| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/05060/И |
| Дугаар | 210/МА2024/02163 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02163
2024 12 13 210/МА2024/02163
М.У.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03988 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М.У.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч И.Г.М ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,182,566,472.35 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Д.Гүрбазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.М.У.Х.Б ХХК нь И.Г.М ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт байрлах Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл-ийг санхүүжүүлэх зорилгоор 16,000,000,000 төгрөгийг жилийн 10.62 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан.
1.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ, тусгай зөвшөөрөл барьцаалах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө барьцааны гэрээ, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, С.Зоригийн гудамж, *** дугаартай барилгын баруун хэсэгт байршилтай конторын зориулалттай 562.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, газар доорх ачааны машин XWD-LHD XYWJ-2 Underground Loader 4 ton capacity, далд уурхайн ачааны машин XWD-XYUK-12 Underground mining truck, loading capacity 12 ton, далд уурхайн өрмийн машин SANY-EBZ230H Roadheader, Cutting power 230 kw, Баянхонгор аймаг, Галуут сум, Хүүшийн ам, 106.51 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмал ашиглалтын MV-015643 дугаар тусгай зөвшөөрөл, Liebherr R914 гинжит WLHZ0960CZD013463 сериал дугаартай экскаватор, бутлагч төхөөрөмж (PF-10101, PF-10102 сериал дугаартай), далдын ковш XG95511 сериал дугаартай, далдын ачигч F6L912W сериал дугаартай, өрмийн машин, өөрөө явагч УБШ-201А-94 сериал дугаартай, далдын ковш-газар индүүдэгч IMGM201802 сериал дугаартай, далдын ковш-урдаа шанагатай MMC02056 сериал дугаартай, XZ657-11 маркийн авто ачигч, урдаа шанагатай ковш CNFC630137020011 сериал дугаартай, EBZ75 маркийн бутлагч өөрөө явагч гинжит машин 08PP00050098 сериал дугаартай, өөрөө буулгагч 3 дугуйт 3 ширхэг AJK-15 сериал дугаартай, далдын самосвал, өөрөө буулгагч IMGM201802 сериал дугаартай, өөрөө буулгагч LBZF46EAA030032 сериал дугаартай, өөрөө буулгагч IMGM201801 сериал дугаартай, *** улсын дугаартай LUCONG-918 маркийн жижиг оврын урдаа шанагтай ковш, өөрөө бутлагч, явагч гинжит машин MABO50009 сериал дугаартай, Liebherr R914 гинжит экскаватор WLHZ0960CZD017455 сериал дугаартай, жижиг ковш 5004А0239JAM сериал дугаартай, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа дараах техник: далд уурхайн дугуйт ачигч XWD2018WJ0007, XWD2018WJ0008 сериал дугаартай, далд уурхайн ачааны машин XWD2018UK0003, XWD2018UK0004, XWD2018UK0005, XWD2018UK0006 сериал дугаартай, далд уурхайн өрөмдөгч машин JBM140013, JBM140014 сериал дугаартай тус тус барьцаалсан.
1.3.Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,200,803,400.09 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 977,503,153.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,259,918.82 төгрөг, нийт 13,182,566,472.35 төгрөгийн нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 1,178,891,148 төгрөгийг дүнг хассан болно гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, Ковид-19 цар тахлын улмаас алданги, хүү, нэмэгдүүлсэн хүүд 12,200,803,400 төгрөгийг төлсөн. Цаашид барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж зээлийн гэрээг сунгуулах, төслөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтээ нэхэмжлэгч талд илэрхийлсэн байгаа тул тодорхой шийдэлд хүрсний дараа хариу тайлбар дахин гаргана гэж тайлбарлаж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.Г.М ХХК-аас 13,181,533,923.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.У.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,032,548.38 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.Г.М ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцааны гэрээний зүйл болох Газар доорх ачааны машин XWD-LHD XYWJ-2 Underground Loader 4 ton capacity, Далд уурхайн ачааны машин XWD-XYUK-12 Underground mining truck, loading capacity 12 ton, Далд уурхайн өрмийн машин SANY-EBZ230H Roadheader, Cutting power 230 kw, Баянхонгор аймаг, Галуут сум, Хүүшийн ам, 106.51 гектар талбай бүхий уурхайн ашигт малтмал ашиглалтын MV-015643 дугаар тусгай зөвшөөрөл, холбогдох баримт бичиг, Улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, ***дугаар хороолол, С.Зоригийн гудамж, 8 дугаартай барилгын баруун хэсэгт байршилтай конторын зориулалттай 562.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Liebherr R914 гинжит WLHZ0960CZD013463 сериалтай экскаватор, Бутлагч төхөөрөмж (PF-10101, PF-10102), Далдын ковш XG95511, Далдын ачигч F6L912W, өөрөө бутлагч 3 дугуйт AJK-15 (3 ширхэг), Далдын самосвал, өөрөө буулгагч IMGM201802, өрмийн машин, өөрөө явагч УБШ-201А-94, Далдын ковш-газар индүүдэгч IMGM201802, Далдын ковш-урдаа шанагатай MMC02056, XZ657-11 маркийн авто ачигч, урдаа шанагатай ковш CNFC630137020011, EBZ75 маркийн бутлагч өөрөө явагч гинжит машин 08PP00050098, Өөрөө буулгагч LBZF46EAA030032, Өөрөө буулгагч IMGM201801, *** улсын дугаартай LUCONG-918 маркийн жижиг оврын урдаа шанагтай ковш, Өөрөө бутлагч, явагч гинжит машин MABO50009, Liebherr R914 гинжит WLHZ0960CZD017455 сериалтай экскаватор, Жижиг ковш 5004А0239JAM, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн дугуйт ачигч XWD2018WJ0007, XWD2018WJ0008, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн ачааны машин XWD2018UK0003, XWD2018UK0004, XWD2018UK0005, XWD2018UK0006, Хүүшийн амны алтны шороон ордод ажиллаж байгаа далд уурхайн өрөмдөгч машин JBM140013, JBM140014 үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, дагалдах баримт бичиг, хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И.Г.М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 66,065,619.6 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл буюу Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тулгарсан учраас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Засгийн газрын тогтоолын дагуу хариуцагч И.Г.М ХХК-ийн үйл ажиллагаа зогссон. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон нь манай компанийн буруутай үйл ажиллагаа байгаагүй учраас гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүй. Засгийн газрын тогтоолоор цар тахлын үед нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн байхад бидний төлсөн зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй, нэмэгдүүлсэн хүүнээс хассан. Энэхүү журмыг зөрчиж буюу М.У.Х.Б ХХК-ийн нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн байх хугацааны манай компанийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүүнээс хассантай хариуцагчийн зүгээс маргах эрхтэй, энэ тооцооллыг үндэслэж гарсан шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт мөн маргах эрхтэй тул 1,063,875,726.64 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.3-т Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,200,803,400.49 төгрөг, үндсэн хүү 977,503,153.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,259,918.82 төгрөг, нийт 13,182,566,472.35 төгрөгийн өртэй талаарх нэхэмжлэгч талын тооцооллыг няцааж хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна зээлийн эргэн төлөлтийн талаар маргаагүй гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаагүй бөгөөд бид зээлийн эргэн төлөлтөд маргах эрхтэй байхад шүүх хэргийн оролцогчийн маргах эрхийг хаасан агуулгаар дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд мэдүүлэх эрх хариуцагч талд мөн адил бий. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд чөлөөт байдлын зарчмаар гэрээ байгуулагдсан хэн нэгэнд нь буюу М.У.Х.Б ХХК гэхээр давуу байдал үүсэх ёсгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч зохигчид тэгш эрхтэй мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж оролцох эрхтэй билээ. Шүүх хариуцагчийн маргах эрхийг төдийгүй, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг ч хангалгүй, өөрөө дур мэдэн хариуцагчийн өмнөөс маргаагүй гэж тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2021 оноос хойш болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлийн нөхцөл өөрчлөх, зээлийн хугацааг сунгах хүсэлтүүдийг маш олон удаа тавьж, шүүхийн шатанд ч нэхэмжлэгч, хариуцагч нар олон удаа уулзалт хийж, эвлэрэн хэлэлцэх шатанд явж байсан. Ийм учраас энэ эвлэрэн хэлэлцэх ажиллагааны дараа дэлгэрэнгүй хариу тайлбар өгөх агуулгаар гаргасан хариу тайлбарыг шүүх мушгин дүгнэсэн гэж үзэж байна. Эвлэрэн хэлэлцэх асуудлаар М.У.Х.Б ХХК-аас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Да хүрээ захад байрлах үйлчилгээний зориулалттай 6 үл хөдлөх эд хөрөнгө 1 газрын хамт нэмж барьцаанд бүртгүүлэх саналыг гаргасан бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд тус бүр нь 880 м.кв талбай бүхий зах зээлийн бодит үнэлгээ нийт 5 тэрбум орчим үнэлгээтэй юм. Банк эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцаалах санал гаргасан. Бид барьцааны үнэлгээг бодитоор гаргах хүсэлтийг тавьсан бөгөөд барьцааг шилжүүлэхэд гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авах ажиллагааг хийж гүйцэтгэж байх хугацаанд шүүх хариуцагч талыг байлцуулахгүйгээр огт маргах эрхгүй мэт хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр манай компани зээл авсан хэдий ч энэ нь зээлдэгчид байгаа бүх эрхийг хязгаарлахаар тэгш бус харилцаа гэж үзэхгүй байна.
4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Шүүх хуралдаанд хариуцагч талыг оролцох боломжоор хангаагүй, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд тайлбар гаргах эрхээр хангаагүй. Хэргийн оролцогч шүүхээс шүүх хуралдааныг товыг лавлах үүргээ хэрэгжүүлж, шүүгчийн туслахаас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр асуухад шүүх хуралдаан зарлагдаагүй байсан. Шүүх хуульд заасан хугацаанд хурлын тов мэдэгдээгүй, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн. Утсаар шүүхээс шүүх хуралдааныг тов мэдэгдэх үед тухайн өдөр 09:30 минутад шүүх хурал давхцаж байгаа тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилж мэдэгдсэн.
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгөх тухай хүсэлтээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсын хамт хүргүүлж, нотлох баримтыг шүүхийн мэдээлэл лавлагаагаар дардас даруулан хэрэгт өгсөн. Гэтэл шүүх дээрх хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал баримтаар тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсан. Шүүх шүүхийнхээ мэдэгдэх хуудас буюу эрхийн актыг үгүйсгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ хуульд заасан үндэслэлээр гаргасан байтал ижил шатны шүүхийн мэдэгдэх хуудсыг үгүйсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрт олгогдсон хууль ёсны эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн мэтгэлцэх эрх эрхийг хангалгүйгээр шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа шийдвэр гаргаж, хариуцагч маргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг уг дуугүй хүлээн зөвшөөрсөн мэтээр шийдвэртээ дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал, тооцоолол зэрэгт шууд нөлөөлсөн хууль бус шийдвэр гарсан.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг хэргийн материалтай танилцаагүй байсан бөгөөд өмгөөлүүлэх эрхээр хариуцагчийг хангасан мэт хэргээс харагдах боловч өмгөөлүүлэх эрхийг бодит байдал дээр хэрэгжүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн үндсэн чиг үүрэг бол хэргийг хурдан шийдвэрлэхдээ биш тал бүрээс нь бодитой шийдвэрлэхдээ оршиж, хэн нэгний эрхийг зөрчилгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргахад оршдог гэж шүүхэд итгэж байсан.
4.3.Хуулийг буруу хэрэглэсэн талаар. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг үндэслэсэн байна. Ингэхдээ зөвхөн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хугацааны төлөлтөд баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв энэ зохицуулалтыг баримталж байгаа бол зээлийн эргэн төлөлтийн үүрэг зөрчигдсөн гэж үзсэн бүхий л хугацаанд тооцоолол мөн адил хийгдэж, үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн цар тахлын үед нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдсөн байх хугацаанд төлсөн төлөлтүүдийг хариуцагч нэмэгдүүлсэн хүүнээс бус үндсэн үүрэг болох үндсэн зээл, хүүнээс хасах ёстой байсан. Зээлийн тооцоолол дээр маргах эрхтэй тул зээл авснаас хойш нийт төлсөн 1,063,875,726.64 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 11 дүгээр сард эхлээд 2024 оны 04, 07 дугаар сард 2 удаа нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилснөөс хойш 3 сарын дараа болсон. Уг хугацаанд нотлох баримт гаргах, хариу тайлбар хэлэх эрхээ эдлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, юу ч яриагүй байж одоо өгөх байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. 2024 оны 07 дугаар сарын шүүх хуралдаан эвлэрнэ гэх үндэслэлээр хойшилсон. Хариуцагч тал бид эвлэрэх гэж байгаа, гэхдээ гуравдагч этгээд буюу хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөл байхгүй байна гэх тайлбар тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, гэхдээ гуравдагч этгээдийн зөвшөөрөл байхгүй учраас шүүх хуралдааныг хойшлуулах талаар тодорхой санал хэлэлгүйгээр оролцсон. Уг шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор авна гэх үндэслэлээр хойшлуулсан атал 3 сарын хугацаанд зөвшөөрөл авах ажиллагаа хийгээгүй.
Мөн хариуцагч тал 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй. Хариуцагчийн яриад байгаа эвлэрэх санал хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед шатанд нээлттэй. Цар тахлын нөлөөнд орсон байлаа гэхэд цар тахлын нөлөөнөөс гарах боломжтой. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулж байгаа нь худлаа ярьж байна гэдгийг нотолдог.
5.2.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй байсан бөгөөд тооцооллын алдаа гаргаж, хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тооцоололд уг хуулийг хэрэглэсэн ч 1,000,000,000 төгрөгөөр багасахгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлөлтөөс хасагдаад тэр дүнгээс хойш үндсэн хүү бодогдоно. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу талуудын хоорондох харилцаа зээлийн гэрээгээр зохицуулагдана. Уг зээлийн гэрээнд төлбөрийг эхлээд нэмэгдүүлсэн хүүгээс, дараа нь үндсэн хүүгээс хасагдана гэж зохицуулсан байхад эхлээд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг баримтлах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч М.У.Х.Б ХХК нь хариуцагч И.Г.М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,182,566,472.35 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1.2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт ирүүлж, тухайн шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсаргажээ.
Нэхэмжлэгч тал мэдэгдэх хуудсын үнэн зөв эсэхэд маргаагүй, харин шүүх хуралдаан нь дууссан эсэхийг шүүх системээр шалгах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байх тул шүүх уг мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.
3.2.Үүнээс гадна шүүх 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мөн сарын 01-ний өдөр буюу 3 хоногийн өмнө хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасанд нийцээгүй байна.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
5.Давж заалдах шатны шүүхэд уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул материаллаг эрх зүйн асуудлаар гаргасан гомдолд дүгнэлт өгөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03988 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Г.М ХХК-аас төлсөн 5,477,329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА