| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/0857/и |
| Дугаар | 182/ШШ2016/00028 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2016/00028
| 2016 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 182/ШШ2016/00028 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: МХСТӨ ХХК
2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: МХСТӨхязгаарлагдмал хариуцлагатай компанийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтан Д.Гг бүтэц орон тоо, үйл ажиллагааны чиг үүрэг шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Тухайн нэгжийн орон тоо нэмэгдсэн байтал ажлаас чөлөөлсөн, мэргэжлийн ур чадвар, ажилласан жил, дадлага туршлагыг харгалзан үзээгүй, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй зэргээс харахад уг тушаал илэрхий алдаатай байгаа нь харагдаж байна. Д.Г тус байгууллагад 2007 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс нэхэмжлэгч Маркетинг гэрээ хэлцлийн хэлтэст орлогын ажилтан гэсэн орон тоонд ажилладаг нь харагдана. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос олгуулж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг тус тус гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: МХСТӨхязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүтэц орон тоо өөрчлөх тухай А/104 тоот тушаал гарч зарим орон тоог цөөрүүлэх, хасах болсон. Д.Ггийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу гэрээг цуцлах талаар мэдэгдэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Компанийн Бодлого төлөвлөлтийн газар нь стратеги төлөвлөлтийн, маркетинг гэрээ хэлцлийн, судалгааны гэсэн 3 хэлтэстэй байснаа 2 хэлтэстэй болсон. Зарим нэг орон тоог үгүй болгосон. Судалгааны хэлтэс задарч зарим ажилтан маркетинг гэрээ хэлцлийн хэлтэс рүү, зарим нь өөр газар руу шилжсэн гэв.
Шүүх нэхэмжлэл, ажлаас чөлөөлөх тушаал, хөдөлмөрийн гэрээ, хавсралт, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Бодлого төлөвлөлтийн газрын бүтэц, орон тоо, Бүтэц орон тоо үйл ажиллагааны чиг үүрэг батлах, шинэчлэн батлах тухай захирлын тушаалууд, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, бүртгэл хяналтын карт болон бусад нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг даалгуулахыг хүсэж байна.
МХСТӨхязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалаар тус компанийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтан Д.Гг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Д.Г нь МХС компанид 2007 оноос эхлэн ажилласан байх ба шүүхэд ирүүлсэн ажил олгогч, ажилтны хооронд 2014 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгчийг орлогын ажилтны албан тушаалд ажиллуулахаар, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс цалинг нэмж, 710.000 төгрөгөөр цалинжуулах, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй сунгасан байдлууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтонд нэгжийн нэрийг Бодлого төлөвлөлтийн газрын Маркетинг гэрээ хэлцлийн хэлтэс, ажлын байрны нэрийг орлогын ажилтан, шууд харъяалан удирдах албан тушаалын нэрийг Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн дарга, ажлын байрны зорилгыг компанийн орлогын шинжилгээ, төлөвлөлт хийж, гүйцэтгэлийг хянах, ажлын байрны үндсэн зорилтыг орлогын төлөвлөгөө боловсруулан гүйцэтгэлийг гаргах, харилцан холболтын тооцоо хийх, компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн гэрээнд дугаар олгож, бүртгэл хөтлөх, гэрээний орлогын биелэлтийг хянах, орлогын шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, ажлаа тайлагнах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж тодорхойлжээ.
Компанийн урьдын зохион байгуулалтын бүтцээр Маркетинг гэрээ хэлцлийн хэлтэс нь хэлтсийн даргаас гадна борлуулалтын болон маркетингийн багийн 6 ажилтны орон тоотой ажиллаж байсан байх ба компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/104 тоот тушаалаар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиг үүргийг шинэчлэн батлахад Маркетинг гэрээ хэлцлийн хэлтэст ашиглалт үйлчилгээний багийн 6 ажилтны орон тоо нэмэгдсэн ба борлуулалтын болон маркетингийн багийн 6 ажилтны орон тоо хэвээр байгаа нь харагдаж байна.
Компанийн зохион байгуулалтын урьдын болон одоогийн бүтцэд нэхэмжлэгчийн ажлын байр яг орлогын ажилтан гэсэн нэрээр биш ажилтан гэсэн нэрээр тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгч чухам аль ажилтны орон тоонд ажиллаж байсныг хариуцагч ялгаж хэлж мэдэхгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан гэсэн нь тогтоогдохгүйн зэрэгцээ уг орон тоог хассан гэх үндэслэл тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор (710.000:21.5х130) 4.293.023 төгрөг байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/455 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Гг “МХС” ХХК-ийн Маркетинг гэрээ хэлцлийн хэлтсийн орлогын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “МХС төрийн өмчит” ХХК-аас 4.293.023 төгрөгийг гаргуулж Д.Гд олгосугай.
3. Д.Гд олгох ёстой мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 83.638 төгрөг гаргуулж улсад олгосугай.
5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД