| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00678/И |
| Дугаар | 212/МА2024/00092 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 212/МА2024/00092
Р.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00807 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ********** багт оршин суух У овогт Р.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль /захирал Х.Ө/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Р.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б-, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Гомдол гаргагч Р.М- нь 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 34 дэх жилдээ У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд манаачаар ажиллаж байгаа төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан байгаа юм.
1.2. Р.М-ын ар гэрийн байдалд гачигдалтай нөхцөл байдал тохиолдож, 2022 онд өрх гэр тусгаарлагдсан хүү нь нас барж, өөрөө хүндээр өвдөж, биеийн эрүүл мэндийн болон сэтгэл санааны гүнзгий хямрал, гачигдлын улмаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “хувийн чөлөө” авч тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “манаачийн” үүрэгт ажлаас түр чөлөөлөгдсөн болно.
1.3. Хувийн чөлөөний хугацаанд Р.М- нь удаан хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагын үүднээс Казакстан Улсад амьдарч байсан тул “хувийн чөлөөний хугацааг сунгуулах” хүсэлтийг цахимаар илгээж, захирал /ажил олгогч/ Х.Ө-д утсаар ярьж мэдэгдсэн байна.
1.4. Харин ажил олгогч /захирал/ Х.Ө- татгалзсан хариу өгөөгүй учир “хувийн чөлөөний хугацааг сунгасан” гэж ойлгоод явсан байх юм.
1.5. Гэтэл Р.М- нь 2024 оны 6 дугаар сарын 20-нд Казакстан Улсаас ирж, ажилд эргүүлэн томилохыг хүссэн боловч “одоогоор завгүй байна, маргааш уулз, таны асуудлыг маргааш шийдвэрлэх юм” гэж явуулаад, маргааш нь өөрөө У сум руу явж, улмаар 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Р.М-ын гэр бүлийн хүний утасны цахим хуудсанд түүний хаягаар У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн огноо бүхий “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай тушаалын зүргийг цахим хэлбэрээр илгээсэн байна. Хэрэв Р.М-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай ажил олгогчийн тушаалаар чөлөөлсөн бол яагаад Р.М- 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр очиж биечлэн уулзаж, ажилд орох санал тавихад ажлаас чөлөөлсөн талаар хэлж, тушаалын хуулбар өгөөгүй билээ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул шүүхэд гомдлыг гаргаж байна.
1.6. Гомдлын эрх зүйн үндэслэл: Гомдол гаргагч Р.М- нь У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 1990 оны 4 дүгээр сараас эхлэн 34 дэх жилдээ байнгын ажлын байранд, хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр “манаачийн” ажлын байранд томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх хэсэгт заасан “зохих журмаар хувийн чөлөө авах ажилтны эрхийг” эдэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “хувийн чөлөө” авч, улмаар Казакстан Улсад түр оршин сууж, эмчлүүлж, сувилуулах үүднээс “хувийн чөлөөний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгуулах хүсэлт” гаргасан.
1.7. Р.М- нь “хувийн чөлөөний хугацаа сунгагдсан, одоо хүртэл хувийн чөлөөтэй байгаа” гэж ойлгоод 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр чөлөөний хугацааг дуусгах, ажилд буцаан орох гэж иртэл, ажил олгогч Х.Ө- нь асуудлыг маргааш шийдвэрлэх болно гэж явуулсан, ажлаас чөлөөлсөн талаар хэлээгүй, сүүлд 06 дугаар сарын 25-ны өдөр “ажлаас чөлөөлөх тушаал”-ын зураг бүхий хуулбарыг цахимаар явуулсан зэрэг нь гомдол гаргах үндэслэл болсон юм.
1.8. Р.М- нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг одоо хүртэл гардаж аваагүй, ажлаас чөлөөлсөн болохыг 06 дугаар сарын 25-ны өдөр цахим хаягаар мэдсэн, Хөдөлмөрийн маргааны талаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 5 дахь хоногт гомдол бичиж байгаа тул Хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хуулийн хугацаанд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дахь хэсгүүдэд заасан хуулийн хугацаанд гомдол гаргаж байна. Гомдол гаргах хугацаа хэтрээгүй болно.
1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “хувийн чөлөө” олгоход хугацааны хязгаарлалт тавиагүй бөгөөд Р.М-т 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 /гурван/ сарын “хувийн чөлөө” олгосон боловч ажил олгогч тодорхой бус хугацаагаар сунгасан болох нь тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар Хэрэв Р.М- сунгах хүсэлт “тавиагүй бол, ажил олгогч уг хүсэлтийг аваагүй бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “чөлөөний хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр чөлөөлөх байсан. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөөгүй байгаа нь хувийн чөлөөний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдсаны нотолгоо юм.
1.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12 дахь хэсэгт зааснаар Р.М-ын “хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хэвээр хадгалагдах” хуультай бөгөөд хувийн чөлөөний хугацааг талууд тохиролцож тогтоох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт: “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Иймд ажил олгогч Х.Ө- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.9 дэх хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар” хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Р.М-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийн “хориглосон” заалтыг ноцтой зөрчсөн байна.
1.11. Ажилтан Р.М-т Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл 3 сарын хугацаанд “хувийн чөлөө” олгосон боловч чөлөөний хугацаа дууссан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, 2023 оны 9 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь “хувийн чөлөөний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан” байхын нотолгоо юм.
1.12. Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт нь “хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох эрх” олгосон заалт болохоос бус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилтныг ажлаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт биш болно. Ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг заавал баримталж шийдвэр гаргах байсан.
1.13. Хэрэв Р.М- нь хувийн чөлөөний хугацааг шалтгаангүй хэтрүүлсэн, чөлөөний хугацаа дуусгавар болж, сунгагдах боломжгүй, ажлын зайлшгүй шаардлага гарсан, ажил тасалсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг давхар баримталж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримталж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө танилцуулах, бичгээр гаргаж нэг хувийг хүлээлгэж өгөх тухай хуулийн шаардлагыг биелүүлээгүй, одоо хүртэл тушаалын хувийг гардуулж өгөөгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн, ажил хүлээж авсан, нотлох баримт үгүй байна.
1.14. Ажилтан Р.М- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “хувийн чөлөөний хугацаа дууссан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн ‘хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлах боломж байсан юм.
1.15. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1-д зааснаар У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар зүйлийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Р.М- нь манай сургуульд олон жилийн турш манаачаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Казахстан Улсад бүрмөсөн оршин суурьшиж явах болсон гэж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож өгөх тухай байгууллагын захиргаанд хүсэлт гаргасны дагуу түүнд ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар 3 сарын цалингүй чөлөө олгосон.
2.2. Гэтэл Р.М- 2023 оны 01 дүгээр сард ажилдаа ирээгүй ба тэр үед Казахстан Улсад амьдарч байсан учраас түүнтэй хувийн чатаар хэд хэдэн удаа холбогдон Монгол Улсад ирж ажилдаа хэзээ эргэн орох тухай ярьсан боловч эргэн холбоо бариагүй юм.
2.3. Нөгөө талаас Р.М- нь цалингүй чөлөөг сунгаж өгөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд Р.М- нь манаачийн ажилд үргэлжлүүлэн ажиллахаар Казахстан Улсаас Монголд эргэн ирээгүй тул байгууллагын албан ажлын шаардлагаар түүнийг манаачийн үүрэгт ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлж, түүний оронд М.Б- гэдэг хүнийг манаачийн ажилд томилсон. Одоо Р.М-ын ажиллаж байсан манаачийн албан тушаалд М.Б-тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байна.
2.4. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын үед Р.М- нь өөрийн биеэр Монгол Улсад ирж, тус сургуулийн захирал Х.Ө- надтай уулзахдаа Би тэтгэмж авах хүсэлтэй байна. Намайг ямар нэгэн аргаар өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжид хамруулж өгөхийг хүсье. Миний тушаалыг зөвтгөж гаргаж өгөөрэй. Өөрөөр хэлбэл надад тэтгэмж олгох захиалгыг дээд байгууллагад явуулж өгөөрэй гэсэн утгатай хүсэлт гаргасан. Тэгээд би түүний саналыг сонсоод Танд өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг олгох хууль зүйн боломжгүй, би худлаа тушаал гаргавал өөрөө хариуцлага хүлээнэ. Та ажлаас чөлөөлөгдөөд бараг нэг жил болсон. Таны оронд өөр хүн манаачаар ажиллаж байгаа гэж амаар хариу өгсөн.
2.5 Иймд 2022 оны 10 дугаар сард Казахстан Улс руу бүрмөсөн оршин суухаар гэр орноо худалдаад нүүгээд явсан, чөлөөний хугацаа дууссан, чөлөөний хугацаа дуусмагц цаашид цалингүй чөлөө авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй нэхэмжлэгч Р.М-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:
3.1. Миний хувьд урьд өмнө сургуулийн захиргаанд ажилд оруулах тухай хүсэлтийг өгч байсан. Нэхэмжлэгчийн эхнэр болон миний эхнэрийн аавууд нь нэг айлын хүүхэд байгаа. Нэг ёсондоо нэхэмжлэгч Р.М- нь миний баз гэж ойлгож болно. Нэхэмжлэгчийн хувьд урьд нь Казахстан Улс руу нүүх гэж байгаа талаар бид нарт хэлдэг байсан. Нэг өдөр сургуулийн захирал Р.М- нь 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө авсан. Түүний оронд та ажиллах уу гэж асуусан. Тэгэхээр би ажиллана гэж түүний оронд түр ажиллаж эхэлсэн.
3.2. Харин нэхэмжлэгч Р.М- нь гэр орноо худалдан борлуулж, Казахстан Улс руу нүүгээд явсан. Гэхдээ тэнд очсон ч гэсэн надтай фейсбүүк чатаар холбоотой байсан. Надад бол “чи миний Монгол Улсад байгаа зээлийг хийж байгаарай. Надад одоо зээл төлөх боломжгүй байна. Би дахин Монголд очиж чадахгүй. Казахстан Улсаас квотоо авчихвал чиний зээлд хийсэн мөнгийг чинь буцаагаад өгөх болно” гэж хэлсэн. Тийм учраас түүний дагуу би түүний зээлийг төлж байсан. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сард Монгол Улсад ирээд, манай гэрт зочлоод явсан. Өнөөдөр шүүхэд ийм нэхэмжлэл гаргаж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улсад байгаа бүх эд хөрөнгө малаа худалдан борлуулаад явсан. Одоо Монгол Улсад тэр дахин ирэхгүй гэдгийг ч хэлсэн. Би ажлаа хариуцлагатай хийж байсан тул одоо ажилгүй болохыг хүсэхгүй байна.
3.3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00807 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.М-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч Р.М- нь 1990 оны 4 дүгээр сараас эхлэн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 34 дэх жилдээ манаачийн ажлын байранд, байнгын бүтэц орон тоонд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан төрийн үйлчилгээний “гүйцэтгэх албан тушаалтан" байгаа болно.
5.2. Р.М- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр 3 сарын хугацаатай “хувийн чөлөө” авч, ажлаас түр чөлөөлөгдсөн ба чөлөөний хугацаа дуусах үед сунгуулах хүсэлт гаргасанд хүсэлтийг хангаж, чөлөөний хугацааг сунгасан гэж ажил олгогч утсаар мэдэгдсэн байгаа юм.
5.3. Ажилтан Р.М- нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Казакстан Улсаас ирээд хувийн чөлөө авсан шалтгаан арилж, ажилд орох гэтэл захирал Х.Ө- нь У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай тушаалыг цахим хэлбэрээр гаргаж, Р.М-ын эхнэр А.Н-ийн 95125871 дугаартай гар утсанд илгээсэн тул эрх бүхий байгууллагад гомдол гаргасан байна.
5.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00807 дугаартай “Шийдвэр” гаргахад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үнэлээгүй, шүүхээс холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.
5.5. Нэхэмжлэгч Р.М- нь У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Цалингүй чөлөө олгох тухай” Б/22 дугаар тушаалаар ажлын 3 сарын хугацаатай хувийн чөлөө авсан бөгөөд уг чөлөөний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байдаг.
5.6. Хэрэв Р.М-ыг хувийн чөлөөний хугацаа дууссан, хөдөлмөрийн гэрээний 7.5-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан”, энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтад заасан “ноцтой зөрчил” гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар “Хувийн чөлөөний хугацаа дуусаж, нэхэмжлэгч Р.М- 2023 оны 1 дүгээр сард ажилд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байгаа гэх” 2023 оны 1 дүгээр сард сахилгын зөрчил гаргаснаас хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэл бий.
5.7. Нэхэмжлэгч Р.М-т олгосон хувийн чөлөөний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусвар болсон байхад У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” хуулийн заалттай зөрчилдөж байна. Харин Р.М-т “Хувийн чөлөөний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-нд дууссан” байхад 9 сарын дараа “Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан” гэж сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд, энэ нь “хувийн чөлөөний хугацаа сунгагдсан” болохыг нотолж байна.
5.8. Шүүх буруу дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан “Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийх” зэрэг хууль зүйн үр дагавар, шаардлагыг биелүүлээгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулаагүй болохыг, мөн ажил олгогчийн гаргасан шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийг баримтлаагүй нь сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлснийг үгүйсгэж байна. Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.9.Ажил олгогч 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Р овогтой М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг дангаар хэрэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн тохирох заалтыг баримтлаагүй байгаа нь “ажилтныг ажлаас үндэсгүй чөлөөлсөн” гэж үзэх үндэслэл болох юм.
5.10.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12 дахь хэсэгт зааснаар “хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хэвээр хадгалагдах” хуулийн заалттай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар “аж ахуйн нэгж татан буугдахаас бусад нөхцөлд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөнийг шүүх анхаараагүй байна.
5.11. Хариуцагчийн гаргасан “Р.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар тушаалд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт биш” юмаа. Хуулийг буруу хэрэглэсэн тул эргүүлэн тогтоох үндэслэл мөн.
5.12.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00807 дугаартай “Шийдвэр”-ийн үндэслэх нь хэсгийн 14 дүгээрт заасан /шийдвэр 7 дугаар хуудас\-т: “Р.М- нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэлээ” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэсгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж заасан юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, нэг хувийг хүлээлгэж өгнө. Хүлээн авахаас татгалзвал шуудангаар хүргүүлэхээр” хуульчилсан байна. Гэтэл ажилтан Р.М- одоо хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалыг аваагүй, шүүхэд хариуцагч өгсөн үед мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх буруу дүгнэлт хийсэн.
5.13. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00807 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Р.М-ыг Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн манаачийн ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Р.М- нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагад 3 сарын цалингүй чөлөө авах тухай өргөдөл гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын цалингүй чөлөө олгосон.
6.2. Гэр орноо худалдаад, хүмүүст цай өгөөд бүр мөсөн Казакстан улс руу нүүгээд явсан. Р.М-ын оронд М.Б-ыг түр ажиллуулсан. 2023 оны 1 дүгээр сард сургуулийн захирал нь Р.М-т фейсбүүкээр холбогдоод харилцсан. Мессенжер чатаар харилцсан яриаг Монгол хэлээр орчуулагчаар орчуулуулсан. Түүнийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авсан Р.М- нь 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилд ирээгүй. Хөдөлмөрийн дотоод журамд цалингүй чөлөө авсан хүн ажлын 5 өдөр ажилд ирээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журамтай байдаг. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө сургуулийн захиралтай холбогдоод “миний оронд баз М.Б-ыг аваарай” гэж хэлсэн байна. Тэгээд Р.М- нь 2024 оны 6 дугаар сард Казакстан улсаас ирээд “36 сарын тэтгэмж авах хүсэлттэй байна, миний тушаалыг зөвтгөж өгөөрэй” гэсэн хүсэлт гаргасан. Тус сургуулийн захирал хуурамч тушаал гаргаж чадахгүй гэж татгалзсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
6.3. Өнөөдрийн байдлаар түүний оронд гуравдагч этгээд М.Б- хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байна. Р.М- нь 2023 оны 9 дүгээр сард ажлаас гарсныг мэдсэн байна. Харин тус сургуулийн захиралд “ажлаас чөлөөлсөн тушаалыг тэтгэвэрт гарсан шиг зөвтгөөд, миний оронд М.Б-ыг аваарай” гэж хэлсэн байна. Р.М-ын цалингийн зээлийг М.Б- нь 2024 оны 6 дугаар сар хүртэл төлөөд дуусгасан. Гуравдагч этгээд М.Б-ы тайлбар дээр тодорхой байна. Тийм учраас анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Би тус сургуулийн захиралд олон жил ажилд орох тухай хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч Р.М- бид хоёр базууд. Р.М- нь надад “би Казакстан Улс руу нүүж явна, чи миний оронд ажиллаад, миний цалингийн зээлийг төлж өг” гэж хэлсэн. Би 3 сарын цалингүй чөлөө авна, гэхдээ би 3 сарын дараа ирж чадахгүй гэсэн. Би тус орон тоонд ажиллаад, Р.М-ын цалингийн зээлийг нэг жилийн хугацаанд төлсөн.
7.2. Тэгээд би Р.М-т фейсбүүкээр холбогдоод “та хэзээ ирэх бэ, надад зээл төлөх хэцүү байна” гэхэд Р.М- нь “би очиж чадахгүй, миний оронд тушаалаа гаргуулж аваад, цалингийн зээлийг төлж өгөөрэй” гэсэн. Би тус сургуульд 2 жил гаруй ажиллаад, тухайн хугацаанд Р.М-ын цалингийн зээлийг 2024 оны 5 дугаар хүртэл бүрэн төлж дуусгасан. Цалингийн зээл төлсөн тухай баримтыг гаргаж авах гэхээр Р.М-ын гарын үсэггүй өгдөггүй юм байна.
7.3. Би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
9. Нэхэмжлэгч Р.М- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулж, тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна. Тэгвэл нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзвэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр чөлөө авсан өдөр нь дуусаж байгаа тул сахилгын шийтгэл оногдуулж, тухайн сарын дотор л ажлаас нь чөлөөлөх ёстой байсан. Хэрвээ сунгаж чөлөө авснаа мэдэгдээгүй гэж үзвэл 6 сарын дотор буюу 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас нь халах ёстой байсан. Гэхдээ нэхэмжлэгчийг 2023 оны 9 дүгээр сард ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг хувийн чөлөөг тодорхой бус хугацаагаар сунгасан болохыг харуулж байна. Нэгэнт ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг баримтлаагүй шийдвэр нь өөрөө хууль ёсны биш юм. Тийм учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэж тайлбарлажээ.
10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...3 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгох тухай хүсэлт гаргасны дагуу ажил олгогчийн зүгээс 3 сарын хугацаагаар чөлөө олгосон. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувийн чөлөө хүсээд явсан боловч уг хугацаандаа ирээгүй. Нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс Фэйсбүук чатаар зурвас илгээж, дуу хоолой бичилтээр харьцаж байсан. Ажил олгогч нэхэмжлэгчээс та ирэх үү, цаашид чөлөөгөө сунгаж авах уу гэдгийг лавлаж асуусан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй. Тэгээд нэхэмжлэгч ямар нэгэн хариу хэлэх болов уу гэж хүлээж байгаад 2023 оны 09 дүгээр сар хүртэл М.Б-ыг түр тухайн орон тоонд ажиллуулж байсан. Чөлөө авснаас хойш 9 сар хүлээгээд, чөлөө авсан хугацаа дууссаны дараа ямар нэгэн хариу хэлэхгүйгээр ажилд ирээгүй тул М.Б-ыг түүний оронд бүр томилоод, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг ...Тэгээд 2024 оны 06 дугаар сард нэхэмжлэгч эх орондоо буцаж ирээд, ажил олгогчид би өндөр насны тэтгэвэрт гарахад, төрөөс олгох нэг удаагийн тэтгэмж авахыг хүсэж байна. Намайг ямар нэгэн байдлаар өндөр насны тэтгэвэрт гаргаж, тэтгэмж авах тухай захиалгыг явуулж өгөөрэй. Мөн миний тушаалыг зөвтгөж гаргаж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчид ажил олгогч танд нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй, худлаа тушаал гаргах бол өөрөө хариуцлага хүлээнэ, таны оронд өөр хүн ажиллуулж байгаа, таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлсэн байдаг. Нэхэмжлэгч Казахстан улсад бүр нүүгээд явсан хүн байна” гэж маргажээ.
11. Р.М- нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хандахдаа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргахаар заасан хугацааг хэтрүүлсэн байна.
12. Нэхэмжлэгч Р.М-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:
13. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Р.М- нь хувийн чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй, хувийн чөлөөний хугацаа дуусахад сунгах тухай хүсэлт гаргаагүй, ажил олгогч буюу хариуцагчаас түүнд хувийн чөлөөний хугацаа дууссаныг мэдэгдэж, түүнд ирж ажиллах хангалттай хугацаа олгосон байхад тухайн хугацаандаа ажилдаа ирээгүй ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.
14. Ажилтан Р.М- нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, мөн тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын “Ажлаас чөлөөлөх, халах асуудалд онцлон үзнэ” гэж заасан хэсгийн “А.чөлөөлөх, г. чөлөөний хугацаа дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 хоногийн дотор ажилд ирээгүй, Б. халах, в. ажлаас шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр тасалсан бол ноцтой зөрчилд тооцно” гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байх бөгөөд ажилтан Р.М- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байна.
15. Ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тушаал нь үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагааг гомдолд дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, шүүхээс холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн уг давж заалдах гомдлыг үндэслэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан баримтуудын нотломж зэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хууль ёсны дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглэжээ.
17. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 130/ШШ2024/00807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ