 дугаар захирамжаар  нотлох баримтаас хассан.  Гэрч Э.Нямдорж, С.Баасансүрэн, С.Батсүх, Д.Алтаншагай, Ү.Мөнхдэлгэр нарын мэдүүлгээс Б.Ганбаатар гэж хүн тухайн газар, тухайн цаг хугацаанд ажиллаж байсныг нотлохоос биш Б.Ганбаатарыг яг тэдэн м.кв газар шорооны ажил хийсэн гэдгийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч хүн газар шорооны ажлыг  тэдэн м.куб ажил хийлээ, нөгөө компани нь тийм хэмжээний м.куб ажил хийлээ гэж  тодорхойлох боломжгүй.Гэтэл шийдвэртээ гэрчийн мэдүүлэгээр туслан гүйцэтгэгчийн ажлыг гэрчийн мэдүүлэгээр тооцох боломжтой гэж үзээд 9.721.56 м.куб ухмалын, 5.052.7 м.куб дүүргэлтийн нийт 14.774.26 м.куб ажлыг нэмж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. “С” ХХК-тай 2015-04-28-ны өдөр байгуулсан  гэрээгээр ухмалын 22.000 м.кв, далангийн 6000 м.кв нийт 28.000 м.кв ажил хийлгэхээр гэрээ байгуулсан гэрээ авагдсан, гэрээнд зааснаас илүү ажил хийснийг тодорхойлох ямар нэгэн акт хэрэгт байхгүй. “С” ХХК нь 2015-04-28-ны өдөр байгуулсан  гэрээнд зааснаас илүү ажил хийж гүйцэтгэсэн бол гэрээний 4.2-р акт үйлдэх байсан. “Н” ХХК-ийн “Мөнхчил Чин” ХХК-тай хийж гүйцэтгэсэн ажлын актыг үндэслээд “С” ХХК нь ухмалын 9.721.56 м.кв, далангийн 5.052 м.кв ажлуудыг гэрээнд зааснаасаа тус тус илүү гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй, ямар ч баримт нотолгоогүй болжээ. “С” ХХК-тай хэдий гэрээ байгуулсан ч энэ компанийг төлөөлөн ганц захирал нь гэх Б.Ганбаатар нь ганцаараа ажиллаж байсан бөгөөд “Н” ХХК-ийн зүгээс олон хүмүүс ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгч талаас гэрчээр асуулгасан гэрч н.Нямдаваа мэдүүлдэг, мөн н.Батсүх, н.Алтаншагай, н.Мөнхтөр, н.Улаанхүү зэрэг олон хүмүүсийн нийгмийн даатгалын хуулбар болон нийгмийн даатгалын газрын лавлагаагаар тухайн цаг хугацаанд “Н” ХХК-д дээрх хүмүүс мөн ажиллаж байсан тогтоогддог бөгөөд дээрх хүмүүс бүгд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Н” ХХК нь өөрсдөө хүн хүч болон бүх техникээ гарган ажиллаж байсныг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь “С” ХХК нь ганцаараа туслан гүйцэтгэгч гээд тэр ажлыг хийгээгүй, харин Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажил”-ыг хурдан хийж гүйцэтгэх үүднээс “С” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажлуулсан болохыг харуулж байгаагаас гадна бодит амьдрал дээр “С” ХХК-иас Б.Г ганцаараа ажиллаж “Н” ХХК-иас маш олон хүн, машин механизм ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байхад ганц хүн бүх ажлыг хийсэн мэтээр ор үндэслэлгүй, байж боломгүй дүгнэсэн байна. ИХ- 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээнд зааснаасаа илүү газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбараа нотолсон нэг ч ширхэг баримт гаргаж өгөөгүй, хэрэгт нэг ч ширхэг нотолсон баримт байдаггүй атал шүүх нэмэлт ажил хийсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаагаас гадна, “Мөнхжилчин” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2015-04- 23-ны өдөр байгуулагдсан 09/2015 /1 хавтас ХХ-621 гэрээний ажлыг хийж гүйцэтгэсэн актанд үндэслэн нэхэмжлэгч байгууллагыг илүү ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй, “Н” ХХК нь дээрх гэрээнд зааснаасаа илүү ажил хийж гүйцэтгээд нэмэлт хөлс авсан зүйл байхгүй, “Мөнхжилчин” ХХК-тай байгуулсан гэрээндээ төлбөрийг 320 сая төгрөгөөр тооцож, улмаар ажлыг хийж гүйцэтгээд 320 сая  төгрөгөө авсан болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд шийдвэр, магадлал хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          С ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н ХХК-с  “...2015-8-11-ний өдрийн гэрээний ажлын хөлс 35 сая төгрөгний үлдэгдэл 5 сая төгрөг, нэмэлт ажлын гүйцэтгэлийн хөлс 21 288 575 төгрөг, шатахууны зардалд 514.000 төгрөг,  2015 оны 8-р сарын 15-наас 2016 оны 10-р сарын 26-ныг хүртэл 438 хоногийн алданги 11 514 582 төгрөг...” нийт  38 317 157 төгрөг гаргуулахыг шаардсан байна.  /хх1-ийн 1, хх 2-н 145/

   Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 9 сая төгрөг шаардсан боловч /хх1-н 213/ анхан шатны шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.

   Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэн “...үлдэгдэл 5 сая төгрөг хариуцагч төлөхийг татгалзаагүй...нэмэлт ажлын хөлс 17 564 575 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон...гэрээнд заасны дагуу алдангид 9 883 470 төгрөг төлүүлнэ...” гэсэн үндэслэлээр Н ХХК-с нийт 32 448 048 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг батлах тухай шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

 Хариуцагч “... шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон...гэрчүүд үйл баримтыг нотлоогүй... гэрээнд зааснаас илүү ажил хийснийг тодорхойлсон акт  байхгүй...” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. 

  Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээнээс үзвэл захиалагч Н ХХК, гүйцэтгэгч С ХХК нь Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дэх Газрын тосны агуулахын барилгын ажлын газар шорооны ажлыг зурагт тусгагдсан түвшин, технологийг баримтлан 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг /2 туслах ажилтан болон төслийн менежер, талбайн, геодезийн, материалын болон хөдөлмөр аюулгүй байдал эрүүл  ахуйн тус бүр 1 инженер/-р 22000  м3 ухмалын ажил, 6000 м3 далангийн ажлыг 35 сая төгрөгөөр хийлгэх тухай тохиролцсон байна.

       Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

        Гэрээний ажлын хөлс 35 сая төгрөгөөс үлдэгдэл 5 сая төгрөгийг нэхэмжлэгч   шаардсаныг хариуцагч татгалзаагүй тул уг мөнгийг Н ХХК-с гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

        С ХХК нэмэлт ажлын хөлсөнд 21 288 575 төгрөг шаардсанаас шүүх заримыг нь буюу  17 564 575 төгрөгийг хангахдаа хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул нэмэлт ажлын хөлсөнд гаргуулсан мөнгийг хасуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй  байна.

         Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний алдангийн талаарх тохиролцоог гэрээний бусад заалт болон хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үнэлээгүйгээс Н ХХК-с үндэслэлгүйгээр алданги гаргуулсан байна гэж үзлээ. 

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний 2.2, 2.3, 3.6-н заалтаас үзвэл талууд төлбөрийг бүрэн төлөх хугацааг тодорхой тохиролцоогүй байна. Иймд  шүүх хариуцагчаас алдангид 9 883 470 төгрөг  гаргуулсан нь Иргэний хуулийн 198, 232 дугаар зүйлд нийцээгүй гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1721 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...32 448 048 гучин хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга дөчин найм/ ...” гэснийг “...22.564.578 төгрөг...” гэж, 2 дахь заалтын “...320 190 төгрөг ...” гэснийг “...270.232 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 320.200 төгрөгийг Н ХХК-д захирамжаар буцаан олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ