Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02027

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  11  25  210/МА2024/02027

 

 

О.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/04372 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.С ХХК-д холбогдох

2 ширхэг хүлэмж гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

О.Ш ХХК нь Т.С ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотод байрлах, тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 347 дугаар гармын урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлж барих, өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, хэлбэрээр хамтран ажиллах, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ашгийн 51 хувийг О.Ш ХХК, 49 хувийг Т.С ХХК авах, 5 жилийн хугацаатай байхаар тохиролцсон.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, харин хариуцагч үүргээ биелүүлэхгүй байсан, мөн хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд бусдад худалдах, барьцаалахыг хориглосон байтал Голомт банк ХК-ийн барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэн. Иймд манай компани хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 108,672,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох буюу цуцлахад саад болохгүй, түүнтэй холбоотой гарах үр дагаврыг шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдсан. Үүнээс хойш гэрээгээ үргэлжлүүлэх эсэх асуудлаар Т.С ХХК-д удаа дараа хандсан, уулзалт хийсэн боловч ямар ч үр өгөөж өгөөгүй, тайлан мэдээ ирүүлээгүй, харин дахин хөрөнгө оруулалт хийвэл хамтран ажиллах боломжтой гэсэн тул бид гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Хамтран ажиллах гэрээний 3.2-д энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000 м.кв талбайтай хүлэмжийн 51 хувь нь А талын өмчлөлд үлдэнэ гэж тохиролцсоноор шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хариуцагчаас тус бүр нь 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж хамтран ажиллахаар болж, манай компанийн өөр газарт байсан 4 хүлэмжийг буулгаж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед манай компанийг Голомт банк ХК-аас зээлтэй гэдгийг О.Ш ХХК-ийн захирал Л.Э мэдэж байсан бөгөөд хариуцсан зээлийн эдийн засагчтай очиж уулзсан байсан.

Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр биш, бидний сайхан сэтгэлийг хуурч хийсэн гэрээ юм. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгөө өгсөн, гэтэл манайх ус, дулаан, цахилгаан, ажилчдын цалин гээд бүх зардлыг гаргасан. Хураасан ногоогоо нэхэмжлэгч тал бүгдийг аваад явсан. Гэрээгээр 100,000,000 төгрөг төлөөд хамтарч ажиллах нь хүлэмжийг буулгаад өөр газар нүүлгэн бариад нарийн ногоогоо тариад, даршлаад, борлуулах хэлбэрээр хамтран ажиллах зорилготой байсан. Түүнээс нэхэмжлэгч хүлэмжийг авахаар гэрээ байгуулаагүй, мөн хамтарч ажиллаж чадаагүй, гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2018 онд гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн.

Энэ хугацаанд ямар зардлууд хэрхэн гарсан, зардлуудыг хассан тооцоо баримтууд байхгүй хэрнээ шууд хүлэмжийн хагасыг авна гэж байгаа нь шударга бус, мөн энэ маргааны үйл баримттай холбоотой асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө учраас 2000 м.кв талбайтай хүлэмжийг авна гэдэг нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.С ХХК-аас 1,387,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ш ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 701,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.С ХХК-аас 7,093,950 төгрөгийг гаргуулан 701,310 төгрөгийг нэхэмжлэгч О.Ш ХХК-д олгож, 6,392,640 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хоорондын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/001 тоот хамтран ажиллах гэрээ, түүнтэй холбогдох үүрэг, оруулсан хөрөнгөтэй холбогдох маргааны зүйл, үйл баримтыг урьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02946 дугаар шийдвэрээр шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дуусгавар болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар атал уг шийдвэртэй, хэрэгтэй яг адил нэхэмжлэл шүүхэд гаргасныг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн ч дээрх гэрээний үүрэгтэй холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2.Шүүх нь нэхэмжлэгч тал уг гэрээний үүрэгтэй холбоотойгоор урьд нь 108,672,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийг шүүх урьд нь 2 удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсээр байтал тус шүүх нь дээрх шийдвэрээр 1,387,200,000 төгрөг болгон 12 дахин өссөн үнээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүгч санаатайгаар бусдын буюу нэхэмжлэгч талын нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэсэн гэж хардахад хүргэж байгаа бөгөөд шүүхэд тун ч гомдолтой байна.

4.3.Шүүх нь шийдвэрийн үндэслэлээ хамтран ажиллах гэрээнд заасан хүлэмжийн үнэлгээг үндэслэн төлбөр гаргуулж буй гэх боловч нэхэмжлэгч тал нь 2017 онд 5 жил хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч 2 сарын дараа гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө 108,672,000 төгрөг нэхэмжилснийг урьд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар байхад нэхэмжлэгч нь 1000 м.кв хүлэмж авна гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж үндэслэлгүйгээр 1,387,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг О.Ш ХХК-аас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талууд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдээгүй, нэмэлт хугацаа өгөөгүй учраас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үүсэх бусад үр дагавар буюу хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагаа хийхэд энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдаж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчээс хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо болон бусад үйл ажиллагааны мэдээллийг ирүүлэх талаар удаа дараагийн албан бичиг, уулзалт зохион байгуулах бүхий л оролдлогыг хийсэн боловч хариуцагч компанийн зүгээс хүлээж аваагүй тул гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэж, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, гэрээний 3.2-т хөрөнгө оруулсан хөрөнгийн 51 хувийг О.Ш ХХК эзэмшинэ гэж заасны дагуу 1000 м.кв талбай бүхий 4 хүлэмжийн 2 хүлэмжийг гаргуулахаар шаардах эрхтэй.

5.2.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шууд утгаар гэрээний 51 хувийг үнэлгээний дүнгээр тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хөрөнгийг 2023 оны зах зээлийн ханшаар үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч О.Ш ХХК нь хариуцагч Т.С ХХК-д холбогдуулан анх гэрээний дагуу шилжүүлсэн 108,672,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2 ширхэг хүлэмж гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэх байтал 2 ширхэг хүлэмжийн үнэ 1,387,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул залруулж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагчийн гаргасан шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.

 

3.О.Ш ХХК болон Т.С ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О.Ш ХХК нь 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт оруулах, үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцах, Т.С ХХК нь тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон, өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 347 дугаар гармын урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлж барих, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах, хамтын ажиллагаанаас олсон ашгийн 51 хувийг О.Ш ХХК, 49 хувийг Т.С ХХК авах, мөн гэрээ 5 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.

 

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлалд дүгнэжээ.

Уг шийдвэрт О.Ш ХХК-аас хамтран ажиллах гэрээний хураамжид 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 108,672,000 төгрөг төлсөн, уг хураамж хүлэмж зөөх, барих, ногоо тарих зэрэг ажилд зарцуулагдсан, талууд хамтын ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд явуулсан, харин О.Ш ХХК нь хуульд заасан гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдсэн, Т.С ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй болохыг нотлоогүй гэж тус тус дүгнэж, О.Ш ХХК-ийн гаргасан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 108,672,000 төгрөгийг Т.С ХХК-аас буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

 

5.Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний 3.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд уг заалтад Энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000 м.кв хүлэмжний 51 хувь нь А талын өмчлөлд үлдэнэ гэжээ.

5.1.Талуудын тайлбараар дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүй, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээ дуусгавар болсон байна.

5.2.Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны үр дагаврыг мөн хуулийн 480.3 дахь хэсэгт зохицуулсан ба биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар заасан.

Гэрээний дагуу талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болох бөгөөд Т.С ХХК нь гэрээнд заасан 4 ширхэг хүлэмжийг хураамжид шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал гэрээний 1.3-т Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана. 1.3.1. А тал 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийнэ. 1.3.2. Б тал хүлэмж нүүлгэн шилжүүлж барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл,

2.1-д хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд А тал дангаар хөрөнгө оруулах, Б тал дангаар хүлэмжийн үйл ажиллагааг эрхлэх,

2.4-т Энэхүү гэрээний зүйл болсон 4000 м.кв хүлэмжний эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, сайжруулах үйл ажиллагаа, түүнтэй холбоотой гарах зардлыг Б тал хариуцна,

3.1.3-д А талын оруулсан /100,000,000 төгрөг/ хөрөнгө оруулалтыг Б тал ашиг хуваарилахаас өмнө А талд төлсөн байна гэж тус тус заасныг харьцуулж үзвэл, Т.С ХХК нь үйл ажиллагаагаар хураамж төлөх буюу 4 ширхэг хүлэмжийг нүүлгэн шилжүүлж барих, өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах үүрэг хүлээсэн байх ба 3.2-т заасан 4000 м.кв хүлэмжийн 51 хувь нь А тал болох О.Ш ХХК-ийн өмчлөлд үлдэх үндэслэл тодорхой тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Т.С ХХК-ийг хамтран ажиллах гэрээний хураамжид 4 ширхэг хүлэмжийг шилжүүлсэн гэж үзэхгүй тул уг эд хөрөнгө нь гэрээ дуусгавар болоход талуудад хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй.

Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах боловч гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох журамтай бөгөөд анхан шатны шүүх гэрээний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зөв тайлбарлаж чадаагүйгээс уг нөхцөлийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэсэн гэж алдаатай дүгнэсэн байна.

5.3.Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ш ХХК нь 2 ширхэг хүлэмж гаргуулахаар хариуцагч Т.С ХХК-аас шаардах эрхгүй.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан 2 ширхэг хүлэмж гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/04372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.С ХХК-д холбогдуулан гаргасан тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай нэхэмжлэгч О.Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 7,093,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА