Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

Х.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                              Прокурор     Ц.Батзориг

                                              Өмгөөлөгч   П.Адьяасүрэн

                                               Шүүгдэгч      Х.Мөнхбат

                                              Нарийн бичгийн дарга      Г.Дорждулам нарыг оролцуулан

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Мөнхбат, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор, Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201615000040 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өргөн тээвэрлэх барилга замын машин төхөөрөмж, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон багийн Мойлтын 11-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбат /Регистрийн дугаар ЙС 77101618/

       Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбат нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үедээ 2014 оны 03 дугаар сард иргэн С.Саранцэцэгийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч болгож өгнө, “Чиний юмыг хөөцөлдөхийн тулд наад зах нь хүнийг хоол унданд оруулна, түүнд зарцуулах мөнгөө өг” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онги” нэртэй зоогийн газарт 500000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан,

Мөн давтан үйлдлээр 2014 оны 08, 10 дугаар саруудад Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Өлтийн Уурхай” гэх газарт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүсэд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Эх нутгийн буян” ХХК-ий захирал Д.Давааноров, “Эрдэнэсийн ордон” ХХК-ий захирал Т.Тулгабат, “Өлтийн Буян” ХХК-ий захирал П.Мэндбаяр нараас ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана” гэж хясан боогдуулах замаар, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 44000000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

            Анхан шатны шүүх, шүүгдэгч Харваачин овгийн Хасдоржийн Мөнхбатыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатад 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар 5 жил 1 сар хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих анги эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатын цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 44500000 төгрөгийг шүүгдэгч Х.Мөнхбатаас гаргуулж улсын орлого болгон, Х.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нараас гаргаж өгсөн “утасны яриа бүхий уян дискийг” нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй, уян диск-/Sony уян дискийг бичигтэй 2,585 кв эзлэхүүнтэй 4 минут 40 секунд бичлэгтэй уян диск/, мөн М.Мөнхбатын мэдүүлэг бүхий 4 ширхэг уян диск, утасны бичлэг бүхий 1 ширхэг уян дискийг  уг хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч Х.Мөнхбат болон түүний гэр бүлийн гишүүд болох Т.Сэрчмаа, М.Сайнзаяа, М.Оюундүүрэн, М.Элбэгзаяа нарын 5 хүний өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоотод байрлах 30470200 төгрөгийн үнэ бүхий 133.8 м2  талбайтай амины орон сууц 1 ширхэг, Х.Мөнхбат,  Т.Сэрчмаа, М.Сайнзаяа нарын өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон 2 дугаар баг, Мойлтын 11-06 тоот, 891 м2 талбайтай 3614000 төгрөгийн үнэ бүхий газар зэрэг эд хөрөнгө  битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.5-д зааснаар яллагдагч П.Мөнхбаяр, Б.Даваадагва нараас 0000000900033401 тоот дансанд байршуулсан 1000000 төгрөг, гэрч Б.Баттөрөөс  900033401 тоот дансанд байршуулсан 500000 төгрөг, нийт 1500000 төгрөгийг  иргэний журмаар шийдвэрлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3-т  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдан шүүгдэгч Х.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд:   Анхнаасаа хэргийн мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж явагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар энэ нь тогтоогдож нэмэлт мөрдөн байцаалт хийж авилгад өгсөн гэх мөнгөнүүдийн эх сурвалж гарал үүслийг тогтоох, мэдүүлгийн зөрүүг аргилгах, цаг хугацаа өдөр, сарыг тогтоох даалгавар  өгөгдсөн ч тэр огт биелэгдээгүй. Одоогоос бүтэн жилийн өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 15-нд би анх сэжигтнээр байцаалт өгөхдөө Давааноров, Дуламсүрэн нарын хоорондын аваа, өгөө ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах хүсэлт тавьсан, тэр одоо болтол шалгагдаагүй. Хэрэв шалгасан бол энэ гүтгэлгийг зохион байгуулах ашиг сонирхол ил тод болно. Шүүхээс даалгавар өгсний дагуу уг мөнгөний эх сурвалжийг тогтоогоогүй атал зөвхөн Давааноровын мөнгө ихтэй дансандаа 2 тэр бум төгрөгтэй гэдгийг үнэлсэн. Ямар ч гэмт хэрэг хэзээ, хаана хэрхэн үйлдэгдсэн нь тодорхой байх ёстой. Гэтэл уг хэрэгт ямар ч хугацаа байрлал байхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн энэ байдлыг харгалзаагүй. Цаг хугацаа байвал би няцаалт өгнө. Давааноровын эхнэр 2014 оны 8, 10 сарын нэг хагас бүтэн сайнд гэдэг мэдүүлэг нэмэлт ажиллагааны мэдүүлэгт өгсөн. Би тэр өдрүүдэд Арвайхээрт байгаагүй. Шүүх хуралдааны үед үнэнээ хэлж хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан боловч түүнийг  харгалзаагүй. Саранцэцэг нь сэжигтэн, яллагдагч атал түүнийг гэрчээр асууж авсан мэдүүлгийг үнэлсэн нь гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Саранцэцэгийн ганц бусад нотолгоо болох нөхөр Бямбадорж нь “Мөнхбат гэдэг хүнд авилга өгсөн гэж надад хэлээгүй, би мэдэхгүй гэсэн атал үүнийг харгалзаагүй”. Хясан боогдуулсан үйлдэл огт байхгүй. Ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана гэж хэнд хэлсэн нь тодорхойгүй. Тулгабат, Мэндбаяр нар өөрсдөө тийм үг надаас сонсоогүй, зөвхөн Давааноров тэгж хэлсэн л гэдэг. Анхнаасаа тэр уурхай дээр очоогүй. Дэргэд нь машин суусан тул техникийн тусламж гуйсан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний шүүх хуралдаан дээр тодорхой болсон. Үүнийг харгалзаагүй. 29000000 төгрөг өгсөн гэх үйлдийг Давааноровын яллагдагчийн мэдүүлэг, эхнэрийнх нь мэдүүлэг хоёроор л шийдвэрлэсэн. Гэтэл адил эрх, үүрэгтэй миний мэдүүлгийг баталгаажуулж эхнэр маань хууль ёсоор мэдүүлэг өгөх гэхэд авдаггүй. Хүний эхнэр нөхөрөө гэрчилж байгаа бол би адил эрхээ эдлэе гэсэн өргөдөл хэргийн материалд бий. 29000000 төгрөг өгсөн нотолгоо гэж үнэлэгдсэн ганцхан зүйл нь Давааноровын эхнэрийн мэдүүлэг нь гурван өөр зөрүүтэй. Мөнгөө хүнээс зээлсэн, банкнаас авсан, гэрээсээ авч өгсөн гэж дандаа зөрүүтэй, худал гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. 2014 оны 8 дугаар сарын эхээр 29000000 төгрөг гэрээсээ авч явсан гэснээ 2014 оны 10 дугаар сар гэж зөрүүтэй хэлсэн атал үнэлсэн. 15000000 төгрөг өгсөн гэх Давааноровын мэдүүлэг нь ямар ч нотолгоогүй, юуг үнэлсэн нь тодорхойгүй. Зөвхөн л Давааноровын мэдүүлэг. Цаг хугацаа хэзээ, хаана болсныг дурьдаагүй,  баримтгүй зүйлийг үнэлсэн. Эдгээр болон бусад шалтгаан бодитой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгч Х.Мөнхбатын өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37-р шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч  гомдол  гаргаж байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Мөнхбат нь С.Саранцэцэг, Д.Давааноров, Т.Тулгабат, П.Мэндбаяр нараас хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасныг хангаагүй хэт нэг талыг барьж таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ хэргийн холбогдогч С.Саранцэцэгийн мэдүүлэг эх сурвалжаараа нотлогдохгүй байна. С.Саранцэцэг “Өшгөг”, “Онги” гэдэг газрыг мэддэггүй байсан гэж мэдүүлсэн атлаа Х.Мөнхбатын байгаа газрыг олж уулзаад байсан нь ойлгомжгүй байна. Тэрээр “Онги” нэртэй 1 давхар улбар шар өнгийн кофе баар байсан гэжээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Онги” нэртэй 1 давхар баар байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан зураг, схем дээр ч байхгүй. С.Саранцэцэг нь 2014 оны 03 дугаар сард Х.Мөнхбатад хээл хахууль өгсөн гэж байгаа ч өдөр 7-10 хоног гэсэн тодорхой хугацаа хэлж чадахгүй байгаа мэдүүлэг нь итгэл үнэмшилгүй байна. Гэрч Б.Бямбадорж мэдүүлэхдээ …яг 2014 оны 03 дугаар сард аймгийн төв явж байсан эсэхийг санахгүй байна. Жирэмсний хяналтанд аймгийн төв дээр ордог байсан тул аймгийн төв явж байсан… гэжээ. Энэ мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох боломжтой байхад тогтоогоогүй байна. Дээрх  нотлох баримтаас дүгнэлт хийвэл С.Саранцэцэг нь шүүгдэгч Х.Мөнхбатад 500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг нотлогдохгүй байна. Д.Давааноров “Х.Мөнхбат 50000000 төгрөг нэхсэнээс 44000000 төгрөг өгсөн… гэх мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой бус байна. Гэрчүүд нь хамт ажилладаг, нэг ураг төрлийн хүмүүс байх тул хэдийгээр хууль сануулж байцаалт авсан ч гэлээ, болсон хэрэг явдлыг гэрчлэх ашиг сонирхлын аливаа зөрчилгүй хүмүүс гэж үзэх боломжгүй, итгэл үнэмшилгүй байна. Хамгийн эргэлзээ төрүүлж байгаа нь хээл хахуульд өгөх мөнгийг хэзээ хэрхэн яаж хуримтлуулж, хэдэн сарын хэдний өдөр хэрхэн яаж шүүгдэгч Х.Мөнхбатад өгсөн нь тодорхойгүй, таамаглал дээр тулгуурлаж цаг хугацааг тодорхойлж байгаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болгож байна. Шүүгдэгч Х.Мөнхбат нь “АУМ алт”-ны компани дээр хэдэн сарын хэдний өдөр, хэний олгосон албан томилолтоор ажиллаж байсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37-р шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.   

 

Прокурор Ц.Батзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Х.Мөнхбатад холбогдох хэргийг зөв зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай ...гэв.

ХЯНАВАЛ

           Х.Мөнхбат нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үедээ 2014 оны 03 дугаар сард иргэн С.Саранцэцэгийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч болгож өгнө, “хөөцөлдөхийн тулд наад зах нь хүнийг хоол унданд оруулна, түүнд зарцуулах мөнгөө өг” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онги” нэртэй зоогийн газарт 500000 төгрөгийг хясан боогдуулах замаар хээл хахуульд авсан,

  Мөн давтан үйлдлээр 2014 оны 08, 10 дугаар саруудад Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Өлтийн Уурхай” гэх газарт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүсэд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Эх нутгийн буян” ХХК-ий захирал Д.Давааноров, “Эрдэнэсийн ордон” ХХК-ий захирал Т.Тулгабат, “Өлтийн Буян” ХХК-ий захирал П.Мэндбаяр нараас ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана” гэж хясан боогдуулах замаар, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 44000000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

 

яллагдагч С.Саранцэцэгийн “... Би хэлсэн газар нь ороход Х.Мөнхбат дөнгөж сая хурал тарлаа гээд ганцаараа сууж байсан. Өмнө нь утсаар яриад 1 удаа биечилж уулзаж байсан болохоор өөрийнхөө бичиг баримтуудыг 500000 төгрөгтэй хамт Х.Мөнхбатад өгсөн. Энэ үед араас сумын машин утасдаад байсан. Тэгээд би түрүүлээд гараад явсан. ... Би өөрөө сумын төвд амьдардаг тул аймгийн төвд байдаг рестораны газруудыг сайн мэдэхгүй, анх байцаалт өгөхдөө нэр усыг нь тогтоогоогүй болохоор тухайн үед тодорхой хэлж чадахгүй байсан. Сүүлд нөхөртэйгээ хамт аймгийн төвд явж байгаад эхлээд энэ газар, дараа нь энэ газарт уулзаж мөнгөө өгсөн гэж Х.Мөнхбаттай уулзсан газраа зааж өгөхөд Х.Мөнхбаттай анх уулзсан газар нь “Өшгөг”, дараагийн уулзаж мөнгөө өгсөн газар нь “Онги” гэдэг нэртэй газар байгааг би өөрөө харсан. Одоо бол эргэлзээгүй байна. Би “Гарьд” гэж бааранд Х.Мөнхбаттай уулзаагүй. Миний Х.Мөнхбаттай уулзсан газар “Өшгөг”, “Онги” нэртэй газар байсан. Жирэмсэн хүн согтуу байдаг юмуу тэгээд ч би архи уудаггүй, би мөнгө өгөх гэж мөн ажлаа ярих гэж уулзахгүй бол Х.Мөнхбат яах гэж надтай уулзах юм. Тэгээд ч тэр хүн чинь тухайн үед надаас албан тушаал дээгүүр хүн байсан. Намайг тоож уулзахгүй биздээ. Харин Х.Мөнхбат өөрөө худлаа ярьж байна. “Өшгөг” нэртэй хоолны газар нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хойноосоо ордог, харин “Онги” нь ертөнцийн зүгээр зүүн талаасаа ордог юм байна…” /4-р хх-ийн 216-220х, 6-р хх-ийн 142-143х/,

 

гэрч Б.Бямбадоржийн “... С.Саранцэцэг бид 2 эхнэр, нөхрийн харилцаатай, хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа хүү, охин 2 хүүхэдтэй. ... С.Саранцэцэг нь надад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “намайг авлигатай тэмцэх газраас дуудаад байна, намайг шалгана гэж байна” гэхээр нь “чамайг яасан гэж шалгадаг юм бэ” гэхэд “2014 онд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад Уянга сумандаа байгаль орчны байцаагч болгож өгөөч гээд 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн юм. Тэгсэн намайг төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн асуудлаар хэрэгт холбогдуулж шалгана гэнэ. Тэгээд батлан даалтад авах 2 хүнтэй ирээрэй гэж хэллээ” гэж надад хэлэхэд нь тэр үед л би мэдсэн. ... Өвөрхангангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан гэх Х.Мөнхбат гэж хүнд 500000 төгрөгийн хээл хахууль өгөөд явж байсан талаар бол би мэдээгүй, тухайн үед ч надад хэлээгүй, өөрийнхөө үндсэн цалин дээрээ надаас авсан мөнгөө нийлүүлээд 500000 төгрөг болгож аймгийн төв орохдоо аваачиж өгсөн. Тэгсэн Х.Мөнхбат нь дахиж нэмж мөнгө нэхсэн түүнийг нь өгч чадаагүй талаар С.Саранцэцэг сүүлд надад хэлсэн …” /6-р хх-ийн 140-141х/,

 

яллагдагч Д.Давааноровын “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж хүн ирээд ...өөрийгөө Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат гэж танилцуулаад манай 3 компаний 4 экскаваторуудыг карьер дотроос гаргаад бүгдийг нь парклаад тавь эсвэл гаднаа аваачиж тавь, үйл ажиллагааг чинь зогсооно, ганц цоохор цаас шидэхэд танай уурхай хаагдана, араас дагаад яв гээд “АУМ алт” компаний байр луу явсан. ... Х.Мөнхбаттай ороод уулзсан чинь шууд үгийн зөрүүгүй танай 3 компани нийлүүлээд 100 сая төгрөг өг, хагасыг нь намдаа өгөх гэж байгаа, би өөрөө МАХН-ын гишүүн, хагасыг нь би өөрөө авна гэж хэлсэн. Бидэнд тийм хэмжээний мөнгө байхгүй, бид дөнгөж гарч ирээд байна, алтаа угааж ч эхлээгүй байна, 20 саяыг өгч болох уу гэхэд үгүй ээ тэгвэл 50 сая төгрөг өг гэсэн. ... Х.Мөнхбат 50 сая төгрөг нэхснээс нийтдээ 44 сая төгрөг өгсөн. Үүнээс П.Мэндбаяр 5 сая төгрөг, Т.Тулгабат 14600000 төгрөг, үлдсэн 24600000 төгрөгийг би Х.Мөнхбатад өгсөн…” /3-р хх-ийн 98-99х/,

яллагдагч Т.Тулгабатын “... Х.Мөнхбат дарга “АУМ алт” ХХК-ний байранд байна гэхээр нь яваад очсон чинь П.Мэндбаяр, Д.Давааноров ах хоёр байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат 50 сая төгрөг өг гэнэ, өгөхгүй бол уурхайг чинь хаана, ажиллуулахгүй гэж байна яах уу гэхэд бид 3 ярилцаад дундаасаа гаргаж өгье гэж ярилцсан. ... Миний хувьд нийтдээ Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбатад 14600000 төгрөг хээл хахууль гэж өгсөн. Д.Давааноров ах, П.Мэндбаяр бид 3 нийлээд 44000000 сая төгрөг өгсөн. ... Уурхайн ажлаа явуулах гэж Д.Давааноров, П.Мэндбаяр, бид 3 ярилцаж байгаад шийдсэн...” /3-р хх-ийн 111-112х/,

яллагдагч П.Мэндбаярын “...  Д.Давааноров ах орж уулзаад удаагүй гарч ирээд та нар дундаасаа 100 сая төгрөг гаргаж өг гэнэ, тэгэхэд нь би чадахгүй тийм боломж байхгүй гэхэд тэгвэл 50 сая төгрөг өг, тэгэхгүй бол ганц эрээн цаас шидэхэд танай уурхай хаагдах болно гэж байна, яах вэ гэж бид хоёроос асуухад нь одоо ямар уурхайгаа хаалгалтай биш дээ шатахуун техник гээд бөөн зардал гаргасан байхад түүнийгээ нөхөж авч чадахгүй болно гэж үзээд нэхсэн мөнгийг нь өгөхөөр зөвшөөрсөн. ... Миний хувьд өнөөдрийн байдлаар Х.Мөнхбатад Д.Давааноров ахаар дамжуулж 5 сая төгрөг өгсөн байна. ... Энэ талаар Д.Давааноров, Т.Тулгабат бид 3 ярьж байж шийдсэн...” /3-р хх-ийн 124-125х/,

гэрч Г.Гүндсамбын “... Д.Давааноров ах өөрөө байсан тул би Х.Мөнхбат даргатай уулзаагүй хараад зогсож байсан. 1 цаг гаран болоод Т.Тулгабат, П.Мэндбаяр, Д.Давааноров нар ирээд яанаа их хэмжээний мөнгө нэхээд байх юм, мөнгөө өгвөл хаахгүй гэнэ, за юу ч гэсэн ажиллаж л байя, экскаваторуудаа оруулчих гэхээр нь экскаваторуудаа карьер луу оруулж ажлыг нь хийлгэсэн. ... Д.Давааноров ах л Х.Мөнхбат мөнгө нэхээд байна, П.Мэндбаярын өмнөөс мөнгө өгчихсөн чинь П.Мэндбаяр одоо надад мөнгөнийхөө хагасыг өгөхгүй юм гэж ярьж байсан…” /2-р хх-ийн 124-125х/,

 

гэрч А.Пүрэвжамбын “... 2014 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байхаа одоо өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров гуай П.Мэндбаяр бид хоёрт “Х.Мөнхбат эхний ээлжид 15000000 төгрөг өг гээд байна. Т.Тулгабат, П.Мэндбаяр бид гурвуулаа хүний 5 сая төгрөг өгье” гэхэд яг тэр үед бэлэн мөнгө бол байгаагүй. П.Мэндбаяр хэлэхдээ та эхлээд аргалаад өгөөч би таньд дараа нь өгье гэж хэлж байсан. Д.Давааноров гуай за гэж байсан. Яг тэр үед бэлэн 2000000 төгрөг байсан, дээр нь угаасаа жаахан алт байсныгаа зарж борлуулаад 5 сая гаран төгрөг болсон. Эхний удаа 5000000 төгрөг гэсэн болохоор П.Мэндбаяр 5000000 төгрөгөө Д.Давааноров гуайд өгсөн. ... Х.Мөнхбатад өгсөн 5000000 төгрөг бол яг манай өөрийн үйл ажиллагаанаас олсон мөнгө байсан. ... Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед хэлэх үг олдохгүй сандраад хүнээс мөнгө зээлээд аваад өгсөн гэж хариулчихсан. Тэгтэл хэн гэж хүнээс авсан бэ, зээлсэн мөнгөө буцааж төлсөн үү гээд бүр лавлаж асуухаар нь хүнээс авч өгөөгүй учир бүр сандраад хэсэг дуугүй зогсож байгаад би сандарсандаа буруу хариулчихлаа, би хэн нэгнээс мөнгө зээлээгүй, би өөрөөсөө өгсөн гэж дараа нь залруулж хэлсэн. Миний хувьд 43 нас хүртлээ урд өмнө шүүх болон хуулийн аль нэг байгууллага дээр дуудагдаж байгаагүй. Тэр тусмаа шүүх гэдэг чинь над шиг хүн айж сүрдмээр газар байна лээ. Миний хувьд хууль шүүхийн байгууллагыг хүндэтгэж байдаг, тиймээс хууль дүрэм зөрчихгүй мөрөөрөө амьдаръя гэж бодож явдаг. Шүүх танхимд олон хүний өмнө гараад асуугдаад байхаар үнэхээр их сандарсан. Тийм дээ л би буруу зөрүү хариулсан байх. Ямар ч хүнээс мөнгө төгрөг зээлээгүй. ... П.Мэндбаяр ямар ч байсан 5000000 төгрөг Д.Давааноров ахад хүргэж өгсөн. Д.Давааноров ахыг ч гэсэн цааш нь Х.Мөнхбатад өгсөн гэдэгт итгэж байна. ... Миний хувьд 5000000 төгрөгийг бэлдэж өгсөн...” /6-р хх-ийн 144-145х/,

 

гэрч Б.Нямсүрэнгийн “... 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Т.Тулгабат захирал байхгүй байсан. Д.Давааноров ирээд Т.Тулгабат бид нар хүний 5 сая төгрөг шалгалтаар ирсэн хүнд мөнгө өгсөн. Тухайн үед Тулгаа мөнгөгүй тул би өмнөөс нь өгсөн. Надад Тулгаа 5 сая төгрөг өгөх ёстой гэхээр нь Тулгаагаас утасдаж лавлаж асуухад, тийм ээ тийм Д.Давааноров ахад өгөх ёстой юм. Та өгчихөөрэй гэхээр нь Д.Давааноровт 5 сая төгрөг өгсөн. ... Т.Тулгабат хүнд өгөх гэж байгаа юм аа гэж хэлээд бэлнээр 9600000 төгрөг 2014 оны 9 дүгээр сарын сүүлчээр авсан…” /2-p хх-ийн 147-148х/,

гэрч Ө.Оюунчимэгийн “... 2014 оны 8 дугаар сарын дундуур байсан шиг байна. Би сумын төв дээр байсан. Манай нөхөр Д.Давааноров Өлтийн уурхай дээр байсан. Орой нь Д.Давааноров над руу утсаар яриад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мөнхбат мөнгө нэхээд байна. 50 орчим сая төгрөг нэхсэн, мөнгө бэлдэж бай, ажил зогсчихоод байна гэж уурлангуй ярьсан. Тэгээд нэг орой ирээд надаас 29 сая төгрөг аваад Х.Мөнхбатад өгнө гэж хэлээд аймгийн төв явсан. Д.Давааноров өөрөө ярихдаа өмнө нь Т.Тулгабат, П.Мэндбаяр бид 3 нийлээд тав таван сая, нийтдээ 15 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. ... Энэ хэргийн талаар шүүх хуралд би гэрчээр дуудагдан Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйл ангиудыг сануулж хэрвээ худлаа мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан өгч мэдүүлэг авсан. Би шүүх хурал дээр ч хэлсэн. Манай нөхөр Д.Давааноров 2014 оны 08 дугаар сард гэдгийг одоо санаж байна, харин өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг эзгүй байхад колонкын орлогоос 10000000 төгрөг авч Х.Мөнхбатад өгсөн талаар дараа нь надад хэлсэн. Харин 2014 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, бас өдрийг нь сайн санахгүй байна. Д.Давааноров над руу намайг сумын төв дээр байхад Өлтийн уурхай дээрээс яриад Х.Мөнхбат яриад үлдсэн мөнгөө нэхээд байна, чи мөнгө бэлдээд байж бай, би яг одоо уурхай дээрээс гарлаа гэж утсаар ярьсан. ... Тэгээд кассанд бэлэн байсан 29000000 төгрөг Д.Давааноров ирж аваад явсан. Тухайн үед байсан мөнгө нь 29000000 төгрөг байсан. Д.Давааноров намайг мөнгө бэлдэж бай гэж хэлсэн. Хэн нэгнээс зээлсэн асуудал байхгүй. Өөрт бэлэн байгаа мөнгөө л бэлдэж өгсөн. Учир нь хагас бүтэн сайнд банк ажиллахгүй болохоор 2-3 өдрийн Шатахуун түгээх станцын орлого кассанд бэлнээр хуримтлагддаг. Мөн манай Шатахуун түгээх станцаас зээлээр алтны уурхайнууд түлш авдаг. Тэр хүмүүс түлшний мөнгөө бэлнээр өгдөг. Уянга суманд хүмүүс алт олборлодог болохоор зуны улиралд манай Шатахуун түгээх станцын түлш сайн борлогддог. Ер нь дундажаар 5-10 сая төгрөг зуны улиралдаа бол кассанд байж байдаг мөнгө юм. Тухайн үед Д.Давааноров мөнгө бэлд гэхэд байгаа нь 29000000 төгрөг байсан. Эхлээд 15000000 төгрөг өгсөн гэж байсан. Түүний 5000000 төгрөгийг П.Мэндбаяр өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр 44000000 төгрөгнөөс 5000000 төгрөгийг Д.Мэндбаяр, 14660000 төгрөгийг Т.Тулгабат, үлдсэн 24334000 төгрөг Д.Давааноровоос гарсан…” /2-p хх-ийн 166-167х, 6-р хх-ийн 136-137х/,

гэрч Б.Батнасангийн “... 2014 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Х.Мөнхбат гэх хүн ирээд та нар наад техникүүдээ карьераас гаргаж энд парклаж тавь, техникүүдийг чинь лацдана, та нарыг ажиллуулахгүй гээд байсан…” /2-р хх-ийн 168х/,

          гэрч Б.Цэрэнпагамын “...Т.Тулгабат, Д.Давааноров ахад 10 гаран сая төгрөгийн өглөгтэй байсан, түүнийгээ өглөө гэж надад 2014 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна хэлж байсан…” /2-р хх-ийн 178-179х/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Харваачин овогт Хасдоржийн Мөнхбатад холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял, түүний эдлэх дэглэм Х.Мөнхбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч Х.Мөнхбат түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА                      

                                                                                       Н.ЭНХМАА