Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024   11  29  210/МА2024/02069

 

 

 

 

БГД, НДГ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03921 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч БГД, НДГ нэхэмжлэлтэй

Хариуцагч В.Т ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын бичилтийг баталгаажуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

В.Т ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2021 оны 01 дүгээр сараас хойш 241,056,511 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж, хуульд заасан арга хэмжээг авч байсан боловч төлөгдөөгүй.

Иймд нийгмийн даатгалын шимтгэл 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 10 дугаар сараас Э.Т Т ХК-д Монгол Улсын Засгийн газраас онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон шинэ удирдлагын багаар бүх үйл ажиллагаа, төслийг хянаж шалгах хүрээнд Авлигатай тэмцэх газарт шалгалт явагдаж байгаа, уг шалгалт дуусаж дүгнэлт гарснаар уг компани төслийн ажлыг хүлээн авна гэсэн хариу аваад хүлээж байна. Биднээс хамаарахгүй давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадалгүй хуримтлагдсан бөгөөд Э.Т Т ХК-аас авлага 420 сая төгрөгийг авмагц төлөх боломжтой болох учир төслийн ажлыг хүлээж авах хүртэл хүлээнэ үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Би 2018 оноос хойш В.Т ХХК-д ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иймд 2 жил 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын бичилтийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөгийг БГД НДХ нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч В.Т ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 120,528,255.5 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, бичилтийг баталгаажуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээд Б.Т д олгож, хариуцагчаас 1,363,232.5 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн төрийн сангийн 100200100941 дугаар дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нь БГД, НДГ гаргасан нийгмийн даатгалын шимтгэл, түүнээс үүссэн алдангийг төлүүлэх талаарх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон хуулийг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Вүүвүү технологи" ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин өнөөдрийн байдлаар 241,056,511 төгрөгийн шимтгэлийн өр, төлөөгүй шимтгэлд ногдуулах алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг В.Т ХХК-д даалгуулах талаар нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдөр анх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр үйлчилж эхлэн өмнөх буюу 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль хүчингүй болжээ.

Шүүх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 241,056,511 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 120,528,255.5 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж үндэслэсэн. Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөгийг БГД НДХ нийгмийн даатгалын санд төлөхийг хариуцагч В.Т ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 120,528,255.5 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3 дахь хэсэгт Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэж, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь хэсэгт Хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол гэж зааснаар 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийг буцаан хэрэглэх эрх хууль зүйн үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03921 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дэх заалт, Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан алдангийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Ажлаас гарсны дараа харьяа дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандахад тухайн байгууллага манайх хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүссэн асуудлыг шийддэг байгууллага, та харьяа дүүргийн нийгмийн даатгалын газартаа хандаарай гэж зөвлөсөн. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар дамжуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад шүүхэд хандсан байгаа, та уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож болно гэсэн тул хүсэлт гаргасан. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүх шийдвэртээ миний гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа бол хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд ханд гэсэн. Гэтэл миний гаргасан гомдол бол хөдөлмөрийн эрхийн маргаан бус, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг шаардсан шаардлага байхад шүүх процесс алгасаж шүүхэд хандсан хэмээн миний шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас би болон хамт ажиллагсад эрүүл мэндийн үйлчилгээ, банкнаас зээл туслалцаа, ажлаас гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй үр дагавар үүссэн. Мөн нэрийн данс үүсээд нэрийн дансанд байгаа төлөгдсөн нийгмийн даатгалд 2 хувь банкны хүү шиг тооцогддог болно. Нэхэмжлэгч тал Э.Т Т ХК-аас өр төлбөрөө аваагүйн улмаас төлж чадахгүй байна гэж худал мэдээлэл өгдөг, 2.5 тэрбум төгрөгийн төслийнхөө 80 хувийг буюу 2.1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Би одоо 44 настай 11 жилийн дараа тэтгэвэр, тэтгэмж тооцогдох насанд хүрэх үед 241,056,511 төгрөгийг төлөөгүй байвал тэтгэвэрт гарах нас маань хойшлогдоно эсвэл жил маань хасагдах хэмжээний хор уршиг учирч болзошгүй.

Иймд анх гаргасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Нийгмийн даатгал төлөгдөөгүй хугацаа нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөр болох 241,056,511 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Тухайн үеийн эдийн засаг хүнд байсан, Э.Т Т ХК-аас авах ёстой байсан төлбөрөө аваагүй учраас төлбөр төлөх хугацаа удааширсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн.

7.2.Гуравдагч этгээдийн төлөх ёстой нийгмийн даатгалын төлбөр нь 241,056,511 төгрөгт багтсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахын бол гуравдагч этгээдийн шаардлага давхар хангагдана. Мөн манай компани эдийн засгийн хүнд байдалд орсон ба Э.Т Т ХК-аас өр төлбөр авах ёстой.

Иймд 241,056,511 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч БГД НДГ нь хариуцагч В.Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241,056,511 төгрөг, алданги 120,528,255.5 төгрөг, нийт 361,584,766.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т нь хариуцагчид холбогдуулан 15,031,142.81 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын бичилтийг баталгаажуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч В.Т ХХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасны дагуу хариуцагчид гардуулаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хариуцагчид гардуулаагүй тул уг шаардлагын талаар зохигч талуудыг мэтгэлцсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр түүний шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

4.Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгөөгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03921 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т ын төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА