Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1922000810062 тоот хэргийг 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй,  47 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, ...............оршин суух, хэрэг хариуцах чадвартай, М.Б гэв.

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг “Хар чих” гэх газраас 2 тооны адуу хулгайлж Н.Ут 4000,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна.Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

2. Яллагдагч М.Бгийн: “...Би 2018 оны 12 дугаар сард айлууд идшээ идсэний дараахан юмдаг. Дүү Отгонболдын гэрт байж байгаад Отгонболдын адууг харахаар ганцаараа морь унаж хөдлөсөн. Отгонболдын адууг “Улаан чих” гэх газар байх хашаанд аваачиж хаштал, Отгонболдын адуутай нэг дор бэлчдэг манай сумын Ууганбаатарын адуун  сүрэг нь хамт хашигдсан, би хашаатай адуунаас 2 тооны адууг бариад гэрийнхээ гадаа уячихаад саахалт айлын залуу болох Борхүүгийн гэрт очиж Борхүүд надтай хамт 2 адуу хийлцээд өгөөч гэж гуйхад Борхүү зөвшөөрсөн. Тэгээд Борхүү бид хоёр Отгонболдын гэрийн гадаа 2 тооны адууг нядласан. Би тухайн үед тухайн адууг хэний адуу болох талаар хэлээгүй. Би Ууганбаатарын адууг хийж байна гэж мэдээгүй. Адуу хийснийхээ маргааш өглөө нь босоод хартал Ууганбаатарын 2 адууг хийснээ мэдсэн. Би адууны тамгаар нь мэдсэн юм. Би тэр 2 адууг барихдаа Отгонболдын адуунаас л барьж байна гэж бодсон, адуу барих үед гадаа харуй бүрий болж байсан юм. Би Ууганбаатарын 2 адууг хийснээ мэдээд адууны эзэн

Ууганбаатарт болон тэдний адуучин Ууган гэх залууд хэлээгүй, би яагаад хэлээгүй болохоо мэдэхгүй байна. Би хийсэн 2 адууныхаа махыг мах авч байсан замын машинд 1000.000 төгрөгөөр зарсан. Ширийг нь хамт өгөөд явуулсан, би адууны мах зарсан  хүнээ танихгүй, машины дугаар, утасны дугаарыг  нь мэдэхгүй. Намайг адуу хийснээс хойш 10 гаран  хоногийн дараа Ууганбаатар ирээд чи манай адуунаас 2 адуу хэрэглэсэн байна гэхээр нь тэгсэн гэж хэлсэн. Би хулгайлсан адууныхаа хохиролд Ууганбаатарт 3 тооны адуу,  дээрээс нь 1000.000 төгрөг өгсөн. Би адуу зараад олсон мөнгөөрөө морины тэжээл, өвс авсан. Нэг нь хээр зүсмийн даага байсан, нөгөөх нь хөх бор зүсмийн байдсан гүү байсан. Тэр 2 адуу саран дэвсгэртэй ходоодон жа тамгатай байсан. Би адууг анх барихдаа тамга зүсийг нь сайн хараагүй. Миний нэг тооны адууг Отгонболдынх идсэн байсан юм. Тэрнийхээ орны адууг аваарай гэж Отгонболд хэлсэн байсан юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 33-34/

 

3.Хохирогч Н.Уын: “...2018 оны 12 дугаар сарын дундуур манай адуучин Ууганбаяр адуунаас хоёр адуу алга болсон байна гэж байсан. Миний хувьд сумын төв дээр амьдардаг болохоор хөдөө мал дээр адуучин байдаг юм. Манай адуунаас 7 настай бор зүсмийн  хээлтэй гүү, 3 настай хээр зүсмийн  шүдлэн үрээ энэ хоёр алга болсон байсан.  Тухайн  үед манай адуучин  Ууганбаяр эрэл сурал болоод олдохгүй байсан. Тэр цагаас хойш одоо болтол байхгүй байсан чинь манай нутгийн Бямба гэгч 3-р баг “Хар чих” гэх газарт нутагладаг хүн авсан сураг сонсогдоод тэгээд Цагдаагийн байгууллагад хандахаар гомдол гаргасан. Би өөрийнхөө адуун дунд хурдан удамтай адуу авч тавьдаг юм.  Тэгэхдээ би морь уядаггүй.   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

- Бямбасүрэн нь хэргээ хүлээж миний хохирлыг бүрэн  төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би зав муутай байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

4.Гэрч Б.Борхүүгийн: “...Би 2018 оны сүүлээр 12 дугаар сарын 20-д өнгөрсөн байсан, айлууд идшээ хийх үеэр л байсан  яг тодорхой санахгүй байна.  Бямба манай гэрт ирээд намайг, чи надтай хамт яваад идэш элбэлцээд өгөөч гээд дагуулаад явсан. Тэгээд би Бямбатай хамт гэрт нь очиход хоёр адуу байсан. Тэгэхэд Бямба бас Бямбын хүү Дүнхоржав  том Болд гэдэг Бямбын дүү тэгээд нэг танихгүй 14-15 орчим насны хүүхэд байсан.  Бямба бид хоёр хамтдаа гараад тэр хоёр адууг гаргасан. Бямба намайг чи долоон хөл болгоод надад өгчих бид нар өөрсдөө үлдсэнийг нь янзалчихна гэсэн. Би долоон хөл болгоод өгсөн  тэр үед орой болсон байсан, 22 цаг болсон  байсан байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 9-10/

 

5. Гэрч М.Отгонболдын: “...Би Бямбасүрэнг айлын адуу хулгайлсан талаар саяхан буюу 2018 оны 3 дугаар сард л сонссон, тэрнээс өмнө огт мэдээгүй байсан. 2018 оны 12 дугаар сард манай төрсөн ах болох М.Б манай бууцан дээр ганцаараа амьдарч байсан. Тухайн  үед би эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч байсан. Манай ах Бямбасүрэн манай малыг хараад үлдсэн байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

 6. Адаацаг сумын үнэлгээний комиссийн дүгнэлт /хх-ийн 24/

 

 7. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг “Хар чих” гэх газраас 2 тооны адуу хулгайлж Н.Ут 4000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Бгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бг бусдын 2 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Дээрхи үйлдлийн улмаас хохирогч Н.Ут 4.000.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг, 3 адуу өгсөн, хохирогч Н.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч М.Б-г бусдын 2 /хоёр/ тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Бд оршин  суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг 3 /гурван/ адуу төлсөн, хохирогч Н.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.  

 

 5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.  

 

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ