Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 284

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

Улсын яллагч: Б.Батсайхан /томилолтоор/,

Хохирогч: Н.Э-, түүний өмгөөлөгч Б.Отгончмэг, Г.Энхтүвшин,

Шүүгдэгч: Л.А-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805063660244 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.А-, 1994 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, Баянцогт сумын ойн байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.А-нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд виндов” рестораны гадна иргэн Н.Э-ыг газарт унасан байхад нь түүний нүүрэн тус газарт өшиглөж биед нь зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай ангийнхан шинэ жилийн баяраа тэмдэглэсэн ба хохирогчийн байгууллага мөн баяраа тэмдэглэж байсан. Би тэр өдөр саарал өнгийн алеск куртиктэй байсан. Би тухайн үед хохирогчийг шууд цохиогүй. Би зодолдож байсан хүмүүсийг салгах гэж очиход араас нэг хүн боосон тэгээд унахдаа хүн өшиглөсөн байж магадгүй гэж бодоод хохирлыг төлсөн...” гэв.

Хохирогч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн баяр болсон. Тэр үед эдний байгууллагын хэсэг залуус баяраа тэмдэглэж байсан. Манай хэсэг залуус хоорондоо муудалцсан. Би зодоон болоход огт байгаагүй. Энэ талаар гэрч нар гэрчилсэн байдаг. Зодоон болох үеэр эдний залуус эхэлж зодолдсон ба тус газрын ресепшн, зөөгч нар салгах хэрэгтэй гэхээр нь очсон. Би салгах гээд гарах үед цамцны араас нэг залуу татаад өндийгөөд гараараа тулаад босох  үед миний зүүн нүд рүү өшиглөөд явсан. Намайг харахад хар өмд, хар саарал куртиктэй хүн байсан. Манай ажлын хүн хэн цохьсныг харсан байсан” гэв.

Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 17 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд виндов ресторанд манай байгууллагын шинэ жил эхэлсэн. 23 цагийн үед манай ажлын хэсэг залуучууд тус рестораны повдальд байрлах хэсэг бүлэг танихгүй залуучуудтай маргалдсан. Эдгээр хүмүүсийн маргалдах зодолдох үед би ресторан дотор байсан. Би зодооныг болиулах санаатай очтол үгийн зөрүүгүй үл таних хүн цамцнаас татаж хойш газар унагаасан. Босох гээд хоёр гараараа газар тулаад өндийж байх үед үл таних хүн зүүн нүд рүү 1 удаа өшиглөсөн. Нүдээ гараараа дараад өндийгөөд хартал хар куртик өмссөн, 170 см өндөртэй, хар өнгийн брюкэн өмд өмссөн, 20 гаран насны эрэгтэй хүн хөлөө татаж байсан. Энэ үед зодооныг салгах гэж ресторанаас хамт гарч ирсэн А- намайг яг босох үед өшиглөж байсан эрэгтэй хүнийг харсан байсан. Нүдээ өшиглүүлсэний дараа миний нүднээс маш их хэмжээний цус гарч тогтохгүй байсан учир ресторан руу буцаж ороод нойлын өрөөнд орж нүүрээ угаагаад ажлын залуу Баатархүүг дуудаад гэмтлийн эмнэлэг рүү такси бариад явсан. Гэрч А-ийн харснаар бол миний харсан хүн Амгаланбаатар мөн байна....Акула Пластик эмнэлэгт нүдний ухархайн мэс засалд орсон. Мөн улсын 3 дугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Нийт 2.059.000 төгрөг болсон. Эмчилгээний зардал дээр намайг 2 сар ажил хийж чадаагүй цалин 6.040.600 төгрөг нийт 8.199.600 төгрөг гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-44, 120/,

Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би араас нь гартал Эмаргалдаж байсан хүмүүсийг салгах гээд очсон. Гэтэл 175 см орчим өндөртэй шар царайтай Амгаланбаатар гэх залуу Эрдэнэ-Очирыг газар унасан байхад нь нүүр рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энүдээ дараад доошоо хараад суусан. Амгаланбаатар гэх залуу өшиглөснөө мэдээд зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Гэрч П.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эгарч ирээд болиулах гэтэл зуны гуталтай байсан болохоор хальтираад унасан. Гэтэл хар куртиктэй залуу ирээд Эрдэнэ-Очирын нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Би ресторан руу яваад орсон. Эараас орж ирээд нүд эвгүй болчихлоо гэж байсан. Эрдэнэ-Очирыг Баатархүү гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...Би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Шинжээчийн 301 тоот дүгнэлтэд: “...Н.Э-ын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 64/,

Сэжигтэн, яллагдагчаар Л.А-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих орой 22 цагийн үед Гранд Виндов караокеноос ганцаараа гарсан. Дотор муухай оргиод байхаар нь доошоо гарч гадаа сууж байгаад такси барих гэсэн чинь такси баригдахгүй байсан. Удалгүй хамт явж байсан найз нар гарч ирсэн. Гарч ирээд Энхбаяр руу хэсэг залуус дайраад зодоод байсан. Ингэхээр нь би очоод салгах гэтэл араас нэг нь хоолой боосон. Би гарыг нь мушгиж болиулаад яваад өгсөн....яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би боолгож унасан, унах үед нүүр рүү нь өшиглөсөн байж магадгүй, тухайн үед их олон хүн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-н 97, 116-117/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5-9/, хохирлын баримтууд /хх-н 66-70, 86-94/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99-103/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 104-108/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 121/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.А-нь хохирогч Н.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж газарт унасан байхад нь түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч биеэ хамгаалах чадваргүй согтуу байсан нь нотлогдохгүй байгаа бөгөөд хохирогч мэдүүлэхдээ “Би зодооныг болиулах санаатай очтол үгийн зөрүүгүй үл таних хүн цамцнаас татаж хойш газар унагаасан. Босох гээд хоёр гараараа газар тулаад өндийж байх үед үл таних хүн зүүн нүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Энэ үед зодооныг салгах гэж ресторанаас хамт гарч ирсэн А- намайг яг босох үед өшиглөж байсан эрэгтэй хүнийг харсан байсан. Нүдээ өшиглүүлсэний дараа миний нүднээс маш их хэмжээний цус гарч тогтохгүй байсан учир ресторан руу буцаж ороод нойлын өрөөнд орж нүүрээ угаагаад ажлын залуу Баатархүүг дуудаад гэмтлийн эмнэлэг рүү такси бариад явсан...” гэж болсон үйл явдлыг нэг бүрчлэн тодорхой мэдүүлсэн байхад түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглээгүй маргааш нь ажилтай байсан тул уугаагүй эрүүл байсан, болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байгаа талаар мэдүүлсэн нь түүнийг биеэ хамгаалах чадвартай байсныг нотолж байна.

Биеэ хамгаалах чадваргүй байдалд сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсаны улмаас сэтгэцийн үйл ажиллагаа нь сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон, өндөр настай, бага насны зэрэг насны зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулах ойлголт тул газарт хальтарч унаад босох гэж байсан хүний эрүүл мэндэд хохирол учруулах нь дээрх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Л.А-нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд виндов” рестораны гадна иргэн Н.Э-ыг газарт унасан байхад нь түүний нүүрэн тус газарт өшиглөж биед нь зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Э-ын: “...Би зодооныг болиулах санаатай очтол үгийн зөрүүгүй үл таних хүн цамцнаас татаж хойш газар унагаасан. Босох гээд хоёр гараараа газар тулаад өндийж байх үед үл таних хүн зүүн нүд рүү 1 удаа өшиглөсөн. Нүдээ гараараа дараад өндийгөөд хартал хар куртик өмссөн, 170 см өндөртэй, хар өнгийн брюкэн өмд өмссөн, 20 гаран насны эрэгтэй хүн хөлөө татаж байсан. Энэ үед зодооныг салгах гэж ресторанаас хамт гарч ирсэн А- намайг яг босох үед өшиглөж байсан эрэгтэй хүнийг харсан байсан. ...Гэрч А-ийн харснаар бол миний харсан хүн Амгаланбаатар мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-44, 120/, гэрч Ч.А-ийн: “...би араас нь гартал Эмаргалдаж байсан хүмүүсийг салгах гээд очсон. Гэтэл 175 см орчим өндөртэй шар царайтай Амгаланбаатар гэх залуу Эрдэнэ-Очирыг газар унасан байхад нь нүүр рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энүдээ дараад доошоо хараад суусан. Амгаланбаатар гэх залуу өшиглөснөө мэдээд зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, гэрч П.А-ын: “...Эгарч ирээд болиулах гэтэл зуны гуталтай байсан болохоор хальтираад унасан. Гэтэл хар куртиктэй залуу ирээд Эрдэнэ-Очирын нүүр рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/, шинжээчийн 301 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.А-нь хохирогч Н.Э-ыг газар унасан байхад нь түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хавтас хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн эмчилгээний зардалд гарсан 2.126.000 төгрөгийг төлсөн болно.

Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь гэмтэл авсны улмаас ажилдаа 2 сар яваагүй, 2 сарын цалин болох 6.040.600 төгрөг  шүүгдэгчээс нэхэмжилж түүний нийгмийн даатгалын хуулбар, цалингийн тодорхойлолт, өвчтэй байсан хугацааг нотолсон эмнэлгийн  магадлагааг шүүхэд ирүүлсэн байгаа боловч тэрээр өвчтэй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын сангаас авах ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг хугацааны цалинг авсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн олгосон цалин, авах ёстой байсан цалин хоёрын зөрүүгээр хохирлыг тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно. 

Иймд тухайн цалинтай холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.А-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.А-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокуророос Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Л.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.126.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Н.Э- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР