| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2023/04069/И |
| Дугаар | 210/МА2024/02133 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02133
2024 12 09 210/МА2024/02133
Т.Б ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05136 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Б ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.Э , Т.Э нарт холбогдох
Орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б , хариуцагч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие Н.Т ийн ууган хүү ба эцэг Н.Т нь сэрүүн тунгалаг байхдаа өөрийн эзэмшдэг Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, * тоот ха**ягтай орон сууцаа охин Т.Э ийн нэр дээр шилжүүлсэн, миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан гэж хэлж байсан. Дүү Т.Э 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан, дүү Т.Э ын нэр байрны ордерт хамтран эзэмшигчээр ороогүй, одоогоор эцгийн орон сууцанд тусдаа амьдардаг.
1.2.Миний бие Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, **** тоот хаягтай 1 өрөө сууцанд 1996 оны 08 дугаар сард орсон, ам бүл 1 амьдардаг, группэд байдаг, ясны хавдрын эмчилгээ хийлгэсэн, байнгын асаргаанд байх эмч нарын дүгнэлт гарсан.
1.3.Хариуцагч Т.Э ын амьдарч байгаа төрсөн эцгийн орон сууцнаас надад ногдох хувийг гаргуулж өгч цаашдын эмчилгээ, асаргаа сувилгааны төлбөр, амьдрал ахуйд минь туслалцаа үзүүлнэ үү. Зах зээлийн үнэ ханшаар уг орон сууцыг үнэлүүлэх хүсэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 152-155 сая төгрөг гэж гарсан учир 1/3 буюу миний өөрт ногдох хувь болох 50 сая төгрөгийг хариуцагч Т.Э , Т.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Т.Э ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Миний эцэг Н.Т нь ах Т.Б т 1987 онд гэр барьж өгч, тусад нь гаргасан, 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 13 дугаар байр, 194 тоот орон сууцыг авч өгсөн. Тухайн үед Т.Б нь Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ***дүгээр байр, *** тоот орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрсөн боловч 2017 онд аав, дүү Т.Э бид 3 нотариат дээр дуудахад ирээгүй, түүний хэрцгий авираас айгаад бид юу ч хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 сая төгрөг санал болгосон боловч загнаад хүлээж аваагүй, намайг машиндаа амьдар, хаана амьдрах чинь хамаагүй гэж загналаа. Миний бие 1987 онд төрсөн 56 настай, айлын бага хүү, тулай өвчтэй, нойр булчирхай, ходоод гэдэс байнга өвддөг хоолны дэглэм барьдаг болохоор тодорхой ажил орлогогүй байгаа билээ. Би 1989 оноос хойш 156 тоот орон сууцанд амьдарч байгаа. Т.Б нь 1998 оноос хойш аавын өвч өгсөн орон сууцанд амьдарч байгаа.
Дээрх шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байр, ***тоот орон сууцны өмчлөлд хувь эзэмших эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзаж байна.
2.2.Нэхэмжлэгч Т.Б ын хувь хүссэн Сонгинохайрхан дүүрэг, * **дугаар хороо, *** дүгээр байр, *** тоот орон сууц нь миний эцэг Н.Т эд 1985 онд ажиллаж байсан байгууллагаас нь өгсөн, түүний хувийн өмч байсан. 1997 онд хувьчлал хийгдэх үед нэхэмжлэгч Т.Б нь орон сууцны өмчлөлд ямар нэгэн байдлаар нэрээ бүртгүүлсэн байдаг. Миний эцэг Н.Т нас эцэслэх хүртлээ нэхэмжлэгч Т.Б ын амьдарч байгаа орон сууцны сар бүрийн СӨХ, байр, цахилгааны бүх төлбөрийг төлдөг байсан.
2.3.Миний бие эцэг Н.Т ийн хөрөнгө болох 156 тоот орон сууцыг 2020 онд хуулийн дагуу өв залгамжлан авсан хууль ёсны өв залгамжлагч билээ. Иймээс миний бие өв залгамжлалын эрхийн хүрээнд нэхэмжлэгч Т.Б аас одоо амьдарч байгаа орон сууцыг нэхэмжлэх эрхтэйг сануулъя. Ааваас маань хууль ёсоор надад өвлөгдсөн ирсэн уг байранд би амьдарна. Би болон уг байрыг хамтран эзэмшигч дүү Т.Э д маань бас ааваас өвлөгдөн ирсэн байрыг зарахгүй гэх бодолтой байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Т.Б т хувь оногдох боломжгүй, надад ийм хэмжээний мөнгө байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1997 онд аав маань Т.Б т орон сууц худалдан авч өгсөн тул дундын хөрөнгөөс ногдох хөрөнгийг нь өгсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
3.Хариуцагч Т.Э ын татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний аав Н.Т нь өөрийн өмч болох Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоот хаягтай орон сууцаа зарж борлуулж болохгүй гэж надад захиж байсан ба хэн нэг нь зарж борлуулахаас хамгаалах зорилгоор тухайн үед хамт амьдарч байсан том хүү Т.Б , бага охин Т.Э миний нэрийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Миний бие дээрх хөрөнгөөс хууль ёсоор хувь өмчлөгчийн хувьд аавынхаа захиасыг хүндэтгэн цаашид зарж худалдахыг зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцанд аав Н.Т маань үр, ач, зээ нар болох Т.Б болон түүний эхнэр, хүү Т.Э , Т.Э, түүний охин болон миний бие Т.Э бид хамтдаа амьдрах болсон ба хэт олуулаа хамт амьдрахад хүндрэлтэй байсан тул аав минь өөрөө 100% бүх төлбөрийг төлж Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоот хаягтай 1 өрөө орон сууцыг худалдан авч ax Т.Б ыг эхнэр, хүүхдийн хамт тусад нь гаргасан тул ax Т.Б нь 156 тоот орон сууцнаас хувь эзэмших эрх нь дуусгавар болсон. Айлын том хүүгийн хувьд дүү нартайгаа уг хөрөнгөөс хуваалцана гэж шүүхээр явж байгаа явдал нь шударга ёсонд нийцэхгүй байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 байрны 5 орц 156 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэ болох 151,378,438 төгрөгөөс ногдох хэсэг 50,459,479 төгрөгийг хариуцагч Т.Э , Т.Э нараас гаргуулан нэхэмжлэгч Т.Б т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд хариуцагч Т.Э аас 150,000 төгрөг, нэхэмжлэгч Т.Б аас 150,000 төгрөг нийт 300,000 төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э , Т.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 410,248 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтуудыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Учир нь би хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авдаг бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглээ, зардал нэмэгдсэн. Иймд шинжээчийн зардлыг төлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шинжээчийн зардал болох 150,000 төгрөгөөс чөлөөлж, хамтран хариуцагч Т.Э аар тус зардлыг төлүүлж өгнө үү.
5.2.Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг ойлгохгүй байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бүхэлд нь дэмжиж байна. Би 1985 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд тухайн үед манайх Дархан хотын ** дугаар байрны *** тоот 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Тухайн үед би цэргийн албанд явсан байсан тул уг орон сууцыг хэнд үлдээсэн болохыг мэдэхгүй байна. Аав минь Улаанбаатар хот руу ангийн захирагчаар томилогдож явахдаа цэргийн сургуульд сурч байсан Т.Э т Дархан хотод байрлах 131 тоот орон сууцаа үлдээсэн гэж ярьж байсан. 1997 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий орон сууцыг өмч хувьчлалаар хувьчлахад аав өөрийн нэр болон бага дүү Т.Э , миний нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмж бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, бүртгүүлсэн. Хуульд заасны дагуу нас барах хүртлээ аав минь өөрийн бие муутай хүүхдийг тэжээн тэтгэдэг байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т.Э нь Баянгол дүүргийн нотариатч Х.Хосжаргалд өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргахдаа надад мэдэгдээгүй. Энэ үед дүү Т.Э минь амьд байсан. Би 2018 онд ясны хавдрын мэс засал хийлгэсэн бөгөөд биеийн байдал тааруухан байсан тул Т.Э ыг өвлөх эрхийн гэрчилгээ авсан талаар мэдээгүй, намайг нотариат дээр дуудаагүй. Т.Э өвлөх эрхээсээ татгалзаж, Т.Э т өвлүүлэхийг зөвшөөрсөн байсан. Дараа нь Т.Э нас барахаасаа 1-2 сарын өмнө надтай уулзсан гэжээ.
6.Хариуцагч Т.Э ын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Аав минь Т.Б ыг 1985 онд Барилгын политехникийн коллеж төгсөөд ажил хийж байхад Дархан хотод байрлах 2 өрөө орон сууцаа үлдээж, өөрөө Улаанбаатар хот руу шилжсэн. Т.Б ыг 1987 онд эхнэр авах үед хуримыг нь хийж өгч, гэр барьж тусад нь гаргасан боловч ах эхнэрээсээ салж, 1992-1998 он хүртэл аавтай хамт амьдарсан. Энэ хугацаанд аав болон дүү нарыг зодож, дарамталдаг байсан. Намайг ална гэж байнга хутга барьж дайрдаг байсан ба аав минь айхдаа бүх хутганы үзүүрийг хугалчихдаг байсан. Одоог хүртэл ууцных нь хутганы үзүүр хугархай байдаг. Т.Б эмэгтэй дүүгийнхээ хамрыг хугалж байсан ба тухайн үед би цагдаад дуудлага өгч байсан. Ээжийг нас барсны дараа аав минь 1 хүүхэнтэй хамтран амьдардаг байсан ба тэр хүүхнийг нь Т.Б дарамталдаг, мөн аавыг минь зодож дарамталдаг байсан. 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны 156 тоот хаягаас Т.Б ын нэрийг хасуулах нөхцөлөөр Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, 13 дугаар байрны 194 тоот 1 өрөө орон сууцыг Т.Б т авч өгч байсан. Гэсэн хэдий ч Т.Б хэлсэн үгэндээ хүрээгүй, ааш зан ч өөрчлөгдөөгүй. Аав минь Т.Б ыг өөрийн байрандаа амьдруулж байсан хэдий ч нас барах хүртлээ байрны мөнгө, сар бүрийн урсгал зардлыг төлдөг байсан. Аав нас барахаас 1 жилийн өмнө буюу 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Т.Б ын нэрийг хасах зорилгоор нотариат дээр ир гэж дуудсан боловч ирээгүй. Тухайн үед Т.Б руу Т.Э ын утсаар залгаж ярьсан бичлэг Мобикомд хадгалагдаж байгаа гэж бодож байна. Ярианы бичлэгийг Мобикомоос авхуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Мөн Т.Б ын үйлдэж байсан хүчирхийлэлтэй холбоотой тайлбар гаргахад бас л хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Маргаан бүхий орон сууцыг аавын ажиллаж байсан Барилгын цэргийн удирдах газраас өгсөн бөгөөд бид урсгал засварт их хэмжээний мөнгө зарцуулж байсан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу тус байрны ашиглалт, засвартай холбоотой зардлыг нөхөн төлүүлж суутгал хийх ёстой гэж бодож байна. Би отгон хүүгийн хувьд орон сууцыг бусдад худалдан борлуулахгүй байх сонирхолтой байгаа. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Т.Э , Т.Э нарт холбогдуулан орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ миний эцэг Н.Т ээс үлдээсэн Сонгинохайрхан дүүрэг, ****дүгээр хороо, ***дүгээр байр, *** тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өөрт ногдох хувь ⅓ буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 50 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлжээ.
Хариуцагч Т.Э нь миний эцэг Н.Т нь ах Т.Б т 1987 онд гэр барьж өгч тусад нь гаргасан, 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар байр, * тоо**т хаягтай орон сууцыг авч өгсөн. Тухайн үед Т.Б нь маргаж буй орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрсөн боловч нотариат дээр дуудахад ирээгүй. Эцэг Н.Т ийн хөрөнгө болох уг орон сууцыг би 2020 онд хуулийн дагуу өв залгамжлан авсан. Тийм учраас нэхэмжлэгчид хувь оногдох боломжгүй гэж,
хариуцагч Т.Э нь миний аав орон сууцаа зарж борлуулж болохгүй гэж надад захиж байсан ба хэн нэг нь зарж борлуулахаас хамгаалах зорилгоор тухайн үед хамт амьдарч байсан том хүү Т.Б болон бага охин Т.Э миний нэрийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Аав минь өөрөө 100% бүх төлбөрийг төлж Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоот хаягтай 1 өрөө орон сууцыг худалдан авч, ax Т.Б ыг эхнэр хүүхдийн хамт тусад нь гаргасан тул ax Т.Б нь энэ орон сууцнаас хувь эзэмших эрх нь дуусгавар болсон гэж тус тус тайлбарлан, мэтгэлцжээ.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.Орон сууц нийтийн үйлчилгээний хэлтсээс Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг АА-ийн ***дүгээр ангийн захирагч Н.Т эд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эзэмшүүлэхээр ***тоот гэрчилгээ олгосон. Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь Н.Т ийн 1997 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг үндэслэн дээрх орон сууцыг түүнд өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэн, ***тоот гэрчилгээг олгосон.
4.2.Н.Т нь 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж, орон сууцны өмчлөгчөөр Н.Т , Т.Б , Т.Э нарыг бүртгүүлсэн.
4.3.Н.Т 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан байх ба Т.Э нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөх, өвлөгч Т.Э өвөөс татгалзах тухай хүсэлтийн тус тус нотариатчид гаргаснаар Т.Э т 001 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосонтой холбоотойгоор бусад өвлөгчийн зүгээс маргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч Т.Б нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй учир түүнийг өвөөс татгалзсан гэж үзэх ба Т.Э өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа надад мэдэгдээгүй учир хууль бус гэх түүний тайлбар үндэслэлгүй.
4.4.Т.Э нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Т.Б , Т.Э , Т.Э нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
5.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны хамтран өмчлөгчөөр 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн, уг бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байх тул хариуцагч нарын гаргаж буй Т.Б т 1987 онд гэр барьж өгч тусад нь гаргасан, 1998 онд Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоот орон сууцыг авч өгсөн. Тухайн үед Т.Б нь маргаж буй 156 тоот орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрсөн боловч нотариат дээр дуудахад ирээгүй гэх татгалзал, мөн энэ агуулгаар гаргасан хариуцагч Т.Э ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
6.Иймээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар нэхэмжлэгч Т.Б , хариуцагч Т.Э , Т.Э нарыг Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, ***дүгээр байр, *** тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч гэж дүгнэнэ.
Мөн хуулийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Шинжээч А.Б ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 151,378,439 төгрөгөөр тогтоосныг зохигчид маргаагүй тул шүүх нэхэмжлэгчид ногдох хэсгийг 50,459,479 (151,378,479/3) төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь улсын бүртгэлд үндэслэн өөрийгөө орон сууцны хамтран өмчлөгч гэж үзэж ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан байхад шүүх эцэг Н.Т ээс өвлөгдсөн орон сууцнаас өөрт ногдох хувийг өвлөгч Т.Э , Т.Э шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлж улмаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасныг баримталсан нь алдаатай болсон тул дээрх байдлаар дүгнэлтийг залруулна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох 50,459,479 төгрөгийг хариуцагч тус бүр ямар хэмжээгээр хариуцахыг шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул хариуцагч тус бүрээс 25,229,739.5 төгрөгийг гаргуулахаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг зөвтгөх, мөн орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнийг олгохоор шийдвэрлэсэн тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгчийн нэрийг хасаж бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн шинжээчийн зардлын тал хувийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасантай нийцээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
8.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шүүхийн зардлын хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Т.Э ын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э аас 25,229,739.5 төгрөг, хариуцагч Т.Э аас 25,229,739.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б т олгож, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***дүгээр байр, *** тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлээс нэхэмжлэгч Т.Б ын нэрийг хасаж бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж,
2 дахь заалтын ...53 дугаар зүйлийн 53.1.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1 гэж, ...нэхэмжлэгч Т.Б аас гэснийг хариуцагч Т.Э аас гэж,
3 дахь заалтын ...хариуцагч Т.Э , Т.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 410.248 төгрөг гэснийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Э аас 205,124 төгрөг, хариуцагч Т.Э аас 205,124 төгрөг тус тус гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Б аас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 5,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Т.Э аас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 410,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА