| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн 1822003550064 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .................. оршин суух хаягтай/ эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай С.А гэв.
Шүүгдэгч С.А нь 2018 оны 10 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 7-9 тоотод оршин суух иргэн М.Эын эзэмшлийн “Sanya” маркийн 50-63 ДУЗ улсын дугаартай мотоциклийг залилан авч явж 1000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
2. Яллагдагч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн төвд Эрдэнэбаяр гэх хүнтэй тааралдаад танилцсан юм. Би тэр хүнд Өмнөговь аймагт ажилладаг юм, Улаанбаатар хотоос Өмнөговь аймагруу том тэрэгтэй явж байгаад машин эвдэрчихлээ тэгээд Улаанбаатар хотруу сэлбэг захисан гэж хэлсэн. Энд таних хүн байхгүй, хонох газар муутай гэж хэлсэн юм. Тэгээд Эрдэнэбаяр гэх хүн бид хоёр нэг шил 0,75 граммын Ерөөл нэртэй архийг гудамжинд хувааж уусан. Тэгээд архи талдаа орж байхад Эрдэнэбаяр гэх хүн манай найзынд очъё, ойрхон байдаг юм гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд Аривжихийн 7-9 тоотод байх нэг айлд очсон, тэр айлд гэрийн эзэн гэх Эрдэнэбаяр ганцаараа байсан. Тэгээд аваачсан тал шил архиа 3-уулаа хувааж ууж дууссан. Тэгтэл надтай танилцсан Эрдэнэбаяр гэх ах гэрлүүгээ яваад сүүлд нь танилцсан Эрдэнэбаяр ах бид 2 гэрт нь хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр босоод байж байтал Эрдэнэбаяр гэх хүн бид хоёр дээр ирсэн. Тэгтэл гэрийн эзэн Эрдэнэбаяр ах дэлгүүрээс 2 шил 0.5 граммын Онги нэртэй архи аваад бид гурав хувааж уусан. Тэгээд би нилээд согтсон байсан учраас ахиж архи уумаар санагдаад гэрийн эзэн Эрдэнэбаяр гэх ахад хандаж надад мотоциклийнхоо түлхүүрийг өгөөч би архинд яваад ирье гэж хэлээд Эрдэнэбаяр ахын ногоон өнгийн хужаа мотоциклийг унаад Аривжихийн 7-9 тоотоос гарсан. Тэгээд тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Улаанбаатар хотруу ороод явж байсан. Замын унаанд суусан байсан. Тэгээд би халаасандаа байсан эд зүйлсээ үзтэл 350.000 төгрөг бэлнээр тал шил архи байсан. Тэгээд би халаасанд байсан 350,000 төгрөгөөрөө архи уугаад дуусгасан. Би Эрдэнэбаяр гэх хүний мотоциклийг унаж гараад Улаанбаатар хотруу яваад замдаа танихгүй хүнд 500.000 төгрөгөөр зараад тэгээд замын унаанд суугаад Улаанбаатар хотруу орсон санагдаж байна. Би тэр мотоцикль зарсан хүнээ одоо хараад танихгүй. Яг хаана зарсан талаараа сайн санахгүй байна. Би архи уусан байсан болохоор дахиж архи уумаар санагдаад мотоциклийг нь унаж гарсан, тэгээд дэлгүүр орж архи авна гэж бодож байсан юм. Тэгээд дэлгүүр оролгүй шууд Улаанбаатар хотруу явсан. Ямар зорилгоор хот явснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/
3. Хохирогч М.Эын: “...2018.10.18-ны өдөр миний найз Эрдэнэбаяр гэх залуу 20 цагийн үед Аривжихийн 7-9 тоотод байх манай гэрт нэг танихгүй залуу дагуулаад ирсэн юм. Тэр хэлэхдээ энэ залуутай гудамжинд таарсан, Улаанбаатар хотоос таван толгойн чиглэлд том машин унаж яваад машин нь аймгаас хойш эвдрээд сэлбэг олдохгүй, хотруу сэлбэг захисан, энэ залууд аймагт таних хүн байхгүй, хонох газар байхгүй гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр залууг гэртээ хонуулаад маргааш өглөө нь буюу 2018.10.19-ний өглөө босоод тэр залууд 2 шил Онги нэртэй архи авч өгөөд, Эрдэнэнбаяр бид 3 хувааж уусан. Тэр залуу 13-14 цагийн үед ах мотоциклийнхоо түлхүүрийг өгч байгаач би унаж үзээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Sanya маркийн 5063 ДУЗ улсын дугаартай мотоциклийн түлхүүрийг өгсөн. Тэгсэн тэр залуу мотоциклийг асаагаад хөдөлсөн, одоог хүртэл буцаж ирээгүй байна. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
4. Гэрч Д.Эрдэнэбаярын: “...2018.10.17-ны орой гудамжинд нэг танихгүй залуутай таарсан юм. Тэгсэн тэр залуу би Улаанбаатараас Өмнөговьруу явж байгаа юм, миний машин аймгаас хойш 20 гаран километрт байгаа, хотоос сэлбэг захисан одоо ирж байгаа гэж хэлж байсан. Тэгээд тэр оройноо сэлбэг ирлээ гээд яваад өгсөн юм. Тэгсэн маргааш орой 2018.10.18-ны орой 20 цагийн үед манай Аривжихийн 7-11 тоотод байх гэрт ганцаараа ирсэн. Би гэрийн хаягаа зааж өгсөн байсан юм. Тэр залуу хэлэхдээ машинаа янзлаад ирлээ, хотоос дүү ирсэн, дүүдээ машинаа өгөөд явуулчихлаа, дүү ачаагаа буулгаад буцаж ирээд авна гэсэн, би энд хонох газар байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Эрдэнэбаярын Аривжихийн 7-9 тоотод байх гэрт нь очоод тэр залууг хонуулсан. Маргааш нь буюу 2018.10.19-ний өглөө Эрдэнэбаярынд 08 цагийн үед очиход тэр танихгүй залуу унтаж байсан. Тэгээд сэрээд цай уучихаад дэлгүүрээс 2 шил архи авчирсан. Түүнийг нь бид 3 хувааж уугаад нилээн согтсон. Тэгсэн тэр танихгүй залуу Эрдэнэбаяраас та мотоциклийнхоо түлхүүрийг өгч байгаач би хашаан дотор унаж үеье гэсэн. Тэгсэн Эрдэнэбаяр мотоциклийнхоо түлхүүрийг өгсөн. Тэгсэн тэр залуу мотоциклийг унаад хашаанаас гараад алга болсон юм. Түүнээс хойш дахиж орж ирээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
5. Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн эд зүйл үнэлгээ хийсэн дүгнэлт, хавсралт /хх-ийн 14-15/
6. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч С.А нь 2018 оны 10 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 7-9 тоотод оршин суух иргэн М.Эын эзэмшлийн “Sanya” маркийн 50-63 ДУЗ улсын дугаартай мотоциклийг залилан авч явсан, улмаар бусдад зарж борлуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Аын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч С.Аыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч С.А нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014.08.21-ний өдрийн 967 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-53-58/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.Э 1.450.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С.А-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч М.Э гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ