Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Г.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Мөөнэйхэн  овогт Галаагийн Мандалбаярт холбогдох эрүүгийн 1936000710098 дугаартай, 178/2019/0099/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06  сарын 07-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 06 сарын 17-ны  өдөр   хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,1974 оны 04 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой,  жолоочийн мэргэжилтэй,  хувиараа мал малладаг, ам бүл 4,  эхнэр  хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав  багийн 06-10 тоотод оршин суух хаягтай, аминдаа  30 толгой бог  мал, 6 толгой бод мал , гэр- 1,  хашааны газартай,  сарын өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй , Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн  2003 оны 09 сарын 02-ны өдрийн  103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  215 дугаар зүлйийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ПЭ74043017 дугаарын регистртэй,  Мөөнэйхэн  овогт Галаагийн Мандалбаяр

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Г.Мандалбаяр нь Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Дуукар” гэх нэртэй газраас 2018 оны 11 сард зохих зөвшөөрөлгүйгээр ойд бургас, харгана бэлтгэж нийт 1470000  төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн...Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг “Элсэн хошуу” гэх газарт иргэн Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн тоотод оршин суух хаягтай ПЭ 74043014 дугаарын бичиг баримттай Галаа овогтой Мандалбаяр нь хууль бусаар нойтон харгана, бургас тасалж хашаа барьсан гэх хэргийн газарт үзлэг хийв. Үзлэгээр 14x8 метрийн харьцаатай харганаар гурван хана хашаа босгож барьсан байдалтай, хашааны  бүсэлхий модонд барьсан болон  бэлдсэн бургасыг тоолоход 50 ширхэг нойтон бургас мод тасалсан байв. Хашааны нөгөө талын хананд босгохоор  бэлдсэн  харгана газраар тайрч бэлдсэн байдалтай байсныг  гэрэл зургуудаар үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгийг  дуусгав. Үзлэгээр төмөр сүх 1,  мод чирсэн гэх аргамж 1 ширхэгийг тус тус хурааж авав ... гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 11-12 дугаар хуудас/

 Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Ховд сумын Баруун салаа багийн “Элсэн тохой” гэх газар иргэн Г.Мандалбаярын гэрийн хажууд барьсан  харгана , бургас модоор барьсан хашаанд хэмжилт хийж, үзлэг хийв. Хашааг ертөнцийн зүгээр  хойд талаас нь хэмжихэд 14 метр 20 см, хашааны өргөний зүүн талаас нь хэмжихэд 8 см өргөнтэй байв.  Хашаа дотроо нэг тасалгаатай бургас, харганаар босгосон ханатай байв. Үзлэгийн үеэр оролцогчдийн саналгүй. Өмнөх анх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд байснаас нэмж хашаа босгосон  байгааг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг 4 кадр гэрэл зургаар батжуулав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 13-15 дугаар хуудас /

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол... Г.Мандалбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мөнгөлөг өнгийн нийт 52 см урттай төмөр сүх, цагаан өнгийн 3 мерт 75 см урттай даавуун аргамжийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол... / хэргийн 20 дугаар хуудас/ 

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын төлөөлөгч  /Ховд аймгийн Ховд  суманд 1975 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, /Ховд аймгийн Ховд  сумын  Засаг дарга ажилтай  ПЛ75101616 дугаарын регистртэй/ Жантекей  овогт  Шамейханы Ерболатын  өгсөн... “ Экологи эдийн засгийн үнэлгээнд заасны дагуу учирсан бодит хохиролыг барагдуулж өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга байхгүй...." гэх мэдүүлэг /хх- ийн 24-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  К.Жарылхалбердийн  гэрчээр өгсөн...Би Баруунсалаа багийн Засаг даргын ажил хийдэг манай багийн Х.Хуатхан Т.Хавдал гэх иргэдээс удаа дараа гомдол ирсэн. Баруунсалаа багийн Улаанхарганы харганы хөл гэх газар Эрдэнэбүрэн сумын иргэн Г.Мандалбаяр Жаргалант сумын иргэн М. Олонбаяр нар нь  олон тооны мал оруулж ирж тус газар дур мэдэн харгана бургас тасалж хашаа татсан гэх гомдол гарсан. Сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэн Ш.Дүрэмхан бид хоёр нэгээс хоёр удаа мэдэгдэх хуудас өгсөн. Хашаа хороо татаж болохгүй бэлчээрийн асуудалтай холбоотой гэх мэдэгдэх хуудсыг өгч тус айлууд нь бод бог малаа гаргаад нүүсэн байсан. Гэтэл сая дахиад бод малаа аваад орж ирж тус газар харгана бургас тасалж хашаа барьсан асуудал гаргасан. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Дүрэмхааны гэрчээр өгсөн... “Манай сумын Баруун  салаа багийн нутаг Улаанхаргана гэх газарт өнгөрсөн жилээс хойш Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэд ирж зөвшөөрөлгүйгээр айлын өвөлжөөний газарт бууж дур мэдэн  хашаа татаж удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн боловч бэлчээр чөлөөлөхгүй байгаад байгаа. Энэ жил дахиад Эрдэнэбүрэн сумаас болон Жаргалант сумаас хэдэн айл ирж бууж Улаанхарганаас нойтон харгана, бургас тасалсан Г.Мандалбаяр, М.Оломбаяр гэдэг айлуудад хариуцлага тооцуулахаар багийн дарга нь К.Жарылхапберди тус сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гаргасан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ш.Айболын гэрчээр өгсөн...Манай сумын Баруунсалаа багийн Улаанхаргана гэх газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Жаргалант сумуудын иргэд нүүж ирээд  харгана, бургас тасалж хашаа барьж байгаа талаар Баруунсалаа багийн иргэд,  багийн Засаг дарга К.Жарылхапбердэд мэдээлэл өгч мэдээллийн дагуу сумын ажлын хэсэг очиж газар дээр нь очиж танилцаж ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Жаргалант сумын иргэн Г.Мандалбаяр нь “Элсэн хошуу’’, “Шунхат’’ гэх газарт харганаар өвсний хашаа барьсан байгааг очиж шалгасан. Харгана бол түгээмэл ургамал модны төрөлд хамаарна. Ойн тухай хуульд зааснаар нойтон мод огтлохыг хориглосон заалт байх нь байгаа. Харгана түгээмэл ургамал учраас байгаль экологийн хохирлын үнэлгээгийн гаргуулж хохирол нь тогтоогдоно. Хууль зөрчсөн явдалд арга хэмжээ авах нь  зүйтэй. Эдийн засгийн хувьд экологийн үнэлгээг нэг м3 модыг   “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг” баримталж гаргана. Иргэн Г.Мандалбаярын тасалсан нийт харгана бургас нь ойролцоогоор 5-аас 6 м3 мод гарна... гэх мэдүүлэг/хх-ийн 28-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 32-37-рт/

Мал үнэлсэн тухай шинжээчийн...Эм үхэр 4 настай  1-  400000 төгрөг, эм үхэр 5 настай-1-500000 төгрөг морь 5 настай -1- 600000 төгрөг гэх дүгнэлт/хх-ийн 39-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мандалбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн...Манайх 2018 оны 11 сард Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн мутаг дэвсгэр “ Элсэн тохой” гэх нэртэй газар өвөлжиж байсан. Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр гэрийнхээ ойролцоогоос буюу “Дуукар” гэх нэртэй газраас харгана, бургас бэлтгэж оосорлож чирж гэрийнхээ гадна аваачиж малын хашаа барьсан. Би харгана, бургас бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн төмөр сүхээр бэлтгэсэн. Харин бэлтгэсэн харгана, бургасаа оосорлож чирж гэртээ хүргэхдээ мяндсан аргамж ашигласан.  Казакууд биднийг  хавчиж байна. Монгол хүн монгол нутагтаа амьдарч чадахгүйд  хүрч байна.  Нөхөн төлбөрийг төлөх мөнгө байхгүй хэцүү байна ...гэх мэдүүлэг зэрэг болно. 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Г.Мандалбаяр нь Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэрт байрлах “Дуукар” гэх нэртэй газраас 2018 оны 11 сард зохих зөвшөөрөлгүйгээр ойд бургас, харгана бэлтгэж, Ховд сумын Элсэн тохой нэртэй газарт 2018 оны 11 сард хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоогдсон 14х8 метр хэмжээ бүхий газарт харганаар хашаа барьж хүрээлэн буй орчинд 1470000 төгрөгийн хохирол учруулсан, хэргийн бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Г.Мандалбаяр нь зөвшөөрөлгүйгээр харгана, бургас хадаж харганаар нь хашаа барьж, бургасаар хашааны бүслүүр хийсэн талаараа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин хохирлыг төлөх мөнгөгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна

 Шинжээчдийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн шинжээчдийн...Модыг биологийн онцлогоор нь модлог ба бутлаг ургамал гэж 2 ангилна. Модлог ургамал нь ганц гол иштэй, олон жил амьдардаг, үндэсний систем иш, титэм, гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Г.Мандалбаярын бэлтгэсэн  мод нь харганы төрлийн  Алтайн улаан харгана буюу бутлаг ургамал болно. Модны нэр харгана. Дээрхи хашааг барихад иргэн Г.Мандалбаяр нь хашааны бүслүүр хийхээр 3 ширхэг бургасан модноос салаа мөчрийг авч ашигласан байсан. Бургасан нь модлог ургамалд орох буюу навчит модонд орно. Тухайн бутлаг ургамалыг тайрч авч байх үед ургаж байсан учраас нойтонд тооцогдоно. Бургасан нь тухайн үед ургаж байсан учраас нойтон модонд тооцогдоно. Ховд аймгийн Ойн сан нь “ Ойн тухай  хууль”- ийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойд хамаарагддаг. Иргэн Г.Мандалбаярын барьсан хашааны харганыг газар дээр нь очиж үзээд барьсан хашаанд хэмжилт хийхэд өргөн нь 8 м, урт 12 м – ийн урттай харгана хашаа барьсан байв. Мөн харгана хашаанд 1-2 м урттай бургасан бүслүүр хийсэн байв. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохын тулд хадсан харганыг газар дээр очиж үзэхэд 62 ширхэг х5000 – 310000 төгрөг, 1-2-ийн урттай бургасан мод  3 ширхэг хэрэглэсэн учраас Бургас 3х 60000 төгрөг – 180000 төгрөг нийт 490000 төгрөг болохыг БОАЖ сайдын 2009 оны 394 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар тогтоов... гэх дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч байгууллагын төлөөлөгч Ш.Ерболатын...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг,  гэрч К.Жарылхапбердигийн...Манай сумын Баруун салаа багийн Харганы хөл гэх газар Эрдэнэбүрэн сумын иргэн Г.Мандалбаяр, Жаргалант сумын иргэн М.Олонбаяр нар нь олон тооны мал оруулж, тус газар дур мэдэн харгана, бургас тасалж байна гэх гомдол ирсэн. Мэдэгдах хуудас удаа дараа өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Ш.Дүрэмханы ...Энэ жил Эрдэнэбүрэн болон Жаргалант сумаас хэдэн айл Улаанхарганад ирж бууж, нойтон харгана бургас тасалсан. Г.Мандалбаяр, М.Олонбаяр гэх айлуудад хариуцлага тооцуулахаар Багийн Засаг дарга нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэх мэдүүлэг, гэрч Ш.Айлболын...2018 оны 11 сарын 22-ны өдөр Жаргалант сумын иргэн Г.Мандалбаяр нь Элсэн хошуу, “Шунхат” гэх газраас харганаар өвсний хашаа барьсан байгааг шалгасан. Харгана нь түгээмэл ургадаг модны төрөл хамаарна ... гэх мэдүүлэгээр  шүүгдэгч Г.Мандалбаяр нь  Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр  Дуукар гэх нэртэй газраас 2018 оны 11 сард зохих зөвшөөрөлгүйгээр  Ойн сангийн  хамгаалалтын бүсээс 3 ширхэг бургас,62 ширхэг  харгана бэлтгэж, нийт 490000 төгрөгийн  мод бэлтгэсэн нь   Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан... Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Мандалбаярыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Шинжээчдийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэгээр шүүгдэгч Г.Мандалбаяр нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг бургас, 62 ширхэг харганыг бэлтгэж,  хүрээлэн буй орчинд  490000 төгрөгний хохирол учруулсан тул  Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар...иргэн хууль бусаар мод бэлтгэсэн бол  шууд учирсан хохирлыг,  ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлнэ... гэснийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд  шууд учирсан   хохирол 490000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж , 1470000 төгрөгийг шүүгдэгч Г.Мандалбаяраас гаргуулан  Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 100161300452 тоот дансанд шилжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ. 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Мөөнэйхэн  овогт Галаагийн Мандалбаяр нь Ховд аймаг дахь сум дундын  нэгдүгээр  шүүхийн 2003 оны 09 сарын 02-ны өдрийн  103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  215 дугаар  зүйлийн  215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь хэргийн  61 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 62-63 дугаар хуудас дахь 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.Мандалбаяр  нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Г.Мандалбаярыг  240 цаийн  нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 см урттай төмөр сүх нэг ширхэг, 3 метр 75 см урттай олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол 490000 төгрөгийг хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж, 1470000 төгрөгийг Ховд сумын Тамгын газрын дансанд шилжүүлэх, хохирол барагдуулах хүртэл   2 тооны үхэр 1 тооны морийг хураан авч битжүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийгөө   өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Малдаа харгана хадаад хашаа барьсан нь үнэн. Бүгд л харгана хадаж хашаа барьдаг. Прокурорын санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх   саналыг хүлээн зөвшөөрч,  Дахин гэмт хэрэг үйлдэхгүй   гэв. 

Шүүхээс шүүгдэгч Г.Мандалбаярыг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Г.Мандалбаярыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Мандалбаярт   оногдуулсан  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936000710098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 см урттай төмөр сүх нэг ширхэг, 3 метр 75 см урттай олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   Г.Мандалбаяр нь  цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Г.Мандалбаяр нь хохирол төлөөлөгүй тул  түүний   хувьд ногдох хөрөнгө болох 2 тооны үхэр, 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 24-ний  өдрийн 5/63  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мөөнэйхэн  овогт Галаагийн Мандалбаярыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мөөнэйхэн  овогт Галаагийн Мандалбаярыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн 1936000710098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 см урттай төмөр сүх нэг ширхэг, 3 метр 75 см урттай олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай

 4. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.Мандалбаяраас 1470000 төгрөгийг   гаргуулан  Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын  Төрийн сангийн 100161300452 тоот дансанд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Мандалбаярын  хувьд ногдох хөрөнгө болох 2 тооны үхэр, 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 24-ний  өдрийн 5/63  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хохирол төлөгдөх  хүртэл  хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Мандалбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Мандалбаярт тайлбарласугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Мандалбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж, ажлын байраар хангахыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Г.Мандалбаярт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА