Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхамсүрэн,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

           Шүүгдэгч: Н.Э-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805044210792 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Э-, 1997 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа дэлгүүрт ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23а байрны 4 дүгээр орцны 4 давхарт насанд хүрээгүй буюу 13 настай Г.Э-, С.Т-нарыг “гар утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж Г.Э-ын 184.000 төгрөгийн үнэтэй iphone 5 маркийн гар утас, С.Т-ээс бэлэн 20.000 төгрөгийг тус тус дээрэмдэн авсан,

Мөн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байрны 01 дүгээр орцонд насанд хүрээгүй буюу 12 настай О.А- “Самсунг ноте 1” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн найз болох Тэргэлийн хамт 23а байрны гадаа явж байгаад Тэргэлийн гэр рүү орох гэтэл лифт нь өөр давхар дээр удаад байсан учир шатаар гараад 4 давхар дээр явж байхад үл таних 20 орчим насны залуу араас ирээд шууд утсаа өг гээд байсан. Тэр үед Тэргэл бид хоёр өгөхгүй гээд юу ч ярилгүй зогсож байтал миний гэдэс рүү нэг удаа цохьсон. Дараа нь Тэргэл бид хоёрыг баруун гарын алга хэсгээр нүүрэн тус газар нэг, нэг удаа цохьсон. Тэгснээ намайг толгойгоороо мөргөөд сүүлд нь халааснаасаа үзүүртэй юм гаргаж ирээд миний цээж хэсгээр хатгаж байгаад халааснаас гар утас аваад яваад өгсөн. Явахдаа цагдаад хэлбэл ална шүү одоо та хоёр хамаг хурдаараа дээшээ гүй гээд өөрөө яваад өгсөн. ...Тухайн үед би болон манай найз Тэргэл бид хоёр маш их айсан байсан. Тэр хүний гарт яг юу байсан гэдгийг би лав тогтож харж чадаагүй, халаасаа ухах шиг болоод гараа атгасан байхаар нь ямар нэгэн үзүүртэй зүйлээр хатгачих ч магадгүй гээд маш их айсан юм. Тэрнээс биш яг юу байсан, ямар содон шинж тэмдэггүй зүйл байсан гэдгийг огт харж чадаагүй. ...Тухайн үед миний цээж рүү хүрэх үед хатгах шиг мэдрэмж төрсөн юм, би айсан байсан болохоор хатгачихлаа гэж бодсон. Харин дараа нь гэртээ ороод өөрийн биеэ харахад миний биед ямар нэгэн гэмтэл, шарх байхгүй, ямар нэгэн хатгасан ул мөр байхгүй байсан. Тэгэхээр тэр хүний гарт үзүүртэй юм байсан эсэхийг бол сайн мэдэхгүй байна. Хэрэв намайг ямар нэгэн зүйлээр хатгасан бол биед гэмтэл учрах байсан байх, тийм зүйл байхгүй байсан. ...Тэгэхээр зүгээр гараараа л хүрсэн шиг байна. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би гар утсаа буцаан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/,

Насанд хүрээгүй хохирогч С.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим байх, цагийг нь нарийн санахгүй байна. Гэрээсээ гараад найз С-ын хамт 23б байрны гаднах талбай дээр сагс тоглож байгаад 21 цагийн үед байх дуусаад С-ын хамт 23/а байрны 4 дүгээр орцоор ороод 4 давхарт гараад бид 2 тамхи татаж үзье гээд тамхи асаагаад юм яриад зогсож байхад 1 үл таних 20 орчим насны намхандуу биетэй ах шууд бид 2 дээр ирээд нааш ир гээд хогны пункерт шахаж байгаад, бид хоёрын энгэрийн хэсгийн куртикнээс бариад “юу хийгээд байгаа юм бэ, утас байна уу, утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлээд манай найзыг толгойгоороо мөргөөд гэдэс рүү нь цохиод алгадсан, харин намайг нэг удаа алгадсан. Тэгсэн халааснаасаа нэг үзүүртэй зүйл гаргаж ирээд, энэ юу гэдгийг мэдэх үү, утсаа өг гэж хэлсэн. Тухайн үед би iphone-8 гар утас барьж байсан болохоор С-ын гар утсыг нөгөө ахад өгсөн. Тэгээд бас аминдаа найзынхаа утсыг өгөхгүй санаатай, халаасандаа байсан 20.000 төгрөгөө гаргаж өгсөн юм. Тэгтэл нөгөө ах 20.000 төгрөг бас манай найзын утсыг аваад та хоёр дээшээ хамаг хурдаараа гүйх хэрэгтэй, би 3 тоолно, хэрэв амжихгүй бол ална шүү гэж хэлэхээр нь бид хоёр маш хурдан шатаар гүйгээд 7 давхарт гараад манай гэр рүү орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Насанд хүрээгүй хохирогч О.А-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед БГД-н 18-р хороо 96 дугаар сургуулийн талбай дээр өөрийн найз Ш-ийн хамтаар тоглож байгаад ...43-р байрны 1-р орц руу орсон. Тэгэхэд 18 орчим насны нэг ах орж ирээд хамт лифтэнд суусан. Тэгээд тэр ах 10 давхарт буугаад бид хоёр 11 давхарт буусан. Тэгэхэд тэр ах 11 давхарт гарч ирээд айлаа андуурсан байна гээд зогсож байсан. ...Тэгээд бид хоёр лифтэнд суухад нөгөө ах хамт суусан. Би лифтэнд халааснаасаа гар утсаа гаргаж ирээд ээж рүүгээ залгах гэтэл тэр ах миний утсыг булааж авах гэхээр нь би утсаа чанга бариад доошоо тонгойход манай найз Ш- ахаа болиоч ээ гээд уйлаад байсан. Тэгээд 9 давхарт лифт зогсоход настай ах, эгч хоёр зогсож байсан. Тэгэхэд тэр ах миний утсыг тавьсан. ...нөгөө залууг тэр ах, эгч 2 бариад цагдаа дуудаж байсан. Тэгэхэд тэр ах нөгөө хөгшин ахтай зууралдаад зугтах гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа орцонд орж ирээд тэр ахыг барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/,

Сэжигтэн, яллагдагчаар Н.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим өөрийн ажил болох 100-н айлд байрлах мужааны цехээс гараад Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Ачлалын хойд талд байрлах 9-н давхар байрны ард явж байтал үл таних 14-15 насны 2 хүүхэд явж байхаар нь дагаад орц руу ортол тэр 2 хүүхэд 4-н давхарт тамхи татаад зогсож байхаар нь очоод утсаа өг гэтэл өгөхгүй байхаар нь тэр 2 хүүхдийг баруун гараараа нүүрэн тус газар гарынхаа алга хэсгээр цохиод 2 хүүхдийн арай өндрийг нь мөргөөд халаасандаа байсан үзүүртэй дардсыг гаргаж ирээд “утсаа өгөхгүй бол ална шүү” гэтэл миний мөргөсөн өндөр хүүхэд нь халааснаасаа гар утсаа гаргаж ирээд надад өгөхөөр нь би аваад доошоо гүйгээд явсан. ...тэр хоёр хүүхдийг 1 дүгээр орц руу ороход нь би дагаж ороод лифтэнд хамт суугаад би 10 давхарт буугаад тэр 2 хүүхэд 11 давхарт буусан. ...цуг лифтэнд суугаад тэр хоёр хүүхдийн нэгнийх нь гар утсыг булаах гээд шүүрсэн чинь гартаа чанга атгачихаад тавихгүй байсан. Тэр хүүхэд туслаарай гээд орилоод байсан. Тэгтэл лифт зогсоод гаднаас танихгүй ах, эгч 2 орж ирээд намайг барьж аваад цагдаад дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 79/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 3-4, 80/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-25, 32-33/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 28/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-75, 112-113/ Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-н 76-77/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23а байрны 4 дүгээр орцны 4 давхарт насанд хүрээгүй буюу 13 настай Г.Э-, С.Т-нарыг “гар утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж Г.Э-ын 184.000 төгрөгийн үнэтэй iphone 5 маркийн гар утас, С.Т-ээс бэлэн 20.000 төгрөгийг тус тус дээрэмдэн авсан,

Мөн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байрны 01 дүгээр орцонд насанд хүрээгүй буюу 12 настай О.А- “Самсунг ноте 1” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын: “...4 давхар дээр явж байхад үл таних 20 орчим насны залуу араас ирээд шууд утсаа өг гээд байсан. Тэр үед Тэргэл бид хоёр өгөхгүй гээд юу ч ярилгүй зогсож байтал миний гэдэс рүү нэг удаа цохьсон. Дараа нь Тэргэл бид хоёрыг баруун гарын алга хэсгээр нүүрэн тус газар нэг, нэг удаа цохьсон. Тэгснээ намайг толгойгоороо мөргөөд сүүлд нь халааснаасаа үзүүртэй юм гаргаж ирээд миний цээж хэсгээр хатгаж байгаад халааснаас гар утас аваад яваад өгсөн. Явахдаа цагдаад хэлбэл ална шүү одоо та хоёр хамаг хурдаараа дээшээ гүү гээд өөрөө яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/, насанд хүрээгүй хохирогч С.Т-ийн: “...С-ын хамт 23/а байрны 4 дүгээр орцоор ороод 4 давхарт гараад бид 2 тамхи татаж үзье гээд тамхи асаагаад юм яриад зогсож байхад 1 үл таних 20 орчим насны намхандуу биетэй ах шууд бид 2 дээр ирээд нааш ир гээд хогны пункерт шахаж байгаад, бид хоёрын энгэрийн хэсгийн куртикнээс бариад “юу хийгээд байгаа юм бэ, утас байна уу, утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлээд манай найзыг толгойгоороо мөргөөд гэдэс рүү нь цохиод алгадсан, харин намайг нэг удаа алгадсан. Тэгсэн халааснаасаа нэг үзүүртэй зүйл гаргаж ирээд, энэ юу гэдгийг мэдэх үү, утсаа өг гэж хэлсэн. Тухайн үед би iphone-8 гар утас барьж байсан болохоор С-ын гар утсыг нөгөө ахад өгсөн. Тэгээд бас аминдаа найзынхаа утсыг өгөхгүй санаатай, халаасандаа байсан 20.000 төгрөгөө гаргаж өгсөн юм. Тэгтэл нөгөө ах 20.000 төгрөг бас манай найзын утсыг аваад та хоёр дээшээ хамаг хурдаараа гүйх хэрэгтэй, би 3 тоолно, хэрэв амжихгүй бол ална шүү гэж хэлэхээр нь бид хоёр маш хурдан шатаар гүйгээд 7 давхарт гараад манай гэр рүү орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, насанд хүрээгүй хохирогч О.А-: “...бид хоёр лифтэнд суухад нөгөө ах хамт суусан. Би лифтэнд халааснаасаа гар утсаа гаргаж ирээд ээж рүүгээ залгах гэтэл тэр ах миний утсыг булааж авах гэхээр нь би утсаа чанга бариад доошоо тонгойход манай найз Ш- ахаа болиоч ээ гээд уйлаад байсан. Тэгээд 9 давхарт лифт зогсоход настай ах, эгч хоёр зогсож байсан. Тэгэхэд тэр ах миний утсыг тавьсан. ...нөгөө залууг тэр ах, эгч 2 бариад цагдаа дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-25, 32-33/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн” бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э- нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Э-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Н.Э-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Н.Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогч нарын хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э-ы урьд цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай дардасны сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан хэрэггүй, 1805044580814 тоот хэргийг нэгтгэсэн болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Э-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Э-ы урьд цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, тусгаарласан хэрэггүй, 1805044580814 тоот хэргийг нэгтгэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай дардасны сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР