| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/02818/И |
| Дугаар | 210/МА2024/02067 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02067
2024 11 29 210/МА2024/02067
В.Д ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03635 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч В.Д ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ө.Н.Х ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29,039,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Ө.Н.Х " ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, В.Д оос хонь, үхэр, ямаа нийлсэн 235 ширхэг малын махыг тус тусын кг-ийн үнээр тооцож нийт 40,471,100 төгрөгөөр худалдан авахаар болсон. Төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд сар болгон 10,117,775 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Ө.Н.Х " ХХК нь үндсэн төлбөрөөс 13,735,550 төгрөгийг төлж, үлдэгдэл 26,681,550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
1.2.Гэрээний 5.1-д худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцно гэж заасан. Алданги 13,340,775 төгрөгийг багасгаж 2,358,265 төгрөг, нийт 29,039,816 төгрөгийг Ө.Н.Х " ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу 40,471,100 төгрөгийн мах нийлүүлэх, худалдан авагч төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг төлбөрөөс "Ө.Н.Х " ХХК нь зохих төлбөрийг буцаан төлсөн.
2.2.Түүнчлэн талууд гэрээний 2.7-д "...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг гэхэд төлбөр төлөгдөж дуусна..." гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тиймээс 13,340,775 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Н.Х ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 26,681,550 төгрөг, алданги 533,630 төгрөг нийт 27,215,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,824,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 40,022,325 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 10,982,509 төгрөгөөр багасгасан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,061 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 294,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын зөрчил гаргаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаас харвал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авч, тайлбар өгч, мэтгэлцэх зарчим хэрэгжихээр хуульчилсан. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх, ихсэх, багасах тухай бүрт хариуцагч нь тайлбар өгөх эрхээр хангагдах учиртай.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаан явагдаж шийдвэр гарна гэж ойлгож шүүх хуралдааны өдөр тайлбар, хүсэлтүүдээ өгсөн. Гэтэл уг өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад уг багасгасан шаардлагыг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа процессын зөрчил гаргасан бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хуульчилсан.
Тиймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 181/ШШ2024/03635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр багасгасан шийдвэр гарсан хэдий ч үүнийг хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны ашиг сонирхлыг нь хохироосон шийдвэр гаргаагүй гэж үзэж байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч В.Д нь хариуцагч Ө.Н.Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 26,681,550 төгрөг, алданги 13,340,775 төгрөг, нийт 40,022,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь алдангийг 2,358,265 төгрөг болгож багасгасан байна.
3.В.Д болон Ө.Н.Х " ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч В.Д нь 235 ширхэг мал махыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Ө.Н.Х " ХХК нь нэг кг ямааны махыг 6,200 төгрөг, хонины махыг 7,500 төгрөг, үхрийн махыг 10,000 төгрөгөөр тус тус тооцон нийт 40,471,100 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 235 ширхэг мал махыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээний үнэд 13,735,550 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.
5.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас мал махны үнийн үлдэгдэл 26,681,550 төгрөг төлөхийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
6.Гэрээний 2.7, 2.8-д зааснаар төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд сар бүр 10,117,775 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй байна.
Мөн гэрээний 5.1-д худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.2 хувийн алданги тооцож, худалдагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардах эрхтэй.
6.1.Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь алдангийг 2,358,265 төгрөг болгож багасгасан байх ба шүүх уг багасгасан шаардлагыг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь анх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алданги гаргуулах шаардлага, түүний үндэслэлийг тусгасан байна. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд алдангийн тооцооллоо тодруулж хэмжээг багасгасан талаар тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчөөгүй. Уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хариу тайлбараа ирүүлж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцоогүй байх тул мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзэхгүй.
6.2.Шүүх алдангийн хэмжээг 533,630 төгрөгөөр тогтоосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 26,681,550 төгрөг, алданги 533,630 төгрөг, нийт 27,215,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул уг заалтыг хасах нь зүйтэй. Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа мөнгөн төлбөрийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлах байтал 7.1.2 дахь заалтыг баримталсан нь буруу, мөн тогтоох хэсэгт дугаарлалт алдаатай байх тул залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, уг заалтын дараагийн 3 дахь заалтын дугаарлалтыг 2 гэж, ...7.1.2 гэснийг 7.1.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 294,026 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА