Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 89

 

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1915000680045 дугаартай, 163/2019/0090/Э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г овогт Б.Б.       

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн М.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэжээ.

1915000680045  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.А ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай хойд аав болох Б  манай гэрт ирж манай нөхөр А тай 0.5 литрийн “Ерөөл”, 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи уугаад хоёулаа тасраад унтсан. Тэгэхээр нь би гарч дэлгүүр орж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад гэр лүүгээ явж байхад манай хажуу хөрш Б.Б нь эхнэр Д н хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба Б  нь “танай гэрт очиж бууз жигнүүлж идье” гэсэн. Би Б.Б  болон эхнэр Д  нарыг гэрт оруулаад бууз жигнүүр дээр тавих хооронд Б.Б ийн эхнэр манай орон дээр унтаад өгсөн. Тэгээд Б.Б  бид хоёр архинаас нэг, нэг уучихаад би гэрээс гарч түлээ мод оруулаад 15-20 минут орчим болоод орж ирэхэд Б.Б  нь унтаж байсан манай аав Б ыг босгоод маргалдаж байсан. Би Б.Б , Б  нарын дундуур орж салгах гэхэд Б.Б намайг түлхэж унагах үед миний эгэм маш их өвдсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

“...Тухайн үед Б  эхнэрлүүгээ уурлаж агсраад байхаар нь манай хойд эцэг өмөөрсөнөөс болоод манай хадам аавруу агсарсан юм. Тэгээд түүний эхнэр Д  ч гэсэн манайд унтсан ба Б  энэ хэдийг унтуулахгүй агсраад, хойд эцгийг маань татаад сэрээх гээд байхаар нь би тэр хоёрын дундуур ороод Б ийг хориглоход намайг татаад би газар унасан. Тэгэхэд миний зүүн талын эгэмний яс хугарчихсан. Тэгээд л Б д “эгэм хугарчихлаа” гэхэд “юу гэж хугардаг юм, би чамайг зөөлхөн татсан” гээд байсан ба би өөрөө цагдаа, эмч дуудсан. Эхэлж цагдаа ирээд араас нь эмнэлэг ирсэн. Эмч үзээд миний зүүн эгэмний яс хугарсан байна гэж хэлсэн. Одоо эгэмний яс бороодоогүй хэвээрээ байгаа ба эмч хадуулах шаардлагатай гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч Б.А ын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд манай хадам аав Б  Баян-Агт сумаас ирж бид хоёр 0.5 литрийн “Ерөөл”, би 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи авч уусан ба бид хоёр 2 архиа дуусгаад согтоод унтсан. Орой сэрэхэд манай эхнэр М.А  нь “миний эгэм хугарчихлаа” гээд сууж байсан ба хадам аав мөн сэрсэн сууж байсан. Би босоод юу болсон талаар асуухад “Б  намайг татаад унагачихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Л.Д гийн өгсөн: “...Тухайн өдөр манайд М.А  ганцаараа ирсэн ба архи авчихсан харих гэж явна гээд халамцуу ирсэн. Тэгээд манайд архи дарс хэрэглээгүй “манайхруу явья” гээд нөхөр Б.Б  бид 3 тэдний гэрт очсон. Тэгэхэд М.А ын нөхөр А , М.А ын ээжтэй сүүлд суусан гэх Б  гэсэн байх нэг ах байсан. Тэр 2 халамцуу байсан ба авч очсон архиа задлаад ууж байгаад би унтчихсан байсан. Босоод ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Тэгээд яасан ийсэн гэхэд л М.А  “Б.Б  намайг түлхэж унагаагаад эгэмийг маань хугалчихсан” гэсэн. Би өөрөө унтаж байсан учраас яг юу болсоныг нь бол хараагүй юм. Тухайн үед А  ч гэсэн унтчихсан л байсан юм шиг байна лээ. Би бол тухайн үедээ их согтуу байсан учир тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болсон эсэхийг мэдэхгүй байгаа юм. Б  ярихдаа “энэ өөрөө л надтай зууралдаад зүгээр бай гээд бид 2 унахдаа түүнийг цаашаа бай гээд түлхсэн” гэж хэлсэн. Тэгж унахдаа л багана мөргөсөн юм уу л гэж би ойлгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

      Шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ эхнэрийн хамт байхад танил М.А  гаднаас ганцаараа орж ирсэн. Ирэхдээ архи уучихсан нэлээд халамцуу явсан ба 1 шил архи барьчихсан явсан. Тэгээд “манайд очьё” гээд эхнэр бид хоёрыг дагуулаад тэднийд очсон. Тэгсэн тэднийд бага хүүхэд нь нөхөр Алзайхгүйбаатар нь унтаж байсан ба өөр нэг танихгүй хөдөөний нэг ах байсан. Тэгээд би тэр ахтай яриад яриа таарахгүй бид 2 маргалдаад байж байсан А  бид хоёрын дундуур надруу дайрч агсараад ороод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг хойшоо бол гээд гарнаас нь татсан чинь надтай зууралдаад бид 2 газар унасан ба ингэж унахдаа М.А гэрийн баганыг мөргөж унасан. Тэгээд босож ирэхдээ “эгэм гэмтчихлээ” гэсэн. … А ын хойд эцэг л юм шиг байгаа юм, би сайн танихгүй байсан ба тэр ах бид 2 архи задлачихсан сууж байгаад л “намайг алгасаж тойрлоо” гэдгээс маргалдаж байтал А  дундуур орж ирж ийм зүйл болсон. Түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө тухайн үед жаахан архи уучихсан, жаахан халамцуу байсан ба А  намайг “та нар хүнсээр тоглож чадна, би бол хүнээр тоглож чадна” гээд надруу агсарч дайраад байсан юм. Тэгээд л холдуулах гэж татсан унаад гэмтчихсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай:

1.М.А ын биед эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирол учирсан талаарх баримт /хх 18/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 19-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 31-33/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 39-40/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар Б.Б , Л.Д , Г.А , Б.А  нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Б.Б  нь хохирогч Г.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч М.А , гэрч Л.Д , Б.А  нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хохирогчийн биед  эгэм ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан нь Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Шүүгдэгч Б.Б нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хүндэвтэр хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн, хохирогч Г.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б д оногдуулсан 600000 төгрөгийн торгуулын ялыг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д сануулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б д авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД