Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох 1922001090066 тоот хэргийг 2019 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Дэлгэрхангай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт .........................тоотод оршин  суух, урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Б гэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 сараас 2019 оны 4 сарын 11-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс 480,000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.           

                                                                  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 сарын 11-ний орой тамхины цэгээс мөнгө авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг тэнсэж өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.  

 

2. Хохирогч С.Дийн: “...Би 2015 оны 12 дугаар сараас хойш Дундговь аймгийн  Дэлгэрхангай сумын төвд “Дэлгэрэх” нэртэй тамхины дэлгүүр ажиллуулж байна.  2019 оны 4 дүгээр сарын 11-ний орой 18 цаг 50 минутын үед манай дэлгүүрийн  орлогын мөнгөнөөс 160,000 төгрөг хулгайд алдагдсан. Хэсгийн төлөөлөгч манай камерын бичлэгийг шүүж үзэхэд манай сумын Болдбаатар гэх залуу манай дэлгүүр рүү сэмхэн гэтэж орж ирээд лангуун дээгүүр тонгойж орлогын мөнгөнөөс авч, арагш ухраад зүгээр орж ирж байгаа хүн  болж хаалга дуугарган хулгайлсан мөнгөнөөсөө 10.000 төгрөг сугалж аваад бусад мөнгийг  нь өвөртөө хийгээд манай дэлгүүрээс 1 хайрцаг алтан навч тамхи аваад гарч байгаа бичлэг байсан. Би Болдбаатартай өөрөө уулзаад чи шударгаар хэдэн төгрөг  авснаа хэл гэж хэлэхэд Болдбаатар би танай дэлгүүрээс 2017 оноос хойш байнга орж хулгай хийдэг байсан, нийтдээ 480.000 төгрөг авсан  гэж хэлсэн. Би хохирлоо төлүүлсэн, гомдолгүй. Болдбаатараас Дундговь аймгийн төвд ирсэн шатахууны зардал болох 60.000 төгрөгийг  нэхэмжилж байна   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

3. Гэрч Ш.Энхдуламын: “...Би 2019 оны 2 дугаар сараас хойш энэ дэлгүүрт худалдагч хийж байна.  2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад орлогоо үзчихээд өөрийн хадам ээж Амаржаргалд хандан “та дэлгүүрийн орлогын бүхэл мөнгөө аваад далд хийсэн юмуу гэж асуутал,  надад хандан үгүй мөнгө алга болчихсон  уу гэж хэлсэн. Тэгээд камерийн бичлэгээ шүүж үзтэл Болдбаатар гэх хүн  манай дэлгүүрт орж ирээд лангуун  дээгүүр өнгийж мөнгөний хайрцаг аваад бэлэн мөнгөнөөс авч байгаа бичлэг буусан байсан.  Тэгээд манай нөхөр Доржпүрэвийг ирэхээр  нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн  орчимд хэлсэн. Манай дэлгүүр хүн орж ирэхээр хаалганд цохигддог дуугардаг хонхтой юм.  Тэгээд зөөлхөн нээхээр дуугардаггүй юм байна лээ. Би олон удаа өөрийн хүч хөдөлмөрөөсөө хулгайчаар хумслуулж байсан тул гомдолтой байна.  Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

         4. Гэрч Ө.Амаржаргалын: “... би гэртээ 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад очоод байж байгаад Доржпүрэврүү явуулах байсан 70.000 төгрөгөө дэлгүүрийн  орлогын хайрцгандаа хийх гээд үзтэл тухайн өдрийн орлого 5 ширхэг  20.000 төгрөг, 6 ширхэг 10.000 төгрөг бусад дэвсгэрт нь хэд байсныг санахгүй байна Тэгээд мөнгөө хийхээ болиод орхисон.  Тухайн өдөр бэр Энхдулам хүүхдээ харангаа дэлгүүрт сууж байсан. Тэгээд сууж байтал манай бэр надад хандан та дэлгүүрийн  орлогын  бүхэл мөнгөө авсан  уу гэж хэлсэн. Би аваагүй гээд камер шүүж үзтэл Болдбаатар аваад гарч байгаа бичлэг байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

            “... 2019.04.12-ны өдөр Болдбаатарын эхнэр нь Цэцэгбадам над дээр ирээд манай нөхөр танай дэлгүүрээс 500.000 орчим төгрөг хулгайлсан гэнэ, таны хохирлыг төлж өгье гэж хэлэхээр нь би өрөвдөөд бидний салан задгай байдал ч нөлөөлсөн гэж хэлээд 400.000 төгрөг өгчих тэгвэл гомдол санал байхгүй гэсэн.  Тэрнээс хойш хэд хоногийн  дараа Цэцэгбадам миний 5455037481 дугаартай дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн...бичиг хийлгэж авсныхаа дараа зөрүүлээд бэлнээр 200.000 төгрөг надад өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 26/

 

          5.Насанд хүрээгүй гэрч Б.Дугармаагийн: “...намайг  уг дэлгүүрт сууж байхад дэлгүүрийн орлогоос 2-3 удаа мөнгө алдагдаж байсан.  2018 оны 9 дүгээр сард намайг ажиллаж байхад 60.000 төгрөг алга болчихсон.  Мөн  түүний дараа 2018 оны 11 дүгээр сард 40.000 төгрөг хулгайд алдсан.  Би тухайн үед мөнгө  алдчихаад Амраа эгчид мөнгө дутаад байна гэж хэлдэг байсан.  Намайг хэлэх болгонд Амраа эгч намайг  хардаад чи өөрөө авсан  уу?  Ямар юманд мөнгө үрчихдэг юм бэ гэдэг байсан. Би өглөө дэлгүүрт ирээд мөнгө хүлээж аваад наймаа хийж нэмээд орой тоолохоор дутчихаад байдаг  байсан. Дэлгүүрийн орлого өдөрт 100.000 төгрөг  ойролцоогоор ордог  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

 

            6. Гэрч П.Нарантуяагийн: “...Б.Б нь “Голомт хангай” хүнсний дэлгүүрт  2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн  19 цаг өнгөрч байхад орж ирээд 2000 төгрөгөөр нэгж авсан. Мөн надад 20.000 төгрөгийн  өр өгсөн.  Тухайн  20.000 төгрөг  нь бүхэл мөнгө байсан.  Мөн нэгж авахдаа 5000 төгрөг өгөөд 3000 төгрөг хариулж авсан. Тэгээд надад 29.000 төгрөгийн өр үлдсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 32/

 

            7. Гэрч С.Барсүрэнгийн: “...Б.Б 2019 оны 4 дүгээр сарын  10-ны өдрийн 11 цагт “Батцагаан хан” ХХК-ний барааны дэлгүүрээс 6500 төгрөгийн  мотоциклийн олгой хаймар, 2500 төгрөгийн  мотоциклийн  боолт  худалдан аваад мөнгийг төлөөгүй зээлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 11 цаг 30 минутанд манай дэлгүүрт орж ирээд 4500 төгрөгөөр насосс аваад урд өдрийн 9000 төгрөгийн  өрөө өгөөд 5000 төгрөгийн гинж хасагч аваад нийт надад 18500 төгрөг өгөөд гарсан. Надад бүхэл 20.000 –тын дэвсгэрт өгөөд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  33/

8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-7/

9. Хүний биед үзлэг хийсэн  тэмдэглэл,  гэрэл зургууд /хх-ийн 8-10/

10.Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 сараас 2019 оны 4 сарын 11-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс 4 удаагийн үйлдлээр 480.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс 480.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын дэлгүүрээс мөнгө нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн  төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2,  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч С.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.МӨНХБАТ