Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/02132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  12  09  210/МА2024/02132

 

 

Э.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04181 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Г ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Г т холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний хувийн Г.Х ХХК-д ажиллаж байсан нярав Т.Г нь нягтлан бодогч Л.Т тай бүлэглэн үйлдсэн эрүүгийн хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/279 тоот шийтгэх тогтоолоор миний хохирлыг Т.Г , Д.Т нарын өмчлөлд бүртгэгдсэн *** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, ***дүгээр хороолол, *** дугаар байр,*** тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх замаар хангахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагаагаар уг орон сууцыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан болно. Гэвч өнөөг хүртэл орон сууцыг суллаж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч Э.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар зүйлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Г ээс 80,662,000 төгрөгийг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг Д.Т , Т.Г нарын өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 16 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг хохирогч Г.Х ХХК-ийн захирал буюу хууль ёсны төлөөлөгч Э.Г од шилжүүлэх замаар хангуулахыг Т.Г т даалгасугай гэж шийдвэрлэсэн. Би 80,662,000 төгрөгийн хохирол төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй бол орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, илүү гарсан мөнгийг хариуцагч Т.Г авахаар шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад хохирол барагдуулахаар 2 авто зогсоолыг хохирогчид шилжүүлсэн. Хэрэв орон сууцыг мөн шилжүүлэхээр байсан бол шийтгэх тогтоолд Т.Г ээс 80,662,000 төгрөг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий орон сууцаар хангуулахаар шийдвэрлэхгүй байсан. Учир нь тухайн үед эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед орон сууцны зах зээлийн үнэ нь тогтоогдоогүй учраас эрүүгийн шүүх хохирлын хэмжээг 80,662,000 төгрөгөөр тогтоож өгсөн юм. Түүнээс уг 80,662,000 төгрөгт орон сууцыг шууд шилжүүлэхээр болоогүй, Т.Г 80,662,000 төгрөгийг төлөхгүй бол уг орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг дутуу ойлгож, шууд чөлөөлүүлэхээр орж ирж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Бид үнэхээр мөнгө төгрөг олдохгүй байгаа тохиолдолд энэ орон сууцаас тохирох хэмжээний 80,662,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Хэдий гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн 1 өрөө орон сууцаа 80,000,000 төгрөгт тооцуулах нь үндэслэлгүй бөгөөд ийм үнэтэй 1 өрөө орон сууц өнөөдөр байхгүй юм. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Г ын хариуцагч Т.Г ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийтгэх тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э.Г ын нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоолгохоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Т.Г нь Г.Х ХХК-д ажиллаж байхдаа компанид их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд хохиролд 2 гараашийг Э.Г ын нэр дээр шилжүүлсэн, үлдэгдэл хохирол төлбөр болох 80,662,000 төгрөгт дээрх нэг өрөө орон сууцыг Э.Г ын нэр дээр шилжүүлж өгөхөө илэрхийлсэн бөгөөд тухайн үед орон сууц нь битүүмжлэгдсэн учраас шилжүүлэх боломжгүй байсан учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Г ын нэр дээр тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар Т.Г т даалгасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Г ээс 80,662,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд талууд тохиролцсоны дагуу тухайн орон сууцыг Э.Г ын нэр дээр шилжүүлж, үүнээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон учраас орон сууцыг дахин шилжүүлж өгөх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуудлага худалдаа явуулж 80,662,000 төгрөгийн хохирлыг барагдуулж, харин үлдэх мөнгийг Т.Г авах ёстой. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Т.Г т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ279 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Г ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ээс 80,662,000 төгрөгийг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг Д.Т , Т.Г нарын өмчлөлд бүртгэгдсэн *** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 16 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хохирогч Г.Х ХХК-ийн захирал буюу хууль ёсны төлөөлөгч Э.Г од шилжүүлэх замаар хангуулахыг шүүгдэгч Т.Г т даалгаж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг ...Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх 80,662,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх орон сууцыг шүүхээс прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан шилжилт хөдөлгөөнийг хүчингүй болгомогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г ын өмчлөлд шилжүүлж, хохирол төлбөрт тооцуулахаа бичгээр илэрхийлсэн ... тул шүүх талуудын харилцан тохиролцоо, хүсэл зоригт тус тус үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хүчингүй болгохын сацуу өмчлөх эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г ын өмчлөлд шилжүүлэхийг шүүгдэгч Т.Г т даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж заасанд нийцнэ гэж дүгнэж, Т.Г хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн буюу түүний хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжихүйц, баримтаар тодорхойлогдож байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нэг нөхцөл байдалд тооцжээ.

 

4.Нэхэмжлэгч Э.Г нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай,нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

5.Хариуцагч нь шийтгэх тогтоолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэж заасан, уг орон сууцаас шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж илүү гарсан мөнгийг Т.Г авахаар шийдвэр гарсан байтал орон сууцыг 80,662,000 төгрөгийн хохиролд тооцон олгож, шууд чөлөөлөх боломжгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч Т.Г ийн бичгээр гаргасан орон сууцыг 80,662,000 төгрөгийн хохиролд тооцуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г ын өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг шүүх хэрэгжих боломжтой гэж дүгнэж, уг орон сууцыг Э.Г ын өмчлөлд шилжүүлэхийг шүүгдэгч Т.Г т даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар орон сууцаас төлбөр гаргуулах агуулга шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Иймээс хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

6.Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт хохирогчоор Г.Х ХХК-ийг тогтоосон байх тул хохирлыг иргэн Э.Г биш хохирогч хуулийн этгээд Г.Х ХХК авна, орон сууц нь Д.Т , Т.Г нарын өмчлөлд бүртгэлтэй тул өмчлөгч Д.Т гийн өмчлөх эрхийг мөн зөрчиж өмчлөх эрхийг бүхэлд нь шууд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцэхгүй, төлбөр хүлээн авах эрхгүй этгээдэд төлбөрийг хүлээлгэн өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй тул өмчлөх эрхийг Э.Г хуульд зааснаар олж аваагүй гэж зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй тул залруулах шаардлагатай.

Нэхэмжлэлийн шаардлага, мэтгэлцээний зүйл нь шийтгэх тогтоолыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, хамтран өмчлөгч Д.Т гийн эрх хөндөгдсөн эсэхтэй холбоогүйн зэрэгцээ тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Д.Т нар оролцоогүй тул дурдсан асуудлуудаар дүгнэлт хийх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд Тойргийн нотариатчийн бүртгэлийн 0376 дугаартай Итгэмжлэлээр Д.Т нь Д.Т , Т.Г нарын өмчлөлд бүртгэгдсэн *** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 16 м.кв 1 өрөө орон сууцыг бусдад худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг хамтран өмчлөгч Т.Г т олгож, Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх 80,662,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх орон сууцыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г ын өмчлөлд шилжүүлж, хохирол төлбөрт тооцуулахаа бичгээр илэрхийлсэн гэж нэгэнт дүгнэснийг шүүх анхаараагүй байна.

 

7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Т.Г нь шийтгэх тогтоолд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан 80,662,000 төгрөгийн хохиролд тооцон маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Э.Г ын өмчлөлд шилжүүлсэн байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Т.Г ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

2 дахь заалтын ...7.1.1 гэснийг 7.1.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Т.Г ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г од олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЗОЛЗАЯА