Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00027

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00027

         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ЦЭЦ” ХХК,

Хариуцагч: “ТК” ХХК,

301.463.175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2013 оны 06 сарын 07-ны өдөр “ТК” ХХК нь манай компанитай “Цемент зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж М 42.5 маркийн цементийг 1 тонныг нь 145.000 төгрөгөөр худалдан авах, цемент тээвэрлэх тээврийн үнэ нь 1 тонн тутамд 10.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. “ТК” ХХК нь тус гэрээний үүрэгт АЯ00424619 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй **** УНМ дугаартай исүзү маркийн автомашин, АЯ00414133 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий ++++ УНР дугаартай исүзү маркийн 2 ширхэг автомашиныг барьцаалсан. Ингээд тус гэрээний дагуу манай компани 2013 оны 06 сарын 07-ны өдрөөс 2013 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2289.65 тонн буюу 361.321.450 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. “ТК” ХХК нь дээрх төлбөрөөс 156.330.000 төгрөгийн төлбөрийг төлсөн ч 200.975.450 төгрөгийн цементийн төлбөрийг төлөөгүй байна. Талууд 2013 оны 09 сарын 30-ны өдөр болон 2013 оны 12 сарын 31-ний өдөр уг үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж баримт үйлдсэн. Хариуцагч тооцоо нийлж баталаажуулснаас хойш төлбөрөө төлөлгүй 2 жил 3 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд төлбөр төлөх талаар удаа дараа шаардаж байсан ба хариуцагч нь бусдаас авах авлагаа аваад төлнө, орон сууц шилжүүлнэ гэх зэргээр төлбөрөө төлнө гэдэг ч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс гэрээний дагуу цементийн төлбөр 200.975.450 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцсон ба алдангид 100.487.725 төгрөг, нийт 301.463.175 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “ЦЭЦ” ХХК-тай 2013 оны 06 сарын 07-ны өдөр 500 тн цемент худалдан авах гэрээ хийж, түүнийгээ авч үнийг нь төлсөн. Энэ нь 77.500.000 төгрөг юм. Түүнээс цааш бэлэн мөнгөөр нь цемент аваад яваад байсан, бичгээр гэрээ хийгээгүй. Ер нь бол авсан цемент, төлсөн мөнгө, төлөөгүй үлдэгдэл мөнгө дээр маргах зүйл байхгүй. Үлдэгдэл төлбөр болох 200.975.450 төгрөгний 146.389.868 төгрөгт нь “ХЦ” ХХК-ийн барьж буй Голден вилл орон сууцны барилгаас 73.95 м.кв талбайтай байрыг өгөх, үлдсэн 54.585.582 төгрөгийг өөр байр, машинаар хийхээр тохиролцсон. “ХЦ” ХХК манайд өртэй байсан юм. Гэтэл тэр байрны үнийг байранд орсон хүнээс нь “ХЦ” ХХК авсан байна, үүнийг тухайн үедээ хэлээгүй, бид 146.389.868 төгрөгийг төлөгдсөн гэж бодож явж байсан. Алдангийн хувьд аль аль тал яриагүй учраас төлөх боломжгүй. 200.975.450 төгрөгийг төлнө гэв.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд Д.Г-ыг гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

            Шүүх нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, “ТК” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлүүд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу цементийн үнэ 200.975.450 төгрөгийг, алданги 100.487.725 төгрөгийн хамт нийт 301.463.175 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч ТК ХХК нэхэмжлэгч “ЦЭЦ” ХХК -тай 2013 оны 06 сарын 07-ны өдөр 500 тн цемент худалдан авах гэрээ хийж, 1 тонн цементийн үнийг 145.000 төгрөгөөр, цемент тээвэрлэх тээврийн үнийг 1 тонн тутамд 10.000 төгрөгөөр тооцон 2013 оны 06 сарын 28-ны дотор төлөхөөр  тохиролцон, үүргийн гүйцэтгэлд ТК ХХК **** УНМ дугаартай исүзү маркийн автомашин, ++++ УНР дугаартай исүзү маркийн 2 ширхэг автомашиныг барьцаалсан болох нь гэрээнүүдээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас 2013 оны 06 сарын 07-ны өдрөөс 2013 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд худалдан авсан цемент нийт 2289.65 тонн, түүний үнэ 361.321.450 төгрөг болсон байх ба 156.330.000 төгрөгийг 2013 оны 09 сарын 30-ны өмнө төлсөн болох нь талуудын тайлбар, тооцоо нийлсэн баримтаас харагдаж байна.

 

Хариуцагч “ТК” ХХК нь цементний үнийн үлдэгдэл төлбөр 200.975.450 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргаж байна. Тэрээр татгалзлаа тайлбарлахдаа бичгээр хийсэн гэрээний үүргийг биелүүлж, барьцааны автомашин чөлөөлөгдсөн, түүний дараа мөнгөөр нь цемент авсан, 146.389.868 төгрөгт тооцож “ХЦ” ХХК-ийн барьж буй Голден вилл орон сууцны барилгаас 73.95 м.кв талбайтай орон сууцыг “ЦЭЦ” ХХК-д өгөхөөр 3 талаас ярьж тохиролцсон, орон сууцыг аваагүй тухай “ТК” ХХК-д мэдэгдэхгүй явсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн тайлбарыг хүлээн авахаар байна.

Талуудын 2013 оны 06 сарын 07-ны өдөр хийсэн гэрээгээр 500 тн цемент худалдан авах, үнийг 2013 оны 06 сарын 28-ны дотор төлөх, үнэ 77.500.000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлд ТК ХХК **** УНМ дугаартай исүзү маркийн автомашин, ++++ УНР дугаартай исүзү маркийн 2 ширхэг автомашиныг барьцаалсан зэргээс үзэхэд гэрээг цаашид үргэлжлүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна.

Гэрээний 5.2-т “худалдан авагчийн хүсэлтийн дагуу нийлүүлсэн цементийг хүлээн авсан тухай зарлагын баримт дээр тоннын хэмжээ, үнийг дэлгэрэнгүй бичсэн байх бөгөөд хэрэв захиалгын дагуу нийлүүлэх цементийн хэмжээнээс илүү нийлүүлэгдсэн бол худалдан авагч тухай бүр нь төлбөрийг нэмж төлнө” гэж заасан тул  энэ гэрээ илүү нийлүүлэгдсэн бүх цементэд хамааралтай гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Гэтэл гэрээний дээрх заалт дахь илүү нийлүүлэгдсэн гэдэг нь 2013-06-28-ны дотор үнэ нь төлөгдөх ёстой цементийн хувьд яригдахаар ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, цемент хэд хэдэн удаагийн нийлүүлэлтээр нийлүүлэгдэх ба худалдан авах цементээ 24 цагийн өмнө бэлтгэн нийлүүлэгчид утсаар захиалга өгөх (гэрээний 2.4) ёстой, нийлүүлэгдэхдээ захиалсан хэмжээнээс илүү нийлүүлэгдвэл худалдан авагч үнийг нь нэмж төлөх тухай заасан байна.

2013-06-28-ны өдрөөс хойш нийлүүлэгдэх цементийн үнийг хэдийд, хэрхэн яаж төлөх тухай заалт гэрээнд байхгүй байгаа нь гэрээ зөвхөн түүгээр тогтоосон хэмжээний  (500 тн) цементийн хувьд үйлчлэх гэрээ гэдэг нь тогтоогдож байна.

Мөн түүнчлэн “ТК” ХХК, “ХЦ” ХХК-иуд хоорондоо авлага өглөгтэй болох нь тооцооны баталгаанаас харагддаг, “ТК” ХХК “ХЦ” ХХК-иас авах авлагатаа түүний барьж буй Голден вилл орон сууцны барилгаас 73.95 м.кв талбайтай орон сууцыг тооцон авах, уг орон сууцыг “ЦЭЦ” ХХК-д өрөндөө өгөхөөр 3 талаас тухайн үедээ ярьж тохиролцож, “ХЦ” ХХК-иас “ЦЭЦ” ХХК-д шууд шилжүүлэх болсон тухай хариуцагч болон гэрч мэдүүлж байна. Харин орон сууцыг авч чадаагүй тухай “ТК” ХХК-д тэр дор нь мэдэгдээгүйгээс өр төлөгдөөгүй хугацаа алдсан байдал харагдаж байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн худалдсан цементийн үнийн үлдэгдэл  200.975.450 төгрөгийг хариуцагчаар төлүүлж, нэхэмжлэлийн алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1-ийг баримтлан “ТК” ХХК-иас 200.975.450 төгрөгийг гаргуулж “ЦЭЦ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 100.487.725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.665.270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.162.827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          С. БУД