Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0669

 

“Т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Бр, хариуцагч Л.Снарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0681 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн гомдолтой, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.С-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0681 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн улсын байцаагч Л.С-ийн оногдуулсан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0243070 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Т” ХХК-ийн гомдолтой, хариуцагчаар гаалийн улсын байцаагч Л.С шүүх хуралдаанд гаалийн улсын байцаагч нь Дорнод аймгийн Баянхошуу дахь хилийн боомтод ажиллаж байгаад оролцоогүйн улмаас шүүгч нь “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Хариуцагч Л.С би шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүгчийн туслахаар дамжуулан гаргасан боловч шүүгч хүлээн авахаас татгалзсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүгчийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Т” ХХК-иас “Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.С-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0243070 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргажээ.

Маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн 0243070 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д холбогдуулж “... Япон улсаас ирсэн барааны ангиллын код буруу бичсэнээр татварын зөрүү гарсан, ... гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж, 1.3 дугаар зүйлийн 3-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заажээ.

Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1 “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх” эрхтэй гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гаалийн улсын байцаагчийн 2019 оны 0243070 дугаар шийтгэлийн хуудас нь “Т” ХХК-д оногдуулсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчилд шийтгэл оногдуулсан нь тодорхойгүйгээс гадна хуульд үндэслээгүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан гэх шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль болоод Зөрчил шалган шийдвэрлэх тухайд хуульд заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-д холбогдуулж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тус компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Мөн энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа гагцхүү хуульд үндэслэх учиртай.

Хариуцагчийн “...би шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүгчийн туслахаар дамжуулан гаргасан боловч шүүгч хүлээн авахаас татгалзсан, ...шүүх хуралдаанд гаалийн улсын байцаагч нь Дорнод аймгийн Баянхошуу дахь хилийн боомтод ажиллаж байгаад оролцоогүйн улмаас шүүгч нь гомдлыг хангаж, гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон” гэх давж заалдах гомдлын тухайд:

Хариуцагч нь “албан томилолтоор явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах”[1] талаар хүсэлт гаргасан боловч хэний, хэзээ олгосон, ямар албан томилолтыг үндэслэн Дорнод аймаг дахь Гаалийн газарт ажиллах болсон нь тодорхойгүй төдийгүй хүсэлтэд ямар нэг баримт хавсаргаагүй, мөн гарын үсэг зурагдаагүй байх тул түүнийг “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж үзэхгүй тул энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 


[1] Хавтас хэргийн 68 дахь тал.