| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/01294/И |
| Дугаар | 210/МА2024/02068 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02068
2024 11 29 210/МА2024/02068
Л.Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03588 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Б гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч СБД ЭМТ д холбогдох
СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Л.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр СБД ЭМТ ийн даргаар томилогдож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/00364 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож Л.Б г эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6-д зааснаар СБД ЭМТ ийн зөвлөх эмчээр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс ажиллаж, мөн хуулийн 58.2-т зааснаар өмнөх ажилд эгүүлэн томилох шийдвэрийг хүлээсэн.
1.2.Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан Н.У утсаар холбогдож, ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан. СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б н 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.35.1 дэх заалтыг баримталжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан байх ба Л.Б 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б д ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журамд гарын үсэг зураагүй, зурах ч шаардлагагүй байсан. Тэрээр ажилдаа эгүүлэн томилогдож нэр төрөө сэргээнэ гэсэн хүлээлтэй байсан учир тэтгэвэрт гарах бодол байгаагүй. Харин 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах тушаал гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тэтгэвэрт гарах хүсэлт нөхөн бичүүлж хууль зөрчин ажлаас чөлөөлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
СБД ЭМТ д зөвлөх эмчээр ажиллаж байсан Л.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан. Ийнхүү Л.Б гийн хүсэлтийн дагуу СБД ЭМТ ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан СБД ЭМТ д холбогдох, СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн мэтгэлцэх эрхийг хааж, мөн гэрч оролцуулах хүсэлт гаргасан байхад гэрчээс асуулт асуух бололцоог хангалгүй гэрчийг эчнээ асуусан.
4.2.Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.2 дахь заалтыг зөрчсөн, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө 30-аас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэж саналыг авсан байхаар хуульчилсан болохоос өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэж хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтаар дарамт шахалт үзүүлж 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэсэн огноотой тушаал гаргаад хэд хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлж тэтгэвэрт гарах хүсэлт бичүүлж хууль зөрчсөнийг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой. Хэрэгт дүүргийн Засаг даргын орлогч М.А ийн тайлбар нотлох баримт байхад буруу шийдвэрлэсэн.
4.3.Л.Б г зөвлөхөөр томилох тушаал нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгох хугацаа болохоос хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй ажилд томилох биш, түүний албан тушаалыг булаан авсан этгээд өөрийг нь ажлаас чөлөөлөх хугацаа бүр биш юм.
Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл буюу өөрийн хүсэлт саналаар биш, 80 дугаар зүйлийн 80.2 дахь заалтыг зөрчин хөдөлмөрийн харилцааг дуусгасан талаарх Б/64 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч СБД ЭМТ д холбогдуулан СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалаар зөвлөх Л.Б г 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Уг тушаалд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8.35.1 дэх заалтыг баримталж, өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн үндэслэл заажээ.
3.1.Анхан шатны шүүх Л.Б гийн бичсэн ...өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийн агуулгыг зөв тогтоосон боловч маргааны зүйл болсон уг өргөдөл бичигдсэн цаг хугацааг анхаараагүй нь алдаатай болжээ. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.А ийн тайлбар гэсэн бичгийн баримт, М.А ийн гэрчийн мэдүүлэг болон уг албан тушаалтны ажлын өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр СБД ЭМТ ийн нэр бүхий албан тушаалтнуудын үйлдсэн тушаал хүлээлцсэн тэмдэглэл зэрэг баримтаар ажилтан Л.Б гийн өргөдөл 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
3.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэхээр мөн хуулийн 79.2 дахь хэсэгт зохицуулсан.
Маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалд ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн талаар дурдсан байх боловч тухайн цаг хугацаанд ажилтан Л.Б гээс бичгээр хүсэлт гаргаагүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн албан өрөөнд Сүхбаатар дүүрэгт шинээр баригдаж буй шинэ нэгдсэн эмнэлгийн төслийн ажлын төлөвлөгөө, төсвийн төсөөллийг хэлэлцүүлж батлах хуралд оролцож ажил үүргээ гүйцэтгэж байх үед дээрх хүсэлтийг нөхөн бичүүлэн авчээ. Иймээс ажил олгогчийн дээрх шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэх боломжгүй.
4.Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчаас шаардсан ба ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй хэдий ч уг шаардлагыг шүүх дор дурдсан үндэслэлээр хангах боломжгүй байна.
4.1.СБД ЭМТ ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/258 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д заасныг баримтлан Л.Б г зөвлөхөөр 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Тус хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д заасан түр ажлын байранд ажиллуулах хугацаатай хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаал гарах үед ажилтан Л.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байсан тул уг гэрээг мөн хуулийн 50.3 дахь хэсэгт зааснаар анх байгуулсан хугацаагаар буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 115 хоногийн хугацаагаар сунгагдсанд тооцно.
4.2.Гэвч хөдөлмөрийн эрхийн маргаан хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэгдэх явцад Л.Б гийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна. Энэ тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн сунгагдсанд тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулаагүй тул шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй.
4.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ СБД ЭМТ ийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны Б/71 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/00364 дугаар шийдвэрээр тогтоож ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийг биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6-д зааснаар СБД ЭМТ ийн зөвлөх эмчээр ажиллаж, мөн хуулийн 58.2-т зааснаар өмнөх ажилд эгүүлэн томилох шийдвэрийг хүлээсэн гэх үндэслэл заасан нь тус маргаанд хамааралгүй. Учир нь тухайн маргаан нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбоотой байх тул энэ иргэний хэргийн хүрээнд дээрх шийдвэрийг Нийслэлийн эрүүл мэндийн газар биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч байгууллагын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/258 тоот тушаал нь талуудын маргааны зүйл болоогүйг дурдах нь зүйтэй.
5.Харин ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтан Л.Б гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний цалингийн картыг (хх 119) үндэслэн 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын цалин хөлсний нийлбэрээс нэг сарын дундаж цалинг 1,800,000 төгрөг, түүнээс нэг өдрийн цалинг 85,714.28 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 1 сар 18 өдрийн олговорт 3,342,857 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Ажил олгогчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул бие даасан шаардлагаар шийдвэрлэхгүйг дурдах нь зүйтэй.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч СБД ЭМТ өөс 3,342,857 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэгч Л.Б гийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч СБД ЭМТ д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч СБД ЭМТ өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА