Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 90

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б өд холбогдох 163/2019/0091/Э индекстэй, 1815004360031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн нарын хамт Булган аймгийн ... оршин суух, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap баривчлах, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн албадан ажил хийлгэх, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 cap баривчлах, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 56 дугаар шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч овогт Ж.Б .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр Булган аймгийн Булган сумын нутаг “Зуун мод” гэх газраас иргэн О.Ц гийн гэрээс эд зүйл хулгайлж, 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б  өгсөн мэдүүлэгтээ:  Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэжээ.

1815004360031 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч О.Ц гийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б  манайд мал маллаж байгаад явсан. Түүнийг явахад нь мал малласан хөлсөнд нь бүтэн ямааны мах, адууны мах зэргийг өгсөн. Манайд 4 хоночихоод явсан. Би тухайн үед эмнэлэгт хэвтсэн бөгөөд манай нөхөр гэртээ ганцаараа үлдсэн байсан. Тэр үед нөхөр минь төвөөс 2 хүн туслуулахаар авчирсан байсан. Тэр 2 хүн манайд 1 хоночихоод байж байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б  нь Э  гэх залуугийн хамт Б  гэх хүнийг машинтай нь хөлслөж манайд очсон. Энэ үед нь манай нөхөр Ц  малдаа явчихсан байсан. Анх авчирсан 2 хүн нь манай гэрт дотор байсан юм билээ. Б  амбаарт байсан бүтэн адууны гуя, хонины мах, хуурай өрөм, гэрт байсан нөхөр Ц гийн цасны гутал зэргийг авч явсан байсан. ...Нөхөр над руу залгаад манайд машин ирээд явсан бөгөөд эд зүйл авч явсан талаар хэлсэн. Тухайн үед нь Б ийг авч явсан гэдгийг мэдээгүй бөгөөд сүүлд нь мэдсэн. Үүний дараа Б  “цагдаад битгий хэлээрэй, би хохирлыг төлнө” гээд байхаар нь цагдаад мэдэгдээгүй. ... Гомдолтой байна, алдсан эд зүйлсээ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Т.Ц гийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын дунд үед манай төрөл, садангийн Б  гэх залуу ажилд туслаж байгаад мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн төв рүү шинэ жилд орчихоод ирье гээд буцсан. Үүний дараа 12 дугаар сарын 30-ны өдөр намайг хониндоо явчихсан байх хойгуур Б  машинтай манайд ирээд амбаарт байсан бүтэн арьстай байсан ууцны хонь, адууны гуя, 20 литрийн савны тал өрөм, эхнэрийн надад авч өгсөн өвлийн шинэ гутал зэргийг авч явсан байсан. Тэгэхээр нь Б ийн эхнэр рүү холбогдож болсон асуудлын талаар хэлсэн. Эхнэр нь “Б  энд байна, ярь” гэхээр нь ярих гэсэн боловч согтуу байсан. Маргааш нь түүнийг эрүүл болохоор нь ярьсан чинь “би авчихсан, эхнэрийг чинь эмнэлгээс гарахаас нь өмнө хохирлыг төлнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. ...Манай төрөл, садан гэж бодсон, мөн өөрөө битгий хэлээрэй гээд байхаар нь цагдаад мэдэгдээгүй. Түүнтэй тааралдахаараа хэлдэг ч төлнө л гэдэг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Х.Б ын өгсөн: “...Намайг доод талын таксины буудал дээр байхад Б  “Зуун мод” руу Ц  гэдэг айлд оччихоод ирье” гэхэд нь авч явсан. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. ... Бид хоёрыг очиход шар гэх А аа, мөн бас нэг өндөр залуу байсан. Харин гэрийн эзэд нь байхгүй байсан. ...Би гэрт нь орчихсон байсан. Намайг гарч ирээд машиндаа суухад машинд шуудайтай зүйл тавьсан байсан. Би түүнээс машинд тавьсан зүйлийг асуухад хувцасаа авсан гэж хэлсэн. Булган аймгийн төвд ирээд буулгахад нь харахад хонины мах, шуудайтай зүйл, цасны гутал зэрэг байсан. Өөр зүйл байгаагүй. ...Тэр айлаас болон амбаараас нь авсан. Намайг гарч ирэхэд гадаа тавьчихсан байсан. ...Таксины хөлсөнд 20000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Ч.Э ын өгсөн: “...Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр Б , таксины жолооч Б  нарын хамт “Арван наймтын дөрөлж” гэх газрыг даваад нэг айлд очсон. Уг айлыг Б  надад хэлэхдээ “Ц  гэдэг, энэ айлаас ямаа авах ёстой” гэж хэлсэний дагуу би хамт явсан. ... Уг айлд очиход гэзэг гэх Г , шар гэх А  нар байсан. ... Би хулгай хийгээгүй. Харин Б  хэлэхдээ “Ц  ах надад ямаа өгөх ёстой, ямаагаа авна” гээд байсан. ... Арьсандаа боосон байсан хонины мах, адууны цул мах, 20 литрийн савны дундуур байсан өрөм, гутал зэргийг авсан. Үүнээс өөр зүйл авсан эсэхийг би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Н.Г тарын өгсөн: “...Дараа нь Ц э “Б ийг харсан уу, амбаараас эд зүйл хулгайлсан байна, хаанаас олох вэ” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

Шүүгдэгч Ж.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын эхээр өөрийн аавын төрсөн эгчийн хүүхэд болох Ц гийнд очиж мал маллахад нь тусалсан. Тэгээд би ойролцоогоор 10 гаран хонож байхад Ц  ах надад хандан “чи явах үедээ надад хэлээрэй, манайхаас нэг ямаа аваад яваарай” гэж хэлж байсан. Тэгээд байж байтал Ц  ахын эхнэр болох Ц гийн бие нь муудаж Ц , Ц  нар эмнэлэг орохоор Булган аймгийн төв орсон. Тэгж явахдаа надад өгөх гэж байсан ямааны махыг аваад явсан. Тэгэхдээ “чи явах болоогүй юм чинь явахдаа дахиад ямаа гаргаад явахгүй юу?, надад одоо мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд Ц  ах эхнэрээ дагуулаад явсан. Тэгээд дөрөв хоногийн дараа Ц  ах такси хөлслөөд ирсэн. Тэгээд би зөрөөд тэр такситай нь Булган аймагруу явсан. Ингээд би Булган аймаг дахь гэртээ ирээд ойролцоогоор 3 хоночихоод Ц  ахаас ямаагаа авах санаатай таксины жолооч Б ыг хөлслөөд Ц  ахынд очсон. Тэгээд Ц  ахынд очтол гэрт нь 2 зүс таних хүн байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс “Ц  ах хаашаа яваа вэ?” гэхэд “урагшаа айлруу утсаар ярихаар явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад “өөрийн эд зүйлийг авах гэсэн юм” гэж хэлээд гэрийн гадаа байх амбаарлуу орж арьстайгаа хонь, адууны цул мах 10 кг орчим, 20 литрийн хувингийн талаар байсан өрөм, 1 хос цасны гутал зэргийг хүн хараагүй байхад би ирсэн машиныхаа ар багажанд хийсэн. Тэгээд би гэрт орж “өөрийн гэсэн зүйлийг авчихлаа явах уу?” гэтэл “за тэгье” гээд гэрт байсан 2 хүн цуг дайгдаж Булган аймагт ирсэн. Тэгээд би хулгайлсан эд зүйлсийг өөрийн гэртээ буулгасан. Би тэр цасны гутлыг өмсөж, өрмийг хэрэглээд дууссан, адууны мах, хонины мах зэргийг баясуулагч захын урд зогсож байгаад мах авах гэж байсан хүнд зарсан одоо харвал тэр хүмүүсийг танихгүй. Тухайн үед хэдэн төгрөгөөр зарж байснаа санахгүй байна. ...Тухайн эд зүйлсийг Ц  ахын гэрийн хажууд байдаг амбаараас авсан ба зарж борлуулж мөнгө олох гэж байсан. Шинэ жил болох гээд мөнгөний хэрэг гарсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

“Бан хас” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/7-0020 дугаартай:

“...Адууны бүтэн гуя ...180000 төгрөг, ... хураасан өрөм ...150000 төгрөг, ...нас гүйцсэн эр хонины мах ...150000 төгрөг, цасны гутал ...60000 төгрөг, ...нийт дүн 540000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Т.Ц гийн Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол /хх 4/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 25-26/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 28-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, шүүгдэгч Ж.Б ийн өмнө ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 40-55/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

      Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б ийн Булган аймгийн Булган сумын нутаг “Зуун мод” гэх газар нутаглах Т.Ц гийнд туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр Т.Ц , О.Ц  нарын эзгүйд гэрээс нь хонины мах, адууны мах, өрөм, гутал зэрэг эд зүйлийг хулгайлж, захиран зарцуулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

       “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б ийн өмчлөгч эзэмшигч нарын эзгүйд тэдэнд  мэдэгдэхгүйгээр дээрх эд зүйлийг авч, захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ж.Б ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч О.Ц , гэрч Т.Ц , Х.Б , Ч.Э  нарын өгсөн мэдүүлэг, 540000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

       Иймд шүүгдэгч Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 540000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч О.Ц  нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж,  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ж.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ч  овогт Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД