| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00589/И |
| Дугаар | 212/МА2024/00093 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 212/МА2024/00093
Ү.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00727 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************** багт оршин суух О овогт Ү.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургууль /захирал Д.А/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуульд урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч сургуулийн захирал Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. О овогт Ү.С- миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багт амьдардаг. Тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Миний бие тус сургуульд анх 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тогоочоор ажилд орж 2019 он хүртэл ажиллаж, улмаар 2019 оноос үргэлжлүүлэн тус сургуулийн үйлчлэгчээр 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаал гарах хүртэл ажиллаж байсан.
1.2. Гэтэл Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Д.А- 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Миний бие хөдөлмөрийн чадвар 69 хувь алдалттай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэсний дагуу намайг анх ажилд авч ажиллуулж байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 01-ээс эхлээд эмчилгээ хийлгэх болсон тул сургуулийн захирлаас 2 сарын хугацаагаар хувийн чөлөө хүссэн юм. Захирал: "сургалтын менежер Д.С-аар чөлөө хүссэн өргөдлөө бичүүлж өгөөд явж болно. Чөлөө дуусахаар нь ирж ажилд орно шүү гэж хэлэхээр нь би сургалтын менежер Д.С-д болсон явдлаа хэлээд, түүнээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн.
1.3. Миний бие Баруун бүсийн оношилгооны эмчилгээний төв болох Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эмнэлгээс лист буюу эмчилгээ хийлгэсэн хуудсыг цахимаар сургуулийн нягтлан руу илгээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн ба бусад хугацаандаа гадуур эмчилгээ, шинжилгээ хийлгүүлж явсан. Чөлөөний хугацаа дуусаж 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орохоор сургуульд очиход хичээлийн ээлжийн амралттай байсан тул захиралтай уулзаж чадаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 08-нд хичээл эхлэх үед сургуульд очиход захирал мөн байхгүй байсан тул миний оронд ажиллаж байсан А- гэдэг үйлчлэгчид би ажилдаа орохоор ирсэн тул миний ажлыг хүлээлгэж өг гэхэд захирал ажлаа битгий өг гэж хэлсэн гэж надад ажлыг минь хүлээлгэж өгөөгүй. Тэгээд би захирлыг ирэхийг хүлээгээд өдөр болгон сургуульд ирдэг байсан боловч тэр надаас зугтаад уулзахгүй явсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээрээ уулзахад “чамайг ажлаас хална, чи ажил хаяад явсан” гэж хэлсэн. Би “эмчилгээ хийлгэж ирсэн, чөлөө аваад явсан биз дээ” гэж хэлж эмчилгээ хийлгэсэн бичиг баримтаа үзүүлсэн боловч намайг буцаад ажилд авч ажиллуулаагүй. Захирал надад ажлаас гаргасан тушаалыг чинь гаргасны дараа дуудаж өгнө гэж хэлсэн ба 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний тушаалыг гаргаж өгсөн. Тушаалыг надад 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардуулж өгсөн боловч огноог 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэж бичсэн байсан. Би ажил таслаагүй, захирлаас чөлөө авч эмчилгээ хийлгэсэн тул тухайн тушаалыг зөвшөөрөхгүй байна.
1.4. Сургуулийн ажилтнууд 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш буюу зарим нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амардаг. Үйлчлэгчийн ажилтны хувьд заримдаа амралт авдаггүй асуудал байдаг. Үүнд сургуулийн засварын болон цэвэрлэгээний ажилтай холбоотой байдаг. Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд ороод үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан боловч ажиллуулаагүй тул тухайн хугацаанаас 2024 оны 8 сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож өгөхийг хүсье.
1.5 Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуульд урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулиас 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Ажилтан Ү.С- нь тус сургуульд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 он хүртэл тогоочоор, дараа нь сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажилтан Ү.С- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэхээр буюу нэг сарын амралтаар Ховд аймаг дахь гэртээ амрахаар явсан. Ингээд тус сургуулийн хичээл нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн юм.
2.2. Гэтэл ажилтан Ү.С- нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирээгүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 10-нд утсаар ярьж чөлөө гуйсан. Гэхдээ би Ү.С-т албан ёсоор чөлөө олгоогүй, түүнээс чөлөө олгох тухай өргөдөл хүлээж аваагүй юм.
Ингээд ажилтан Ү.С- нь олон хоногоор ажил тасалж, ажилдаа биечлэн ирээгүй учир тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилтан Ү.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж ажилтан Ү.С- нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон түүнийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн.
2.3. Түүний нэхэмжлэлд дурдсан “Захирал: сургалтын менежер Д.С-аар чөлөө хүссэн өргөдөл бичүүлж өгөөд явж болно. Чөлөө дуусахаар нь ирж ажилд орно шүү гэж хэлэхээр нь би сургалтын менежер Д.С-д болсон явдлаа хэлээд, түүгээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн" гэдэг нь худлаа юм. Учир нь сургуулийн менежер Д.С- надад ажилтан Ү.С-ын хувийн чөлөө авах тухай өргөдөл өгч байгаагүй.
2.4. Ү.С- нь Ховд аймагт байхдаа Ховд аймгийн төвд “Г” ХХК- нд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймээс Ү.С-ын нэхэмжлэлд бичсэн Ховд аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.5. Иймд нэхэмжлэгч Ү.С-ын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Д.А-гийн 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б\12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00727 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулийн санхүүгээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.С-т олгож, 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч Д.А- миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00727 дугаартай шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Шуудан холбооны газрын Б сум дахь шуудан хүргэгч Б.Нурболатаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан журмаар шуудангаар хүргүүлснийг мөн өдөр хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161, 162 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмаар давж заалдах гомдол гаргаж байна.
4.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, шийдвэрлэсэн байдал: Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, сургуулийн санхүүгээс олговорт 4.450.000 төгрөг гаргуулан Ш.С-т олгож шийдвэрлэсэн.
4.3. Давж заалдах гомдол гаргах үндэслэл. Хариуцагч Д.А- миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагч надад мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах, цуглуулах, тайлбар гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэх болон оролцогчийн бусад эрхийг эдлэх боломжийг шүүх олгоогүй юм.
Ингэж хариуцагч Д.А- миний эрхийг шүүх хязгаарласан, надгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ”...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох, эсвэл үгүйсгэх талаар мэтгэлцэх", 6.4-д заасан нотлох баримт гаргах, үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, шинжлүүлэх эрхэд халдсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.
4.4. Шүүх хуралдаанд хариуцагч Д.А- намайг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”гэх, 6.3-д заасан “Зохигч...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “хэргийн оролцогч нотлох баримтад танилцах, тайлбар өгөх”, 25.1.2-д заасан “Хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох", 25.1.5-д заасан “асуулт тавих, тайлбар хэлэх” гэснийг тус тус ноцтой зөрчсөн явдал болно.
4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэснийг болон хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар “Мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” үүргээ шүүх биелүүлээгүй байгаа нь гомдол гаргах үндэслэл болж байна.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2-д зааснаар “хариуцагч миний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, 168.1.3-д заасан “Шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн” явдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэх байна.
4.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 13 дугаарт “Сахилгын шийтгэл ногдуулах талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж буруу дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Д.А- би нэхэмжлэгч Ү.С-т урьдчилан мэдэгдэж, үндэслэлгүй ажил тасалсан тул зохих хариуцлага тооцох болсон талаар мэдэгдсэн бөгөөд үүнийг өөрөө нэхэмжлэлд дурдсан байна. Намайг утсаар мэдэгдэж, ажил тасалсан явдалд хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэнийг өөрөө зөвшөөрсөн байх юм.
4.8. Нэхэмжлэгч Ү.С- нь “Хувийн чөлөө” хүсэж ажил олгогчид өргөдөл, хүсэлт гаргасан гэх боловч, энэ нь сургуулийн бичиг хэрэгт байхгүй, түүнийг нотолж чадаагүй байна. Сургалтын менежер Д.С-д хүсэлт бичүүлсэн, захиралд хувийн чөлөө олгох хүсэлт өгсөн, захирал зөвшөөрсөн гэж мэдүүлэх боловч, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, чөлөө олгох талаар сургуулийн захиргаанаас шийдвэр \тушаал\ гараагүй байна.
4.9. Нэхэмжлэгч Ү.С- нь Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгооны төвд хэвтэн эмчлүүлсэн, 2024 оны 01 дүгээр сарын 17-аас 01 дүгээр сарын 26-ны хүртэл, 2024 оны 02 дугаар сарын 02-оос 2024 оны 02 дугаар сарын 13-ны хооронд, 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны хооронд “эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэх боловч энэ талаарх эмнэлгийн бичиг баримт ажил олгогчид байхгүй, мэдэх боломжгүй юм. Дээрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх баримтыг сүүлд нөхөж бүрдүүлсэн, хуурамч баримт бичиг мөн.
4.10.Харин Ү.С-ын гэр бүл, гэр орон нь Ховд аймгийн “Жаргалант” хотод байдаг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 2024 оны 3 дугаар сарын 30-ны хооронд Ховд аймаг дахь “Г” ХХК-д “үйлчлэгч”-ээр томилогдон ажиллаж байсныг нотлох хангалттай нотлох баримт бий. Намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй тул өгч чадаагүй байна.
4.11.Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр хэсэгт 2-оос дээш хоног ажил тасалбал “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх” тухай тусгайлсан заалт байгаа бөгөөд цагийн бүртгэл, “Г” ХХК-нд ажиллаж байсныг нотлох баримтыг өгч чадаагүй, шүүх нотлох баримт өгөх боломжийг хаасан байгаа юм.
4.12. Ажил олгогчийн тушаал шийдвэргүй байхад түүнд нягтлан бодох давуу байдал олгож цалин тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцож, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн урвуулан ашиглах, давуу байдал олгох” гэмт хэрэг мөн.
4.13. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00727 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгчийн хувьд өөрийгөө ажлаас халсан тушаалыг гардан авч гурван талт хороонд хандсан. Гэхдээ хариуцагч байгууллагын төлөөлөгч бас тухайн үед гурван талт хороог үл хүндэтгэн хуралд ирээгүй. Улмаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч байгууллагын төлөөлөгчид гардуулж өгөөд, дахин эрх үүргийг тайлбарлан өгч хариу тайлбар хүргүүлэхийг хүссэн. Гэхдээ дахин хариуцагч байгууллагын төлөөлөгч талаас үл хүндэтгэх байдалтай хандсан.
5.2. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой өөртөө байгаа бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хүн байгаа. Нэхэмжлэгч тус байгууллагад олон жил ажилласан. Тэр хугацаандаа ажил олгогч нэхэмжлэгчийн ажлын байрыг хэд хэдэн удаа өөрчилсөн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан хүн учраас жилдээ, улиралдаа байнга эмчилгээ хийлгэдэг хүн юм. Тэгэхээр нэхэмжлэгч 2 сарын хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай болсон гэдгийг сургуулийн захиралтай биечлэн очиж хэлсэн байна. Харин тухай үед ажил олгогч хүсэлтийг сургуулийн менежер С-аар бичүүлж аваарай гэдэг хариу өгсөн тул Ховд аймгийн баруун бүсийн оношилгооны төвд очиж хоёр сарын хугацаанд хоёр удаа хэвтэн эмчлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч уг хэвтэн эмчлэгдсэнтэй холбогдуулан амбулаториор эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн.
5.3. Хөдөлмөрийн тухай хуульд 25 хүртэлх ажилтантай байгууллагад хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг авч ажиллуулахаар зохицуулсан байгаа. Хөдөлмөрийн чадвар алдсан ажилтантай холбоотой түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой хамгаалалт байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар ажил таслаагүй. Нэхэмжлэгч амралт нь дууссаны дараа сургуульд очиход, түүний оронд өөр хүн ажилд авсан байдаг. Тэгээд нэхэмжлэгч захиралтай уулзахаар очиход захирал нь байгаагүй тул уулзаж чадаагүй байна. Сүүлд гуйж байгаад ажлаас чөлөөлсөн тушаалыг арай гэж байгаад авсан. Гэхдээ тухайн тушаал нь бас хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв баримтлахгүйгээр гаргасан тушаал байсан.
5.4. Нэхэмжлэгч хөгжлийн бэрхшээлтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд дөхөж байгаа хүн юм. Мөн тухайн тушаалыг эмчилгээ хийлгэж байсан хугацаанд нь гаргасан байдаг. Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэж дуудахад ирэхгүй, хариу тайлбар өгөөрэй гэхэд хугацаандаа өгдөггүй хүндэтгэлгүй хандсан. Тэгээд ч хариуцагчийг заавал шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэдэггүй. Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ирээгүй, үүнтэй холбоотой шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн. Уг тэмдэглэлийг хууль бусаар үйлдэх боломжгүй. Уг мэдэгдсэнтэй холбоотой Мобикомоос бас нотлох баримт ирүүлсэн. Нэгэнт шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг оролцогчийн эрхийг зөрчөөгүй. Иймд учраас хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Ү.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” тухай хөдөлмөрийн эрхийн маргааныг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Ажилтан Ү.С-аас ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар “Ажилтан Ү.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоор нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэх болсон тул сургуулийн захирлаас 2 сарын хугацаагаар хувийн чөлөө хүссэн. Захирал сургалтын менежер Д.С-аар чөлөө хүссэн өргөдлөө бичүүлж өгөөд явж болно, чөлөө дуусахаар ажилдаа орно шүү гэсэн. Би Д.С-д болсон явдлаа хэлээд, түүгээр дамжуулаад өргөдлөө бичүүлээд өгсөн. Би Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв болох Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эмнэлгээс лист буюу эмчилгээ хийлгэсэн хуудсыг цахимаар сургуулийн нягтлан руу илгээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн ба бусад хугацаанд гадуур эмчилгээ, шинжилгээ хийлгүүлж явсан. Чөлөөний хугацаа дуусаж 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орохоор сургуульд очих гэсэн боловч сургууль ээлжийн амралттай байсан тул захиралтай уулзаж чадаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хичээл эхлэх үед сургуульд очиход захирал мөн байхгүй байсан тул миний оронд ажиллаж байсан А- гэдэг үйлчлэгчид ажилдаа орохоор ирсэн тул миний ажлыг хүлээлгэж өг гэхэд “захирал ажлаа битгий өг гэж хэлсэн” гэж надад ажлыг минь хүлээлгэж өгөөгүй. Тэгээд би захирлыг ирэхийг хүлээгээд өдөр болгон сургуульд ирдэг байсан боловч тэр надаас зугтаад уулзахгүй явсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээрээ уулзахад “чамайг ажлаас хална, чи ажил хаяад явсан” гэж хэлсэн. ... Захирал надад ажлаас гаргасан тушаалыг чинь гаргасны дараа дуудаж өгнө гэж хэлсэн ба 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний тушаалыг гаргаж өгсөн” гэж тайлбарласан.
Харин хариуцагч ажилтны дээрх гомдлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Ү.С- нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирээгүй байж 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр утсаар ярьж чөлөө гуйсан. Гэхдээ би Ү.С-т албан ёсоор чөлөө олгоогүй, түүнээс чөлөө хүссэн өргөдөл хүлээж аваагүй. Ингээд Баян-Өлгий аймгийн Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар “Ажилтан Ү.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж ажилтан Ү.С- нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож түүнийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн” гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байна.
8. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, ажилтан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх гомдлоо “зохих журмын дагуу хувийн чөлөө авсан”, “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй” гэж, ажил олгогч гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажил тасалсан”, “зохих журмын дагуу хувийн чөлөө аваагүй” гэж тус тус маргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ажилтан Ү.С- нь ажил олгогчоос зохих журмын дагуу хувийн чөлөө авсан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байгаа боловч тэрээр дээрх хугацаанд хамаарах 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний /хэргийн 73 дахь тал/ өдрийг дуустал хугацаанд, мөн 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг /хэргийн 88 дахь тал/ дуустал хугацаанд тус тус өвчний улмаас Ховд аймаг дах бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн нь баримтаар нотлогдон тогтоогджээ. Тиймээс ажилтныг дээрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн ажил олгогчийн тушаал, хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин ажилтан Ү.С- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс бусад хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ажил олгогчоос зохих журмын дагуу чөлөө авсан нь нотлогдоогүй тул түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцох боловч түүний уг хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан эсэх нь тогтоогдоогүй, мөн ажил олгогчоос түүний уг зөрчилд 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн В/12 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
10. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараас үзвэл ажил олгогчоос ажилтан Ү.С-тай Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч Сөнхөл багийн сургуулийн захирал нь ажилтан Ү.С-тай үйлчлэгчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ба бичгээр байгуулахад нь саад болсон гэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул ажил олгогчийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүйн улмаас ажилтны гаргасан дээрх ажил тасалсан зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй болжээ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаалд хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг баримтлаагүй боловч уг тушаалыг гаргах болсон үндэслэлийн талаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан” гэж тайлбарласан, харин талууд тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учир ажил олгогчийн уг тайлбар, үндэслэл нь хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байдал үүссэн учраас ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
11. Ажил олгогчоос ажилтныг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэж 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажилтан өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй байдлыг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохгүй.
Харин ажилтан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажил олгогчоос зохих журмын дагуу хувийн чөлөө авсан нь нотлогдоогүй зөрчил гаргасан боловч энэ хугацаанд ажил олгогчоос түүний цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул ажилтны гаргасан дээрх зөрчлийг ажил олгогч тухай бүрд нь, ажлаас чөлөөлөх тушаалд дурдсанчлан 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсныг зөрчилд тооцохоор бол 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус тус илрүүлэх боломжтой гэж үзэх ба ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчилд 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан “зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” хуульд заасан журмыг баримтлаагүй байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнийг дуудан ирүүлж энэ тухай мэдэгдэж, учир шалтгааны талаар тайлбар авсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй учраас ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ажилтан нь ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар зохих журмын дагуу хувийн чөлөө авсан нь бодитой тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “ажил олгогч нь ажилтны ажил тасалсан гэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн учраас ажилтанд хувийн чөлөө олгосон байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн “ажилтны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажил тасалсан” гэсэн тайлбарыг үндэслэл болгож, энэ хугацаанд хамаарах нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Ү.С- нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй байдлыг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, харин хариуцагчийн хариу тайлбарт дурдсан дээрх хугацаанд хамаарах 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажил олгогчоос зохих журмын дагуу хувийн чөлөө аваагүй учраас ажил энэ хугацаанд ажилтныг ажил тасалсанд тооцох боловч ажил олгогч нь ажилтны гаргасан уг зөрчлийг илрүүлсэн боловч нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй, хууль зөрчсөн байна гэж дүгнэв.
13. Хариуцагч сургуулийн захирал Д.А- нь “хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эмнэлгийн бичиг баримтууд хуурамч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт цугларсан процессын баримт бичгүүдээс дүгнэвэл, Ү.С-ын гомдлыг анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.А-д мөн өдөрт нь гардуулж, түүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулж, баталгаажуулжээ.
Үүний дараа хариуцагч шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлж 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхдээ ажилтан Ү.С-тай 2016 онд байгуулж байсан тогоочийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээг хавсаргасан бөгөөд үүнээс өөр төрлийн нотлох баримтыг дээрх хугацаанд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймээс хариуцагчийн “шүүх нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
14. Анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 02451 дугаар шүүгчийн захирамжаар Ү.С-ын нэхэмжлэлтэй, Б сумын Сөнхөл багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох гомдлоор авч хэлэлцэх хөдөлмөрийн эрхийн маргааны шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 8.00 цагт товлон зарлаж, шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Д.А-гийн ********* дугаартай утсаар шүүгчийн туслах мэдэгдсэн нь хэргийн 36-37 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон учраас хариуцагчийн төлөөлөгч Д.А-гийн анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг зохих журмаар мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол бодит байдалд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, түүнийг баримтжуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь заалтаар хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлээгүй буюу тухайн нотлох баримтыг хуурамч эсэхийг нь зохих журмын дагуу шалгуулж, тогтоолгоогүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эмнэлгийн баримт бичгүүдийг шүүх хуурамч гэж урьдчилсан байдлаар дүгнэн үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр нотлох баримтаас шүүх өөрийн санаачилгаар хасах хууль зүйн үндэслэлгүй учраас хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
15. Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацаанд ноогдох, бүрэн хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин хөлс олгож байсан саруудаас бусад, өмнө буюу 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсний хэмжээг үндэслэж, хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад тулгуурлаж дундаж цалин хөлсний хэмжээг 890,000 төгрөгөөр үндэслэлтэй зөв тогтоож, Ү.С-ын ажилгүй байсан 2024 оны 4 дүгээр сараас эхлэн 8 дугаар сарыг дуустал хугацааны таван сарын олговорт нийт 4,450,000 төгрөгийг ажил олгогчоор нөхөн төлүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Ү.С- нь дээрх хугацаанд өөр байгууллагад, өөр ажлын байранд ажиллаж байсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэхүү нөхцөл байдал нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль зөрчиж дуусгавар болгосон үед ажил олгогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
16. Хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК