Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/02173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

2024    12    16    210/МА2024/02173

 

 

 

П.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04375 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Цгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Э , М.Б , Х.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагч Х.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2022 онд хариуцагч нарын ээж болох Б.Ань нэхэмжлэгчид ...хүүхдүүд тоног төхөөрөмж оруулж ирж бизнес хийх гэж байгаа юм, яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна, чи мөнгө зээлж тус болооч гэж хэлсэн. Үүний дагуу зээлийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Х.Э тэй байгуулсан. Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Х.Э ийн дансанд 20,000,000 төгрөгийг хувааж шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл зээлээс огт төлөлт хийгээгүй, 2,400,000 төгрөгийн хүү төлсөн.

Зээл 20,000,000 төгрөг, 6 сарын хүү 6,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг төлөх ёстойгоос төлсөн 8,000,000 төгрөгийг хасч тооцоод 28,000,000 төгрөг нэхэмжилсэн ч хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын тайлбараар хариуцагчаас нийт 12,400,000 төгрөг авсан гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг 6,400,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлд 20,000,000 төгрөг, алдангид 3,600,000 төгрөг нийт 23,600,000 төгрөг нэхэмжилж байна.

1.2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Б , Х.Э нар нь төлбөр төлөхөд дансаар төлсөн үйл баримт байгаа боловч гэрээний харилцаанд оролцсон үйл баримт байхгүй, Х.Э тэй гэрээ байгуулсан нь тодорхой тул Х.Э , М.Б нараас татгалзаж байна.

1.3.Хариуцагчийн тайлбарт дурдагдаад байгаа 1,000,000 төгрөгийн үнэтэй куртка, ноолууран малгай өгсөн гэдгийг нэхэмжлэгч 650,000 төгрөгт бодож авч байсан, гэхдээ 1,000,000 төгрөгөөр нь тооцоё. Махаар төлөлт хийсэн гэдгийг нэхэмжлэгчээс асуухад нэг, хоёр удаа мах өгч авалцсан, гэхдээ энэ нь зээлийн гэрээнд хамаагүй гэж тайлбарласан. Тиймээс энэ төлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцсан, тухайн өдөр лангуун дээр суусан хүний бичиглэл, хүлээлгэж өгсөн гарын үсэггүй, нотолгооны чадамжгүй баримтаар мөнгө өгсөн, авсан гэж ярих нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч Х.Э , М.Б нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Анх П.Ц болон Х.Э нар нь зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнд 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, 5033527272 тоот Н.Д дансанд буцаан төлөх нөхцөлтэй. Х.Э , М.Б , Х.Э нар нь нийт 15,489,000 төгрөгийг дараах хэлбэрээр Н.Д болон П.Цд 5017271217 тоот дансанд төлсөн.

Үүнд дансаар нийт 11,400,000 төгрөг. Х.Э , М.Б нарын *** тоот данснаас 2022.03.28-ны өдөр 400,000 төгрөгийг Н.Д ын данс руу, Х.Э *** тоот данснаас 2022.04.28-ны өдөр 400,000 төгрөгийг П.Цгийн данс руу, М.Б *** тоот данснаас 2022.04.28-ны өдөр 600,000 төгрөгийг Н.Д ын данс руу, 2022.06.29-ний өдөр 600,000 төгрөгийг П.Цгийн данс руу, Б.А *** тоот данснаас 2022.10.06-ны өдөр 400,000 төгрөгийг П.Цгийн данс руу, Х.Э ын *** тоот данснаас 2023.03.27-ны өдөр 5,000,000 төгрөгийг П.Цгийн данс руу, Х.Э *** тоот данснаас 2023.05.27-ны өдөр 3,000,000 төгрөгийг П.Цгийн данс руу, Б.Б , Х.Э ийн *** тоот данснаас 2023.12.31-ний өдөр 1,000,000 төгрөгийг П.Цгийн данс руу тус тус шилжүүлсэн.

Махаар нийт 1,689,000 төгрөг төлсөн. Үүнд 2024.01.11-ний өдөр 290,700 төгрөг, 2024.01.27-ны өдөр 180,000 төгрөг, 2024.02.06-ны өдөр 80,000 төгрөг, 2024.02.27-ны өдөр 70,700 төгрөг, 2024.03.03-ны өдөр 27,000 төгрөг, 2024.03.15-ны өдөр 252,700 төгрөг, 2024.03.29-ний өдөр 188,100 төгрөг, 2024.04.08-ны өдөр 383,800 төгрөг. Бэлэн мөнгөөр 2023.12.14-ний өдөр 250,000 төгрөг, 2023.12.03-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.06-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.23-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 200,000 төгрөг, 2023.12.29-ний өдөр 200,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг төлсөн. Бэлэн бараагаар 2 ширхэг куртка, ноолууран малгай ороолтоор 1,000,000 төгрөг төлсөн.

2.2.Хариуцагч Х.Э ийн зүгээс 23,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 4,515,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бэлэн мөнгө болон мах хэлбэрээр төлж барагдуулсан үнийн дүнг үзлэгээр баталгаажуулсан. Хэрэгт авагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 20,000,000 төгрөгөөс баримтаар нотлогдсон 15,489,000 төгрөгийг хасахаар 4,515,000 төгрөг гарч байгаа. Үүнийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хэргийн 8 дахь талд авагдсан М.Б ийн бичгээр гаргаж өгсөн тайлбар, Х.Э шүүхэд гаргаж өгсөн тайлбар байгаа. Мөн нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд 3 этгээдэд зээлсэн гэсэн үндэслэлээр тухайн зээлийн гэрээ нь гэрээ байгуулах ёстой этгээдтэйгээ хийгдээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч Х.Э татгалзал, тайлбарын агуулга:

Би Хүчит шонхор хүнсний захын махны *** дугаар лангууг, П.Ц нь 27 дугаар лангууг зэрэгцэн түрээсэлж ажилладаг. Миний дүү Х.Э , түүний нөхөр М.Б нар нь П.Цгээс мөнгө зээлсэн ба уг мөнгөө хариуцан төлж барагдуулах гэрээ хийсэн. Миний хувьд П.Цд ямар нэгэн мөнгөний төлбөр, өр тооцооны асуудал байхгүй. Энэ тухай П.Ц өөрөө нотолно. Тиймээс миний нэрийг банкны данс хаах үйл явцаас чөлөөлж, асуудлыг дахин тодруулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Х.Э ээс 20,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Цгийн хариуцагч Х.Э , М.Б нараас татгалзсаныг баталж Х.Э , М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Э ээс 259,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож шийдвэрлэсэн.

  

5.Хариуцагч Х.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч Х.Э ийн ээж болон эгч нар нь 3,089,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн 1,400,000 төгрөг, 1,689,000 төгрөгийг мах хэлбэрээр төлсөн. Мэтгэлцэх зарчмын дагуу мөнгө болон мах хэлбэрээр төлөлт хийсэн болохоо нотлох зорилгоор гэрч асуулгаж, үзлэг хийлгэсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Гэрч худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болохоо илэрхийлэн гарын үсэг зурж тухайн үйл баримтыг гэрчилсэн. Гэрчийн мэдүүлгээс гадна хар дансны дэвтэрт үзлэг хийн бололцоотой бүхий нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн ч тэдгээрийг үнэлсэнгүй.

Нөгөөтэйгүүр дээрх үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч тал няцаалт болон эс хүлээн зөвшөөрч буй болох аливаа баримт шүүхэд гараагүй. Үзлэг хийх өдрийн товыг мэдсэн ч оролцоогүй. Өөрийн хар дансны дэвтрээ гаргах боломжтой ч гаргаагүй.

5.2.П.Ц нь Х.Э , М.Б , Х.Э нарыг хариуцагчаар татаж тэдэнд хувааж мөнгөө зээлдүүлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх хуралдаан дээр М.Б , Х.Э нарт холбогдох хэсгээс татгалзаж зөрүүтэй тайлбарыг гаргадаг. Түүнээс харахад 3,089,000 төгрөгийг аваагүй гэх амаар гаргасан тайлбарыг үнэн гэж үзэх үндэслэлгүй, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3,089,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хар дэвтэрт үзлэг хийсэн боловч Х.Э нь хар дэвтрийн хоосон зай, өнцөг булан бүрт Ц өгөв гэж бичсэн байсан. Нэхэмжлэгч нь хар дансны дэвтэрт бичигдсэн шиг мах болон бэлэн мөнгө аваагүй бөгөөд тооцоог дандаа дансаар авч, өгдөг байсан талаар тайлбарласан. Шүүхээс хар дэвтрийг нэг талын нотлох баримт гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь хуульд нийцнэ. Хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч П.Ц нь анх хариуцагч Х.Э , М.Б , Х.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б , Х.Э нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Х.Э ээс зээл 20,000,000 төгрөг, алданги 3,600,000 төгрөг, нийт 23,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлээс 4,515,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж маргажээ.

 

3.П.Ц, Х.Э нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч П.Ц нь 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Х.Э нь зээлийн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1.Хариуцагч Х.Э нь зээлээс 12,000,000 төгрөгийг М.Б , 8,000,000 төгрөгийг Х.Э нар авсан үндэслэлээр гэрээг дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

3.2.Нэхэмжлэгч нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн *** тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг энхгэрэлд зээлдүүлэв утгаар тус тус хариуцагчийн эзэмшлийн *** тоот дансанд шилжүүлсэн байна.

3.3.Нэг талаас П.Ц мөнгө шилжүүлэх, нөгөө талаас Х.Э мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн, П.Цгээс Х.Э д мөнгийг шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. Гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

4.1.Хариуцагч Х.Э нь зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 (20,000,000*5%*6) төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн ба тэрээр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 11,400,000 төгрөг төлсөн, 2 ширхэг куртка, ноолууран малгай, ороолтыг 1,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

4.2.Хариуцагч нь дээрх төлөлтөөс гадна 1,689,000 төгрөгийн мах хэлбэрээр, мөн бэлнээр 1,400,000 төгрөг, нийт 3,089,000 төгрөгийг түүний өмнөөс ээж Б.Атөлсөн гэж тайлбарлаж, Б.А гэрчийн мэдүүлэг авахуулж, түүний хөтөлсөн тооцооны дэвтэрт үзлэг хийлгэсэн ба шүүх уг баримтуудыг хариуцагчийн татгалзлыг нотлох ач холбогдолтой гэж үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Учир нь гэрч Б.А хөтөлсөн тооцооны дэвтэрт бичигдсэн тооцоо нь нэхэмжлэгч баталгаажуулаагүй буюу нэг талын баримт байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нэг, хоёр удаа мах өгч авалцсан, гэхдээ энэ зээлийн гэрээтэй хамаагүй гэж тайлбарласантай харьцуулан үзвэл шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гэрч Б.А мэдүүлэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч өөрийн хар дансны дэвтрээ гаргаж өгөөгүй гэж дурдсан байх боловч нотлох үүргийн хуваарилалтын дагуу зээлийн гэрээний дагуу зээл төлсөн байдлаа зээлдэгч буюу хариуцагч нотлох үүрэгтэй тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

4.3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт 13,600,000 (26,000,000-12,400,000) төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.Түүнчлэн талууд зээлийн гэрээний 3.7-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн.

Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа 6,400,000 төгрөг төлснийг алдангид тооцсон үндэслэлээр 3,600,000 төгрөг болгож багасгасан байхад шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангийг 6,800,000 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэхээр заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулна.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 13,600,000 төгрөг, алданги 3,600,000 төгрөг, нийт 17,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн агуулгад нийцүүлэн найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Э ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...20,400,000 гэснийг 17,200,000 гэж, ...3,200,000 гэснийг 6,400,000 гэж,

2 дахь заалтын ...нараас татгалзсаныг гэснийг нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ гэж,

3 дахь заалтын ...259,950 гэснийг 243,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЗОЛЗАЯА