Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

                                   

    

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Н.Дт холбогдох 1922000000068 тоот хэргийг 2019 оны 05 сарын 17-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин  механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ................тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй хэрэг хариуцах чадвартай, Н.Д гэв.

 

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” баарны гадаа М.Згийн биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Мандалын 11-12 тоотод найзуудтайгаа уулзаад архи уусан. Тэнд ууж байгаад 21 цагийн үед Нитро бааранд ороод 2 шил архи уусан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

2.Хохирогч М.Згийн: “...2019.04.29-ний өдөр манай төрсөн эгч Өлзийсайхан, эгч Отгонбаяр, Энхцэцэг, нөхөр Очир, хүргэн ах Мөнх-Эрдэнэ нарын хамтаар “Нитро”  бааранд орсон. ...Бид нар машинд суугаад явах гэсэн чинь шар өмдтэй залуу нь манай машины ар талд зогсоод явуулахгүй, улаан өнгийн цамцтай залуу нь жолоочийн талын хаалгыг нээгээд Түдэв гэдэг залуу нь жолоочийн арын хаалгыг нээгээд бид нарыг явуулахгүй байсан. Тэр үед улаан өнгийн цамцтай залуу нь жолоо барьж байсан Мөнх-Эрдэнэд хандан

 

 

яриа мариа байна уу гээд дээрэлхээд байсан. Тэр үед Энхцэцэг эгч маргаан зодоон хэрэггүй, та нар явцгаа гээд машинаас хөндийрүүлээд машиндаа эргээд суугаад явах гэсэн чинь улаан өнгийн цамцтай залуу нь алаараа яасан ийсэн янхнууд эгч бид нарыг хашгирч доромжилсон. Энхцэцэг, Отгонбаяр эгч нар машинаас гараад та нар эмэгтэй хүнийг янхан гэж хэллээ гэж уурласан. Тэгсэн чинь улаан өнгийн  цамцтай залуу нь манай эгч Энхцэцэгийг  үснээс нь зулгаагаад доош  нь дараад газар сөхрүүлчихсэн байсан. Отгонбаяр эгч Энхцэцэг эгч дээр очих гэсэн  чинь нэг  нь хорьсон  байсан. Би тэр улаан өнгийн  цамцтай залуугийн цагаан  өнгийн  бүчнээс нь зуурсан чинь тэр залуу эргэж хараад миний толгойн зүүн талд буюу хацар, чихний харалдаа гараараа хүчтэй цохисон. Миний нүдэнд гялс гээд харанхуйлаад сонин  болоод явчихсан. Нэг мэдсэн чинь нэг залуу намайг тэврээд сэгсэрч байсан. Над дээр эгч нарын нэг нь ирээд миний өөдөөс сэвсэн. Тэгээд би амьсгаа аваад нэг юм сэргэсэн. Одоо надад гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

3.Гэрч М.Отгонбаярын: “...2019.04.29-ний өдөр манай төрсөн эгч Өлзийсайхан, Энхцэцэг, дүү Зандраарагчаа, хүргэн дүү Очир, хүргэн ах Мөнх-Эрдэнэ нарын хамтаар “Нитро”  бааранд орсон. Бид нар тэнд хүний нэг шил пиво авсан. Бид нарын ширээнээс баруун урд талын ширээн дээр 4-5 залуучууд сууж байсан. Бид нар бүжиглэж байхад манай хүргэн дүү Очирыг тэр хэдэн залуучууд бүжгийн талбай дээр өдөөд түлхээд, шүргээд, хуруу гараараа янз янзаар зангаад байсан. Бид нар ширээндээ сууж байхад шар өнгийн өмдтэй хар фудволк, саравчтай малгайтай залуу манай ширээн дээр ирээд хүргэн дүү Очирыг дуудаад гадаа гарья, яриа, уулзаа байна гэсэн. Тэгсэн чинь манай төрсөн эгч Энхцэцэг тэр залууд хандан ямар уулзаан байдаг юм, юун уулзаан юм гэж хэлээд хүргэн дүү Очирыг ширээнээс босгоогүй. Бид нар баарнаас гараад машиндаа сууцгаасан. Тэгээд бид нар машинаа хөдөлгөөд ухраад явах гэсэн чинь шар өмдтэй залуу манай машины ар талд тэгнээд манай машиныг зогсоосон. Тэгээд тэр залуу манай автамашины хаалгуудыг нээгээд бид нарт хандан хэнд ямар уулзаан байна гээд манай машиныг тойроод яваад байсан. Тэгсэн манай төрсөн эгч Энхцэцэг машинаас гараад та нар хаашаа юм, хүн амьтан явуулахгүй, ямар учиртай юм гэж хэлээд машиндаа эргээд суусан. Тэгсэн чинь улаан өнгийн малгайтай цамцтай залуу муу ямар  гичүүнүүд, алаараа юугаа яагаарай гэж хэлээд  элдэв янзаар хашгираад бид нарыг доромжлоод байсан. Манай хүргэн дүү Очирыг хүүхнүүдээр хүрээлүүлээд ичихгүй бол өөрөө гараад ир гэж доромжлоод үгээр идээд өдөөд байсан. Тэгсэн чинь манай эгч Энхцэцэг машинаас гараад биднийг доромжлоод байсан  улаан  малгайтай залууд хандаж чи ер нь юу гээд байгаа юм бэ гэж хэлээд цамцнаас нь бариад авсан. Тэгсэн тэр залуу манай эгчийг шууд нэг гараараа толгойд нь цохиод нөгөө гараараа гэзэгнээс нь зулгаагаад хөлөөрөө ташаа хавьд нь өшиглөөд унагаасан.  Тэгэхээр  нь манай төрсөн дүү Зандраарагчаа тэр залуу дээр очоод хорих гээд голоор нь орсон чинь тэр манай эгчийг зодсон залуу Зандраарагчааг шууд нүүрэнд нь гараараа цохисон.  Манай дүү газар муужраад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

4.Гэрч М.Энхцэцэгийн:“... 2019.04.29-ний өдөр манай төрсөн эгч Өлзийсайхан, дүү Зандраарагчаа, хүргэн дүү Очир, хүргэн ах Мөнх-Эрдэнэ нарын хамтаар “Нитро”  бааранд орсон...Бид нар ширээн дээрээ очоод тооцоогоо хийх гэж байсан чинь шар өмдтэй залуу манай ширээн дээр ирээд манай хүргэнд хандан уулзая, гараад ир, чи босоод ир гээд өдөөд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи танихгүй юм байж цаашаа яваач гэж хэлсэн.Тэгсэн чинь тэр залуу бид нарт хандан би наад ширээний чинь тооцоог хийчихье, тэгээд наад залуутай чинь юм ярьж болох уу гэж хэлсэн. Би тэр залууд бид нар тооцоогоо хийчихсэн, цаашаа яв гэж хэлсэн. Тэр залуу намайг чи манай Дундговийнх мөн үү манай Дундговьд чам шиг ийм  ааштай хүн байхгүй, би аймагтаа ирэлгүй зургаан жил болчихоод өчигдөр ирсэн гэж хэлээд баарнаас гараад явсан...Тэгээд хаалгаа хаатал шар өнгийн өмдтэй залуу яриа хөөрөө байна уу гээд манай машины арын хаалгыг нээсэн. Тэгсэнээ манай жолоочийн хаалгыг нээгээд яриа мариа байна уу гээд Мөнх-Эрдэнээс хэрүүл өдөөд байсан.

 

Мөнх-Эрдэнэ тэр залууд хандан чамтай юм яриагүй байнааа янз бүрийн юм хэлсэн хүн алга  байна гэж хэлсэн...Тэгээд тэр залуу миний сууж байсан талын хаалгыг нээсэн. Би тэр залууг цаашаа гээд гараараа түлхээд хаалгаа хаах гэсэн чинь улаан өнгийн цамцтай залуу хүрч ирээд муусайн гичийнүүд, алаараа юу хийсэн гичийнүүд, янхнууд байна гээд хүний амнаас гарах гарахгүй үг хэлсэн. Би тэр үед машинаас гараад тэр залууд хандан чи болиоч хүний олон хүнээ барьдаггүй юм. Ганц залуу барьж идэх нь үү гэж хэлээд тэр залууг  машинаас холдуулах гээд цамцнынх нь хажуунаас татсан. Тэгтэл тэр залуу миний нүүрний зүүн хэсэгт гараараа цохисон. Дараа нь миний гэзэгнээс зулгаагаад доош дугтарсан. Би газар унасан чинь тэр залуу миний хэвлийн баруун хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл манай дүү Зандраарагчаа машинаас гарч ирээд болиоч гэж тэр залууд хэлээд хажуунаас нь татсан чинь манай дүү Зандраарагчаагийн зүүн нүдний харалдаа гараараа цохиод авсан. Манай дүү муужраад амьсгаа авч чадахгүй унасан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 7-8/

 

5. Гэрч М.Өлзийсайханы: “...2019.04.29-ний өдөр би дүү Энхцэцэг, Отгонбаяр, Зандраарагчаа түүний нөхөр Очир, нөхөр Мөнх-Эрдэнэ нарын хамтаар нитро бааранд орсон...Тооцоогоо хийх гээд ширээн дээр байж байсан чинь бид нарын ширээн дээр шар өнгийн өмдтэй залуу ирээд Очиртой юм ярья, хамт гадаа гарья гээд байсан. Тэгсэн Энхцэцэг ярих юм байвал энд ярь гээд Очирыг баарнаас гаргаагүй. Тэгсэн чинь тэр залуу та нар тооцоогоо хийх гээд байгаа юм уу, тооцоог чинь хийчихье гээд байсан. Тэгээд Очир луу тэр шар өмдтэй залуу гарч ярилцая гэж өдөж байгаад баарнаас гарсан. Бид нар машиндаа суугаад явах гэсэн чинь шар өмдтэй залуу нь манай машины ар талд зогсоод явуулахгүй байсан. Тэгсэнээ тэр залуу Очирт хандан наашаагаа гараад ир, эмэгтэй хүний ард нуугдаад байх шаардлагагүй гэж хэлээд байсан. Тэр үед улаан өнгийн цамцтай залуу жолоо барьж байсан Мөнх-Эрдэнэд хандан яриа мариа байна уу гээд дээрэлхээд байсан.Тэр үед Энхцэцэг зодоон хэрэггүй, та нар явцгаа гэж хэлээд тэд нарыг машинаасаа холдуулаад машиндаа суугаад явах гэсэн чинь улаан өнгийн  цамцтай залуу нь бид нарыг алаараа яасан ийсэн янхнууд гээд хэлэх хэлэхгүй муу муухай үгээр хашгирч доромжилсон. Энхцэцэг, Отгонбаяр нар машинаас гараад та нар эмэгтэй хүнийг янхан гэж хэллээ гэж уурласан. Тэгсэн улаан өнгийн цамцтай залуу нь Энхцэцэгийг үснээс нь зулгаагаад, дугтраад доош нь дараад газар сөхрүүлж унагаасан. Отгонбаяр Энхцэцэг дээр очих гэсэн чинь нэг залуу Отгонбаярыг хориод байсан. Зандраарагчаа Энхцэцэг дээр хүрээд очсон чинь тэр улаан өнгийн  цамцтай залуу Зандрааг шууд гараараа цохиод газар унагасан. Манай дүү Зандраа газар гулжгасхийгээд унасан. Би сандраад шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

6. Гэрч Б.Цэрэнтогтохын: “...2019.04.29-ний өдрийн орой би найз Мөнх-Оргилтой Мандалын  11-14 тоотод байдаг гэрт нь очиж уулзсан.Тэгээд тэдний баруун талын хамар хашаанд байдаг Дүүрэнбаяртай уулзсан. Дүүрэнбаяртай Түдэв гэдэг залуу хамт байсан. Бид нар “Нитро” баар орохоор тохиролцоод 21:00 цагийн үед “Нитро” бааранд орсон....тэгээд баар хаахаар болоод баарнаас гарсан чинь баарны үүдэнд Дүүрэнбаяр саарал пальтойтой эмэгтэйг гараараа цохиод авсан.  Тэгтэл Дүүрэнбаярт цохиулсан эмэгтэй газар унасан. Би тэр хүүхнийг  араас нь тэвэрч аваад сэгсрээд дараа нь Нитро баарны хананд шахаж байгаад хацарруу нь алгадаж байгаад сэрээсэн.  Тэгтэл тэнд байсан саарал пальтойтой залуу намайг үсдсэн. Тэгсэн чинь хамт явсан нэг эмэгтэй нь тэр залууг надаас салгаад алгадаж авч байсан. Тэгээд Цагдаагийн машин ирсэн, бид тэр газраас зугтаагаад явж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

7. Гэрч О.Мөнх-Оргилын: “...Нэг мэдсэн чинь тэнд хэрүүл маргаан болчихсон. Дүүрэнбаяр тэр эмэгтэйчүүдийг хараалын үгээр хараасан. Тэгээд тэр машинд суусан байсан хүмүүс бүгд машинаасаа буугаад ирчихсэн байсан. Дүүрэнбаяр дээр цаанаас нэг жижигхэн биетэй хүүхэн ирж байгаа харагдсан. Би тэр хүмүүст одоо больцгоолдоо уучлаарай гэж хэлж байсан. Нэг мэдсэн чинь тэр хүүхэн газар хэвтэж байсан. Миний найз Цэрэнтогтох гэх

 

хүүхнийг газраас аваад араас тэврээд сэгсэрч байсан... нэг мэдсэн саарал пальтойтой жижигхэн биетэй хүүхэн газар муужраад уначихсан байсан. Цэрэнтогтох тэр хүүхнийг  араас нь тэврээд сэгсэрч байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14/

 

8. Гэрч Н.Түдэвдагвын:  “...намайг тэр залуутай уулзаад зогсож байхад Дүүрэнбаяр миний араас тэр хүүхнүүдтэй хэрэлдээд байсан. Би эргэж хараад Дүүрэнбаяр дээр очоод Дүүрэнбаярыг аваад баарруу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

9. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 190200116 дугаартай “..М.Энхцэцэгийн биед баруун гарын сарвууны зөөлөн эдийн гэмтэл, өвдөгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”  гэх дүгнэлт  /хх-ийн 17/

 

10. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 190200117 дугаартай “...М.Згийн биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Тархи доргилт гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шанааны зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ” гэжээ. /хх-ийн 22/

 

Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” баарны гадаа М.Энхцэцэг, М.З нарын биед халдаж, зодсон үйл явдал болсон бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч М.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Дын зодсон үйлдлийн улмаас М.Энхцэцэгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд М.Энхцэцэгийн зодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Дын хохирогч М.Зг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

Шүүгдэгч Н.Д нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан  болох нь  хэрэгт авагдсан  шийтгэх тогтоолын хуулбараар /хх-4651/ тогтоогдож байна.

 

 

 

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч М.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дт 600 нэгжээр буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан  торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1000.000 /нэг сая/ төгрөг төлсөн ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ