| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/02917/И |
| Дугаар | 210/МА2024/02070 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02070
2024 11 29 210/МА2024/02070
Ж.Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.Б гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч НЭМГ т холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н гийн өмгөөлөгч Б.Болоржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Ж.Б нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилогдон ажилласан. Ж.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж, бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал акттай байсан. Энэ хугацаанд түүнийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба энэ нь үндэслэлгүй, ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тодорхой заагаагүй, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг яаж тогтоосон нь тодорхойгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Нийслэлийн засаг даргатай зөвшилцсөн баримт байхгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй.
1.2.Гуравдагч этгээд Э.Н г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээс өмнө Ж.Б г ажлаас чөлөөлсөн, уг тушаалд шүүхийн шийдвэрийг үндэслээгүй учир энэ маргаанд Э.Н гийн эрх ашиг хөндөгдөөгүй.
1.3.Нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалын талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир маргаанаа шийдвэрлүүлэхээр байгууллагад, улмаар Дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн, шийдвэрийг зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Иймд нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгч Ж.Б болон гуравдагч этгээд Э.Н нар нь нэг ажлын байр буюу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед түр орлон гүйцэтгэгч гэдэг нэршилтэй байсан. Энэ үед Ковидын тухай хууль үйлчилж байсан. Мөн Засгийн газраас 5Ш ажиллагааг явуулж, ажилтнууд нь тухайн албан тушаалд ажиллах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг олж тогтоох байсан. Харин Ж.Б , Э.Н нар хоёулаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж гүйцэтгэх шаардлага хангаагүй, удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй байсан.
Э.Н гийн хувьд шүүхийн шийдвэр гарч, байгууллага шийдвэрийг биелүүлж, түүнийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/80 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан ба тушаалд сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар томилсон гэдгийг тодруулж өгсөн байгаа.
Харин Ж.Б гийн хувьд ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, түүний өвчтэй чөлөөтэй байсан асуудлыг мэдэгдээгүй, процесс ажиллагааг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй юм.
2.2.Гэхдээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2990 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. Энэ шүүгчийн захирамжийг үндэслэн Э.Н г ажлаас чөлөөлж Ж.Б г ажилд нь авсан. Гэтэл Э.Н гийн гомдлоор тус шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосныг ойлгохгүй байгаа гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1.Энэхүү маргаанд Э.Н гийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анх Э.Н г Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлж, оронд нь Ж.Б г тухайн албан тушаалд томилсон байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10478 дугаар шийдвэрээр Э.Н г ажилд нь эгүүлэн тогтоосон ба Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Д/80 тоот тушаалаар Э.Н г ажилд нь эгүүлэн томилсон.
3.2.Харин Ж.Б ажлаас чөлөөлсөн тушаалаа зөвшөөрөхгүй шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч гэрээ байгуулсныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2990 дугаар захирамжаар баталсан. Гэтэл энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд хариуцагч нь Э.Н г дахиад ажлаас чөлөөлсөн, үүнийг зөвшөөрөхгүй тус шүүхэд дахин маргаан явж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Э.Н г ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний оронд ажиллаж байсан Ж.Б гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар дуусгавар болно гэж үзэж байна.
3.3.Ж.Б г өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байгаа гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар НЭМГ т холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ж.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.‑д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.НЭМГ Б/51 тоот тушаалд Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны ХЭГ/595 дугаар тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн Нийсэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 15/70 дугаар зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг удирдлага болгосон боловч хууль зүйн үндэслэлийг тодорхой болгож Ж.Б г ажлаас чөлөөлөөгүй. Ж.Б г Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, эрүүл мэндийн байгууллагын дарга болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах учиртай атал холбогдох заалтыг баримтлаагүй.
5.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон. Э.Н г 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг гарахаас өмнө Ж.Б г 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байгааг анхаараагүй.
5.3.Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Ж.Б г чөлөөлсний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын үйлчилгээ хариуцсан орлогч дарга н.Нямсүрэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл даргын ажлыг түр орлон гүйцэтгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар чөлөөлөгдөж Э.Н томилогдсон. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/157 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн өөр харилцаа үүссэн, уг харилцаа 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүсч үргэлжлэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болж, одоо шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ж.Б нь Э.Н гийн оронд томилогдсон. Э.Н анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон тул Ж.Б тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Нэг албан тушаалд 2 хүн томилогдон цалин олговор өгөх нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсаны улмаас Э.Н г 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр томилоод 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр чөлөөлсөн. Нэхэмжлэгч тушаалыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд буюу гурван талт хороонд нэхэмжлэлээ гаргах ёстой байтал хугацаандаа гаргаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч НЭМГ т холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Н нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарлажээ.
3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 9,587,326 төгрөгийг олгохоор зохигч эвлэрсэн ба шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг захирамжийг хүчингүй болгожээ.
3.2.Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдож Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/41 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласан байна.
Хэрэгт Б/41 тоот тушаал авагдсан байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг байгууллагын үйл ажиллагааг хариуцаж, удирдан зохион байгуулж удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн хариуг заасан хугацаанд удаа дараа ирүүлээгүй, хувийн хэргийн материалыг бүрдүүлж өгч хөдөлмөрийн гэрээ хийх тухай удаа дараа хэлсэн боловч одоо болтол хийгээгүй, өргөдөл гомдлын зөрчил тоо их гаргаж хууль тогтоомж, журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэл зааж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлжээ.
Мөн нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг маргаснаар түүний эрх зөрчигдсөн нь хэрхэн сэргээгдэх, тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэснийг хэрхэн үзэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор 9,587,326 төгрөг түүнд олгогдсон эсэх, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/41 тоот тушаал гарч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа үйл баримттай хэрхэн уялдах нь тодорхойгүй байх ба талууд эдгээр асуудлаар мэтгэлцээгүй, маргааны зүйл тодорхой болоогүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байвал шүүх тодруулах, талуудыг маргаанд чиглүүлэх ажиллагааг хийх учиртай.
5.Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА