| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00045/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1922000880058 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, охин зээ нарын хамт хамт Дэлгэрцогт сумын 1-р баг “Ар хадан хошуу” гэх газар оршин суух малчин, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Дарцагт овгийн Банзрагчийн Балжинням /РД:ЗЕ65011617/ гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Аын эзэмшлийн 7 тооны ямааг завшиж 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 сарын 10-ны үеэр 7 ямаа манай хонинд нийлээд 10-аад хоносон. Хэнийхийг нь мэдээгүй. Тэгэхээр нь нядлаад борлуулсан. Сүүлд Ариунболорынх гэдгийг нь мэдсэн. Торгуулийн төлбөрийг төлнө. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
2.Хохирогч Ж.Аын: “...Манайх Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг сумын төвөөс баруун хойш 24 километрт “Хөндлөн” гэх газарт оршин суудаг юм. Тэгсэн 2018 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, манайхаас 7 тооны эм ямаа дутчихсан юм. Тэгээд саахалт айлуудаараа сураглаад яваад байтал сураг гараагүй. Тэгээд алдсанаас хойш 10 орчим хоногийн дараа манайхаас хойш байх нутгийн залуу Балжиннямынд очин малаа сураглахад Балжинням хэлэхдээ танай мал манай маланд нийлчихсэн байсан юм, тэгэхээр нь би танай 7 тооны эм ямааг нядлаад зарчихсан юм. Малыг чинь төлөөд өгнө өө гэсэн. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа Балжинням өөрийнхөө 7-н тооны ямааг авчирч манайд өгөөд манай алдсан ямааг төлж өгсөн юм. Бүгд хар бараан зүсмийн эм ямаанууд байсан, зөв талын чих цуулбар, буруу талын чих араасаа эрхэм чихлээстэй байсан юм. Би 1 тооны эм ямаагаа 65.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
3. Гэрч Б.Отгонбаатарын: “...2018 оны 10 дугаар сарын дундуур эм ямаагаа ялгаад ухна тавиад тусад нь явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа тоолсон чинь 7 эм ямаа дутсан. Тэгээд ойр хавийн саахалт айлуудаар эрж хайгаад олоогүй. Тэгээд Балжиннямынд буугаад сурсан чинь 7 ямаа ирж нийлсэн гэж хэлсэн. Тэгээд ямаагаа авах гэсэн чинь тэдний малд байхгүй байсан. Манай ямаа яасан гэсэн чинь би хэрэглэсэн дараа төлж өгнө гэсэн. Манай алдсан ямаанууд хар бараан зүстэй зөв чих цуулбар, буруу чих эрхэм имтэй эм ямаанууд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
4.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт, хавсралт /хх-ийн 13-14/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрийн малд нийлсэн хохирогч Ж.Аын эзэмшлийн 7 тооны ямааг нядалж, зарж борлуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бын өөрийн малд нийлсэн бусдын алдуул 7 тооны ямааг нядалж, зарж борлуулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Быг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б нь Дундговь аймгийн хэсгийн шүүхийн 1988 оны 07 дугаар 19-ний өдрийн 42 –р таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-р зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр,
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 113-р таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-27-30,35-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч Ж.А, гэрч Б.Отгонбаатар нарын мэдүүлгээр 7 тооны эм ямаа алдсан, шүүгдэгч Б.Бын мэдүүлгээр 7 тооны ямаа ирж малд нь нийлсэн байсныг нядалж, зарж борлуулсан гэдэг нь тогтоогдож байна.
Хэрэг бүртгэлтийн шатанд цагдаагийн байгууллагын мөрдөгчөөс 6 тооны ямааны үнэлгээг 2018 оны 10 сарын байдлаар гаргуулахаар шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо бичсэний дагуу Дэлгэрцогт сумын үнэлгээний комиссоос ямаа нэг тус бүр нь 70,000 төгрөг буюу нийт 420.000 төгрөг гэсэн үнэлгээг гаргасан байна. Хэдийгээр 1 тооны ямааны үнэлгээг гаргаагүй дутуу орхигдуулсан боловч үнэлгээгээр ямаа нэг тус бүрийн үнэлгээг гаргаж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хулбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байх бөгөөд хэргийн оролцогч нарыг чирэгдүүлэхгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд хохирогч Ж.Ат 490.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурор нар дээрхи алдааг дахин гаргахгүй байх талаар анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 7 тооны ямаа өгсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Дарцагт овгийн Банзрагчийн Балжиннямыг бусдын алдуул 7/долоон/ тооны ямааг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагданхоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 7 тооны ямааг өгсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ