Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2024/00091

 

А.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00784 дүгээр  шийдвэртэй, нэхэмжлэгч **************** багт оршин суух Ш овогт А.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч ************* багт оршин суух Ш овогт А.Д-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох”  тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч  А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч А.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш би тухайн Бугат сумын 2-р баг буюу Хавтгай гэх газарт 44 дэх удаагаа өвөлжсөн байдаг. Зөвхөн өнгөрсөн жил л өвөлжиж чадаагүй. Хариуцагч бид хоёр төрсөн ах дүүгийн холбоотой. А.Д- 1988 онд 10-р ангиа төгсөж, надад туслах малчин болж, бид хамт мал малласан. Өнгөрсөн жилийн өмнөх жил манай мал задгай хашаанд өвөлжсөн. Харин өнгөрсөн жил тухайн задгай хашааны бууц өтгийг хариуцагч бүхэлд нь авчихсан. Миний хүүхдүүд өвөлдөө түлэх ямар ч түлээгүй болсон. Түүнээс болж би тухайн хороонд байгаа өөрийн эзэмшил эд хөрөнгүүдээ хувааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2.Тухайн үед би А.Д-н хүүхдүүдээс ямар учраас бууц өтгийг гаргаж авсан талаар асуухад, энэхүү хашаа хороог би А.Б-н хамт барьсан, миний эзэмшлийн эд хөрөнгүүд гэж хариулсан байна. Мөн тухайн үед би болсон асуудлын талаар А.Д-д хэлэхэд, тэр бас адилхан тухайн хороог би хувьчлалд авсан хороо, танд ямар ч хамааралгүй гэдэг хариулт өгсөн. Гэхдээ тухайн хашааг би 1983 онд барьсан.

Хариуцагчид Балчингийн Хавтгайн саравчтай хашааг хувьчилсан нь үнэн. Харин задгай хашаа бол хэний ч хувьчлалд ороогүй. Мөн нэгдлийн ямар ч дансанд ороогүй хашаа. Хэрвээ нэгдэл өөрсдийн хөрөнгөөр барьсан бол дансандаа бүртгэж авах ёстой байсан. Гэхдээ тухайн хашааг би өөрийн хүчээр барьсан хашаа. Энэхүү хашаанаас болж хамаатан садан хүмүүсийн дунд хэрүүл маргаан гарах болсон. Анх саравч хашаа зөвхөн А.Д-н хувьчлалд гараагүй. Зөвхөн саравч хашаа 12 хүний хувьчлалд гарсан. А.Д- саравчтай хашаанд 5 хүний хувьцаагаар орсон. Харин үлдсэн хүмүүсийг дурдвал Х-, М- эхнэрийн хамт, О- хүүхдүүдийн хамт хувьцааг авсан. Нэг ёсондоо Хавтгайд байгаа хашаа хороог 12 хүний хувьчлалаар авч байгаа. Миний хувьчлан авсан Балчингийн Бодгон гэх хаваржаа анх 18 хүний хувьчлалаар гарсан. Анх надад чамд зөвхөн Хавтгайд байгаа хашаа хороог өгөх болно, Бодгон гэх хаваржааг өөр хүнд өгөх болно гэж хэлж байсан. Тэгэхээр би маш олон жил улсад мал маллаж, хоёр хашаа хорооны хоёуланг ашиглаж байсан хүний хувьд мөн улсад асар их хөдөлмөрөө шингээж, хамгийн сүүлд хошой аварга гэх цолонд хүрсэн хуний хувьд хувьчлал тараасан компанид хүсэлт бичсэн. Би маш олон удаа малчин хүний авах ёстой дээд шагналуудыг энэхүү хоёр хашааг ашиглаж авсан.

1.3.Хариуцагч А.Д- бид хоёрт 1996 онд аав маань малыг хувааж өгсөн. Түүнээс өмнө бид нарын мал хамт байсан. Харин 1996 онд Б- гэх хүн хорвоогийн мөн бусыг үзүүлсэн байсан. О- гэх хүнд хувьцааны мөнгө өгсөн нь илт худлаа. Тэр хүнийг миний дүү А.Д- таних байтугай хараагүй хүн. А.Д- өмч, хувьчлалын комисс хэн байсан гэдгийг ч мэдэхгүй. Учир нь уг бүх бичиг баримтыг би 1993 онд бүрдүүлж өгч байсан. Иймээс надад хоёр хороог хувьчлалаар өгөх талаар хүсэлт гаргалаа. Тухайн үед миний хүсэлтийг хүлээн авч надад, хоёр хашаа хороог өгнө, гэхдээ надад ямар нэгэн байдлаар цаашид хоорондоо маргахгүй гэдэг хүмүүсийг олж ирээрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тийм учраас М, Х, О-, З, Хоньчин, Ж гэдэг хүмүүсийг оруулсан. Миний хувьд зөвхөн Ж гэх хүнийг хараагүй, түүнд хувьцааны мөнгийг өгөөгүй. Харин бусад бүх хүмүүст хувьцааны мөнгийг өгч хувьцаагаа худалдаж авсан. Зөвхөн Ж гэх хүнтэй л уулзаагүй, дахин тааралдаагүй, хувьцааг нь худалдаж аваагүй. Х- болон М- нар 1993 онд Казахстан улс руу нүүгээд явсан байсан. Гэхдээ би тэд нар нүүх үед надад та нарт мөнгө өгөх боломж байхгүй, харин та нарт мал өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Тэгэхэд тэд нар бид нарт өгөх ёстой малаа Б.М- гэх хүнд өгөөрэй гэсэн. Б.М- нь миний баз юм. Харин Б.М- бол Х-, М- нарын нэгний ах нь нөгөө нэгний дүү нь байдаг. Тэд нар өөрсдөө хувьцаандаа авах ёстой малыг Б.М-ад өгөхийг хүссэн тул би Б.М-ад малуудыг өгсөн. Яг хэдэн тооны мал өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Тухайн үед О- гэх хүн зөвхөн мөнгө л авна гэхээр нь би мөнгө өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд А.Д- нь Х-, М- гэх хүмүүсийн нэрийг миний гарт байгаа нотлох баримтаас хараад хэлж байна гэдэг байдлаар тайлбар хэлсэн. Нэгдэл тарах үед бид хувьчлалд зөвхөн өөрсдийн хамаатан садан хүмүүс буюу ойрын хүмүүсийг оролцуулдаг. Х-, М- нар туслах бригадад ажилладаг байсан. Тэд нарын аав нь Б- гэдэг багш хүн байлаа. Харин М- бол хичээлээ төгсөж ирсэн боловч нэгдэлд ажиллаж байгаагүй хүн юм. Тэд нар худын холбоотой тул хувьцаанд оруулсан байгаа. Тухайн задгай хашааг 1983 онд миний туслах малчнаар ажиллаж байсан Сураган бид хоёр барьсан. Тэр бол надаас 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуваагдсан. Уг хашаа хэзээ баригдсан, чулуунуудын хэлбэр ямар байдалтай байгаа талаар шүүхийн зүгээс газрын үзлэг хийхэд дэлгэрэнгүй хэлсэн.

1.4.Миний бие 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын Их Хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Балчингийн Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн Хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Ер-, Д.Е- нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан юм. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв бууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-н хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие сургуульд сурч байх үеэс мал хариулж байгаад 1986 оны 9 дүгээр сард 18 нас хүрсэн тул Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед эцэг, эхийнхээ хамт амьдарч байсан хашаа хороондоо одоо хүртэл насаараа амьдарч байна. Миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт байгаа өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. 1993 онд өмч хувьчлалаар уг Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн хавтгай гэх газраас саравчтай хашаа 1, малын модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзний эзэмшигчээр А.Д- миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А- хашаа, саравч тусдаа авсан, миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Харин би өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.А-д байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн юм. Тухайн үед өмч хувьчлалаар миний ах А.А- нь манай өвөлжөөний байшингаас цааш 1,5-2,0 км газар Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Бодгон дахь газраас саравчтай хашаа, хороо хувьчлалд авч байсан ба одоо тэнд А.А-н хүүхдүүд амьдардаг. Хашаа хороог хувьчилж авч байх үед Х-, М- нар бол бага насны хүүхдүүд байсан юм. Би Б- гэх Х-, М- нарын эцэгт хувьцааны мөнгө хэмээн мал өгсөн. Яг хэдэн тооны мал өгсөн эсэхийг мэдэхгүй. О-н хувьцаанд бас миний бие мал өгсөн байсан.

2.2.Ийнхүү миний хувьчилж авсан Балчингийн Хавтгайд байгаа саравчтай хашаанд залгаж барьсан малын задгай хашааг А.А- өөрөө туслахын хамт 1983 онд барьсан гэж байгаа боловч тухайн хашааг нэгдлийн үед сумын болон багийн ажилчид барьсан. Зөвхөн Хавтгай гэх газарт тийм задгай хашааг бариагүй. Бодгон гэх газар бас яаг адилхан задгай хашааг нэгдлийн үед ажилчид барьж өгсөн. Харин нэгдлийн хөрөнгөд задгай хашааг бүртгэгдээгүй байсан. Миний бие өөрийн саравчтай хашаа, хороо, байшинг тухайн үед засаж барих үед өөрийн ах болох А.Б, З.К нарын тээврийн хэрэгслээр чулуу зөөж барьж засварласан юм. Сүүлд бид хоньдоо ямаа нэмж малласан тул намхан задгай хашаанаас ямаа даваад байхаар нь би хашааны ойр хавьцаанаас хөлсийг нь өгч чулуу авч ирээд, өргөтгөж, өндөрлүүлсэн. Миний бие 2005 онд аваарт орсон тул 7 дугаар ангид байгаа хүүхдээ хичээлээс нь гаргаж аваад малаа маллуулсан. Дараа нь өндөрлүүлсэн чулуун хашааны чулуу унаад байхаар нь шавардсан байгаа.

2.3.Ах А.А- миний өвөлжөөний хажууд 1999 он хүртэл амьдарч байгаад аймгийн төв рүү нүүсэн ба одоо уг байшинд хүүхдүүд нь үлдээд малаа маллаж байгаа нь үнэн. Түүнээс хойш олон жил өнгөрсөн байх тул бид нарын мал хангалттай өссөн. Одоо бид нар хоёр айл болох хэмжээнд хүрсэн. Бид нарын мал нэг хашаа хороонд өвөлжихөд хүндрэлтэй байна. Би өөрөө машины осолд орсон тул хоёр хүүхэд маань хоёулаа малд гарсан. Би нэгэнт малын тоо ихсэж, хашаа хороонд багтахгүй байхаар нь тэд нарыг цайнд дуудаа учир байдлыг ойлгуулаад хэлсэн. Маш олон тооны малыг нэг өвөлжөөнд байлгаад, хахир хүйтэн өвлөөс эсэн мэнд авч гарах нь маш хэцүү. Тийм учраас тус тустай өвөлжих бол арай хүндрэл багатай гэдгийг хэлж сануулсан. Бид нарын хувьд асар их хугацаа хамт нэг хашаа хороонд мал маллаж ирсэн. Сүүлд ерөөсөө мал багтахгүй байхаар нь ямар ч аргагүй болсон. Түүнээс биш бид нар ахын хүүхдүүдэд заналхийлсэн зүйл байхгүй. Гэхдээ ахын хүүхдүүд маань өөрсдөө сайн дураар бусад газарт өвөлжихөөр болж хүлээн зөвшөөрсөн. Ахын хүүхдүүд нь 1-р сард нүүж ирээд, 3-р сард нүүгээд явчихдаг. Тэгэхээр ямар ч өвсгүй газарт миний мал үлдсэн тул мал зудаас гарч чаддаггүй. Эцсийн эцэст зөвхөн би л хохирч үлдэж байгаа. Учир нь өвөл маш олон тооны мал байгаа өвсийг идчихдэг тул хавар идэх өвсгүй, бэлчээргүй болдог. Харин ахын хүүхдүүд тустай хаваржаанд явчихдаг. Тийм учраас би ах нарын хүүхдүүдэд учир байдлыг зөвөөр ойлгуулж хэлсэн. Тэд нар ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрсөн байсан. Гэхдээ ах маань түүнийг сонсчхоод, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн хашаа хороо бол миний хашаа хороо байх ёстой. Гэхдээ ах маань би түүний хамтран эзэмшигч нь болох ёстой хэмээн шүүхэд хандсандаа гомдолтой байна. Ах маань өөрөө тустай хашаа хороотой хүн юм. Ямар учраас миний хашаа хороонд булаалцаж байгааг би ойлгохгүй байна.

2.4.Мөн ах маань хашаа хорооны бууц өтгийг өгөөгүйгээс маргаан гарсан гэж мэдүүлж байна. Тухайн жил А.А-н хүүхдүүд бууц өтгийг гаргаагүй тул бид гаргасан. Учир нь бид өвөлдөө тухайн хашаанд өвөлждөг тул өвлийн бэлтгэл ажлыг хугацаандаа хангахгүй бол болохгүй. Тухайн үед хүүхдүүдийн маань хүч хүрэхгүй тул хэд хэдэн хүмүүст мөнгийг нь өгч бууц өтгийг гаргасан маань үнэн. Гэхдээ бид нарын зүгээс уг бууц өтгийг А.А-н хүүхдүүдэд өгөхгүй гэж хэлээгүй. Надад А.А- уг бууц өтгийг хоёр хувааж буулгаарай гэхэд би нэг газарт буулгах болно харин хүүхдүүд чинь авах бол бид нарын зүгээс татгалзахгүй гэсэн. Гэтэл ах маань шүүхэд хандан миний өвөлжөөний саравчтай булаалцалдаж байгаад гомдолтой байна. Тус хороо миний хашаа хороо болох нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч А.А-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00784 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овогт А.Д-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт А.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух Ш овогт А.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып /өмгөөлөгчийн бүртгэлийн дугаар: 1947/ бид хамтран Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00784 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч А.А- нь маргаан бүхий Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороо болон 1983 онд уг хашаанд залгаа барьсан задгай хашааны эзэмшигч болсон талаар: 1979 оноос эхлэн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж эхлэн 1982 онд сумын аварга малчин болж, улмаар Ардын их хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас А.А- өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-, Х-, М-, О нарын хувьцаанд авч улмаар Х-, М-, О- нарын хувьцааны оронд мал өгөх замаар хувьчилж авсан. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд А.А- хүүхдүүдийн хамт, А.Д- нар малтайгаа амьдран сууж байгаа. А.А- нь Хавтгай дахь маргаан бүхий хашаа, хороонд 48 дахь жилдээ мал маллаж амьдарч, уг саравчтай хашаа болон задгай хашааг эзэмшиж ашиглаж байгаа юм.

4.2. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Ер-, Д.Е- нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргах хүртэл А.А-, А.Д- нар уг хөрөнгийг дундаа хамтран өмчилж ирсэн байсан. Гэтэл анхан шатны шүүхээс бусдын 48 жилийн турш /их хувьчлалаас хойш 32 жил/ эзэмшиж ашиглаж ирсэн дундаа хамтран өмчилж ирсэн хөрөнгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг /шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, / зөвхөн нэг талыг баримтлан үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.4. Мөн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик нь илтэд хариуцагч талыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаан завсарлаж, шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа нэг цаг орчим зөвлөлдөж гарч ирээд шүүгчийн санаачлаагаар нотлох баримт цуглуулах захирамж гаргасан. Шүүгчийн санаачилсан нотлох баримтыг аль ч талаас цуглуулахаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч хувийн ашиг сонирхол гаргаж хууль зөрчсөн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 04 сарын 14 өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолын 2.1.1-т “Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэснийг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх, эсхүл зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа гэж зөрүүтэй тайлбарласнаас гадна шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нөхцөл байдлыг хуулийн системчлэлийн үүднээс тодорхойлж чадаагүй байдал тогтоогдов. Зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлсэн эсэхийг анхаараагүй, шинээр нотлох баримт шаардагдсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүйн улмаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үр дүнгүй болж, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөх сөрөг үр дагавар бий болжээ. Мөн хуульд заасан нотлох баримтыг хасах ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар шүүх нэгдмэл ойлголтгүй, холбогдох хэм хэмжээг зөрүүтэй хэрэглэж байгаа тохиолдол байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ. Харин зохигч нотлох баримт гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсэх, түүнчлэн мэтгэлцэх зарчим хамаардаггүй зарим төрлийн эрх зүйн харилцаанд шүүх санаачилгаараа нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах тохиолдлыг хуулийн 38.9-д тусгайлан зохицуулсан. Энэ хэм хэмжээ нь маргааны бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагаас урган гарсан. Энэ зохицуулалтыг тайлбарласнаар шүүх уг журмыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болон нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрх хэмжээ, шүүхийн чиглүүлэх үүрэг тодорхой болж, хуулийг нэг мөр ойлгох нөхцөл бүрдэнэ” гэж тайлбарласан. Гэтэл шүүгч Б.Мангиликийн зүгээс мэтгэлцэх зарчим хамаардаг энэхүү маргаантай өмч хөрөнгийн маргаанд шүүгчийн санаачлаагаар нотлох баримт цуглуулж болохгүй гэдгийг ноцтой зөрчсөн, уг цуглуулсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хариуцагчид ашигтай байдлаар үнэлж буруу шийдвэр гаргасан.

4.5. Үүнээс гадна гэрч нарын мэдүүлгийг хүртэл шүүхийн шийдвэртээ мушгиж буруу бичсэн. /гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг бичлэг хэсгээс шүүхийн шийдвэртэй тулгаж үзээрэй/ Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, А.А- миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч А.А- нь 1998 онд Баян-Өлгий аймагт нүүж ирээд, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг. Би 2005 онд аваарт ороод, өвдөөд, тухайн үед хүүхдүүд маань бага байсан. Том хүүгээ 6  ангиас нь хичээлээс гаргаж аваад, бусад хүүхдийг сургасан.  Тухайн хугацаанд А.А-н хүүхдүүд байшин барьж, түүнд амьдарч байсан.  Надаас байшин барих уу, үгүй уу гэж асуугаагүй.  А.А-н 2 том хүү нь хөдөө тус тусдаа айл болсон. Тэгээд би “тус тусдаа байя гэж ойлгуулж хэлсэн, шууд яв” гэж хэлээгүй. А.А нь өнгөрсөн жил хавар над руу утасдаад “чи саравч хашааг хувьчилж авсан, үүдэнд байгаа хашаа хувьчилж ороогүй, би шүүхэд нэхэмжлэл гаргаад, чамаас булааж авна.  Хүүхдүүд минь олон жил суусан учраас хороог бид авах ёстой” гэж хэлээд, утсыг тасалдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.  Хөдөө хамт амьдардаг хөрш айлууд “та нар ах, дүүсийн хүмүүс яагаад хооронд маргалдаад байгаа вэ” гэхээр эвгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний үйлчлүүлэгч тодорхой тайлбарлалаа. Хариуцагч Д.Д- нь Балчингийн Хавтгай гэх газарт 30 гаруй жилийн хугацаанд амьдарч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч 1992 онд Балчингийн Хавтгай гэх газрыг хувьчлалд авсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 2005 онд байшинг хүний өмчлөлтэй, өмчилж авсан. А.А- нь 1998 онд аймаг нүүж ирсэн, түүнээс хойш аймгийн төвд оршин сууж байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх А.А-н нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох эд хөрөнгийн хамтран өмчлөгч, өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

 

9. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс (1) анхан шатны шүүх илтэд хариуцагч талыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаан завсарлаж, шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа нэг цаг орчим зөвлөлдөж гарч ирээд шүүгчийн санаачилгаар нотлох баримт цуглуулах захирамж гаргасан, шүүгчийн санаачилсан нотлох баримтыг аль ч талаас цуглуулахаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгатай гомдлоос гадна (2) гэрч нарын мэдүүлгийг хүртэл шүүхийн шийдвэртээ мушгиж буруу бичсэн гэсэн хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

10. Хуульд зааснаар, тодорхой хууль зүйн үндэслэлийн хүрээнд гэр бүлийн холбогдолтой болон онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй, тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэж буй шүүгч санаачилгаараа, хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх чиг үүрэгтэй байдаг. Үүнээс гадна иргэний эрх зүйн маргаан бүхий хэрэгт шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх ганц тохиолдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно” гэсэн зохицуулалт юм.  

Харин дээрх хоёр төрлийн маргаанаас бусад төрлийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх үед, мөн хуульд заасан дээрх тохиолдлоос бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд шүүх хөндлөнгийн байх байр сууриа хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах нь талуудын зарчимд нийцэх юм.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдаан хийж 130/ШЗ2024/02638 дугаартай шүүгчийн захирамжаар “...иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь Үл хөдлөх эл хөрөнгийн бүртгэлийн газар (товчоо)-аас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон гэх ********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд А.А-, Ш.Б нарын 7 хүний өмч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багт орших үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн гэж бичигджээ. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон гэх А.Ерболатын өмч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Улаантолгойд орших үл  хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн гэж бичигдсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Улаантолгойд орших үл хөдлөх эд хөрөнгө гэж бичигдсэн боловч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн орших газрын нэр тодорхой бичигдээгүй байна. Мөн А.А- нарт 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр А.Ерболатад олгосон үл хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн ******** гэх улсын бүртгэлийн ижил байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шүүгч захирамж гаргана. Иймд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг олгоход бүрдүүлсэн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн А.А- /РД:*********/ нарын 7 хүний өмч Баян- Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багт орших үл хөдлөх эд хөрөнгийн болон улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн А._ /РД:***********/-ын өмч Баян- Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар баг, Улаантолгойд орших үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг тус тус гаргуулж, хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай...гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12/1009 дугаартай албан бичгээр 15 хуудас бүхий улсын бүртгэлийн Ү-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар дээрх нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж, дүгнэн үндэслэл болгож Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

12. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад болон бусад үед мэтгэлцээгүй, дурдсан нотлох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагаас нэмж гаргуулах талаар хэргийн оролцогчийн хэн нэгнээс хүсэлт гаргаагүй байхад тухайн өдрийн шүүхийн хэлэлцүүлгийг дуусгавар болгож, шүүгч зөвлөлдөх тасалгаанд гарч, зөвлөлдөөд шийдвэр гаргах байтал шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох нотлох баримтуудыг улсын бүртгэлийн газраас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “шинээр нотлох баримт шаардагдвал” гэснийг ямар тохиолдолд шүүх өөрийн  санаачилгаар, ямар тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр, мэтгэлцэх зарчмын хүрээнд зохистой хэрэгжүүлж нотлох баримт бүрдүүлэх шаардлагатайг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тодруулбал, хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалт хэрэгжих бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шинээр нотлох баримт шаардлагатай талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй, мэтгэлцээн өрнөөгүй учраас нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “...шүүгчийн санаачлаагаар нотлох баримт цуглуулж болохгүй гэдгийг ноцтой зөрчсөн, уг цуглуулсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хариуцагчид ашигтай байдлаар үнэлж буруу шийдвэр гаргасан... гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Иймд анхан шатны шүүхийн дээрх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүх нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулсан хууль бус үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгөх  тухай хүсэлт гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянан шийдвэрлэх үүрэгтэй, хуульд заасан журмыг хангуулах шаардлагатай, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчсөн тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

15. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтуудын агуулгын талаар “гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрт мушгиж буруу бичсэн” гэх давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул А.А-н нэхэмжлэлтэй, А.Д-д холбогдох иргэний хэргийн үйл баримт, маргааны зүйл, түүнд анхан шатны шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлтийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

16. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг А.А-д хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00784 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч А.А-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                   

                                   ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ