Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02164

 

 

 

 

 

  

 

2024  12  13  210/МА2024/02164

 

 

М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04704 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.П ХХК-холбогдох

18,980,698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Б.Чандманьбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Талууд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийхээр тохирсон. М.К ХХК нь М.П ХХК-д гэрээт ажлын төлбөр болох 6,000,000 төгрөг, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын зардал 10,889,458 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сард багтааж 4 удаагийн гүйлгээгээр Хаан банк ХК дахь хариуцагчийн ***тоот болон түүний өгсөн *** тоот дансуудад, нийт 16,889,458 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч нь элдэв янзын шалтаг шалтгаан тоочиж одоо болтол гэрээт ажлыг огт хийгээгүй тул дээрх төлбөрөөс 14,889,458 төгрөгийг нэхэмжилнэ.

1.2.Захиалсан вэб хуудсыг гэрээний дагуу ашиглалтад оруулсан бол нэхэмжлэгч компани нь ашиг хийж зээл болон бусад зардлаа төлөх ихээхэн боломжтой байсан ба 2020 оны 11 дүгээр сард Г.Б ХК-аас сарын 1.4 хувийн хүүтэй авсан зээлийн хүүний төлбөрт нийт 4,250,690 төгрөг төлснийг бодит хохиролд тооцсон. Хариуцагч компанид мөнгийг шилжүүлээгүй зээлээ төлсөн бол бид энэ хүүгийн төлбөрийг төлөхгүй байх байсан.

1.3.Иймд хариуцагчаас ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 14,889,458 төгрөг, мөн хохирол 4,250,690 төгрөг, нийт 18,980,698 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.М.П ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/02 тоот ажил гүйцэтгэх гэрээг М.К ХХК-тай байгуулсан. Уг гэрээнд манай компани нь М.К ХХК-ийн хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийж гүйцэтгэх, гэрээнд заасан ажлын хөлс 6,000,000 төгрөг, бусад нэмэлт зардлыг М.К ХХК хариуцахаар тусгасан.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасан урьдчилгаа төлбөр ажлын хөлсний 70% болох 4,200,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор шилжүүлэх байсан ч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг төлсөн.

Харин системийн төлбөр 3,300 ам.доллар (тухайн үеийн ханшаар 9,411,600 төгрөг)-ыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Хаан банк ХК дахь *** тоот дансны эзэмшигч нь М.К ХХК-ийн айти инженер Б.Г ба нэхэмжлэгч өөрийн ажилтандаа өгсөн шилжүүлгийг илт мушгин тайлбарлаж, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж байна.

2.2.Вэб хуудас бүтээх, хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолын дагуу тогтоосон хөл хорио 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгагдаж, биднээс үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаа хойшилж, ажлын тусгай горимд шилжин ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сард М.К ХХК-ийн айти инженер Б.Г тэй вэб сайтын хөгжүүлэлтийг турших, нэмэлт өөрчлөлт, засвар шинэчлэлийн талаар ярилцаж, Кюпэй (QРАҮ) буюу төлбөрийн системд холбоход захиалагч нь банктай гэрээ байгуулж, холбогдох мэдээллийг яаралтай өгөхөөр тохиролцсон ч бидэнд уг мэдээллийг уулзалтаас хойш 3 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим хаягаар илгээсэн. Бид вэб сайтын ажлыг хүлээлгэн өгч, нэмэлт өөрчлөлтүүд, засвар шинэчлэлийн ажлыг шалгуулахаар удаа дараа холбогдсон боловч айти инженер Б.Г , хариуцсан ажилтан өөрчлөгдсөн гэх шалтгаанаар удааширсан. Ингээд бэлэн болсон вэб хуудсыг хэрэглэгчдэд нээлттэй байдлаар харуулах сүүлийн үе шат буюу гэрээний 6.1-д заасан вэб хуудасны хостинг үйлчилгээ, домайн нэрний үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулахын тулд сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөх ёстой тул бид Оросын Холбооны Улсад байрлах ОТ соmmerсе буюу Хятадын Таоbао системийн холболт, интеграцыг хийдэг байгууллагаас нэхэмжлэх, төлбөр төлөх линкүүдийг авсан боловч Оросын Холбооны Улс болон Украин Улсын хоорондын дайны нөхцөл байдал, Европын холбооноос авсан эдийн засгийн хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд Оросын Холбооны Улс руу рублийн гүйлгээ хийгдэхгүй, Маsterсагd, Visa болон бусад төлбөрийн хэрэгслүүд ажиллахгүй болсон учир вэб сайтыг олон нийтэд харагдах боломжтой байдлаар харуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар удаа дараа М.К ХХК-ийн айти инженер (*** дугаар)-т мэдэгдсэн, талуудын хэн алины хүсэл зоригоос гадуурх уг нөхцөл байдлын талаар мэдэж байсан тул бид хэн алинаасаа аливаа үүрэг шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Бид гэрээний 6.1-д заасан вэб хуудас бүтээх ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж, хөгжүүлэлтийн хэсэгт захиалагчийн санал хүсэлтийг авахаар 2022 оны эхээр М.К ХХК-ийн айти инженер Билгүүний 99787857 дугаарт холбогдоход шалтаг тоочиж, гэрээгээр хүлээсэн хамтран ажиллах үүргээ биелүүлэхгүй байсан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасанд хамаарахаас гадна бид үүргээ хожимдуулж гүйцэтгэсэн нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул хүндэтгэн үзэх нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Бид ажлын хөлснөөс тодорхой хэсгийг авахаар нэхэмжлэх илгээж, нэхэмжлэгч компани 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөгийг шилжүүлсэн. Компанийн айти инженер дахин солигдож, Д.Д гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын эхээр source code буюу вэб сайтын программын эх кодыг авъя гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:26 цагт нэхэмжлэгчээс мессежээр илгээсэн ***@gmail.com цахим хаягт холбогдох бүх мэдээллийг илгээж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн.

2.3.Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролтой холбогдуулан М.К ХХК болон Г.Б ХК-ийн хоорондын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хавсарган өгсөн байх бөгөөд чухам ямар аргаар тооцож 4,250,690 төгрөгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй. Түүнчлэн тус компанийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан зээл талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй огт холбоогүй тул хууль зүйн үндэслэлгүй. Манай компани тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу вэб хуудас бүтээх ажлыг бүрэн гүйцэтгэж, вэб хуудас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ашиглагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.П ХХК-аас 13,889,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,091,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,397.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын хооронд тохиролцсон 6,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна гэж дүгнэсэнд гомдолтой. Хэрэгт авагдсан харилцах дансны хуулгаар нэхэмжлэгч компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх 6,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй болох нь харагдахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байхад анхан шатны шүүх бүрэн төлсөн гэж буруу дүгнэсэн.

4.2.Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэх явцад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл заалтыг баримталж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т заасны дагуу талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлуудаа нэг бүрчлэн зоож эдгээр ажлын гүйцэтгэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн үзлэг болон 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2122 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус хэрхэн гүйцэтгэсэн талаар холбогдох баримтууд авагдсан. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээнээс татгалзсан үйл баримтыг бичгээр өгөөгүй гэдгээ илэрхийлдэг. Мөн хэрэгт гэрээнээс татгалзсан үйл баримтаа нотлох ямар нэгэн нотолгооны хэрэгсэл байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйл, 225 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байсан.

4.3.Гэрч Д.Д ын хувьд 2022 оны 09 дүгээр сард ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан талаар мэдүүлдэг. Нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй буюу огт хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад дурддаг боловч шүүх хуралдааны явцад хүлээж авсан талаар маргадаггүй, гол нь уг хийсэн ажил доголдолтой байсан гэх агуулгаар маргадаг. Мөн өөрийн охин өвчтэй байгаа учраас төлбөр мөнгөө буцаагаад эрүүл мэндийн зардалдаа өгөх шаардлагатай байна гэдэг агуулгаар тайлбарладаг. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлыг огт гүйцэтгээгүй гэх үндэслэлээр маргадаг ч энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй. Нэхэмжлэгч талын манайхыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч компани холбогдох хийсэн ажлуудаа хагас дутуу хийж өгсөн гэх тайлбар үгүйсгэгдэнэ. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч талаас нэхэмжлэгчийн мэдээлэл технологийн инженер Д.Д д ажлыг гүйцэтгэлийг хүлээлгэж өгч байгаа үйл баримтыг эс зөвшөөрөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Ажлын үр дүнг хүлээлгэж өгсний дараа гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал яригдсан учраас уг заалтуудыг хэрэглэхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж хохирол нэхэмжилдэг. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалж байна гэдэг агуулгаар шаарддаг боловч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах, татгалзсантай холбоотой өгсөн авснаа буцаах зохицуулалтыг хэрэглэхгүй байсан. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан ба анх тохиролцсон хугацаа нь 2 талын үйл баримтаас шалтгаалаад хугацаа хойшилсон учраас гэрээгээр тохиролцсон хугацаа буюу анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанид 2,277,000 төгрөгийг шилжүүлсэн хэсэгт гэрээнийхээ хугацааг сунгасан байна гэж дүгнэсэн. Талууд 2022 оны 06 дугаар сард төлбөр төлөхдөө гэрээгээ 28 хоногоор сунгах талаар тусган бичигдсэн болон аман тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгч талыг гэрээг цуцлах талаар илэрхийлэхээс өмнө ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 6,000,000 төгрөг, гэрээний 3.2-т ажлын 2 хоногт багтаагаад 4,200,000 төгрөг төлнө гэж заасан. 2022 оны 04 дүгээр сарын 02, 09, 14-ний өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр 13,611,600 төгрөг өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээ сарын хугацаатай буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 29-ний хооронд уг үйл ажиллагаа явагдах ёстой байсан. Манай тал 14 хоногт бүх урьдчилгаа мөнгөө төлсөн ба үлдэгдэл 30 хувийг ажил хүлээн авсны дараа төлнө гэж заасан.

М.П ХХК нь 14 хоногийн дотор 13,000,000 төгрөг авсан ба уг мөнгийг ажлын хөлс, төлбөрт өөрсдөө зохицуулах ёстой, манай зүгээс бүх төлбөрөө төлсөн.

5.2.Уг гэрээг хийхэд хариуцагч компани Наадамчдын гудамжинд байрлаж байсан, 1 сар болоход холбоо барьдаггүй, утас нь болдоггүй, хаягаар нь очихоор хаяг дээрээ байдаггүй байсан. 2022 оны 06 дугаар сард ажилчнаа явуулаад М.П ХХК-ийг хайлгаж Яармагт байгааг мэдсэн.

5.3.Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан зорилго нь цар тахлын үед хэрэглэх байсан ба одоо үр дүнгүй болсон. 2022 онд цар тахал дуусаагүй байсан учраас талууд хоорондоо тохиролцоод үлдэгдэл мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн гэж маргадаг. Уг гэрээний ажлын үр дүнг манай ажилчид шаардлага хангахгүй байна гэж дүгнэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвийн ажиллагаанд орох хүртэл бүрэн хариуцна гэж заасан.

5.4.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч М.П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 14,889,458 төгрөг, хохирол 4,091,240 төгрөг, нийт 18,980,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.М.К ХХК болон М.П ХХК-ийн нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч М.П ХХК нь нэхэмжлэгч компанийн хэрэглэгчдэд зориулсан динамик вэб хуудсыг хийх, захиалагч М.К ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 6,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоныг шүүх зөв тогтоосон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,411,600 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,200,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,277,858 төгрөг, нийт 14,889,458 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч огноо, үнийн дүнгийн хувьд маргаагүй байна.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээнд заасан ажлаа огт хийгээгүй учир ажлын хөлс болон зардлыг буцаан гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

Гүйцэтгэгчээс ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5.1.Гэрээний 6.1-д захиалагчийн шаардлагын дагуу гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлыг тодорхойлсон байх ба вэб хуудас бүтээх, хөгжүүлэх, вэб хуудас нэг хэлээр байна, программын болон дизайны ажлууд, админ удирдлагын хэсэгтэй, мэдээлэл оруулах засах хасах модультай, зураг, зурган мэдээлэл, зургийн сан, видео мэдээлэл байрших боломж, сошиал сувгуудтай холбох линк, бараа бүтээгдэхүүний каталоги үүсгэх боломж, сагсанд хийх боломж, Qpay төлбөрийн систем холбох, хостинг үйлчилгээ, домайн нэрний үйлчилгээний сервесүүдийг холбон вэб сайтыг бүрэн ажиллагаанд оруулах, сервер дээрх тохиргоог хийх гэсэн ажлууд багтжээ.

5.2.Хариуцагчийн хариу тайлбарт ...Д гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын эхээр захиалагч талаас source code буюу вэб сайтын программын эх кодыг авъя гэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:26 цагт нэхэмжлэгч талаас мессежээр илгээсэн ***@gmail.com цахим хаягт холбогдох бүхий л мэдээллийг илгээж, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан байх ба гэрч Д.Д ... М.К ХХК хүсэлт тавьсны дагуу вэб хуудсыг шалгаж үзсэн. Эхний байдлаар программ нь ажиллаагүй учир кодонд дүн шинжилгээ хийж үзсэн. Программ хангамжийн хувьд нууцлалын бодлого хангаагүй, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хангаагүй, маш хуучны код ашигласан байсан, гадны компанийн бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлээд хийсэн байсан нь анзаарагдсан ... динамик вэб хуудас одоо ашиглагдаагүй гэж мэдүүлсэн.

5.3.Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2122 дугаар дүгнэлтэд админ удирдлагын хэсгийн бүрдлийг шалгаж тусгаад, шинээр нийтлэл үүсгэх, хуудас үүсгэх үед зураг, зурган мэдээлэл оруулах, цахим хуудсанд видео мэдээлэл байршуулах боломжтой, админ удирдлагын хэсгээс сошиал сувгуудтай холбох тохиргоо хийгдсэн, бараа бүтээгдэхүүний каталоги үүсгэх болон захиалга сагсанд хийх боломжтойг дүгнэсэн боловч Qpay төлбөрийн үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй тул шалгах боломжгүй, цахим хуудасны эх кодыг тусгайлан бэлтгэсэн локал орчинд ажиллуулах боломжгүй байх тул вэб сайтыг бүрэн ажиллах эсэхийг шалгах боломжгүй, домайн нэр, хостинг үйлчилгээг аваагүй тул серверийн тохиргоо хийх боломжтой эсэхийг шалгах боломжгүй гэж дүгнэсэн байна.

5.4.Дээрх баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулахад, нэхэмжлэгчийн вэб хуудас нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан нөхцөлийг хангаж ажиллаж байгаа гэх байдал тогтоогдоогүй ба энэ нь хариуцагч гэрээний 6.1-д заасан ажлуудыг цогцоор нь бүрэн гүйцэд хийгээгүйтэй холбоотой гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл гэрээт ажлыг гүйцэтгэж ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол баримтаар тогтоогдоогүй байна.

6.Дээрх нөхцөлд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг шаардах эрхтэй. Гэрээний 2.3-т гүйцэтгэгч нь захиалгыг хүлээн авснаас хойш 28 хоногийн хугацаанд ажлыг гүйцэтгэхээр заасан боловч уг хугацаанд ажил бүрэн хийгдээгүй, мөн талууд ажлын үр дүнгийн талаар 2022 оны 07, 09, 10 дугаар сард хэлэлцэж байсан ч нэхэмжлэгч үр дүн гараагүй гэж үзэж шүүхэд хандсан байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэрээг нэхэмжлэгч цуцалсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй нөхцөлд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үр дагавар үүсэх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ажлын хөлс, материалын зардалд хариуцагчид шилжүүлсэн нийт 13,889,458 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

7.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан бусдаас зээл авч хүү төлж хохирсон үндэслэлээр 4,091,240 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч мөн гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

8.Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажил гүйцэтгэх гэрээ цуцлахтай холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлах байтал мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...225 дугаар зүйлийн 225.1..., ...205 дугаар зүйлийн 205.1... гэснийг хасаж, 355 дугаар зүйлийн 355.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА