| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0393/Э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Т.Мижиддорж,
Шүүгдэгч, хохирогч Б.Б,
Шүүгдэгч, хохирогч Я.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б-н Б, Б овогт Я-н А нарт холбогдох эрүүгийн 1910007910375 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав. ээж, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-н Б,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я-н А
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Я.А тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Я.А нь нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бтай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Шүүгдэгч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байсан чинь манай хамтран амьдрагч Я.А гаднаас согтуу орж ирээд миний утсыг үзчихээд надруу дайраад байхаар нь би нүүр рүү 2-3 удаа алагдсан, тэгсэн чинь шүүгээн дээр байсан хутга аваад миний цээж хэсэгт нэг удаа хатгасан...” гэжээ./хх-н 16-р тал/
Хохирогч Я.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Түлхүүрээр онгойлгоод орсон чинь согтуу орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад үзсэн чинь нэг хүүхэнтэй мэссэж бичсэн байхаар нь энэ хүнээ дуудахгүй яасан юм гэж хэлсэн чинь, чамд ямар хамаатай юм гээд намайг түлхсэн, тэгэхээр нь би яагаад байгаа юм гээд би түлхсэн чинь миний нүүр хэсэг рүү нэлээд олон удаа цохисон тэгэхээр нь шүүгээн дээр байсан хутга аваад Б гийн хэвлий орчим хуттаар нэг хатгасан...” гэжээ./ хх-н 22-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №3805 тоот дүгнэлтэнд: “...Б.Б-н биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-н 44-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №3979 тоот дүгнэлтэнд: “...Я.Аын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .” гэжээ. /хх-н 40-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-5-р тал/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-6-7-р тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-109-114/,
Шүүгдэгч Я.А, Б.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78,80/, ял шалгах хуудас / хх-79, 82/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Я.Атай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.А нь нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бтай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэx үр дагаварыг ойлгосон, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Б.Б, Я.А нар нь зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал зааx шаардлагагүй бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, Я.А нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.
Хохирогч Б.Б, Я.А нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овогт Б-н Б, Б-н овогт Я-н А нарыг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Б, Я-н А нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Я.А нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б, Я.А нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б, Я.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ