| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/02738/И |
| Дугаар | 210/МА2024/02134 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02134
2024 12 09 210/МА2024/02134
Ч.Оын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/03852 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ч.Оын нэхэмжлэлтэй
Хариуцагч Э.М ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн, Ө.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Э.М ХХК-ийн Уул уурхайн хэлтсийн геологичоор ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дэд бүтэц, уул уурхайн технологийн газарт нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болно.
Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.1, Компанийн тухай хуулийн 83.1, Э.М ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, 7.7.11, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэж, орон тоог хассан тул Ч.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөхөөр заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Э.М ХХК-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу компанид уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтэн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, нүүрс, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд нь компанийн үндсэн ажил, чиг үүрэг болно. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.
1.2.Э.М ХХК нь ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасан бөөнөөр халах зохицуулалтад хамаарна.
Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
1.3.Э.М ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Э.М ХХК нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэх болсон нь дараах хууль, эрх зүйн үндэслэл болон хэрэгцээ шаардлагад тулгуурлана. Үүнд: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Э.М ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг эөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж зөвлөмж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дугаар тогтоолыг ирүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар Э.М ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, 2022 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэлээр дүрэмд нийцүүлэн Э.М ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 367 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Э.Т.Т" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Э.М " ХХК-ийг тогтоосон, 2022 оны 225 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор "Э.М " ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, "Э.Ү р", "М " төрийн өмчит үйлдвэрийн газруудыг "Э.М " нэгдлийн харьяанд ажиллуулахаар заасны дагуу Э.М ХХК нь цаашид нэгдлийн толгой компанийн буюу баялгийн сангийн хэлбэртэй санхүүгийн менежментийн үндсэн чиг үүрэгтэй тул нэгдсэн стратеги, хөрөнгө оруулалт, судалгааны чиглэлд үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтад шилжилт хийж байна.
2.2.Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж, Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолд үндэслэн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн баталсан.
Нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Ч.О-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах 01/447 дугаар мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн ч нэхэмжлэгч гарын үсэг зурахаас татгалзсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар тушаал гарч Ч.О-д мөн өдөр танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлсэн.
Мөн 80.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэх хэсгээс компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд заасан байдаг.
Тухайн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй болно.
2.3.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.2, 81.4-т халагдаж байгаа ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэж, мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасныг хэрэгжүүлсэн. Хуулийн 81.3-т заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээ хийгдсэн.
Иймд компанийн бүтцээс нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оыг хариуцагч Э.М ХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн газрын байгалийн нөөц, тооцоолол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э.М ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 65,405,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э.М ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оын нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.М ХХК-аас тэмдэгтийн хураамж 484,979 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.
Ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 2.1-т заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдээгүй гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэж, мэдэгдлийг авсан нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байхад холбогдох хууль тогтоомжуудыг эрэмбэлэхдээ Хөдөлмөрийн хуулийг баримтлаагүй шийдвэрлэсэн нь хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгоогүй.
Хариуцагч нь бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасныг зөрчөөгүй. Гэтэл тус нотлох баримтыг бүрэн, бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлээгүй байна.
4.2.Шүүхээс ...нэхэмжлэгч Ү.У ийн урьд эрхэлж байсан Санхүү эдийн засгийн хэлтсийн Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, аж ахуйн албаны Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байртай харьцуулахад ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг давхардалтай, зарим чиг үүрэг төстэй, ажлын байрны зорилго ижил байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан.
Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, аж ахуйн албаны Татвар хариуцсан нягтлан бодогчийн ажлын байр нь өмнөх бүтэц буюу Э.М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцэд Санхүү эдийн засгийн хэлтсийн Татварын бүртгэл, тайлагнал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн нэршилтэй байсан. Өөрөөр хэлбэл Ү.У ийг ажиллаж байхад байсан албан тушаал төдийгүй, бүх төрлийн татварын тайланг бие даан гаргадаг Ү.У ийг ахалж ажилладаг албан тушаал байсан. Нэхэмжлэгч Ү.У ийн хувьд тухайн ажлын байранд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан.
Дээрх хоёр ажлын байрны чиг үүрэг хоорондоо төстэй боловч нэг нь ахлах мэргэжилтэн, нэг нь мэргэжилтэн гэсэн нэршилтэй 2 өөр ажлын байр байсан тул ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг зохион байгуулалтын бүтцээс хасах шийдвэр гаргасан байдаг. Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон тул тухайн орон тооны ажлын байранд ажиллаж байсан Ү.У тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт нийцдэг. Гэтэл анхан шатны шүүх өмнө байсан, одоо ч байгаа албан тушаалыг Ү.У ийн ажлын байр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарт нийцээгүй төдийгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны эрхийг хөндөх шийдвэр болсон.
Талууд дээрх 2 ажлын байрны чиг үүргийн талаар мэтгэлцэж, шүүх хуралдааны явцад Э.М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 дугаар тушаал хэрэгт авагдаагүй болох нь тогтоогдсон тул хэргийг үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тус нотлох баримтыг цуглуулахаар 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан боловч шүүх хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн Э.М ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл татан буугдсан бөгөөд энэ талаар Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар лавлагаа гаргуулахад татан буугдсан талаарх лавлагаа дутуу ирсэн байхад шүүх зөвхөн үүсгэн байгуулагдсан нь тогтоогдож байна гэж дүгнэн, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрт заасны дагуу бөөнөөр халах мэдэгдлийг Э.М ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд өгөөгүй гэж ажил олгогчийг буруутган хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж харагдаж байна.
4.3.Шүүх хууль зүйн болон бодит үндэслэлд нийцсэн дүгнэлт хийгээгүй тухайд. Хэргийн байдлын талаарх хууль зүйн болон бодит үндэслэл буюу нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн бодит нөхцөл байдал хуулийн ямар зүйл заалтад хэрхэн тодорхойлогдож зохицуулагдаж байгааг тодорхой дүгнээгүй.
Маргааны гол зүйл нь ажил олгогчийн тушаал байх бөгөөд тушаалын үндэслэлээ ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байна. Хариуцагч талаас Э.М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар орон тоо хасагдсан тухай ТУЗ-ийн шийдвэр, Ажлын байрны хууль зүйн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Тус нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэртээ тусгаагүй байдаг. Нотлох баримтад хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт гэж ойлговол зохино. Гэвч ийнхүү үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
4.4.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу бөөнөөр халах үеийн хэлэлцээ хийгдсэн үйл баримт авагдсан байхад үүнийг үнэлээгүй анхан шатны шүүх дүгнэхдээ хэлэлцээг бүрэн хийсэн гэж үзэхгүй гэсэн нь хуулийн томъёоллоос өөр байдлаар ойлгогдохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3-т зааснаар холбогдох асуудлуудаар хэлэлцээ хийгдсэн байхыг шаардах ба заавал үр дүнд хүрсэн байхыг шаарддаггүй гэтэл бүрэн хийсэн гэж үзэхгүй гэх дүгнэлт нь хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болохоор байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол Ү.У ийн нэхэмжлэлтэй, Э.М ХХК-д холбогдох хэргийн давж заалдах гомдлыг Ч.Оын давж заалдах гомдолд хуулж бичсэн байсан. Ү.У ийн нэхэмжлэлтэй Э.М ХХК-д холбогдох хэрэг өнгөрсөн 7 хоногт давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Тиймээс Ү.У ийн давж заалдах гомдол Ч.Оын хэрэгтэй хамааралтай гомдол биш гэж үзэж байна.
5.2.Анхан шатны шүүхийн орон тоо бодитоор хасагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өмнө нь Э.М ХХК бүтцийн өөрчлөлт хийхдээ зэс, металлын болон нүүрс, эрчим хүчний групп гэж тусдаа салгасан. Нэхэмжлэгч Ч.О нь нүүрс, эрчим хүч хариуцсан ганц мэргэжилтэн байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоно. Геологийн чиглэлийн ажлууд буюу хэргийн 76 дахь талд авагдсан нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны 11 үндсэн чиг үүрэг нь дандаа геологи ашиглалт, хайгуултай холбоотой.
5.3.Үйлдвэрчний эвлэл сүүлийн 8 улирал тайлан хийгээгүй, татан буугдсан гэж хариуцагч дурдаж байна. Ч.Оыг ажлаас чөлөөлөх үед Үйлдвэрчний эвлэл татан буугдаагүй байсан ба үүнээс хойш 1 жилийн дараа татан буугдсан. Тайлан өгөөгүй нь Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулаагүй гэсэн агуулга биш. Мөн Иргэний хуулийн хугацаа тооцох журамд заасны дагуу хамтын гэрээг хүчингүй болгох саналыг талуудын хэн аль нь гаргаагүй. Хамтын гэрээ өнөөдрийг хүртэл Э.М ХХК-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Анхан шатны шүүх ТУЗ-ийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд Үйлдвэрчний эвлэлийг оролцуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан бүтэц зохион байгуулалт, бөөнөөр халах үйл явцтай холбоотой шийдвэр гаргахдаа Үйлдвэрчний эвлэлийг оролцуулаагүй. Хэрвээ Үйлдвэрчний эвлэл байхгүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу ажилтны төлөөлөгчийг оролцуулаагүй байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Э.М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Э.М ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.Оыг Дэд бүтэц, уул уурхайн технологийн газарт нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
4.Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан Ч.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, дэд бүтэц, уул уурхайн технологийн газрыг хэлтсийн зохион байгуулалтад оруулж, нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтний орон тоог хассан гэсэн үндэслэл тусгажээ.
4.1.Компаниас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/447 дугаар мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Ч.Од урьдчилан мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.1.Э.М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд компанийн удирдлагаас гадна 3 газар, тэдгээрийн харьяа 10 хэлтэс байхаар баталж, орон тооны дээд хязгаарыг 70 байхаар тогтоож, ажилтныг чөлөөлөх, шилжүүлэх, томилох арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байна.
Үүний дагуу Э.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ.
5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн зохион байгуулалтын бүтэц дахин өөрчлөгдөж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, түүнд үндэслэсэн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаал тус тус гарчээ.
Уг өөрчлөлтөөр компанийн бүтцэд Зэс, металл групп, түүний Ажлын алба, Нүүрс, эрчим хүчний групп, түүний Ажлын алба болон 7 газар, 5 хэлтэс, орон тооны дээд хязгаар 91, үүнд нийцүүлэн бүтцийн чиг үүрэг, албан тушаалын жагсаалт болон тодорхойлолтыг шинэчилжээ.
6.Нэхэмжлэгч нь өөрийн гүйцэтгэж байсан Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажил үүрэг 2022 оны 05 дугаар сарын бүтцээр Нэгдсэн удирдлага, судалгааны газрын Төсөл, хайгуул, ашиглалт, судалгааны хэлтсийн геологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдаж байгаа гэж тайлбарлаж байсан ч тухайн бүтэц дахин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2022 оны 12 дугаар сарын бүтцээр Үйлдвэрлэл, технологийн газрын байгалийн нөөц, тооцоолол хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдсан гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
6.1.Нүүрс, эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар шатах ашигт малтмалын орд, ашиглалтын үеийн геологийн судалгаа, эрдэм шинжилгээ, эрэл хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх; шатах, ашигт малтмал, нүүрсний ордын нөөцийн тайланг боловсруулах, нөөцийн үнэлгээ хийх, нөөцийг нэмэгдүүлэх; шаардлагатай ордуудын талаарх геологийн мэдээллийн сан бүрдүүлэх, орд газруудыг ашиглах санал, хөтөлбөр, төлөвлөгөө гаргах; ордуудын олборлох, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахад зориулж ашигт малтмалын нөөцийн үнэлгээ, тооцоог хийх; стратегийн ач холбогдолтой болон улсын төсөвт хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн ордуудад хэрэгжүүлэх нэмэлт геологи-хайгуулын ажлыг төлөвлөх зэрэг ажил үүрэг хамаарч байх бөгөөд дор дурдсан ажлын байрны чиг үүргүүдтэй давхацсан гэж үзэхээр байна.
6.2.Тодруулбал байгалийн нөөц, тооцоолол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хил хязгаарт нэмэлт хайгуул судалгааны ажил гүйцэтгүүлэх, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, уг орд газруудын геологи хайгуулын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тоон хэлбэрт шилжүүлэх; геологийн мэдээллийн нэгдсэн сангаас хэтийн төлөв бүхий талбайнуудын мэдээллийг татан авах, ялгах, боломжит санал дүгнэлт боловсруулах; хэтийн төлөв бүхий талбайнуудад геологи хайгуулын тайлан төлөвлөгөө гаргах, хайгуул судалгаа хийх; орд газруудад нэмэлт хайгуул судалгааны ажлын тайлан төлөвлөгөө боловсруулах, хайгуул ажлын үр дүнгийн тайлангийн геологи хайгуултай холбоотой хэсгүүдийг хийж гүйцэтгэх зэрэг ажил үүрэг тодорхойлсонтой харьцуулбал геологийн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн хяналт, үр дүнгийн тооцоо хийх зэргээр ижил байна.
6.3.Хариуцагч байгууллага нь дээрх 2 ажлын байрны чиг үүргүүд хоорондоо хэрхэн ялгаатай болохыг тайлбарлаж мэтгэлцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, түүнчлэн уг асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
7.Үүнээс гадна 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э.М ХХК-ийн ажил олгогч болон ажилтны төлөөлөл хамтран хуралдаж компанийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн нь хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасанд нийцэж байх боловч халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах зэрэг асуудал тус бүрээр тодорхой байр суурь илэрхийлж хэлэлцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй тул хуульд заасан журмын дагуу бөөнөөр халах асуудлаар хэлэлцээ хийгдсэн гэж дүгнэх боломжгүй.
Харин анхан шатны шүүх хариуцагч нь ажилтнуудыг бөөнөөр халах талаар хамтын гэрээнд заасны дагуу Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй тул дүгнэлт өгөх замаар залруулах нь зүйтэй. Тодруулбал зохигчид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулагдсан хамтын гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон эсэх талаар мэтгэлцсэн байх ба уг асуудал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзсэн нь алдаатай. Хамтын гэрээ анх байгуулсан хугацаагаар буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдсан байсан ч компанийн бүтцийн өөрчлөлт үүнээс хойно хийгдсэн тул маргаанд хамааралгүй байна.
8.Дээрхийг нэгтгэвэл, анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу зөв тооцсон байна.
Хариуцагч нь Санхүү эдийн засгийн хэлтсийн Санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ү.У ийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн үйл баримттай холбоотой асуудлыг давж заалдах гомдолд тусгасан нь талуудын маргаанд хамааралгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй болно.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/03852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.М ХХК-aас төлсөн 484,979 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА