| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/00832/И |
| Дугаар | 210/МА2024/02187 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02187
2024 12 16 210/МА2024/02187
Г.М нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалагч, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.М, Х.О , М.У нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.С д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Г.М, Х.О , М.У нар нь Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дүүрэг *** дүгээр гудамж *** тоот хаягт байрлах, 161.0 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг иргэн Т.С ын хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0276 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Дээрх гэрээний төлбөр 150,000,000 төгрөгөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 55,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХК дахь Х.О ийн 451044000 тоот дансаар төлсөн ба үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч дээрх хугацаанаас хойш удаа дараа Т.С аас үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй санхүүжилт орж ирнэ, удахгүй төлж барагдуулна гэсээр өнөөдрийг хүрсэн.
Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу төлөх ёстой байсан 75,000,000 төгрөг, мөн гэрээний 3.5-д заасны дагуу алданги 0,3 хувь /75,000,000*0,5%-1 хоног-225,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 602 хоног*225,000=135,450,000 төгрөг/-иар тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж хуульчилсан тул 75,000,000 төгрөг, түүний 50 хувь болох 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг хариуцагч Т.С аас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээгээр харилцан тохиролцсон үлдэгдэл 75,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, харин алданги 37,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.С нь Ц.Б *** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Дүүрэг *** гудамжны * **тоот бүхий 484 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Н.Хандсүрэнгээс ***дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Дүүрэг *** гудамжны ***тоот бүхий 570 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, мөн *** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***дугаар хороо, Дүүрэг ***гудамжны ** тоот бүхий 664.69 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газруудыг тус тус өмчлөлдөө шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлж авахдаа 3 газарт олгогдсон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгавартай хамт газрыг шилжүүлэн авсан.
Г.М, Х.О , М.У нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дүүрэг ** гудамжны *** тоот газрыг худалдаж авсан зорилго нь дээрх архитектур төлөвлөлтийн даалгавартай газартай хамт нийлүүлж, дахин архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан барилга барих байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/419 дүгээр захирамж гарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг Газрын эзэн Баянзүрх ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай А/459 дүгээр захирамж гарч, улмаар Т.С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээрээ барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Түүнчлэн дээрхи төслийн талбарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Газрын эзэн Баянзүрх ЗБН нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2022 оны МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу Т.С ын 3 газар дээрх МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй. Энэхүү нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Т.С нь барилгаа эхлүүлж, хөрөнгө оруулалт бусад иргэдээс авах боломжгүй болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсны дагуу алданги 37,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0276 дугаартай гэрээний 6.1-д Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй ба тус гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр 112,500,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй.
Иймд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0276 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзлын агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хариуцагчид үүрэг хүлээлгэж байгаа, худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь 2022 оны 05 дугаар сард үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.С аас 112,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М, Х.О , М.У нарт олгож, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 720,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авсан боловч нэхэмжлэгч нарт гардуулаагүй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд сөрөг нэхэмжлэлийг гардаж авах эрх олгогдоогүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад түүндээ тайлбар ирүүлэх, ирүүлсэн тайлбар болон нотлох баримттай хариуцагчийн зүгээс танилцаж, тайлбар, нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхийг олгоогүй.
Ийнхүү дээрх ажиллагааг явуулаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, 6.5-д заасныг хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчсөн.
6.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2в-д Талуудын хэн аль нь тухайн газрыг Т.С барилга барих зорилгоор худалдан авсантай маргаагүй гэж, Т.С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээр барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тус тус дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Уг зохицуулалтын дагуу алданги төлөх нөхцөл байдал үүсэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, алдангийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Тухайлбал, Т.С нь Ц.Б *** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Дүүрэг *** гудамжны *** тоот бүхий 484 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Н.Хандсүрэнгээс ***дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * д**угаар хороо, Дүүрэг *** гудамжны *** тоот бүхий 570 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, мөн *** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Дүүрэг *** гудамжны *** тоот бүхий 664.69 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газруудыг тус тус өмчлөлдөө шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлж авахдаа 3 газарт олгогдсон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгавартай хамт газрыг шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч нар болох Г.М, Х.О , М.У нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дүүрэг ** гудамжны ** тоот газрыг худалдаж авсан зорилго нь дээрх архитектур төлөвлөлтийн даалгавартай газартай хамт нийлүүлж, дахин архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан барилга барих байсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/419 дүгээр захирамж гарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг Газрын эзэн Баянзүрх ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай А/459 дүгээр захирамж гарч, улмаар Т.С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээрээ барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Түүнчлэн дээрхи төслийн талбарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Газрын эзэн Баянзүрх ЗБН нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2022 оны МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу Т.С ын 3 газар дээрх МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй. Энэхүү нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Т.С нь барилгаа эхлүүлж, хөрөнгө оруулалт бусад иргэдээс авах боломжгүй болсон.
6.3.Г.М, М.У , Х.О , Т.С нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6.1-д Гэрээг нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж харилцан тохиролцсон. Гэтэл худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул тус гэрээний дагуу шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр 112,500,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
6.4.Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 0276 дугаартай худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Г.Мын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.М, Х.О , М.У нар нь хариуцагч Т.С д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.Г.М, Х.О , М.У болон Т.С нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г.М, Х.О , М.У нар нь нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дүүрэг ***дүгээр гудамж *** тоот хаягт байрлах, 161 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Т.С нь газрын үнэд 150,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.
4.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй тул дээрх гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй. Түүнчлэн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, мөн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэхээр тус тус заасан нь өмчийн хэлцэлд хамааралтайг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.Хариуцагч нь гэрээний үүрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 55,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба гэрээний 3.2-т зааснаар үлдэх 75,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон үйл баримтыг шүүх зөв тогтоосон.
6.Хариуцагч нь дээрх хаягийн 209, 209Б, 210 тоотод байрлах газруудыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн МЗХ2022/01-017 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын хамт бусдаас худалдан авсан гэж тайлбарласан ба уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар Газрын эзэн Баянзүрх ЗБН-өөс Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн Т.С нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2022 оны А/419, А/459 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан үйл баримт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/0096 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 128/ШЗ2023/6582 дугаар захирамжуудад тусгагдсан байна.
Дээрх үйл баримт нь талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Дүүрэг ** дүгээр гудамж ** тоот хаягт байрлах, 161 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрх бүхий газартай холбоогүй байна. Иймээс тус худалдах, худалдан авах гэрээний зүйлийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзнэ.
7.Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 75,000,000 төгрөгийг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй, түүнчлэн гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүйг анхан шатны шүүх тус тус зөв дүгнэсэн.
8.Худалдах, худалдан авах гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
8.1.Хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар үлдэгдэл төлбөр 75,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
8.2.Дээр дурдсан хариуцагчийн өмчлөлийн 209, 209Б, 210 тоотод байрлах газрууд болон тэдгээрт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой маргаантай асуудлаас үл хамаарч талууд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй тул уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэсэн үндэслэлд хамаарахгүй.
Иймээс нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 75,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцож 37,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.
9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
9.1.Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэгч талд гардуулсан байна. Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаж өгөхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай гэснийг хариуцагчийн өмгөөлөгч өөрөө нэгэнт тэгж илэрхийлж байгаа бол манай талд хамаагүй гэж байр сууриа илэрхийлсэн, шүүх хуралдаан хойшлуулах, нотлох баримт бүрдүүлэх талаар аливаа хүсэлт гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид сөрөг нэхэмжлэлийн талаар харилцан тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул шүүх мэтгэлцэх зарчим зөрчсөн гэж үзэхгүй.
9.2.Мөн хариуцагчийн татгалзалд дурдагдсан захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн зохицуулалт маргаанд хамааралгүй. Иймээс тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 720,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА